Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 111/ШШ2022/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Ц.М-г урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Баянхонгор сумын Засаг даргын намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.М анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/12, Б/13 дугаар захирамжууд нь хууль бус болохыг тогтоолгох, намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамжаар Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Ц.М-г томилох тухай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Ц.М-г урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Баянхонгор сумын Засаг даргын намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” гэж ихэсгэсэн.

2. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар тус сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.М-г 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар тус сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Ц.М-г 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилжээ.

Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамжаар Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Ц.М-г томилох тухай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 дугаар захирамжаар Ц.М-г сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон байна.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг 2021 оны 05 сарын 18-ны өдөр мэдсэн бөгөөд Аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 1а/504 тоот албан бичгээр маргаан бүхий актыг хууль зөрчсөн гэж үзэн Ц.М-г урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Ц.М тус шүүхэд хандан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Н нь намайг дуудаж таныг Баянхонгор сумын 5-р цэцэрлэг рүү шилжүүлэн ажиллуулахаар боллоо. Учир нь 5-р цэцэрлэгийн ажлыг сайжруулах шаардлагатай байна гэж хэлээд та өөрийн санал бодлоо хэл гэхээр би “А” үнэлгээтэй үнэлэгдсэн хүн биш бөгөөд ажил сайжруулах гэж байгаа бол “А” үнэлгээтэй хүмүүс нь ажил сайруулна байх, тэгээд ч 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажил бол баталгаатай ажлын байр биш шүүхийн маргаантай байгаа тул би очих боломжгүй, эргээд би ажилгүй болж хохирох магадлалтай гэж хэлсэн. Үүний дараа нэг хуудас дээр гарын үсэг зуруулах гэхээр нь зураагүй. Гэтэл тус өдрөө буюу 2021 оны 05 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга Ж.М Б/12, Б/13 дугаар тушаал тус тус гаргаж намайг 10-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон байсан. Тус тушаалуудыг манай цэцэрлэгийн бичиг хэргийн ажилтан 2021 оны 05 сарын 18-ны өдөр үлдээсэн байсан бөгөөд би авсан өдрөө тус захирамжууд нь хууль бус учраас хүчингүй болгож өгнө үү хэмээн аймгийн Засаг даргад гомдол бичиж өгсөн.

2. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 17-ны Б/12, Б/13 дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэл Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж, томилсон байсан. Миний хувьд тус захирамжийн хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир тус захирамжаар миний хөдөлмөрлөх эрхэнд халдахдаа зохих хууль тогтоомжийг баримтлаагүй бөгөөд би төрийн үйлчилгээний албан хаагч байхад Хөдөлмөрийн хууль огт баримтлаагүй хөдөлмөрлөх эрхэд халдсан гэж үзэж байна. Түүнчлэн 5-р цэцэрлэгийн эрхлэгч Б.И-г ажлаас нь халж намайг томилсон бөгөөд миний оронд 9-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ч-ыг томилж, харин 9-р цэцэрлэгт Э.О-г томилсон байна. Б.И нь одоогийн байдлаар шүүхэд хандсан байгаа бөгөөд эргээд томилогдлоо гэхэд би хохирч үлдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу намайг шилжүүлэн ажиллуулах тохиолдолд миний саналыг сонсох ёстой байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр намайг шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор сумын Засаг дарга нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дугаар захирамжийг гаргасан байна. Тус захирамжийг би огт мэдээгүй байж байтал 2021 оны 7 сарын 19 ний өдөр Б/20 дугаар захирамжийг гаргаж байгаагаа надад хэлсэн. Ямар учиртай дахин захирамж гаргаж байгааг нь асуухад ХАСУМ буюу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг бөглүүлээгүй таныг 5 дугаар цэцэрлэгт томилсон нь бидний буруу болсон байгаа тул өмнөх томилсон захирамжаа хүчингүй болгож тус мэдүүлгийг бөглүүлж байж томилж байна гэж Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Н хэлсэн. Надад тус захирамжийг албан ёсоор өгөөгүй. Энэ 2 захирамжийн хооронд хийсэн санхүүгийн гүйлгээ болон бусад шийдвэрийн үр дүнг хэн хариуцах вэ гэж би асуусан боловч аль нь ч олигтой хариу өгөөгүй.

Үүнд: Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, тус захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ажлаас чөлөөлсөн, уг асуудлыг буруу шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ажилд нь эгүүлэн томилуулах, Баянхонгор сумын Засаг даргын Б/13, Б/20 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргаж түүнийгээ дэмжиж оролцож байна. Хөдөлмөрийн тухай хуулиар өөр газарт шилжүүлэх, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн ойлголтууд тусдаа агуулгатай байхад тухайн хүний саналыг сонсоогүйгээр шийдвэрлэсэн. Сонсох ажиллагаа гэдэг бол хэлбэрийн төдий зүйл биш юм. Цэцэрлэгийн эрхлэгч нарт хөдөлмөрийн гэрээнээс гадна гүйцэтгэлийн гэрээ байгуулсан тохиолдолд шууд нэг талын санаачилгаар өөр ажилд томилох, шилжүүлэх нь Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хуулийг илт зөрчсөн захиргааны акт гаргасан, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 5-6 жилийн давтамжтайгаар цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулж явна гэсэн бодлого барьж байгаа. Ц.М-гийн хувьд бол шүүхийн маргаантай байгаа ажлын байран дээр томилсноос болж энэ асуудал үүссэн байх, Б.И-гийн хувьд 5 дугаар цэцэрлэгт эргүүлэн тавихгүй ямар нэг байдлаар ажлын байраар хангаж, Ц.М-гийн эрхийг зөрчихгүй гэсэн зорилготой байгаа. Аймгийн Засаг даргын албан бичиг хожуу ирсэн байж магадгүй тухайн бичиг нь сумын Засаг даргын захирамж гарсны дараа ирсэн түүнийг үндэслээд захирамжийг хүчингүй болгох эрх зүйн акт байхгүй, тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаа хүндрэлтэй байсан учир туршлага дээр нь үндэслэж томилсон байх гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 онд 1 дүгээр цэцэрлэг болох энэ цэцэрлэгт сонгон шалгаруулалтаар очиж томилогдож байсан, 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тухайн цэцэрлэгийн барилга нь нэг ч удаа засварт ороогүй, модон хучилттай, эрүүл ахуйн хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, мэргэжлийн хяналтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч, барилгыг газар дээр нь буулгах шийдвэр гаргахыг удаа дараа эцэг эх, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга, Засаг дарга, мэргэжлийн хяналтын алба, газрын алба, холбогдох яамны байгууллага, улсын их хуралд уламжилснаар 2013 онд энэ барилгыг буулгаж эхэлсэн, тухайн үед бол ном шиг материал бүрдүүлж, эцэг эхчүүдэд хэлэлцүүлэг хийж, ар гэр амьдралаа хойш тавин энэ байгууллагын төлөө зүтгэсэн 2012-2013 оны хичээлийн жилд барилга үйл ажиллагаа явуулах боломжгүй улмаас гэр цэцэрлэг ажиллуулж 4 бүлэг 120 хүүхэд 17 багш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан. Мөн тэргэл зочид буудлыг түрээсэлж, мэргэжлийн хяналтын байгууллага боловсролын байгууллагын дүгнэлтийг үндэслэж, асуудлыг шийдвэрлүүлсэн, 2014-2015 оны хичээлийн жилд “Гал хонгор” ХХК-аар 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барьж 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ашиглалтад орж 280 хүүхдийг хүлээн авч 30 ажилтантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж ажилласан. Тухайн цэцэрлэг нь мөнгө төсөв суугаагүйгээс үйл ажиллагаа тасралтгүй явуулахын тулд холбогдох байгууллагаар явж шийдвэрлүүлсэн. Эко болон сонголттой жишиг орчныг богино хугацаанд бүрдүүлээд аймаг, нийслэл сумд туршлага түгээн дэлгэрүүлж байсан, 2017-2018 оны хичээлийн жилд буюу 2017 оны 08 сард Баянхонгор сумын төрийн байгууллагуудын эрхлэгч нарыг сайжруулж эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарч 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилж, 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.М-г 10 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр томилж байсан, энэ үед манай цэцэрлэгийн үйл ажиллагааг бодитой үнэлээгүй, төрийн албаны хуулийг баримтлахгүйгээр шийдвэр гаргасан үүнээс хойш 9 дүгээр цэцэрлэгт 3.5 жил эрхлэгчээр ажилласан, орон нутгийн шийдвэрийг хүндэтгэж ажлаа хүлээлгэн өгсөн, хичээлийн шинэ жил болох гээд, хүүхдийн бүртгэл хийгдэж байхад үдээс хойш нь дуудаж санал асуухгүйгээр шууд томилсон цэцэрлэгийг нэрлээд явж байсан, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээн авч, томилогдсон тухайн байгууллагатаа сайжруулалт шинэчлэл хийж, шаардлагатай ажлын төлөвлөгөө боловсруулан хамт олны дэмжлэгтэйгээр сургалтын орчноо сайжруулж тодорхой ахиц дэвшил гаргаж, хамт олны уур амьсгалыг эергээр бүрдүүлсэн, 10 дугаар цэцэрлэгтэй маш их хүнд хэцүү байдлыг даван туулж, ажил сайхан жигдрээд явж байхад солигдсон иймд хийсэн бүтээсэн ажлыг минь үнэлээд, эрхийг минь хөндөхгүйгээр зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/12, Б/13 дугаар захирамжууд нь хууль бус болохыг тогтоолгох, намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамжаар Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Ц.М-г томилох тухай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Ц.М-г урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Баянхонгор сумын Засаг даргын намайг 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ихэсгэсэн.

Нэхэмжлэгч Ц.М-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь дараах 2 үндэслэлээр маргасан.

1. 5-р цэцэрлэгийн ажлыг сайжруулах шаардлагатай байна гэж хэлээд та өөрийн санал бодлоо хэл гэхээр би “А” үнэлгээтэй үнэлэгдсэн хүн биш бөгөөд ажил сайжруулах гэж байгаа бол “А” үнэлгээтэй хүмүүс нь ажил сайруулна байх, тэгээд ч 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажил бол баталгаатай ажлын байр биш шүүхийн маргаантай байгаа тул би очих боломжгүй, эргээд би ажилгүй болж хохирох магадлалтай гэж хэлсэн. Гэтэл тус өдрөө буюу 2021 оны 05 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга Ж.М Б/12, Б/13 дугаар тушаал тус тус гаргаж намайг 10-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон байсан.

2. Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 17-ны Б/12, Б/13 дугаар захирамжуудад Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир тус захирамжаар миний хөдөлмөрлөх эрхэнд халдахдаа зохих хууль тогтоомжийг баримтлаагүй бөгөөд би төрийн үйлчилгээний албан хаагч байхад Хөдөлмөрийн хууль огт баримтлаагүй хөдөлмөрлөх эрхэнд халдсан гэж үзэж байна. Түүнчлэн 5-р цэцэрлэгийн эрхлэгч Б.И-г ажлаас нь халж намайг томилсон бөгөөд миний оронд 9-р цэцэрлэгийн эрхлэгч Чимэгсайханыг томилж, харин 9-р цэцэрлэгт Э.Оюунтуяаг томилсон байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу намайг шилжүүлэн ажиллуулах тохиолдолд миний саналыг сонсох ёстой байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр намайг шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

Нэг. “Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/12, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Ц.М-г урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/615 дугаар захирамжаар төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, ажил эрчимжүүлэх зорилгоор Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.М-г 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр шилжүүлэн томилжээ.

Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар Ц.Мөнхтуяаг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг үндэслэн сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.М-г ажлаас нь чөлөөлж,

мөн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг үндэслэн ажил эрчимжүүлж, сайжруулах зорилгоор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Ц.М-г 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилж, Ц.М-гийн ажиллаж байсан 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Ц.Ч-ыг томилжээ

Нэхэмжлэгч Ц.М аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 1а/504 тоот албан бичгээр Ц.М-г 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд буцаан томилж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна.

Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/134 дүгээр захирамжаар Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Ц.М-г томилох тухай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 дугаар захирамжуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Ц.М-г урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” гэж тодруулан нэмэгдүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн албаны ангиллыг тусгасан бөгөөд 6.1.4-т төрийн үйлчилгээний алба гэж, 14 дүгээр зүйлд төрийн үйлчилгээний албан тушаалыг заасан бөгөөд 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж, 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж тус тус хуульчилсан.

Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэн заалтыг маргаан бүхий актадаа үндэслэсэн атлаа Ц.М-г чөлөөлж, томилохдоо Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын саналыг аваагүй болох нь нотлогддог.

Ажил олгогчоос Ц.М-тай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг 2020 онд А, 2021 онд В үнэлгээгээр дүгнэж, улирлуудын үр дүнгийн урамшуулал олгож байсан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч тал ...маргаан бүхий актыг гаргахдаа ажил эрчимжүүлж, сайжруулах зорилгоор Ц.М-г 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж, 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд шилжүүлэн томилсон... гэж тайлбарладаг боловч энэ нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалтаар, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж, томилсон нь тодорхойгүй.

Түүнчлэн сэлгэх, шилжүүлэх гэх зэрэг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны аль зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүй байхад өөр ажилд томилсон зэргээр Төрийн албаны болон Хөдөлмөрийн, Боловсролын тухай, Захиргааны ерөнхий хуулиудын холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан бөгөөд хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа холбогдох хуулиудыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хоёр: Нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор сумын Засаг даргын намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг 2021 оны 05 сарын 18-ны өдөр мэдсэн бөгөөд Аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 1а/504 тоот албан бичгээр маргаан бүхий актыг хууль зөрчсөн гэж үзэн Ц.М-г урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан томилж, хариу ирүүлэхийг Баянхонгор сумын Засаг даргад мэдэгдсэн байна.

Хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга Ж.М Аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан тоотод цохолт хийж шийдвэрлэсэн нь гээд ...эрхлэгч Ц.М-г эгүүлэн ажилд нь томилох боломжгүй, тухайн цэцэрлэгийн ажлыг сайжруулж, хамт олны эв нэгдлийг хашиж, тогтвор суурьшилтай ажиллах талаар уулзаж, үүрэг болгосон. Урьд нь цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулж ирснийг мэдэгдсэн болно... гэж, татгалзжээ.

Энэ нь захиргааны хэргийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол” захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.М 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн нэг дэх шаардлага хангагдсан тул “Баянхонгор сумын Засаг даргын намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 4 дүгээр зүйлийн 4.4, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.М-гийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/20 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ц.М-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, харин “Баянхонгор сумын Засаг даргын намайг Баянхонгор сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохгүй, дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.СУВДМАА