Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 115/ШШ2022/0021

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн ... овогт ...ын ...,

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг дарга болон тус аймгийн Сайншанд сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Гуравдагч этгээд: Дорноговь аймгийн ... газар /хуучин нэрээр/ нарын хоорондын иргэнд өмчлөгдсөн газрыг бусдад буюу сургуулийн барилга барих төсөл хэрэгжүүлэх зорилгоор гуравдагч этгээд болох хуулийн этгээдэд эзэмшүүлж шийдвэрлэсэн болон тус өмчлөлийн газрын байршлыг шилжүүлж шийдвэрлэсэн асуудлуудтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч .../цахимаар/, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., гуравдагч этгээд тус аймгийн ... газар /хуучин нэрээр/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч иргэн ... нь хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан тус Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/493 дугаар захирамжуудын иргэн ...д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан тус Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/09 дүгээр, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр тогтоолуудын иргэн ...д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг анх гаргаж,

3. Өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарахаас өмнөх буюу барилгын ажил эхлэхээс өмнөх байдалд оруулахыг хариуцагч нарт даалгах,

4. Өмгөөллийн хөлсөнд төлсөн 3000000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус тус нэмэгдүүлэн тухайн хариуцагч нарт холбогдуулан маргаж байна.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ; Иргэн ... миний бие Дорноговь аймгийн ... хаягт байрлалтай, 4410000790 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй 3500 м.кв газрыг зохих хууль журмын дагуу өмчилж 2017.04.24-ний өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан, энэ газрын өмчлөгч юм.

Гэтэл Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020.12.16-ны өдрийн 02/09, 2021.07.08-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолуудаар Сайншанд сумын 6 дугаар багт сургууль барихад зориулж газар чөлөөлөхөөр болж миний өмчлөлийн газар үүнд багтсан. Дорноговь аймгийн Засаг даргын 2020.04.17-ны өдрийн А/336 дугаартай захирамжаар миний өмчлөлийн газрыг аймгийн ... газарт эзэмшүүлж, 2021.09.28-ны өдрийн А/493 дугаартай захирамжаар миний өмчлөлийн газрын байршлыг шилжүүлэхээр шийдсэн байна.

Дээрх тогтоол захирамжууд гарсныг миний бие мэдээгүй ба Дорноговь аймгийн Засаг даргад гомдол өргөдөл гаргасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1257 тоот албан бичиг, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 138 тоот албан бичгээр ирүүлэхэд л мэдсэн болно.

Ингээд энэ асуудлаар аймгийн Засаг дарга, Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан шийдвэрлэж өгөх хүсэлт,  гомдлоо гаргасан боловч миний гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй учир шүүхэд хандаж байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргаас дээрх шийдвэрүүдийг гаргахдаа надад мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийж миний санал хүсэлтийг аваагүй, тайлбар гаргах боломжоор хангалгүйгээр миний газар өмчлөх эрхэд шууд халдсанд гомдолтой байна.

Надад мэдэгдэлгүйгээр дээрх шийдвэрүүд гарч хүчингүй болсон захирамжид үндэслэн миний газрыг өөр байгууллагад эзэмшүүлж, миний өмчлөх газрын байршлыг шилжүүлж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020.12.16-ны өдрийн 02/09, 2021.07.08-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолууд, Дорноговь аймгийн Засаг даргын 2020.04.17-ны өдрийн А/336, 2021.09.28-ны өдрийн А/496 дугаартай захирамжуудын иргэн ... надад холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, миний өмчлөлийн газар дээр газар ухаж, бетонон хашаа цутган барилга барьж эхэлсэн учир би өөрийн газраа зориулалтынх нь дагуу ашиглах, эзэмших, захиран, зарцуулах боломжгүй болсон тул миний өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарч барилгын ажил эхлэхээс өмнөх нөхцөл байдалд оруулж өгөхийг хариуцагч нарт даалган миний газар өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү.

Мөн миний бие хууль, эрх зүйн мэдлэггүй учраас эдгээр захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд мэдүүлэхийн тулд өмгөөлөгч хөлслөн авсан ба өмгөөллийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж оролцоно. Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон шийдвэрүүдийг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийж, нэхэмжлэгчийн санал, хүсэлтийг аваагүй, тайлбар гаргах боломжоор хангалгүйгээр ... гуайн газар өмчлөх эрхэд шууд халдсан байдаг.

Дорноговь аймгийн Засаг даргын 2020.04.17-ны өдрийн А/336 дугаартай захирамжинд 3 иргэний өмчлөлийн газарт байнгын нийтийн сервитут тогтоосон гэж дурдсан боловч энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэн, нэхэмжлэгчийн талд шийдвэрлэгдсэн учраас Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын нийтийн сервитут тогтоосон захирамжийг цуцалсан байдаг. Энэ А/336 захирамжийг үндэслэж газрын байршил шилжүүлж, өөрчлөх А/493 дугаар захирамж гарсан бөгөөд гэтэл А/336 дугаар захирамжийн үндэслэл болсон захирамж хүчингүй болсон байгаагаар уг захирамжууд нь хууль бус.

Мөн тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр дараахь шийдвэрүүд гарч, хүчингүй болсон захирамжид үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг өөр байгууллагад эзэмшүүлж, өмчлөх газрын байршлыг шилжүүлж байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020.12.16-ны өдрийн 02/09, 2021.07.08-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолууд, Дорноговь аймгийн Засаг даргын 2020.04.17-ны өдрийн А/336, 2021.09.28-ны өдрийн А/493 дугаартай захирамжуудын иргэн ...д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох үндэслэл байгаа юм.

Нэхэмжлэгчээс өмчлөлийн газраа зориулалтынх нь дагуу ашиглах, эзэмших, захиран, зарцуулах боломжгүй болсон тул өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарч барилгын ажил эхлэхээс өмнөх нөхцөл байдалд оруулж өгөхийг хариуцагч нарт даалган шийдвэрлэж газар өмчлөх эрхийг хамгаалах нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хууль, эрх зүйн мэдлэггүй учраас эдгээр захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд мэдүүлэхийн тулд өмгөөлөгч хөлслөн авсан ба өмгөөллийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг давхар гаргасан байгаа.

Эцсийн бүлэгт хэлэхэд нэгэнт иргэн ...гийн Үндсэн хуульд заасан эрхэд нь хүндэтгэлгүй хандаж газрыг нь өөр этгээдэд шилжүүлж, сүүлд нь гэнэт мэдэгдэж хууль бус үйлдлийг гаргасан учир Иргэн ...д холбогдох хэсгийг хүчингүй болгож,

Шүүхийн шинжлэн судалсан нотлох баримт, процессуудаас дүгнэхэд эдгээр маргаан бүхий 4 захиргааны акт нь бүгдээрээ сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна гэж харагдаж байна. Тухайн актыг эерэг нөлөөтэй байна уу, сөрөг байна уу гэдгийг тус актын үйлчлэлд өртөж байгаа хүмүүс л тодорхойлно. Түүнээс түүнийг гаргаж байгаа этгээд өөрөө энэ нь эерэг, сөрөг гэж тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл хандсан этгээдэд таалагдаж байвал эерэг нөлөөлөл бүхий, таалагдахгүй бол сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үздэг.

Тиймээс эдгээр захиргааны акт нь нэгэнт нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн, улмаар өмчилсөн газрыг нь таарамж, тохиромжгүй газарт аваачиж байгаа болохоор сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болж байна. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг яаж гаргадаг, мэдэгддэг, сонсох ажиллагааг хэрхэн хийгддэгийг хуулиар тодорхой зохицуулсан байдаг боловч дээрх сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актуудыг гаргасан хүмүүс хуулийн дагуу хийх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна.

Хариуцагч талаас сонсох ажиллагаа хийхээр дуудсан гэж тайлбарлаж байна, гэтэл нэхэмжлэгч нь өөрөө очих боломжгүй байсан ба энэ үед цар тахал, ковид өвчний улмаар настай хүн битгий хэл залуу хүмүүс ч гадуур гарахаас айдаг үе байсан. Тиймээс очиж чадаагүй учраас тэр үед хийсэн уулзалтаар ямар асуудал ярьсан, юу шийдээд байгааг нь мэдээгүй байтал уулзалт, зөвшилцлийн үндсэн дээр гэсэн үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол нь гарсан байдаг.

Гэтэл хэрэв хүн газраа өгөхгүй гээд зөвшөөрөхгүй бол яах юм бэ, шууд булааж аваад захиргааны акт гаргаад хүчээр шийдэх юм уу. Мөн нөхөн төлбөрийн асуудлыг яах ёстойг огт ярьж шийдвэрлэхгүйгээр захиргааны акт гаргаж хүний газар өмчлөх эрхийг нь зөрчсөн болохоор нэхэмжлэгчээс энэ талаарх гомдлыг гаргаад байгаа.

Нэгэнт иргэн ...гийн Үндсэн хуульд заасан эрхэд хүндэтгэлгүй хандаж түүний өмчлөлийн газрыг өөр этгээдэд шилжүүлж, сүүлд нь гэнэт мэдэгдэж хууль бус үйлдлийг гаргасан нь тодорхой байгаа учир түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудтай уялдаад тухайн захиргааны актуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгон, газрыг өмнөх байдалд оруулах нь хуульд нийцнэ гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

 

7. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа; Дорноговь аймагт 14629 сурагч суралцаж байгаагийн 6692 буюу 45.7 хувь нь аймгийн төвийн 4 сургуульд суралцаж байна. Сайншанд сумын 1, 6 дугаар багийн 6-14 насны 1507, 15-17 насны 482, нийт 1989 сургуулийн насны хүүхдүүд байна.

 Сайншанд сумын 2 дугаар сургууль нь 928 хүүхэд сургах хүчин чадалтай боловч 1950 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байгаа нь 1 багшид ногдох хүүхдийн тоо, анги дүүргэлт хэт өндөр, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих эрх зөрчигдөж байгаа юм.

 Иймд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын жагсаалтыг иргэдээр хэлэлцүүлэхэд олонхын санал авч, 7,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн.

 Гэвч өмнөх жилүүдэд сургууль барих нөөц газар үлдээлгүй иргэдэд газар өмчлүүлсэн тул хот төлөвлөлтийн алдаатай бодлогын улмаас шинээр барих сургууль газаргүй болсон байсан.

 Дээрх сургуулийг барих газрын байршлыг ерөнхий боловсролын сургуулийн ачаалал, хүн амын нягтрал, сургууль үйлчлэх хүрээг харгалзан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 297 тоот албан бичгийн дагуу сонгосон.

 Сайншанд сумын 6 дугаар багт “640 хүүхдийн сургууль барих” төсөл хэрэгжүүлэх газар нь аймгийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Иргэнд газар өмчлүүлэх тухай” А/300 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн иргэн ..., ..., ... нарын 3 иргэний 1 га газарт төлөвлөгдсөн.

 Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн нийтийн эрх ашигт хамаарах асуудлын хүрээнд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдаагүй гэр хорооллыг сонгож, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх тухай” 1/1733 тоот албан бичгийн дагуу дээрх байршилд “640 хүүхдийн сургууль” барих төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон.

 Үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар “640 хүүхдийн сургууль” барих төслийг хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ,  хил зааг, зориулалтыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтын дагуу хэлэлцүүлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас “Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай” 02/09 дүгээр тогтоолыг баталж, мөн төсөл хэрэгжүүлэх байршил, холбогдох мэдээллийг байгууллагын цахим хаягт байршуулсан.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь заалтын дагуу төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатны дагуу давхцалтай байгаа газрын өмчлөгч иргэн ...гийн эхнэр Лхамжид, охин С.Баярчимэг нартай үүссэн нөхцөл байдал болон “640 хүүхдийн сургууль” барих төслийг танилцуулж, өмчлөлийн газрын байршлыг шилжүүлэн өмчлүүлэх, нөхөн олговор олгох асуудлаар харилцан тохиролцохоор 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уулзалтыг зохион байгуулж, 5 байршил бүхий газраас нэг газрыг нь сонгон өмчлөхөөр харилцан тохиролцсон.

 Мөн иргэн ..., ... нартай үүссэн нөхцөл байдал болон “640 хүүхдийн сургууль” барих төслийг танилцуулах, өмчлөлийн газрын байршлыг шилжүүлэн өмчлүүлэх, нөхөн олговор олгох асуудлаар харилцан тохиролцох уулзалт зохион байгуулахаар 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00 цагт Сайншанд сумын “Иргэний танхим”-д  зохион байгуулахаар товлон сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/438, 01/439 тоот албан бичгүүдийг иргэдэд хүргүүлсэн.

Улмаар товлосон уулзалтад иргэн ...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... оролцож, иргэн ... нь ирээгүй буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргалыг нь цахимаар оролцох хүсэлтийг тавьсан боловч оролцоогүй.

 Газрын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд газар өмчлөгч иргэдийн газрын байршлыг шилжүүлэхээр санал болгосон газрын байршлууд. Үүнд

Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Хайрхан гудамж, газрын тосны боловсруулах үйлдвэрийн  ажилчдын 549 айлын орон сууцны зүүн талд

Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Чойлон гудамж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн баруун хойд талд

Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сайншанд дахь хэлтсийн хойд талд шинээр уурын зуух барихаар төлөвлөсөн газрын хойд талд

Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Их говь” жуулчны баазын зүүн талд мянганы замын баруун талд

Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Мянганы зам /Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн улсын чанартай авто зам/-ын баруун талд 2021, 2012 онд олгосон өмчлөлийн газрын хажууд.

Хоёр. Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/336 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Иргэн ... нь “Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/336 дугаар захирамжийг хүчингүй болгож,  иргэний газар өмчлөх эрхийг зөрчсөн үйл ажиллагааг зогсоох тухай” гомдлыг

- 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт

- 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх  газрын дарга ...ид удаа дараа гаргасан.

Үүний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХЭГ/2748, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХЭГ/1735 тоот албан бичгүүдээр “... хүсэлтийг судлан үзэж, захирамжийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэж хариу өгнө үү” гэсэн бичгийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/375, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 002/1132 дугаар албан бичгүүдээр хариуг тус тус хүргүүлж байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “... дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар заасан байх тул иргэн ...гийн шүүхэд гомдол гаргах буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох хүсэлтийг гаргаж байна.

Гурав. Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/493 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/493 дугаар захирамжаар иргэн ... болон нэр бүхий 2 иргэний өмчилсөн газрыг төлөв байдал,  чанартай нь дүйцэхүйц байршилд шилжүүлж, газар өмчлөх эрхийг нь хангаж шийдвэрлэсэн буюу эерэг үйлчлэлтэй захиргааны акт тул холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм,

7.1 Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

1. 2022 оны 04 дүгээр сарын байдлаар барилга угсралтын явц 90 хувьтай, гадна, дотор инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй “640 хүүхдийн сургууль” баригдаж байна. Иймд ...гийн нэмэгдүүлсэн шаардлагын дагуу тухайн газрыг барилга эхлэхээс өмнөх нөхцөл байдалд оруулах боломжгүй.

Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ын дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/493 дугаар захирамжаар иргэний өмчлөлийн газрын байршлыг өмнөх нөхцөлтэй дүйцэхүйц инженерийн шугам сүлжээнд ойрхон, тэгшхэн, шууд ашиглах боломжтой газар шилжүүлж шийдвэрлэсэн нь газар өмчлөх эрхийг захиргааны байгууллагаас хангаж  нэхэмжлэгчийн шаардлага хэрэгжсэн.

Тухайн шилжүүлэн шийдвэрлэсэн газар нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021 онд цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Мөн 2023-2024 онд, улс орон нутгийн хөгжлийн хөрөнгийн эх үүсвэрээр 7 дугаар багийн “Тэс петролиум” шатахуун түгээх станцаас 2 дугаар багийн Нэгдсэн эмнэлгийн урд талын уулзвар  хүртэлх 6,9 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөгдсөн дэд бүтэц бүхий газар юм.

2. Захиргааны байгууллагын зүгээс иргэдэд хохирол учруулаагүй тул нэхэмжлэгчийн шаардсан өмгөөллийн үйлчилгээний хөлсийг гаргаж өгөх боломжгүй.

Төрийн байгууллагын зүгээс иргэнд хохирол учруулж өмчлөх эрхийг зөрчих санаа зорилго огтхон ч агуулаагүй бөгөөд “640 хүүхдийн сургууль барих” төсөл нь гагцхүү төр Монгол улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ конвенцод тусгагдсанаар хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах, Дорноговь аймгийн хүүхдэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ юм гэжээ.

 

8. Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар /1 дэх хавтаст хэргийн 77, 78 дахь тал/-ыг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч /.../-өөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа;

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу Сайншанд сумын Засаг даргаас холбогдох бичиг баримт, саналыг оруулсны үндсэн дээр хууль тогтоомжийн хүрээнд сургууль барих төсөл сонгон шалгаруулах газрын байршлыг тогтоож сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоол 02/09 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр эрх зүйн акт юм.

Хоёрдугаарт, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол нь Сайншанд сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тогтоол. Үүнийг өргөн барих, хэлэлцэж, батлах үндэслэл, журам нь сумын иргэдийн Хуралд хуулиар олгогдсон байдаг тул энэ утгаараа эдгээр нь хууль тогтоомжийн хүрээнд гарсан тогтоолууд юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа тайлбартаа сонсох ажиллагаа хийгээгүй нь үндэслэлгүй, шийдвэр гаргах процесс ажиллагааг зөрчсөн гэж байгаа ч үүнийг нотлох баримтыг шинжлэн судлах үед баримтаар гаргаж ирүүлье.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гаргасан 4 захиргааны актад холбогдох шаардлага дээрээ нэмж газрыг өмнөх байдалд нь оруулах, өмгөөллийн хөлс гаргуулах шаардлагуудыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчээс иргэнийхээ хувьд өмгөөллийн туслалцаа авч, хөлсийг өмгөөлөгчид төлсөн байна. Тийм учраас хариуцагч талаас өмгөөллийн  төлбөрийг төлөх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа.

Газрыг өмнөх байдалд нь оруулах гэсэн шаардлагын хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд гарснаар барилгын ажил шууд явагдаж, энэ бүтээн байгуулалтын үр дүн шууд бий болоогүй цаг хугацааны явцад эдгээр ажил өрнөсөн учраас тус газрыг өмнөх хэвийн байдалд нь оруулах гэсэн шаардлагыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцуулан даалгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагч сумын Хурлын шүүхэд анхны гаргасан тайлбараа дэмжиж, нэхэмжлэгчийн тавьсан дөрвөн шаардлагыг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

9. Гуравдагч этгээд Дорноговь аймгийн Боловсрол, соёл,урлагийн газар  /хуучин нэрээр/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Сайншанд сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургууль нь 928 хүүхдийн хүчин чадалтай боловч өнөөдөр 6293 хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэдэг.

Нэг багшид оногдох хүүхдийн тоо хэтэрхий өндөр байгаатай холбоотойгоор сургуулийн барилгын тоог нэмэгдүүлж, хүчин чадал, боловсролын чанар, хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах, сурагчдыг эрүүл, таатай орчинд сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор тус аймгийн хэмжээнд 7,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль баригдаж байна. Энэ сургууль баригдсанаар 1000 гаруй хүүхэд таатай орчинд суралцах боломж бүрдэх байгаа юм.

Хэдийгээр боловсролын байгууллагад дээрх захирамжаар тухайн газрыг эзэмшүүлэхэд тодорхой хүмүүсийн эрх, ашиг хөндөгдсөн боловч одоо 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг барьж байгуулах, 7,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа эрчимтэй явагдаж, энэ үйл ажиллагааг “...” ХХК гүйцэтгэж, 80 хувийн гүйцэтгэлтэй болсон байгаа бөгөөд ирэх 08 дугаар сарын 01-ний өдөр барилгыг хүлээн авахаар ажиллаж байна.

Тиймээс тухайн захирамжийг хүчингүй болгохыг болон барилга байгууламж баригдаад дуусаж байхад газрыг хэвийн байдалд нь буцаан оруулахыг даалгаж буй шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Үүний цаана  хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас сурч боловсрох тал дээр нь таатай хандаасай гэж хүсэж байна.

Нэхэмжлэгчид газрын хэмжээг бууруулахгүйгээр цэвэр бохир усанд холбогдох боломжтой газрыг шилжүүлж өгсөн байгааг очиж үзсэн. Хамгийн гол нь хүүхдийн эрх, ашгийг дээдэлж, сурч боловсрох нөхцөлөөр нь хангаж өгөхийг хүсье гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/-таа дурдаж байгаагаар “...нэхэмжлэгч иргэн ...гийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх дууссан...” талаар маргасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл дэх “...Дээрх тогтоол, захирамжууд гарсныг миний бие мэдээгүй ба Дорноговь аймгийн Засаг даргад гомдол  өргөдөл гаргасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1257 тоот албан бичиг, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 138 тоот албан бичгээр ирүүлэхэд мэдсэн болно...” /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/ гэсэн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ талаар шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар,

1.1 Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдаж буй уг албан бичгүүдийг хүлээн авсны дараа тухайн үед буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга болон тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус хандан нэхэмжлэлийн шаардлага дахь захиргааны актуудыг хүчингүй болгуулах тухай гомдол /1 дэх хавтаст хэргийн 18, 19 дэх тал/-ыг гаргаж байсныг нэхэмжлэлдээ нотлох баримтаар хавсарган өгсөн зэрэг байдлууд болон,

1.2 Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын шүүхэд бичгээр гаргасан тайлбарт “ ...Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ХЭГ/2748, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ХЭГ/1735 тоот албан бичгүүдээр “...хүсэлтийг судлан үзэж, захирамжийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэж хариу өгнө үү” гэсэн бичгийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/375, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/1132 дугаар албан бичгүүдээр хариуг тус тус хүргүүлж байсан...” /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/ гэсэн тайлбар,

1.3 Гэтэл уг тайлбарт дурдагдаж буй хэрэгт нотлох баримтаар авагдсан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 03/375, 2021 оны 02/1132 албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 69, 70 дахь тал/-үүд нь нэхэмжлэгчээс хариуцагч нарт хандан гомдол гаргахаас өмнө, зөвхөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргад тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас явуулж байсан хариу албан бичгүүд байх ба харин нэхэмжлэгчээс хариуцагч нарт хандан гаргаж байсан 2021 оны 11 дүгээр сарын 02 –ны өдрийн гомдлыг хэрхэн шийдвэрлэж, түүнд ямар хариуг хэдийд өгсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа зэргээс үндэслэн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 –т “...гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй байна.

2. Тус захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах тухай Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... гэх нэрээр, гар бичмэл баримт /2 дахь хавтаст хэргийн 110, 111 дэх тал/-ыг шүүх хуралдаанд ирүүлсэн боловч энэ нь захиргааны байгууллагыг төлөөлж буй этгээдээс гаргасан албан ёсны хүсэлт гэж үзэх боломжгүй тул тус итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх” асуудлыг зохицуулсан 96 дугаар зүйлийн 96.1 дэх зүйлд “ ... хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, ... даруй шийдвэрлэнэ ...” гэж заасныг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

2.1 Улмаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас танилцуулсан хэргийн оролцогчдын ирц, шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бусад оролцогчдоос шүүх хуралдаанд ирээгүй оролцогчдын талаар гаргасан саналууд, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг дүгнэн үзэж шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, ... тэдгээрийн төлөөлөгч, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”,

2.2 Мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргаж байсан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус заасныг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр болж, энэ тухай шийдвэрүүдийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусган шийдвэрлэсэн болно.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “эвлэрүүлэх арга хэмжээ авах;” үйл ажиллагаа /2 дахь хавтаст хэргийн 52-79, 93-97 дахь тал/-г хэрэгжүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул шүүх тус захиргааны хэргийг шийдвэрийн тодорхойлох хэсгийн 1-4 дэх заалтуудад тусгагдсан нэхэмжлэлийн анхны болон нэмэгдүүлсэн шаардлагуудын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн, тэдгээрийг үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Хэргийн оролцогч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнийг эс зөвшөөрч буй үндэслэлээ дараахь байдлуудаар тодорхойлон маргаж байна. Үүнд;

4.1 Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс тодорхойлохдоо, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус аймгийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлага дахь захиргааны актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны дагуу нэхэмжлэгчийн санал хүсэлтийг аваагүй, тайлбар гаргах боломжоор хангалгүйгээр газар өмчлөх эрхэнд шууд халдсан нь болон хүчингүй болсон захирамжинд үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг өөр байгууллагад эзэмшүүлж, улмаар өмчлөлийн газрын байршлыг шилжүүлж шийдвэрлэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцэхгүй, түүнчлэн захиргааны актын эерэг, сөрөг байх асуудал нь тухайн актын нөлөөлөх байдлаас шалтгаалах ба чиглэсэн этгээдэд таалагдсан бол эерэг, таалагдаагүй тохиолдолд сөрөг захиргааны акт болно, иймд нэхэмжлэлийн шаардлага дахь маргаан бүхий 4 захиргааны акт нь бүгд нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий акт /шийдвэр/-ууд тул нэхэмжлэлийн шаардлагууд бүхэлдээ хангагдах үндэслэлтэй гэсэн агуулгаар,

 

4.2 Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, Сайншанд сумын 6 дугаар багт 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл хэрэгжүүлэх газарт өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилсөн иргэн ..., ..., ... нарын гурван иргэний нийт 1 га хэмжээтэй газар багтаж төлөвлөгдсөн бөгөөд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь заалтуудыг үндэслэн нийтийн эрх ашигт хамаарах асуудлын хүрээнд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдаагүй гэр хорооллыг сонгож, уг төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон.

Үүний дагуу Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар хуралдаанд 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл хэрэгжүүлэх газрын талбайн байршил,  хэмжээ,  хил зааг, зориулалтыг тогтоох тухай асуудлыг оруулж, хэлэлцүүлэн энэ тухай 02/09 дүгээр тогтоол батлагдсан ба үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх зүйлд заасны дагуу иргэн ... нарт сургуулийн барилга барих төслийг танилцуулах, өмчлөлийн газрын байршлыг шилжүүлэн өмчлүүлэх,  нөхөн олговор олгох зэрэг асуудлаар харилцан  тохиролцох зорилго бүхий уулзалтыг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сайншанд сумын “Иргэний танхим”-д  зохион байгуулахаар товлож, энэ тухай Сайншанд сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/438, 01/439 тоот албан бичгүүдийг тус иргэдэд хүргүүлсэн боловч иргэн ... нь ирээгүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргалыг цахимаар оролцох хүсэлтийг тавьсан боловч оролцоогүй.

Гэвч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/493 дугаар захирамжаар иргэн ... болон нэр бүхий бусад хоёр иргэний өмчилсөн газрын төлөв байдал, чанартай дүйцэхүйц байршилд өмчлөлийн газрыг нь шилжүүлж, газар өмчлөх эрхийг нь хангаж шийдвэрлэсэн нь эерэг үйлчлэлтэй захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлага дахь шийдвэрүүдийн холбогдох хэсгийг хүчингүй болгох  боломжгүй гэсэн агуулгаар,

 

4.3 Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар дахь болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, Сайншанд сумын 2020-2021 оны хичээлийн жилд тус сумын ерөнхий боловсролын  4 сургуульд 6293 сурагч суралцаж, нийт сурагчдын  0.5 хувь нь гурван ээлжээр хичээллэж байгаа, 2019 оны хүн амын тооллогоор 1, 6-р багт 6-14 насны 1507, 15-17 насны 482, нийт 1989 сурагч Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд тус тус суралцаж байгаа асуудалтай холбогдуулан Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал дээр тус сумын Засаг дарга Ч.Түвшинтөр нь  “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах саналыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулж өгнө үү” гэсний дагуу хүн амын нийтлэг эрх ашиг, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох зайлшгүй шаардлагыг хангах зорилгоор Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга барих төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хэлэлцүүлж, энэ дагуу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/09 дүгээр тогтоол батлагдаж гарсан.

Мөн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд тус сумын Засаг даргаас 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга баригдах талбайд өмчлөлийн газар нь багтсан гурван иргэний өмчлөлийн газрыг дүйцүүлэн шилжүүлэх байршлыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлуулах саналыг оруулж, хэлэлцүүлснээр Сайншанд сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол батлагдаж гарсан.

Дээрх тогтоолуудыг Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон эрхийн дагуу хууль тогтоомжийн хүрээнд гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй ба дээрх хоёр тогтоол гарч хэрэгжсэнээр сургуулийн барилга байгууламж бий болж, баригдаад байгаа тул нэхэмжлэгчээс тус тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох болон өмчлөлийн газрыг буцаан өмнөх байдалд оруулахыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, мөн өмгөөлөгчид төлсөн төлбөрөө гаргуулах шаардлагуудыг гаргасан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар,

 

4.4  Гуравдагч этгээд Дорноговь аймгийн ... газар /хуучин нэрээр/-ын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч нарын гаргасан захиргааны актыг дэмжиж буй үндэслэлээ, тус аймгийн хэмжээнд 15172 сурагч суралцаж, үүнээс 6556 буюу 43,2 хувь нь аймгийн төвийн ерөнхий боловсролын 4 сургуульд суралцаж байгаагаас Сайншанд сумын 1, 6 дугаар багт 6-12 насны 1002, 15-17 насны 1037 нийт 2039 сургуулийн насны хүүхдүүд байна.

Гэтэл тус багуудын нутаг дэвсгэр дэх Сайншанд сумын 2 дугаар сургууль нь 928 хүүхдийн хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар 2039 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа нь 1 багшид оногдох хүүхдийн тоо болон нэг ангид суралцах  хүүхдийн тоо хэт өндөр, үүгээр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих эрх зөрчигдөж байна.

 Иймд аймгийн хувьд сургуулийн барилгыг нэмэгдүүлж, хүчин чадал, боловсролын чанар, хүртээмж, үйлчилгээг сайжруулах, сурагчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд сурч хүмүүжих боломжийг нэмэгдүүлэх үүднээс Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/336 дугаар захирамжаар тус байгууллагад 15 жилийн хугацаатай тухайн газрыг эзэмшүүлж шийдвэрлэсний хүрээнд орон нутгийн төсвийн 7,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг “...” ХХК гүйцэтгэн, одоо дотор, гадна засал хийгдэн барилгын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа төдийгүй 2022 оны 08 дугаар сард ашиглалтад өгөх гэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага дахь захиргааны актуудыг хүчингүй болгох болон газрыг хэвийн байдалд буцаан оруулах боломжгүй юм гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

5. Нэхэмжлэгчийн маргаж буй “Газар эзэмшүүлэх тухай” А/336 дугаар захирамж болон “Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай” 02/09 дүгээр тогтоол бүхий захиргааны актуудад холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримтын тухайд:

5.1 Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан 2020 оны “Газар эзэмшүүлэх тухай” А/336 дугаар захирамж буюу уг захирамжийн 1 дүгээр заалтаар тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийг үндэслэл болгон Дорноговь аймгийн ... газар /хуучин нэрээр/-т 640 хүүхдийн хүчин чадал бүхий ерөнхий боловсролын сургууль барих төсөл хэрэгжүүлэх зориулалтаар газар  эзэмшүүлжээ.

5.2 Гэтэл уг захирамжинд үндэслэл болгосон А/109 дүгээр захирамж дахь Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл хэрэгжүүлэх нийтийн сервитут тогтоосон 1 га хэмжээтэй газарт нэхэмжлэгч иргэн ...гийн өмчлөлийн 3500 мкв хэмжээтэй газар /1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/ багтаж орсон байна.

5.3 Иймд дээрх А/109 дүгээр захирамжийг нэхэмжлэгч иргэн ... нь эс зөвшөөрч, тухайн үед шүүхэд маргаан үүсгэснээр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 19 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 64 дүгээр магадлал, Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 104 дүгээр тогтоол /1 дэх хавтаст хэргийн 219-231 дэх тал/ тус тус гарч, дээрх 64 дүгээр магадлал болон 104 дүгээр тогтоолоор Сайншанд сумын Засаг даргын “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэснээр тухайн шийдвэрүүд хүчин төгөлдөр болжээ.

5.4 Гэтэл А/336 дугаар захирамжинд үндэслэл болгосон нийтийн сервитут тогтоосон А/109 дүгээр захирамж нь дээрх байдлаар хүчингүй болсон боловч нэхэмжлэгчийн өмчлөлийн газар хамаарч буй гуравдагч этгээд болох ... газар /хуучин нэрээр/-т газар эзэмшүүлсэн тухайн захирамж хүчин төгөлдөр байгаагаар нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх бүрэн сэргээгүй байна.

5.5 Нэхэмжлэгч иргэн ...гийн шүүхэд одоо маргаж буй захиргааны актууд болох 2020 оны А/336 дугаар захирамж, 02/09 дүгээр тогтоол зэргийг хууль бус эсэх талаар тухайн үед ямар нэг шийдвэр гараагүй тул уг захиргааны актууд хүчин төгөлдөр үйлчилж, улмаар тухайн актуудад үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн газар хамаарч буй газарт төлөвлөгдсөн 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн  барилга барих төсөл хэрэгжиж, одоогийн байдлаар тус барилгын үйл ажиллагаа хэвээр явагдаж, улмаар гүйцэтгэлийн шатандаа орсон байгаа нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтууд болох;

- Захиргааны байгууллага болон барилгын ажлыг гүйцэтгэгч хуулийн этгээдийн хооронд байгуулсан сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ /1 дэх хавтаст хэргийн 132, 133 дахь тал/,

-  “Сайншанд сумын 6 дугаар баг, 640 хүүхдийн сургууль барих төсөл” болон уг барилгын төсөв /2 дахь хавтаст хэргийн 6-48 дахь тал/ бүхий баримтууд,

-  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд болох тус аймгийн ... газар /хуучин нэрээр/-ын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн “... сургуулийн барилгыг “Болор Аграмба” ХХК гүйцэтгэн, дотор гадна засал хийгдсэнээр барилгын ажлын явц 70 хувьтай байгаа төдийгүй 08 сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа ...” гэх /2 дахь хавтаст хэргийн 1 дэх тал/, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “... шүүх хурлын өмнөх өдөр тус сургуулийн барилга дээр биечлэн очиж үзэхэд гаднах засал дуусаж, дотоод засал болон доторх шугам сүлжээ тавигдаад эхэлсэн, барилгын ажил хэвийн үргэлжилж 80 хувийн гүйцэтгэлтэй болсон байгаа ба ирэх 08 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад орж, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж байна ...” гэсэн тайлбарууд,

- Хариуцагч тус аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/515 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн “... Мөн 640 хүүхдийн сургуулийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, гадна тохижилт, гадна дотор цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Засаг дарга ..., “Болор аграмба” ХХК-ийн захирал Д.Баярмаа нар тус тус байгуулсан. 2022 оны 04 дүгээр сарын байдлаар сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 хувьтай, гадна, дотор инженерийн шугам сүлжээ, гадна тохижилт, гадна дотор цахилгаан хангамжийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна...” гэсэн тайлбар /2 дахь хавтаст хэргийн 3, 4 дэх тал/,

- Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гарган өгсөн, уг сургуулийн 3 давхар барилга баригдаж дууссан гаднах байдлыг харуулсан зураг /2 дахь хавтаст хэргийн 59-61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5.6 Иймд дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага дахь А/336, 02/09 дугаартай захиргааны актууд хэрэгжиж, түүний өмчлөлийн газарт сургуулийн барилга баригдаж эхэлсэн тул нэхэмжлэгчээс газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь энэ талаар шүүхэд маргаан үүсгэх үндэслэл болжээ.

6. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны А/336 дугаар захирамж болон хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоол зэрэг захиргааны актуудын хууль зүйн үндэслэл, тэдгээрийн холбогдох хэсэг нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд;

6.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/ -ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь зүйлийн “г”-д “газар, газрын тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах;”, 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь зүйлийн “а”-д “нутаг дэвсгэртээ боловсрол, ... ын талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион байгуулах;”,

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;”-аар тус тус заасан аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургууль барих төсөл хэрэгжүүлэх зорилгоор гуравдагч этгээд буюу төсөвт байгууллага болох тус аймгийн ... газар /хуучин нэрээр/-т газар эзэмшүүлсэн 2020 оны А/336 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 –дэх зүйлд заасан “...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг...” гаргах эрх хэмжээний дагуу гаргасан хэдий ч тухайн шийдвэрийг мөн хуулийн дээрх зүйлд зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд үндэслэж гаргахыг хуулиар зохицуулсан байна.

6.2 Мөн хариуцагч Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь зүйлд заасан бүрэн эрхийн нэг болох уг зүйлийн “е”-д “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын таван жилийн үндсэн чиглэл, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;” бүрэн эрхийн хүрээнд холбогдох шийдвэрийг гаргахдаа буюу нэхэмжлэгчийн маргаж буй “Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай” 2020 оны 02/09 дүгээр тогтоолыг гаргахдаа,

Газрын  тухай хууль дахь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрхийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.2–д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж заасны дагуу тус аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулсан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг урьдаар хэлэлцэн баталж, үүний дараа дээрх төлөвлөгөөнүүдийг баримталж буюу Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх зүйлд заасан “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохин байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах”-аар заасны дагуу дээрх тогтоолыг  гаргахаар тус хуулиудаар зохицуулагджээ.

 

6.3 Гэтэл хариуцагч тус аймгийн Засаг даргын гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн А/336 дугаар захирамж /1 дэх хавтаст хэргийн 60, 61 дэх тал/ нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эхэлж гарсан байх ба үүнээс хойш 8 сарын дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөн хариуцагч болох Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02/09 дүгээр тогтоол /1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал/ гарсан  нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд болох:

- Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч тус сумын Хурлаас 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 тоот албан бичгээр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар дахь “... Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудал дээр нэмж, сумын Засаг дарга Ч.Түвшинтөрөөс “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах санал байна, үүнийг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж өгнө үү” гэсний дагуу хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хэлэлцсэн байна ...”, “... Сайншанд сумын 6-р багт 640 хүүхдийн сургуулийн төслийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах гэсэн аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны албан бичиг болон сумын Засаг даргын хүсэлтийн дагуу хэлэлцсэн болно...” гэсэн тайлбар /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/,

- Тухайн үед хариуцагч аймгийн Засаг даргаас сумын Хуралд хүргүүлж байсан 640 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилга барих төсөл хэрэгжүүлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/1733 дугаартай албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 5 дахь тал/,

 -  Дээрх албан бичгийг үндэслэн уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тус Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 235, 236 дахь тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд харин 02/09 дүгээр тогтоол гарахаас өмнө уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тухайн төсөл хэрэгжигдэх газрын талаар эхлэн тусгаж, баталсан аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдохгүй байна.

6.4 Иймд хариуцагч тус аймгийн Засаг дарга болон Сайншанд сумын Хурал нь дээрх захирамж, тогтоолыг гаргахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байгаагаас гадна, хариуцагч аймгийн Засаг дарга нь тухайн үед Сайншанд сумын Засаг даргын “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийг А/336 дугаар захирамжийнхаа үндэслэл болгон гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах”, 30.1.9-д “сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих” бүрэн эрхүүдийг хэрэгжүүлээгүй зэрэг байдлуудаас шалтгаалж тухайн шийдвэрүүд нь хууль бус болж, улмаар нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн байна.

6.5  Дээрх байдлаар А/336 дугаар захирамж болон 02/09 дүгээр тогтоол хууль бус болох нь тогтоогдож байгаа хэдий ч, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримтаар уг захиргааны актууд хэрэгжиж, биелэгдсэн байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс тухайн газарт өмчлөх эрхээ сэргээн хэрэгжүүлэх боломжгүй болсон үр дагаврыг бий болгожээ.

 6.6 Иймд нэхэмжлэгч иргэн ... нь хэдийгээр А/336 дугаар захирамж болон 02/09 дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа боловч, нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх захиргааны актууд нь нэгэнт хэрэгжсэн байх тул тэдгээрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох боломжгүй, мөн тэдгээрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор тухайн газарт нэхэмжлэгчийн өмчлөх эрх сэргэх боломжгүй болсон, гэтэл нөгөө талаар нэхэмжлэгчийн хувьд тус захиргааны актуудыг хууль бус байснаар газар өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж буй ашиг сонирхол байгаа зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн,

 6.7 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь “Шүүхийн шийдвэр, түүнийг гаргах” асуудлыг зохицуулсан 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт ..., ...бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;”-оор заасны дагуу хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх  тухай” 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийн иргэн ...д холбогдох хэсэг болон хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай” 02/09 дүгээр тогтоолын иргэн ...д холбогдох хэсэг нь тус тус хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл дэх тухайн захиргааны актуудын иргэн ...д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгчийн маргаж буй “Газрын байршил шилжүүлэх тухай” А/493 дугаар захирамж, “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2021 оны 04/01 дүгээр тогтоол зэрэг захиргааны актуудад холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримтын тухайд:

7.1 Маргааны суурь үндэс болсон Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын “Нийтийн сервитут тогтоох тухай” А/109 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн, хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсноос хойш хугацаанд болон,

7.2 Хууль бус байсан болох нь тогтоогдож буй дээр дурдсан А/336, 02/09 дүгээр тогтоол, захирамжууд тухайн үед хэрэгжиж эхэлснээс хойш  хариуцагч нарын зүгээс А/109 дүгээр захирамжийн улмаас газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн газар өмчлөгч иргэдэд өмчлөлийн газрыг нь өөр байршилд шилжүүлэн, тогтоох арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байх ба эхний шатанд;

7.3 Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн иргэд болон нэхэмжлэгч иргэн ... нартай сургууль барих төсөл хэрэгжүүлэх зорилгоор тэдний өмчлөлийн газрыг сонгон авсантай холбогдуулан, уг өмчлөлийн газрын байршлыг өөр газарт шилжүүлэх боломж, нөхцөлийн талаар харилцан ярилцаж, тохиролцох уулзалтыг захиргааны зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 13, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулсан /1 дэх хавтаст хэргийн 97-109 дэх тал/ байх бөгөөд,

7.4 Нэхэмжлэгч иргэн ...г 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болох уулзалтад хүрэлцэн ирэхийг Сайншанд сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/438 дугаар албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 131, 180 дахь тал/-ээр урьж, хүргүүлсэн боловч, уг уулзалтын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 97 дахь тал/-д “... Иргэн ... нь итгэмжлэгдсэн төлөөлөгч ирнэ гээд би очих боломжгүй гэсний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нь утсаар холбогдоход, ковидын нөхцөл байдалтай холбоотой ирэх боломжгүй ...” гэсэн байгаагаар нэхэмжлэгч иргэн ...гийн талаас тус уулзалтанд хүн оролцоогүй байна.

7.5 Дээрх уулзалтуудыг хийсний дараа хариуцагч сумын Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 04/01 дүгээр тогтоол /1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал/-ыг гаргаж, тус тогтоолын 6 дугаар хавсралтаар газар өмчлөх эрх нь зөрчигдсөн 3 иргэн, түүний дотор нэхэмжлэгч иргэн ...д хамаарах өмчлөлийн газрын байршил, хэмжээг тогтоон баталжээ.

7.6  Улмаар дээрх тогтоолыг үндэслэж хариуцагч аймгийн Засаг дарга нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/493 дугаар захирамждаа сургууль барих төсөл хэрэгжүүлэх талбайд өмчлөлийн газар нь хамаарч буй 3 иргэний өмчлөлийн газрыг, газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүйгээр, тэдгээрт дүйцэхүйц байршилд шилжүүлэхээр тусгаж, шилжүүлж буй тухайн газруудын байршил, талбайн хэмжээг захирамжийн хавсралтаар баталж тус тус шийдвэрлэсэн байх ба,

7.7 Энэ дагуу нэхэмжлэгч иргэн ...гийн тус аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилийн 16-1 тоот хаяг /1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал/ -т байсан 3500 мкв хэмжээ бүхий өмчлөлийн газар нь мөн хэмжээгээр буюу 3500 мкв хэмжээгээр, тус аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Чойлонгийн 7 дугаар гудамж, 635 тоот хаягтай байршил /1 дэх хавтаст хэргийн 62, 63 дахь тал/-д шилжсэн болох үйл баримтууд тогтоогдож байна.

8. Үүнтэй холбогдуулан хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны А/493 дугаар захирамж болон хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04/01 дүгээр тогтоол зэрэг захиргааны актуудын хууль зүйн үндэслэл, тэдгээрийн холбогдох хэсэг нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй эсэх тухайд;

 

 8.1 Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 04/01 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/ дахь сумын Хурлын бүрэн эрхэд хамаарах 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь зүйлийн “е”-д “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын таван жилийн үндсэн чиглэл, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;”, мөн зүйлийн “з”-д заасан “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, ... бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах;”

- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь зүйлд заасан “сум, дүүргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх;”, 13.1.4 дэх зүйлд заасан “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”-ийн хүрээнд буюу Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 –д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” –аар тус тус заасан сумын Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд гарч, улмаар түүнийг үндэслэн,

 

8.2  Хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь зүйлийн “г”-д “газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах;,

- Хот, суурин газрыг  дахин хөгжүүлэх тухай 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;,

- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх зүйлд “иргэдэд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;”, 12.1.3 дахь зүйлд “... , тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;”-аар тус тус заасан аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд “Газрын байршил шилжүүлэх тухай” А/493 дугаар захирамжийг гаргасан зэрэг байдал нь хариуцагч аймгийн Засаг дарга болон сумын Хуралд хуулиар олгосон эрх хэмжээнд нийцэж байгаагаар нэхэмжлэгчийн маргаж буй А/493 дугаар захирамж болон 04/01 дүгээр тогтоол зэрэг захиргааны актуудын хувьд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

8.3  Нөгөө талаар дээрх захиргааны актууд буюу 04/01 дүгээр тогтоол, А/493 дугаар захирамжуудаар нэхэмжлэгчийн өмчилж байсан өмнөх газрын байршлыг шилжүүлсэн боловч түүнд зохих газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасан “...эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон ...” эерэг нөлөөлөл бүхий шинжийг агуулж байх тул тухайн захиргааны актуудыг нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэхээргүй байх бөгөөд харин тухайн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн  газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж, хамгаалагдсан байна.

 

8.4 Гэтэл нэхэмжлэгч иргэн ... болон түүний өмгөөлөгчийн зүгээс шилжүүлсэн өмчлөлийн газар нь аймаг доторх төв автозамаас холдож, өмнөх газраас байршлын хувьд дордсон талаар маргаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардсаны дагуу тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2022 оны 191 дүгээр албан бичигт дурдагдсан болон түүнд хавсарган ирүүлсэн иргэн ...д шилжүүлэн олгосон газрын байршил, зайн хэмжээг харуулсан зураглалд тэмдэглэгдсэн байдлаар тус газар нь анх өмчлөгдсөн газраас урагшаа /баруун урд зүгт/ чиглэлд, 586,3 метр зайд байгаа нь өмнөх газар болон автозамаас холгүй байршил /1 дэх хавтаст хэргийн 240, 241 дэх тал/-д олгогдсон,

- Газрыг шилжүүлж шийдвэрлэсэн уг захиргааны актуудад нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын өмнөх хэмжээг буюу 3500 мкв хэмжээг хэвээр шилжүүлсэн, мөн хариуцагч аймгийн Засаг даргын А/493 дугаар захирамжинд газрын төлөв байдал, чанартай дүйцэхүйц байршилд шилжүүлэх /1 дэх хавтаст хэргийн 55, 62, 63 дахь тал/-ээр тусгагдсан,

- Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хариу тайлбарт “...Тухайн шилжүүлэн шийдвэрлэсэн газар нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021 онд цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Мөн 2023-2024 онд, улс орон нутгийн хөгжлийн хөрөнгийн эх үүсвэрээр 7 дугаар багийн “Тэс петролиум” шатахуун түгээх станцаас 2 дугаар багийн Нэгдсэн эмнэлгийн урд талын уулзвар  хүртэлх 6,9 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөгдсөн дэд бүтэц бүхий газар юм ...” гэсэн тайлбар /2 дахь хавтаст хэргийн 2 дахь тал/,

- Хэргийн оролцогчдыг эвлэрүүлэх явцад хийгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “... шинээр олгогдсон газрын дүгнэлт, төлөв байдлыг дордуулахгүйгээр, орон нутгийн төсвийн хөрөнгөөр дэд бүтцийг татаж, эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлсэн ...”, “... хуучин газрыг бодвол дэд бүтцийн хувьд цэвэр бохир усны шугамтай болохоор эрх зүйн байдал нь дордоогүй, дүйцүүлж олгосон газар байгаа, үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй ...” гэсэн тайлбарууд /2 дахь хавтаст хэргийн 94, 77 дахь тал/,

- Мөн тус урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн, нэхэмжлэгч иргэн ...д шилжүүлэн олгосон өмчлөлийн газрыг харуулсан зурагт  тус газар нь түүний өмчлөлийн өмнөх газар буюу сургууль баригдаж буй газраас холгүй зайтай, газрын байдлын хувьд эрүүл, цэвэр, мөн тус газрын ойролцоо цахилгаан, эрчим хүчний шугам татагдсан зэрэг байдал /2 дахь хавтаст хэргийн 59 дэх тал/-уудаас  үзэхэд,

8.5  Нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх өмнөх байдлаас дордоогүй, тухайн газарт нэхэмжлэгчийн зүгээс газар өмчлөх эрхээ цаашид саадгүй хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх үндэслэлтэй байх тул газрын байдлыг дордуулсан талаар гаргаж буй нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн  дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 8.6. Иймд дээр тогтоогдож буй үндэслэлүүдээр Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол, тус аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/493 дугаар захирамж зэрэг захиргааны актуудын иргэн ...д холбогдох хэсгүүд нь холбогдох хуулийг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгч иргэн ...гийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж тухайн захиргааны актууд дахь нэхэмжлэгч иргэн ...д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болох “Өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарахаас өмнөх буюу барилгын ажил эхлэхээс өмнөх байдалд оруулахыг хариуцагч нарт даалгах” тухай асуудлыг маргаан бүхий захиргааны актууд болох А/336, 02/09, А/493, 04/01 дүгээр тогтоол, захирамжуудын иргэн ...д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагын дагалдах шаардлагаар гаргасан  байх ба, энэ тохиолдолд тухайн дагалдах шаардлага нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагуудыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарах бөгөөд,

 

 9.1 Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагууд дахь хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх  тухай” 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийн иргэн ...д холбогдох хэсэг болон хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай” 02/09 дүгээр тогтоолын иргэн ...д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож,

 9.2 Мөн хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”  04/01 дүгээр тогтоол болон тус аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/493 дугаар захирамжийн нэхэмжлэгч иргэн ...д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн дагалдах шаардлага болох “Өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарахаас өмнөх буюу барилгын ажил эхлэхээс өмнөх байдалд оруулахыг хариуцагч нарт даалгах” шаардлага нь хангагдах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн тухайн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

9.3 Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн уг шаардлага нь захиргааны актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн дагалдах шаардлагаар гарсан бөгөөд гэтэл шүүхээс тухайн захиргааны актуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг “хүчингүй болгосон” шийдвэр гаргаагүй тул  дээрх шаардлага нь хангагдах үндэслэлгүй юм.

10. Мөн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж гаргасан “Өмгөөллийн хөлсөнд төлсөн 3000000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар 30.1 дэх зүйлд зааснаар хэргийн оролцогч болох нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд, энэ үйл ажиллагаатай холбоотой хөлс, төлбөр нь мөн зүйлийн 30.2 дахь зүйлд зааснаар нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тодорхойлогдохоор байна.

 

10.1 Гэтэл нэхэмжлэгчийн хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж буй өмгөөллийн хөлсөнд төлсөн гэж байгаа 3000000 /гурван сая/ төгрөг нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч иргэн ... болон түүний өмгөөлөгч нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-д зааснаар харилцан хүлээсэн эрх, үүргийн дагуу буюу нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн туслалцаа авсныхаа төлөө өмгөөлөгчид төлсөн хөлс /төлбөр/ бөгөөд, харин энэ нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид шууд учруулсан хохирол биш тул нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

11. Иймд дээр тогтоогдож буй хууль зүйн үндэслэл, үйл баримтуудад үндэслэн хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх  тухай” 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийн иргэн ...д холбогдох хэсэг, хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай” 02/09 дүгээр тогтоолын иргэн ...д холбогдох хэсэг нь тус тус хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

Үлдсэнийг буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 04/01 дүгээр тогтоолын иргэн ...д холбогдох хэсгийг, тус аймгийн Засаг даргын “Газрын байршил шилжүүлэх тухай” 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/493 дугаар захирамжийн иргэн ...д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарахаас өмнөх буюу барилгын ажил эхлэхээс өмнөх байдалд оруулахыг хариуцагч нарт даалгах, Өмгөөллийн хөлсөнд төлсөн 3000000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

12. Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлага дахь захиргааны актууд болох А/336, А/493 дугаар захирамжууд, 02/09, 04/01 дүгээр тогтоолуудыг гаргахдаа тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангах тухай Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй  талаар  маргаж байгаа ба,

  - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар шүүхээс шаардсаны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн 2022 оны 03/110 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал/-т “... аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/493 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзсэн тул сонсох ажиллагаа явуулаагүй байна” гэх,

 - Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сумын Хурлаас шүүхэд ирүүлсэн 2022 оны 18 дугаар албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/-т “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/09 дүгээр тогтоолын төслийг танилцуулахдаа тус тогтоол гарахтай холбогдуулан иргэдийн эрх, ашиг зөрчигдөж байгаа талаар танилцуулга, мэдээлэл хийгээгүй болно ...”, “... Хурлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр тогтоолыг сумын Засаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээс өмнө тус иргэдтэй уулзсан уулзалтын тэмдэглэл, сумын Засаг даргын 2021.01.23-ны 01/438 дугаартай албан бичгийг хуулбарлан хүргүүлэв” гэсэн тайлбар, нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Хурал болон тус аймгийн Засаг дарга нар нь нэхэмжлэлийн шаардлага дахь тухайн захирамж, тогтоолуудыг батлан гаргахын өмнө захиргааны шийдвэр гаргах асуудалтай холбогдуулан тухайн шийдвэрүүдийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд сонсгох ажиллагааг мэдэгдэх, явуулах талаар зохицуулсан Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй нь буруу болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь зүйлийн “е”, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь зүйлийн “г”, 29.1.5 дахь зүйлийн “а”, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.9 дэх зүйл, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийн иргэн ...д холбогдох хэсэг, хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай” 02/09 дүгээр тогтоолын иргэн ...д холбогдох хэсэг нь тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.

 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь зүйлийн “е”, “з”, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь зүйлийн “г”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.4 дэх зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 04/01 дүгээр тогтоолын иргэн ...д холбогдох хэсгийг, тус аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” А/493 дугаар захирамжийн иргэн ...д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарахаас өмнөх буюу барилгын ажил эхлэхээс өмнөх байдалд оруулахыг хариуцагч нарт даалгах, Өмгөөллийн хөлсөнд төлсөн 3000000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулж, нэхэмжлэгч иргэн ...д нөхөн төлүүлсүгэй. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЦЭНД