Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 119/ШШ2022/0021

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: АХХК 

         Хариуцагч: ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ

Нэхэмжлэлийн шаардлага: ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-д холбогдуулан “ТМТЗ-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, ТМТЗ-д гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь Татварын хяналт шалгалтын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн НА-20210000053 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэж, ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-д хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан байна.

3. ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор “А” ХХК-ийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрх захиргааны актыг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хандан нэхэмжлэл гаргасан, тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

5.1. Манай компанийн 2017-2020 оны санхүүгийн тайлан балансад хяналт шалгалт хийж,  НА-20210000053 дугаартай “Татварын нөхөн ногдуулалтын акт” гаргасан ба гардан авах үед миний биеийн байдал муу, урт хугацааны эмчилгээ, эмнэлэгээр явж байсан бөгөөд эрүүл мэнд, сэтгэл санааны хямралтай, шийдвэр гаргах чадамжгүй, сэтгэл санааны гүн хямралд орсон, өвчний онош тодрохгүй, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өвчний онош бүрэн мэдэгдэхгүй, байнгын зовиуртай, шээс гадагшлахгүй гацсан, хоолноос гарсан, ус уухад хүндрэлтэй, нуруу үе мөч байнга өвдөж явах, суухад маш хүнд зовиуртай биеийн байдал муу байгаа талаар улсын байцаагч нарт удаа дараа мэдэгдэж, эмнэлгийн бичгийн хамт хүсэлт хүртэл өгч мэдэгдэж байсан ба аюултай шинж тэмдгүүд илэрч байнгын эмчийн хяналтад орсон. Үүний улмаас тухайн актад анхаарлаа төвлөрүүлж гомдол гаргахын оронд яаралтай эмчилгээ эхлүүлж өдөр бүр 10 гаран эм, тарианы эмчилгээнээс гадна Улаанбаатар хот явж илүү нарийн, мэргэжлийн эмчид үзүүлэх, нарийвчилсан шинжилгээг өгөх шаардлагатай болсон билээ. Миний биед маш хүнд шинж тэмдгүүд илэрч байсны улмаас бусдад итгэмжлэл олгох талаар дүгнэлт хийх ямар ч боломж байгаагүй. Татвар төлөгч эрхийнхээ дагуу байцаагч нараас актын үндэслэлийг тайлбарлуулах, учир холбогдлыг бүрэн ойлгож хүлээж авах үнэхээр боломжгүй байсан хэдий ч төрийн албаны ажлыг хүндэтгэн хариуцлагатай байж дуудсан цагт нь очиж гардан авсан билээ.

5.2. Захиргааны ерөнхий хуульд заасан эрхийнхээ дагуу Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.-т “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж, 6.1.41а-д эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэж тодорхойлсон тул хяналт шалгалтын үйл ажиллагаа эхлэх үеэс өнөөг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот болон Орхон аймаг дахь нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэн нарийн шинжилгээг хийлгэж байнгын эмчийн хяналтад, олон эм тариа хэрэглэн эмчлүүлж байсан бөгөөд миний бие актад гомдол гаргах хугацааг дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2. ”Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-д 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлтээ гаргасан боловч 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь холбогдох хуулиудыг  зөрчсөн байгаа тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.

5.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 466 тогтоолын дагуу ТМТЗ ажиллах журамтай. Маргаан таслах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Маргаан таслах зөвлөл ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэхээр Татварын акттай холбоотой, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т хугацаа сэргээлгэх хүсэлтийг хянан шийдвэрлэх бөгөөд  Захиргааны ерөнхий хууль, журам болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллана гэж зохицуулсан байдаг. Бид маргаан таслах зөвлөлд хугацаа сэргээхтэй холбоотой хүсэлт гаргасан. Маргаан таслах зөвлөлд хүсэлт гаргахдаа эмнэлгийн бичиг баримтуудыг нотлох баримтаар өгсөн. Маргаан таслах зөвлөл хуралдаад 3 дугаартай тогтоол гаргасан. Тогтоолын үндэслэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг хуульд заасан үндэслэлгүй тайлбарлаж дүгнэсэн. Бодит байдалтай нийцээгүй гэж нэхэмжлэл гаргасан. Биеийн эрүүл мэндийн хувьд хүнд байдалд орсон талаарх нотлох баримт хавсаргаж өгсөөр байтал 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжилгээний хариу байна. Хугацаа нь 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусах байсан. Үүнээс өмнөх өдрүүдэд гомдол гаргах боломжтой гэж дүгнэж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. “А” ХХК-ийн захирал Ж.Б нь 9, 10 дугаар сараас эхлэн биеийн байдал маш муу байсан. Байнгын түргэн дууддаг, явж байгаад гэнэт ухаан алдаж унадаг, удаан хугацаанд зогсох, алхах, суух боломжгүй байнгын хэвтэрт байсан. 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл онош нь тогтоогдохгүй маш удаан явсан. Олон шинжилгээ хийлгэсний эцэст 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 19-ний хооронд Медипас эмнэлэгт хийлгэсэн шинжилгээнээс түрүү булчирхайн хорт хавдартай гэх онош тогтоогдсон. Ийм онош сонссон хүн сэтгэл санааны  хувьд ямар болох нь тодорхой, гүн хямралд орсон. Гэр бүлийн хүмүүс эмчлэх арга хайж эхэлсэн. Тухайн хүндэтгэн үзэх шалтгаанаас болж гомдлоо хуулийн хугацаанд гаргаж чадаагүй. Итгэмжлэл хүнд олгох боломж, нөхцөл ч байхгүй байсан. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж  ТМТЗ-ийн 3 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

6.1. Тус хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б нараас нэхэмжлэгч татвар төлөгчид холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн НА-20210000053 тоот нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн, тус өдөр гардан авсан. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан.

6.2.Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.8, Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 6.7-д заасны дагуу хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн. Гишүүдийн саналыг харгалзан олонхийн шийдвэрээр маргааныг шийддэг байхад зөвхөн ганц зөвлөл гэсэн нэг субьектээр дүгнэн зөвлөлийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

6.3. Нэхэмжлэл гаргагч нь хэдийгээр биеийн байдал муу гэх боловч тухайн байгууллагын бусад албан тушаалтан тухайлбал нягтлан бодогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон маргаанд хандаж оролцох бүрэн боломжтой байсан. Маргаан таслах зөвлөлийн гишүүд хууль зүйн дагуу үндэслэл бүхий санал гаргаж тогтоолоор шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн өдөр нь буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирал, нягтлан бодогчийн хамт гардан авсан байдаг. Нөхөн ногдуулалтын актыг гардан авахад Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэл хэсэгт актыг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэдгийг тэмдэглэсэн байгаа. Мөн Татварын ерөнхий хуулийн 47.1-т зааснаар татвар төлөгч эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх нь татварын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэйг сануулсан байдаг.

Нэхэмжлэгч нь гардан авснаас хойш өвчтэй байсан, шинжилгээ хийлгэсэн гээд шинжилгээ хийлгэсэн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Маргаан таслах зөвлөлд өгсөн шинжилгээний баримтууд нь 11 дүгээр сарын 16-ны өдөр, төлбөр төлсөн баримт нь 11 дүгээр сарын 17, 19-ний өдрүүд, мөн шинжилгээ өгсөн баримт. Тухайн шинжилгээний хариу өгсөн хугацаа зэргийг харвал 30 хоногийн хугацаанаас гомдол гаргах өдрөөс 5 өдөр нь л зорьж эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн байна. Татварын ерөнхий хуульд зааснаар актыг гардаж авч байх үедээ гомдлоо гаргах ёстой гэдгийг мэдэж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар “А” ХХК нь 1999 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа татварын албатай татварын ямар зөрчилгүй үүргээ биелүүлж байснаа дурдсан байна. Тэгэхээр энэ хүн Татварын хууль, дүрэм, журам, тогтоомжийн хүрээнд ямар эрх, үүрэгтэй оролцох вэ гэдгээ ухамсарласан болох нь харагдаж байна.

Татварын ерөнхий хуулийн 6.1.41а-д зааснаар “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” бол гэж заасан байгаа. Гэтэл энэ хүн хэвтэн эмчлүүлээгүй. Хэвтэн эмчлүүлээгүй гэдэг шалтгаанаа онош тогтоогдохгүй байсан гэж тайлбарладаг. Гомдол гаргах хугацаа дууссан өдөр буюу 10 дугаар сарын 27-ны өдөр гардан аваад 11 дүгээр сарын 27-ны өдөр эцсийн хугацаа дуусах өдрийн 2 хоногийн дараа 11 дүгээр сарын 29-ний өдөр Медипас эмнэлгийн эмчлэгч эмчийн онош тодруулахаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэх  хуудас байдаг. Үүнээс өмнө ямар ч нотлох баримт байдаггүй.

Татварын ерөнхий хуульд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг хуульчилсан байгаа. Тухайн үед 2021 оны 11 дүгээр сарын үед Орхон аймгийн хэмжээнд Ковид-19 халдварын тархалт буурсан улсын болон хувийн эмнэлгүүд хэвийн үйл ажиллагаатай явагдаж байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гарсан Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг тайлбарласан талаар нэхэмжлэлд дурьдсан байна.

Тэгэхээр маргаж байгаа маргааны гол агуулга бол Татварын эрх зүйн харилцаан дээр үүссэн хүндэтгэн үзэх шалтгаанаар маргаж байгаа болохоос биш Хөдөлмөрийн эрх зүйн маргаантай холбоотой маргаан биш. Үүнийг ялгах нь зүйтэй. Ямарваа нэг зүйлийг өөр дээр давуу байдал бий болгох гэж ямар ч хамааралгүй зүйлийг дурьдаад байна.

 Маргаан таслах зөвлөлийг бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэсэн байна. Бүх эмчилгээ хийлгэж байсан баримтуудаа өгсөн байдаг. Энэ хүн өөрөө акт гардан авсан даруйдаа нэг ч удаа татварын албанд үзэгдээгүй биш татварын газар ирээд гомдолтой гээд хэрүүл хийгээд явж байсныг ярьдаг. Энэ хүн өөрийнхөө хариуцлагагүйн үүднээс гомдол гаргах хугацаандаа үүргээ хэрэгжүүлээгүйгээс өнөөдөр бүх зүйлийг өвчтэй байсан, онош тодруулах гээд хүндэтгэн үзэх шалтгаан руу оруулж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хууль, журамд хүндэтгэн үзэх шалтгаан гэж маш тодорхой зааж өгсөн байгаа. Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 1.2-т зааснаар маргаан таслах зөвлөл акт, гомдолтой  холбоотой шийдвэр гаргахдаа нь Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгоно гэж тодорхой дурьдсан байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч нь ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-д холбогдуулан “ТМТЗ-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр ТМТЗ-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг  хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар маргасан. Үүнд:

3.1. Манай компанийн 2017-2020 оны санхүүгийн тайлан балансад хяналт шалгалтын ажлыг ОАТХ-ийн нэр бүхий байцаагчид 2021 оны 10 дугаар сард хийж “Нөхөн ногдуулалтын акт” үйлдсэн. Татварын хяналт шалгалтын НА-20210000053 дугаартай “Татварын нөхөн ногдуулалтын акт”-ыг гардан авах үед миний биеийн байдал муу, нойргүйдсэн, урт хугацааны эмчилгээ, эмнэлгээр явж байсан бөгөөд эрүүл мэнд, сэтгэл санааны хямралтай, шийдвэр гаргах чадамжгүй, сэтгэл санааны гүн хямралд орсон, онош тодруулах маш олон нарийн шинжилгээнүүд хийлгэж байсан ба өвчний онош тодорхойгүй цаг хугацаа их алдсан. Татвар төлөгч эрхийнхээ дагуу байцаагч нараас актын үндэслэлийг тайлбарлуулах, учир холбогдлыг бүрэн ойлгож хүлээж авах үнэхээр боломжгүй байсан хэдий ч төрийн албаны ажлыг хүндэтгэн хариуцлагатай байж дуудсан цагт нь очиж гардан авсан. Ингээд Захиргааны ерөнхий хуульд заасан эрхийнхээ дагуу Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.-т “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж, 6.1.41а-д эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэж тодорхойлсон тул хяналт шалгалтын үйл ажиллагаа эхлэх үеэс өнөөг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот болон Орхон аймаг дахь нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэн нарийн шинжилгээг хийлгэж байнгын эмчийн хяналтад, олон эм тариа хэрэглэн эмчлүүлж байсан бөгөөд миний бие тогтоолд гомдол гаргах хугацааг дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2. ”Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-д 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлтээ гаргасан боловч 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ингэж шийдвэрлэхдээ тогтоолын үндэслэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлох буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан байна. Тухайн үед улс орон даяар дэгдсэн цар тахал болох Коронавируст халдварын Монгол улс дахь дэгдэлт их байснаас эмнэлгүүдэд олон хоногоор хэвтэх боломжгүй, орны хүрэлцээ муу, хэвтсэн ч хүнд өвчтэй хүмүүсийг аль болох гэрээр эмчлэх, эмчийн хяналтад байлгах зөвлөмжүүд өгч байсан үе бөгөөд уг халдвараар давхар өвдөх эрсдэл маш өндөр байсан. Эдгээр байдлыг харгалзан Маргаан таслах зөвлөл нь хүсэлтийг тал бүрээс нь судалж Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хууль, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон хуулийн дагуу шийдвэр гаргаж ажиллах учиртай. Гэтэл хэтэрхий нэг талыг барьж, бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд уг захиргааны акт хууль хүчингүй болгож өгнө үү.

3.2. Дээрх хууль бус захиргааны актын улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа тул хариуцагчид гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг даалгаж өгнө үү” гэж,

4. Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1/ Тус хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б нараас нэхэмжлэгч татвар төлөгчид холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн НА-20210000053 тоот нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн ба нэхэмжлэгч нь тус өдөр гардан авсан. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан.

2/ Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.8, Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 6.7-д заасны дагуу хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн. Гишүүдийн саналыг харгалзан олонхийн шийдвэрээр маргааныг шийддэг байхад зөвхөн ганц зөвлөл гэсэн нэг субьектээр дүгнэн зөвлөлийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

3/ Нэхэмжлэл гаргагч нь хэдийгээр биеийн байдал муу гэх боловч тухайн байгууллагын бусад албан тушаалтан, тухайлбал нягтлан бодогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон маргаанд хандаж оролцох бүрэн боломжтой байсан. Маргаан таслах зөвлөлийн гишүүд хууль зүйн дагуу үндэслэл бүхий санал гаргаж тогтоолоор шийдвэрлэсэн тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус маргажээ.

 5. ОАТХ-ийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б нараас “А” ХХК-д татварын хяналт шалгалт явуулж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НА-20210000053 тоот “Нөхөн ногдуулалтын акт” тавьжээ.

6. Дээрх НА-20210000053 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг  тухайн өдрөө гардан авсан боловч “А” ХХК-ийн захирал Ж.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл эмнэлэгт үзүүлэх, онош тодруулах, шинжилгээ өгөх, мөн Орхон аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас Орхон аймаг руу эмнэлэгт үзүүлж ирж буцаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт /Хавтаст хэргийн 12-41 дүгээр тал/-уудаар тус тус нотлогдож байна.

7. Нэхэмжлэгчийн өвчтэй, онош тодруулахаар олон тооны шинжилгээ өгч буй нь 1 удаагийн бус олон тооны, үргэлжилсэн байдлаар нотлогдож байхад уг байдлыг хариуцагч талаас “А” ХХК нь нягтлан бодогч, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулах боломжтой байсан гэж үзэж буй нь хууль бус шаардлага юм.

8. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 тоот тогтоолын 28 дахь хэсэгт “Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй”  талаар тайлбарласан.

9.Нөгөөтэйгүүр,  татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5  “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах”, 47 дугаар зүйлийн 47.1 “Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй  дахь хэсэгт татвар төлөгчийн эрхийг тус тус заасан.

Гэтэл ТМТЗ-өөс “А” ХХК-ийн бусад албан тушаалтан, тухайлбал нягтлан бодогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон маргаанд оролцох бүрэн боломжтой гэж үүрэг хүлээлгэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн, хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт /ТМТЗ-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоол/-ын удирдлага болгон баримталж буй заалтдаа “Татварын Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7.1.3 дахь заасныг удирдлага болгосон нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №466 тоот “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7-ын 7.1.3-т /татварын актыг хүчингүй болгох/ тухай зохицуулсан байхад уг заалтыг баримталсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

Учир нь хариуцагч нь “А” ХХК-ийн “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацаа сэргээлгэх”-ийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж байгаа бөгөөд энэ нь ямар нэгэн татварын акттай холбоотой бус болох нь маргаан бүхий акт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн “ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Харин “ТМТЗ-д гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 /захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/ дэх хэсэгт заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагчаас “А” ХХК-ийн “...Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлт”-ийг нэгэнт шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.3.4 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шийдвэрийг шүүх гаргадаг.

Нэхэмжлэгч нь ОАТХ-ийн татварын улсын байцаагчдын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн НА-20210000053 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг ТМТЗ-д хянуулахад саад болохгүй болохыг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан “А” ХХК-ийн ОАТХ-ийн дэргэдэх ТМТЗ-д холбогдуулан гаргасан  “Гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга 2020 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.9,  47 дугаар зүйлийн 47.1, 47.18, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, ОАТХ-ийн ТМТЗ-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.САРАНГЭРЭЛ