Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Туяа |
Хэргийн индекс | 152/2018/00238/И |
Дугаар | 37 |
Огноо | 2018-08-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 37
С.Батсүхийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэртэй, Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 3-32 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОН70101273, Засгууд овогтой Сайнжаргалын Батсүхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн С.Батсүх /онлайнаар/, нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 9.423.549 төгрөг, төрийн албан хаагчдад өгсөн мөнгөн тэтгэмж 300.000 төгрөг, Улаанбаатар хот явж, ирсэн зардал 255.600 төгрөг, бүгд 9.979.149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 1990 оноос хойш Боловсролын салбарт 27 жил ажилласан. 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Түргэн сумын Дунд сургуульд захирлаар ажиллаж байтал 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 тоот аймгийн Засаг даргын захирамжаар улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 72 тоот тогтоолоор намайг халсан тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоосон. Би Улсын дээд шүүхийн тогтоолоо 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан. Иймд шүүхэд хандаж 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин болон төрийн албан хаагчдад өгсөн мөнгөн тэтгэмж, Улаанбаатар хот явах болон хяналтын шатны шүүхэд оролцохоор явсан зардал зэргийг нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрээр:” 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 9.423.549 төгрөг, төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг, нийт 9.723.549 /есөн сая долоон зуун хорин гурван мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Батсүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Замын зардал 255.600 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч С.Батсүхийн ажилгүй байсан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.616 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас 170.527 /нэг зуун далан мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Батсүхэд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 67 дугаартай Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол болон түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлээр Төсвийн шууд захирагч нарт даалгасан шийдвэртээ 2017 онд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300000 төгрөгийн урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцээд сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ авах" гэж шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдлэх эрх, гүйцэтгэх үүргийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн а заалтаар тодорхойлсон байдаг. Засгийн газрын тэмдэглэлээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу Төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Батсүхэд олгох үндэслэлгүй байна.
Сахилгын шийтгэл ногдуулах тухай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаар С.Батсүхийг ажлаас нь халсан байдаг бол төрийн албан хаагчид 300000 төгрөгийн үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох асуудал Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хурлаар анх 2017 оны 10 дугаар сараас хэлэлцэгдэж мөн сарын сүүлээр УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэгдсэн байдаг. Цаг хугацааны хувьд Түргэн сумын дунд сургуулийн захирлаар Э.Бямбаа нь аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар захирлын үүрэгт ажилд томилогдож, ажил үүргээ гүйцэтгэж байх үед энэ шийдвэр хэлэлцэгдэж батлагдсан болохоор төрийн албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшуулал авах боломжгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан аймгийн Засаг даргын 2017 оны Б/31 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулаагүй. Шийдвэрийн тогтоох хэсэгт заасан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 9.423 549 төгрөгийг хариуцагчаас гаргуулж С.Батсүхэд олгох тухай шийдвэрлэхдээ цалин олгох итгэлцүүр, сард ажиллавал зохих ажлын хоног, ямар журам, эрх зүйн актаар хэрхэн тооцсон нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч С.Батсүх нь ажилгүй байсан хугацааны цалин 9.423.549 төгрөг, төрийн албан хаагчдад өгсөн мөнгөн тэтгэмж 300.000 төгрөг, Улаанбаатар хот явж, ирсэн зардал 255.600 төгрөг, бүгд 9.979.149 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлагыг Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Шүүх уг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргаж гомдолдоо “...С.Батсүх нь сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй тул шийдвэрийн төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Давж заалдах шатны шүүх дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Ажил олгогч нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталж 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар ажилтан С.Батсүхийг ажлын байраа шалтгаангүйгээр орхин явсан, ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж, ёс суртахуунгүй авир гаргаж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч Увс аймгийн Засаг дарга нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/31 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Увс аймгийн Түргэн сумын дунд сургуулийн захирал С.Батсүхэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 767 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаар тогтоолоор ажилтан С.Батсүхийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болжээ.
Анхан шатны шүүх зохигчдын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай.” Тогтоолын дагуу төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж түүнд олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд тооцож 9.423.549 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хуульд зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.ТУЯА