Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 3106

 

 

2020 10 19

102/ШШ2020/03106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Н.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.У холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Х, хариуцагч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Х миний бие 2016 оны 5 сард Г.Утай танилцаж, 2017 оны 10 сараас хамтран амьдарсан. Бид 2018 оны 12 дугаар сарын 21-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний хүү Х.А2019 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн. Сүүлийн 1 жил бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай байсан ба 3 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Улмаар шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлах байгууллагад хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Г.Утай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Г.У нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Хгийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид эд хөрөнгийн маргаангүй. Хүү Х.А-ыг өөрийн асрамжид үлдээж, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч Г.Уд холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Н.Х, Г.У нар нь 2016 онд танилцан, улмаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү Х.А-ыг төрүүлсэн болох нь 1911 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-9 тал/, 6101000030 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-8 тал/ зэрэг бичмэл нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдалтай амьдарч байгаа бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-10 тал/.

 

  Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас явуулсан гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэгчдийн хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хүү Х.Аодоо 1 настай байх ба эх Г.Угийн асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн хэн нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Х.А-ыг эх Г.Угийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.Х нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул эцэг Н.Хгээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Х.А-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй гэжээ. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдав.         

                                                                                                                     

Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                  ТОГТООХ нь:  

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Н.Х, Г.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн хүү Х.А-г эх Г.Угийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Х.Аыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Хгээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Угаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Хд олгосугай. 

 

5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

6.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ЭНХЗАЯА