Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01264

 

                                       Н.Б, Ш.М, О.А нарын нэхэмжлэлтэй                               

             иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02638 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0075 дугаар магадлалтай,

Н.Б, Ш.М, О.А нарын нэхэмжлэлтэй,

Н.Н-т холбогдох,

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, С... хороолол, ...... дугаар байр, ..... тоот, 49.99 м.кв, 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч буюу өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Б, О.А, О.А-У, О.А нарыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай үндсэн, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Н.Н, О.А нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалган, нэхэмжлэгч Н.Б-гаас 44,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, нэхэмжлэгч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б, Ш.М, О.А нар нь хариуцагч Н.Н-т холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, С... хороолол, .... дугаар байр, .... тоот, 49.99 м.кв, 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч буюу өвлөгчөөр нэхэмжлэгч Н.Б, О.А-У, О.А, О.А нарыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад даалгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч Н.Н эс зөвшөөрч уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Н.Н, О.А нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж, нэхэмжлэгч Н.Б-гаас 44,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02638 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан талийгаач Б.О-ийн хууль ёсны өвлөгчөөр эх Н.Б, хүү О.А, хүү О.А нарыг тогтоож, улсын бүртгэлийн Ү-22010477.. дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, С хороолол, ... дугаар байр, ... тоот, 49.99 м.кв, 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Н-ийн өмчлөлд үлдээж, Н.Б, О.А нарт ногдох хэсэгт 23,496,000 /хорин гурван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг хариуцагч Н.Н-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Б, Ш.М нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс О.А-У, О.А нарыг өвлөгчөөр тогтоолгох, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Н.Б-гаас  44,500,000 /дөчин дөрвөн сая/ төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,873 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 276,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0075 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Н.Б-гаас төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч О.А-ээс төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.28-ны өдрийн 184/ШШ2020/02638 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.06-ны өдрийн 0075 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн” гэж дүгнэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, С..... хороолол, ... дугаар байр, ... тоот, 49.99 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх хариуцагч Н.Н-ийг талийгаач Б.О-ийн орон сууцны хууль ёсны өвлөгч биш гэсэн боловч үл хөдлөх хөрөнгийг бий болгоход хамтран зээлдэгч болж гэрээнд гарын үсэг зурсан төдий оролцоог хууль ёсны өмчлөгч гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд талийгаач Б.О-ийн төрсөн эх Н.Б би орон сууцны өвлөгч, өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаас өвлөгч нь мөн гэсэн боловч өмчлөгчийн тухай шаардлагыг огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Түүнчлэн Н.Б болон түүний хүү Б.О-ийн төрсөн хүүхдүүд болох О.А, О.А-У нар ямар учраас өмчлөгч нь биш болох, зөвхөн хамтран амьдрагч гэж миний болон миний хүүгийн гэрт орж суусан Н.Н түүний хүү О.А нарт орон сууцыг өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-д заасныг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх ч анхаарч үзэхгүйгээр “анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй, хуулийг буруу хэрэглэсэн.

4.2. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж, 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсны хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж тус тус заасан байх тул талийгаач Б.О-ийн хууль ёсны өвлөгч нь Н.Б, О-А-У, О.А , О.А нар байна” гэжээ. Охин О.А-У-ыг талийгаач Б.О-тэй нас барах хүртэл нь хамт амьдарч байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Ш.М-ын хүүхдийнхээ өвийг хүлээн авах тухай хүсэлтийг нотариатч 2018.08.24-ний өдөр гэрчилсэн боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй байна. Анхан шатны шүүх О.А-У-ыг өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2018.03.14-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтод “...2017.07.16-ны өдөр нас барсан Б-ийн О /ЦА781024.../ нь СХД-ийн 6 дугаар хороо, ҮЭ-ийн ...-... тоот хаягт албан ёсны бүртгэлтэйгээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч эхнэр Н-ийн Н /ИЭ 841228.../, охин О-ийн А-У /УП042921.../, хүү О-ийн А  /УП083230..../, хүү О-ийн А /УО142529.../ нар болохыг Хүн амын өрхийн мэдээллийн сангийн 1116611809854 дугаар бүртгэлд бүртгэгдсэн” болохыг, мөн Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлсон болно. Хавтаст хэрэг /1 дүгээр хавтас, 13 дугаар хуудас/-т байгаа нотлох баримтаар талийгаач Б.О-ийн 2004.09.21-нд төрсөн охин О-А-У,  нь өвлөгч мөн болохыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга 2018.03.14-нд буюу талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу багийн Засаг даргад гаргасан хүсэлтийн дагуу тодорхойлсон баримт гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2018.03.14-ний өдрийн тодорхойлолт болон Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргаас 2020.05.18-ны өдрийн 702 тоотоор шүүхэд ирүүлсэн тодорхойлолттой холбогдуулж хорооны Засаг дарга С.О-ыг гэрчээр асууж талийгаач Б.О-ийг нас барснаас хойш 2018.03.14-ний өдрийн тодорхойлолт нь өвлөгч нарын хүсэлтээр өвлөх эрхтэй холбогдуулж гаргасныг тодруулах зайлшгүй шаардлагатай нотлох баримт байсан тул өмгөөлөгч бид нар 2020.06.04-ний өдөр шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. Үүнээс үндэслэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой шаардлагатай гэрчийг асууж тодруулаагүйгээс эцэст нь шүүх нотлох баримтыг дутуу үнэлэх шалтгаан болсон гэж үзэж байна.

4.3. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ нотлох баримтыг дутуу үнэлж, хуульд зааснаар үгүйсгэх нотлох баримт байхгүй байхад талийгаачийн төрсөн охин О.А-У-ыг талийгаач Б.О-тэй хамт амьдарч байгаагүй, хуульд заасан өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй гэсэн хариуцагчийн хууль бус тайлбарыг зааж, насанд хүрээгүй охин О.А-У-ыг ялгаварлан гадуурхаж, хууль ёсны эцгийнхээ хөрөнгийн өвлөгч байх хүүхдийн эрхийг нэн тэргүүнд хамгаалах талаарх Монгол Улс болон олон улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй. Охин О-А-У,  нь 13 нас хүртэл аав, дүү нартайгаа хамт амьдарсан, эцэг нь нас барснаас хойш 2017 оны 08 дугаар сараас хойш дүү О.А-ын хамт эх Ш.М-тай хамт амьдарч байгааг тодорхойлсон Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2020.08.26-ны өдрийн 1319 тоот тодорхойлолт нь охин О.А-У нь эцэгтэйгээ нас барах хүртэл нь хамт амьдарч байсныг давхар баталж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “...Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн.

4.4. Талийгаач Б.О-ийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, С... хороолол ... дугаар байр, ... тоот, 49.99 м.кв, 2 өрөө орон сууцны өвлөгч өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2018.04.27-ны өдөр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж шалгаж маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул талийгаачийн эх Н.Б, охин О.А-У,  хүү О.А , хүү О.А нарын хэнд ч өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй байгаа болно. Мөн талийгаачтай хамт амьдарч байсан хариуцагч Н.Н, хүү О.А нарыг талийгаач Б.О-ийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, С... хороолол, ... дугаар байр, ... тоот, 49.99 м.кв, 2 өрөө орон сууцны өвлөгчөөр тогтоолгох талаар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийн талаар нотариат буюу баг сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргаагүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Н-ийн хүү О.А-ыг өвлөгчөөр тогтоосон атал охин О.А-У-ын өвлөх эрхийг хасаж нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг зориуд үгүйсгэж, тэгш бус хандаж хариуцагчид илтэд ашигтайгаар шийдвэрлэж талийгаачийн өндөр настай эх, төрсөн бага насны хүүхдүүдийг ялгаварлан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, эрх хэмжээгээр ялгаварлахгүй шүүхийн өмнө тэгш байх зарчим, мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан шүүгч хараат бус байх тухай заалтыг тус тус зөрчиж байна. Н.Н нь миний хүүг нас барснаас хойш хүний ёсноос гадуур увайгүй зан гаргаж, ах, дүүтэйгээ нийлж охин, хүү 2-оо зуурдаар алдаж зовж зүдэрч яваа эх хүн намайг удаа дараа доромжилж, хүүгийн гал голомтод намайг болон 3 хүүхдийг минь нь ч оруулахгүй хөөж, миний хүүг нас бараад 49 ч хоноогүй байхад хүүгийн минь зургийг над руу чулуудаж, гэрээс хөөж, өөрийн эх, ах, дүү, шинэ нөхрөө авч ирж цагаан сар тэмдэглэнэ гээд сууж байсан. Ийнхүү миний бие хүү, охин хоёртойгоо зах зээл эхэлсэн цагаас хойш эрүүл мэндээрээ хохирон байж олсон хэдэн төгрөгөөрөө олж авсан байранд эзэн мэт дураараа авирлаж байгааг шүүхийн дээрх шийдвэр, магадлалууд улам өөгшүүллээ.

4.5. Н.Н нь миний талийгаач хүү Б.О-тэй хамт амьдарч байхдаа олж цуглуулсан хөрөнгөөр авсан байр гэж маргаж байгаа нь ор үндэсгүй, энэ хүн ямар ч ажил хийж байгаагүй. Н.Н 2013 оны 9 сараас хойш миний хүүтэй сууж байгаа гэж бидэнтэй хамт амьдарч эхэлсэн. 2014 онд хүү О.А нь төрсөн байтал цалин, хөдөлмөрийн хөлсөө 2014-2016 онд бүрэн төлсөн байдлаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн байсныг хянах шаардлагатай. Миний хүү Б.О, охин Б.О нар 1990-2017 он хүртэл амьд сэрүүн ахуйдаа өөрсдийн хүч хөдөлмөрөөр Хархорин зах дээр павильон ажиллуулж, өөрсдийн хөдөлмөрийн хөлсөө хуримтлуулсан нь дараах баримтаар нотлогдох бөгөөд “Х банк” ХХК-ийн ипотекийн зээлээр байр захиалсан гэрээ, “ТЭСО констракшн” ХХК-д байрны захиалга өгч урьдчилгаа болох 46,439,200 төгрөгийг өөрсдийн данснаас байрны захиалгын гэрээний дагуу удаа дараа шилжүүлж байсан баримт, “Х б” ХХК-ийн харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, хуулгатайгаа хэрэгт байгаа. Үүнийг гэрчилсэн, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн нэхэмжлэл байна. Анхан шатны шүүх “мөнгө төлсөн боловч хэний мөнгө болох нь тогтоогдоогүй...” гэсэн маш “хачирхалтай, ойлгомжгүй үгтэй” шийдвэр гаргаж, бидний хөлс хүчийг үгүйсгэсэнд маш их гомдолтой. Түүнчлэн байрны мөнгийг төлөхөд Н.Н оролцсон гэх ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд үнэндээ ямар ч оролцоо байгаагүй, харин хамтран зээлдэгч, хариуцагчийн үүрэг хүлээснийг болон орон сууцыг хууль бусаар дээрэмдэн амьдарч байгаагийн хувьд л банкны зээлийг төлж байгаа хүн юм. Энэ хүн миний талийгаач хүүгийн орон сууцны өвлөгч биш, өмчилж авах ямар ч эрхгүй. Анхан шатны шүүх нь Н.Н-ийг талийгаачтай хамтран амьдарч байхдаа үл хөдлөх хөрөнгө бий болгоход түүний оролцоо байсан гэж үзэж өвлөгдөх хөрөнгийг адил тэнцүүгээр хүлээх үүрэгтэй этгээдээр тооцож бидний төлсөн 46,439,200 төгрөгийг тэнцүү хувааж ач хүү О.А бид хоёрт 23,496,000 төгрөг олгож өмчлөгчөөр тогтоолгүй, туйлын шударга бус шийдвэрлэсэнд гомдолтой. Миний хүүгийн байрыг аваад дээрээс нь бидний төлсөн мөнгийг түүнтэй хуваах нь Монгол Улсын хууль тогтоомж, хүний ёсонд нийцэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн нотлох баримтыг бодитоор үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.28-ны өдрийн 184/ШШ2020/02638 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.06-ны өдрийн 0075 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 184/ШШ2020/022638 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.06-ны өдрийн 75 дугаар магадлалыг  зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хууль зөрчсөн. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454.7-д заасан “мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх үүрэг хүлээх тухай болон энэ үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэсэн заалтууд болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Хадгалагч нь мөнгөн хөрөнгөө хадгалуулсан иргэн, хуулийн этгээд тус бүрт мөнгөн хадгаламжийн данс нээнэ”, мөн зүйлийн 2-т “хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх”, 17 дугаар зүйлийн 1-д “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана. Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна.”, мөн зүйлийн 2-т “Хүлээн авсан дэс дарааллыг баримтлан банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд төлбөр тооцоог гүйцэтгэнэ”, 4-т “Данс эзэмшигчийн хүсэлтээр банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь гүйлгээ хийгдсэн дансны хуулгыг данс эзэмшигчид өгнө” гэсэн заалтуудыг огт хэрэглээгүй. Миний төрсөн ээж Б.О “Х банк” ХХК дахь өөрийн хадгаламжийн 95001203124 дугаар данснаас орон сууц захиалгын гэрээний урьдчилгаанд 16,292,280 төгрөг төлсөн гүйлгээ хийгдсэн дансны хуулга, мөн “Х б” ХХК-аас гаргаж өгсөн “Т к” ХХК-ийн өглөгийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулбар хуудсыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хэрэгт авагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг хууль ёсоор үнэлэлгүй, харин хэний мөнгө болохыг нотлохгүй гэж хууль бусаар үгүйсгэсэн нь дээрх хуулиудын заалтыг хэрэглээгүйг нотолж байна.

5.2. Бодит үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар миний ээж Б.О, эмэг эх ...Н.Б нар Х.... захын 5-1, 6-1 тоот павильонуудыг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан, энэ тухай нотлох баримтууд байгаа болно. Иймд тухайн павильонуудад бөөнөөр болон жижиглэн худалдаалж байсан бараанууд болон түүнийг борлуулсан орлогыг өмчлөх эрх зөвхөн миний ээж, эмээ Н.Б нарт байсан юм. Энэ нь миний ээж Б.О өөрөө биечлэн мөнгө олох эх үүсвэртэй, орлоготой байсны нотолгоо болно. Үүнээс үзэхэд шүүх Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 (эрхийн үр шим), 88.3 (эд юмс эрхийн үр шимийг хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй), 89 дүгээр зүйлийн 89.3 (шууд эзэмшигч), 91 дүгээр зүйлийн 91.1 (гуравдагч этгээдийн хувьд тухайн эд хөрөнгийг эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно), 93 дугаар зүйлийн 93.2 (хууль ёсны эзэмшигч хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд тухайн эд хөрөнгийн үр шимийг эзэмшинэ) дахь заалтууд болон мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т “Түрээслэгч гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэсэн заалтуудыг шүүх хэрэглээгүй. Энэ тухай эмээ Н.Б-гийн шүүх хурлууд дээр өгсөн буюу 2018.12.24-ний өдрийн шүүх хурал дээр “16,292,800 төгрөгийг охин Б.О төлсөн. Бид 2 лангуу ажиллуулж байсан. Бүх мөнгийг Б.О бид 2 гаргаж байсан” гэсэн мэдүүлэг шүүх хурлын тэмдэглэлд бичигдсэн нь дээрх хууль болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон бөгөөд шүүх энэ баримтыг огт үнэлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг зөрчсөн.

5.3. Нагац ах Б.О ямар нэгэн павильоныг дангаараа болон хэн нэг хүнтэй хамтран түрээслэн эзэмших гэрээг Х... захтай огт хийж байгаагүй, тийм нотолгоо баримт ч хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл, нагац ах Б.О энэ 2 павильоны бараа болон орлогын өмчлөгч байгаагүй. Харин Б.О ах миний ээж, эмээ 2-ын павильон дээр ажиллаж байсны хувьд эмээгийн болон хүүгийнхээ хэрэгцээт бүхий л зүйлийг хангаж байсан юм. Тийм ч учраас нагац ах Б.О-ийн хамтран амьдрагч Н.Н павильоны орлогыг өмчилж байрны урьдчилгаа болон зээлийн төлбөрийг төлснийг үгүйсгэхгүй гэж шүүхүүдээс хийсвэрлэн дүгнэсэн нь үндэслэлгүй, харин дээрх хуулиудын заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.4. Хариуцагч Н.Н зориуд санаатайгаар хууль зөрчиж байхад шүүхүүд бүх талаар түүний талд үйлчилж, бодит үйл баримт нотлох баримтуудыг Н.Н-т ашигтайгаар үнэлж шийдвэрлэсэн. Тухайлбал, хариуцагч Н.Н-т Зорчигчийн вагон депогоос гаргаж өгсөн вагоны үйлчлэгчээр ажиллаж байсан тухай, сард 1,450,000 төгрөгөөр цалинжиж ажиллаж байсан гэсэн тодорхойлолт баримтууд нь 2020 оны 7 дугаар сард ажиллаж байсныг нотлох баримт бөгөөд Б.О ахыг нас барахаас өмнө буюу миний ээж Б.О-гийн байрны урьдчилгаанд нас барахаасаа өмнө 2014.11.07, 2015.01.09-нд тус тус биечлэн төлсөн мөнгийг үгүйсгэх нотлох баримт болохгүй. Харин бодитоор тогтооно гэвэл түүнийг 2013 оны 9 сараас хойш 2017 оны 7 сар хүртэл ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт лавлагааг эрх бүхий гуравдагч байгууллагаас, мөн байнгын ажил эрхэлж байсан болон ажлаас чөлөөлөгдсөн эсэхийг ажиллаж байсан байгууллагаас нь гаргуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл нотлох баримтын бүрдэл дутуу байгаа болно. Хариуцагч Н.Н эмээ Н.Б-гийн павильон дээр 2017 оны хавар түр ажиллахдаа орлогоос 18,000,000 төгрөгийг хувьдаа хулгайлан ашиглаж эмээ Н.Б-г 18,000,000 төгрөгийн өрөнд оруулсны дээр лангуугаа цааш хэвийн ажиллуулах боломжгүй болж, бусдад шилжүүлэхэд хүргэж, санхүүгийн эх үүсвэргүй болгон хохирол учруулсан бөгөөд хохирлын эсрэг бид сөрөг нэхэмжлэл гаргах, уг эрүүгийн хэргийг шалгуулах шаардлагатай байгаагийн дээр Н.Н шүүхэд миний эцэг, эх лангууны хэрэгцээнд 7,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн, би цалингаа барьцаалж 15,000,000 төгрөгийн зээл авч лангуунд хөрөнгө оруулсан гэж шүүхэд худал мэдүүлсэн зэргийг шалгуулах шаардлагатай байгаа. Тодруулбал Н.Н эгч лангууны мөнгийг хувьдаа ашиглаж лангууг өрөнд оруулснаасаа шалтгаалан 2017.04.18-нд авсан 15,000,000 төгрөгийн цалингийн зээлээсээ 7,000,000 төгрөгийг төлөөд, үлдсэн мөнгийг нь хувьдаа хэрэглэж, эмээд огт өгөөгүй атлаа павильонд 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан нотлох баримтыг шүүхэд өгсөн ба түүний хууль бус энэ үйлдлийг шалгуулах ёстой. Мөн миний эмээ Н.Б-г 35,000,000 төгрөгөөр Н.Н-ийн өмчийн павильоныг н.С-д худалдсан, КАҮ-4 маркийн 1986-УНП улсын дугаартай машиныг 9,500,000 төгрөгөөр худалдсан /ХХ-213-р хуудаст “Х б” ХХК-ийн 1210 тоот тодорхойлолт/ гэж гүтгэж 44,500,000 төгрөгийг Н.Б-гаас гаргуулахаар өвлөх хөрөнгийн хэмжээг бууруулах зорилгоор санаатайгаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Н.Н-ийн худал яриа баримтуудыг нотлох зорилгоор хариуцагчийн өмгөөлөгч Т.М үйлчлүүлэгчдээ хууль бус нотолгоо цуглуулах зөвлөгөө өгч, түүнийгээ хэрэгжүүлж, хүүхдийн тэтгэмж тогтоолгох хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхдээ 2013 оны намар Н.Н нь Б.О ахтай танилцаж 7 хоногийн дараа манай гэрт ирж амьдарч эхэлсэн байтал зориудаар бид нартай хамт амьдарч байгаагүй хүмүүсээр худал гэрчлүүлж 2012 онд нэг гэрт орж хамтран амьдарснаар шүүхийн шийдвэрт тусгуулсан. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхэд Н.Н-ийг зориуд шүүх хуралд оролцуулахгүй байлгаж, өмгөөлөл хийх явцдаа хэргийн бусад оролцогчийг байнга загнаж, доромжилж, шүүгчийн ойлголтыг санаатайгаар будилуулан худал ярьж, зориуд санаатайгаар бүрдүүлсэн, дээрх шүүхийн шийдвэрийг нотолгоо болгож, одоо Н.Н-ийг Б.О ахтай 5 жил хамтран амьдарснаар өвлөх эрхтэй болгож шийдвэрлүүлэх зорилготойгоор хууль зөрчин ажиллаж байгааг шүүх анхаарахгүй, илрүүлэхгүй байгаад нэхэмжлэгчид бид бүгд гомдолтой.

5.5. Миний эмээ Н.Б-гийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны ... дугаар байрны ... тоот хаягтай, 2 өрөө орон сууцыг 2012 онд худалдан авч уг байранд эмээ Н.Б, өөрийн төрсөн охин буюу миний ээж Б.О, түүний хүү О.А, эмээгийн хүү Б.О, түүний охин О.А-У, хүү О.А , хүүхдүүдийн ээж Ш.М эгч нар 8-уулаа нэг байранд хамт амьдарч байсан бөгөөд 2013 оны шинэ жилээс хойш Ш.М эгч, ах Б.О-ээс салсан тул бид ам бүл 7-уулаа амьдарч байсан. Сүүлд 2013 оны намар хичээл эхэлсний дараа Н.Н эгч ирж, ам бүл 8 болж, амьдарч байсан бөгөөд 8 сарын дараа хүү О.А-ыг төрүүлж бид 9-үүл нэг гэрт хамт амьдарч байтал, мөн оны 12 сард Н.Н эгчийн 1 хүү манайд ирж бид 10-уулаа болсон. Гэтэл миний ээж Б.О зуурдаар нас барж би энэ гэр бүлдээ хэвээр хамт амьдарч байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хууль болон тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 (гэр бүл), 3.1.4 (гэр бүлийн гишүүн), 3.1.6 (садангийн хүн), 3.1.8 (эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд) гэсэн ойлголтуудыг тодорхойлсон заалтуудын дагуу миний эмээ Н.Б өөрийн төрүүлсэн хүүхдүүд болон тэдний төрүүлсэн хүүхдүүдийн хамт хууль ёсоор нэг гэр бүл болон амьдарч байсан бөгөөд О.А би хууль ёсоор энэ гэр бүлийн гишүүн байхад шүүх эдгээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Ер нь Б.О ах өөрийнхөө эхний 2 хүүхдийн ээж Ш.М болон сүүлд төрсөн О.А-ын ээж Н.Н нартай гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсныг би хожим мэдсэн. Б.О ахын эдгээр 2 хамтран амьдрагчийг дээрх хуулиудын заалтаас үзэхэд гэр бүлийн хууль ёсны гишүүн биш гэж үзэхээр байна.

5.6. Анхан шатны шүүх өвлөгдөх хөрөнгийн үнэлгээг хуулийн ямар нэг үндэслэлгүйгээр бууруулж зөвхөн урьдчилгаанд төлсөн 46,993,200 төгрөгөөр үнэлж өвлөгчдөд тэгш бусаар хандаж (Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2) тэдгээрийн өвлөх хөрөнгийн үнэлгээний хэмжээг бууруулсан байхад давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнийг дараах хуулийн заалтууд болон нотлох баримтуудаар нотолж байна. Тухайлбал, орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ авсан буюу Б.О нас барснаар 2017.07.17-ны өдөр өв нээгдсэн. Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу худалдагч талд гэрээт байрны үнэ 84,983,000 төгрөгийг төлсөн тул захиалагчид байрыг хүлээлгэн өгснөөр уг гэрээ дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, захиалгаар орон сууц бариулах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт дуусгавар болсон. Иргэн Б.О (Н.Н хамтран зээлдэгчээр оролцсон) “Х б” ХХК-ийн “Сонгинохайрхан салбар-108”-тай 2016.08.10-ны өдөр ипотекийн зээлийн гэрээ байгуулж 38,543,800 төгрөгийн зээл авчээ. Үүгээр зээлийн гэрээний харилцаа шинээр эхэлсэн. Энэ зээлийн гэрээгээр авсан мөнгийг өвлөгдөх хөрөнгийн үнийг төлөхөд хэрэглэсэн боловч бие даасан тусгай хэлцэл бөгөөд өвлөгчдийн уг гэрээгээр хүлээх үүргийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 531.2-т зааснаар зохицуулахаар хуульд заасан байхад шүүх хуулийн энэ заалтыг хэрэглээгүй. Шүүхэд гуравдагч этгээдээр оролцсон “Х б” ХХК-ийн төлөөлөгчдийн дээрх хуулийн заалтыг хэрэглэж, зээлдэгч банкинд хохирол учруулахгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгөх талаар бичгээр болон шүүх хурал дээр гаргасан тайлбарыг шүүх үнэлээгүй, давж заалдах гомдлыг шүүх хууль бусаар хэрэгсэхгүй болгосон. Иргэн Б.О-гийн хувьд өөрөө бие дааж Х... захтай түрээсийн гэрээ байгуулсны үндсэн дээр 6-2 дугаартай павильоныг ажиллуулж уг өвлөгдөх байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 16,292,800 төгрөг нь амьдралын нөхцөл байдал эд хөрөнгийн хэрэгцээгээ хангах шаардлагын дагуу нэг гэр бүлд хамтран амьдарч байсан хууль ёсны гэр бүлийн гишүүний хувьд бараа борлуулсан орлогоосоо дээрх мөнгийг төлсөн нь түүний гэр бүлийн дундын хөрөнгөнд оруулсан хөрөнгө болно. Энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 (Гэр бүлийн хөрөнгө), Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 126.2.5 дахь (гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө) заалтуудыг шүүх хэрэглээгүй. О.А-ийн ээж Б.О   нь өөрийн хөдөлмөрийн орлогоороо гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч буюу, шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хөрөнгө оруулсан тул уг хөрөнгийг хуваарилахад гэр бүлийн гишүүний хувьд ногдох өмчийг хуваарилуулж авах эрхтэй (Иргэний хуулийн 129.4). Ийнхүү өмчлөх эрх үүссэн тухайн үед түүний төрсөн хүү О.А 7 настай байхад Б.О нас барсан тул ээжийнхээ хамтран өмчлөх дундын хөрөнгөнд оруулсан мөнгөн хөрөнгийг өвлөх эрх нээгдсэн байна. Үүний дараа Б.О-гийн дүү Б.О нас барж өв нээгдсэн бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр бүртгэгдсэнээс үл хамаарах хөрөнгө тул Б.О-гийн хүү О.А ээжийнхээ төлсөн хөрөнгийн хэмжээгээр уг хөрөнгийг өвлөх эрхтэй байхад шүүх уг хуулийг хэрэглээгүй. Одоо өв нээгдсэн байранд Н.Н өөрийн хүүхдүүд шинэ нөхөр хамаатнуудынхаа хамт амьдарч байрыг бүхэлд нь хууль бусаар эзэмшиж бусад өвлөгчдийн эрхийг зөрчиж маргаж байгаа бөгөөд О.А Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар “ ...гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй” атал шүүх энэ хуулийн заалтыг хэрэглээгүй. Шүүхийн шийдвэрт хариуцагч Н.Н-ийг ямар нэгэн эрх бүхий байгууллагаас маргаан бүхий орон сууцны байрны өмчлөгчөөр тогтоогоогүй, хууль ёсоор өмчлөх эрх үүссэн эсэх асуудал шийдвэрлэгдээгүй байхад уг орон сууцыг Н.Н-ийн нэр дээр хэвээр үлдээхээр шийдвэрлэв” гэж шийдвэртээ зааж, Б.О-гийн төлсөн мөнгийг өмчлөх, өвлөх эрхийг хүү О.А-д олгох асуудлыг хуулийн ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Н.Н-ийг 50 хувийг төлсөн хэмээн бусад өвлөгчдөөс түүнд гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн нь илт хууль шийдвэр болсон. О.А шүүхэд өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг удирдлага болгож хөөн хэлэлцэх хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж авалгүй удаа дараа ямар нэгэн шийдвэр, захирамж гаргаж шийдвэрлэлгүй буцааж хэргийн материалд ч хавсаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж хууль зөрчсөн болно. Уг маргаан нь эцэг, эх, хүүхдийн хоорондын шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа өвлөгчийг насанд хүртэл нь түр зогсох... (Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5) заалтыг тус тус хэрэглэж хүүхдийн эрх ашгийг хамгаалах боломжтой бөгөөд хуулийн заалтууд тодорхой байдаг. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх...  хуулийн шаардлага хангаагүй, хэргийн нотлох баримтыг бодитой үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хууль тогтоомж, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Иймд  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.28-ны өдрийн 184/ШШ2020/02638 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.06-ны өдрийн 0075 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй, нэхэмжлэгч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч Н.Б, Ш.М, О.А нараас хариуцагч Н.Н-т холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, С... хороолол, ... дугаар байр, ... тоот, 49.99 м.кв, 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч буюу өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Б, О.А, О.А, О.А нарыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцны өмчлөгчөөр Н.Н, О.А нарыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалган, нэхэмжлэгч Н.Б-гаас 44,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

8. Анхан шатны шүүх талийгаач Б.О-ийн хууль ёсны өвлөгчөөр эх Н.Б, хүү О.А , хүү О.А нарыг тогтоож, маргаан бүхий орон сууцыг хариуцагч Н.Н-ийн өмчлөлд үлдээж, Н.Б, О.А нарт ногдох хэсэгт 23,496,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Н.Б, Ш.М нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс О.А-У, О.А нарыг өвлөгчөөр тогтоолгох, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Н.Б-гаас  44,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

9. Нэхэмжлэгч нараас “... Б.О 2017.07.16-ны өдөр зуурдаар нас барсан. Түүний өмчилж байсан 2 өрөө байрыг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төрсөн эх Н.Б би өвлөх хүсэлтэй байгаа... Би 2003 оноос эхлэн Хархорин худалдааны төвд охин Б.О-тай хамт хүнсний 2 контейнер түрээслэн ажиллуулж, хүү Б.О 1997-2013 онуудад Солонгос улсад гэрээгээр ажиллаж байрны урьдчилгаа 51 хувь буюу 46,993,200 төгрөгийг хуримтлуулж, ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж, хүү Б.О байр авсан юм. 2004 онд Ш.М гэх эмэгтэйтэй хамтран амьдарч, 2004 онд О.А-У, 2008 онд О.А  нарыг төрүүлсэн боловч салж, хүү О.А эцэгтэйгээ хамт амьдарч байсан. 2012 оны 9 сараас Н.Н-тай хамтран амьдарч 2013 онд хүү О.А төрсөн. Би өөрийн хүүхдүүдтэй хамтран орон сууцыг авахаар урьдчилгаанд нийт 46,432,200 төгрөгийг төлсөн, үүнээс О.А-ийн төрсөн эх Б.О 16,292,800 төгрөгийг төлсөн тул түүнд уг хөрөнгийг бий болгоход оруулсан мөнгөний хэмжээгээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөх эрх үүссэн гэж үзэж байна. Б.О 2015.11.21-ний өдөр нас барсан учраас уг орон сууцыг худалдан авахад үргэлжлүүлэн оролцож чадаагүй, гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлж амжаагүй. Зөвхөн түүний дүү Б.О-ийн нэр дээр бүртгэгдсэн. Ийнхүү Б.О нас барснаар түүний төрүүлсэн хүү О.А-д Иргэний хуулийн өв нээгдсэн боловч уг орон сууцны ганц өмчлөгч Б.О нас барсан... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Миний хүүгийн эцэг Б.О нь 2017.07.16-ны өдөр нас барсан. Бид хоёр 2012 оны 9 сараас хамтын амьдралыг зохиож өөрсдийн хөдөлмөр болон бусад орлогоор амьдарч байгаа байраа ипотекийн зээлээр 20 жилийн хугацаатайгаар худалдан авсан, одоо өөрийн дагавар хүү болон талийгаачийн хүү О.А нарын хамтаар амьдарч, цалин орлогоор зээлээ төлж байгаа. Бидний амьдралыг мэдэхгүй байж худал нэхэмжлэл гаргасан байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн О.А-У,  нь хэрэг маргаан үүссэнээс хойш буюу хугацаа хэтрүүлж нотариатын үйлдэл хийлгэсэн, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хамт амьдарч байсан этгээд биш тул өвлөх эрхээ алдсан. О.А-ийг өвлөгч гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “... Талийгаач бид хоёр амьдралынхаа явцад Х... худалдааны төвийн хүнсний 1-5 дугаартай павильоныг иргэн н.А-ээс худалдан авсан. Бидний өдөр тутмын аж амьдралынхаа хэрэгцээгээ залгуулж байсан павильоныг хадам ээж 35,000,000 төгрөгөөр хүнд зарсан байсан. Мөн хуучин бэр болох Ш.М-д бидний хэрэгцээний RAV-4 автомашиныг 9,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Иймд 44,500,000 төгрөгийг Н.Б-гаас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн би талийгаачийн хамтаар банкны ипотекийн зээлээр авсан байрны зээлийг өнөөдрийг хүртэл төлж 2 нялх хүүхдийн хамтаар амьдарч байгаа тул Н.Н, О.А нарыг 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээнд бичилт хийхийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү...” гэснийг,

нэхэмжлэгч нар эс зөвшөөрч “... Х... худалдааны төвийн 1-5 дугаар лангууг Н.Б миний нэр дээр анхнаасаа гэрээ хийж ажиллаж байсныг гэрчлэх баримт байгаа. Rav-4 маркийн автомашиныг Н.Н-ийг манайд ирэхээсээ өмнө миний бие лангуугаа барьцаалж “Х б” ХХК-аас 9,000,000 төгрөгийн зээлээр авсан... орон сууцыг миний охин Б.О, хүү Б.О бид 3 өөрсдийн лангууг ажиллуулж 14 жил хуримтлуулсан мөнгөөр үнийн дүнгийн 51 хувь буюу 46,432,200 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн мөнгийг “Х б” ХХК-аас 20 жилийн хугацаатай ипотекийн зээлээр худалдаж авсан... Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан байна.

Гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын 2 өрөө орон сууцны өвлөгчөөр тогтоолгохтой холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ өвлөгч бүр барьцааны үүргийг хүлээж барьцаалуулагч болох талаар дурдан, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбар гаргасан.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

10.1. Нэхэмжлэгч Н.Б, О.А-У,  О.А , О.А нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Б.О-ийн хууль ёсны өвлөгч байна. О.А, О.А нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-ийн дагуу өвийг хүлээн авсан гэж үзнэ, нэхэмжлэгч Н.Б- нь 528 дугаар зүйлийн 528.2-т заасан журмын дагуу өв хүлээн авах хүсэлтээ гаргасан байх тул өвлөгчөөр тогтоох үндэслэлтэй, харин охин О.А-У-ын хувьд талийгаач Б.О-тэй хамт амьдарч байгаагүй, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.М нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлэн хүсэлт гаргасан байх тул өвлөгчөөр тогтоох боломжгүй. Нэхэмжлэгч О.А-ийн тухайд талийгаач Б.О-ийн асрамжид байгаагүй, түүний хууль ёсны өвлөгч гэж үзэх, мөн орон сууцны урьдчилгаанд эх Б.О мөнгө төлсөн гэх үндэслэлээр өмчлөгчөөр тогтоох боломжгүй.

10.2. Маргаан бүхий орон сууцыг захиалах гэрээ байгуулах үед хариуцагч болон Б.О  нар хамтран амьдарч байсан. Орон сууцны үнэ 84,983,000 төгрөгөөс 46,439,200 төгрөгийн урьдчилгааг Б.О болон Б.О нар төлсөн, үлдэгдэл 38,543,800 төгрөгийг 320 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй буцаан төлөхөөр Б.О, Н.Н нар 2016.08.08-ны өдөр “Х б” ХХК-тай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж байгаа. Тухайн орон сууц нь талийгаач Б.О-ийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй, гуравдагч этгээдийн барьцаанд байна.

10.3. Иймд өвлөгдвөл зохих хөрөнгийн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа урьдчилгаанд төлсөн 46,439,200 төгрөгийн хэмжээнд тогтоох нь зохимжтой байх тул талийгаачийн хууль ёсны өвлөгч Н.Б, О.А  нарт ногдох хэсгийг 23,496,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хариуцагчийг тухайн орон сууцны хамтран өмчлөгч гэж үзэх тул маргаан бүхий байрыг хариуцагчийн өмчлөлд үлдээж, түүнээс 23,496,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, “Х б” ХХК-тай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний үүргийг орон сууцыг хамтран зээлдэгч Н.Н- үргэлжлүүлэн хариуцах нь зүйтэй.

10.4. Хариуцагч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан хугацаа болон журмын дагуу өвлүүлэгчийн хөрөнгийг хүлээн авахтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, мөн хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд, хүнсний захын павильоны түрээслэх эрхийг хариуцагч болон талийгаач нар эзэмшиж байсан гэх, Н.Б бусдад 35,000,000 төгрөгөөр шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг шаардлагын 44,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

10.5. Нэхэмжлэгч О.А-ийн тухайд талийгаач Б.О-ийн асрамжид байгаагүй тул түүний хууль ёсны өвлөгч гэж үзэх, мөн орон сууцны урьдчилгаанд эх Б.О мөнгө төлсөн гэх үндэслэлээр өмчлөгчөөр тогтоох боломжгүй... гэх зэргээр дүгнэжээ.

11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

11.1. Шүүхээс “талийгаачийн охин О.А-У-ын хууль ёсны төлөөлөгч өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай. Учир нь охины эх нэхэмжлэгч Ш.М нь Б.О-ийг 2017.07.16-нд нас барснаас хойш 2018.08.24-ний өдөр хүүхдүүдийнхээ өвийг хүлээн авах хүсэлтийг нотариатчид гаргасан нь хуульд заасан 1 жилийн хугацааг 1 сар гаруйгаар хэтрүүлсэн байх ба энэ нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байх тул өвлүүлэгчийн насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс өвлөгчөөр тогтоох нь зүйтэй байна, иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.4-т заасан “охин О.А-У-ыг хууль ёсны өвлөгчөөр тогтоогоогүй нь шударга бус” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгч Н.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

11.2. Маргаан бүхий орон сууц нь талийгаач Б.О-ийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй эд хөрөнгө байхад шүүх өвлөгдөх хөрөнгийг тухайн орон сууцны урьдчилгаанд төлсөн 46,439,200 төгрөгийн хэмжээнд тогтоосон нь үндэслэлгүй, мөн үүнээс яагаад 2 нэхэмжлэгчид 23,496,000 төгрөг ногдоно гэж үзсэн нь тодорхойгүй буюу ойлгомжгүй байна. Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар маргаан бүхий орон сууцыг өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө гэж үзнэ.

11.3. Хариуцагч Н.Н-ийн хувьд орон сууцны урьдчилгаа (46,439,200 төгрөг) төлбөрийг төлсөн гэх үндэслэлгүй харин үлдэгдэл (38,543,800 төгрөг)-ийг банкнаас зээлж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар тухайн орон сууцны 50 хувийн хамтран өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.  

11.4. Иймээс өвлүүлэгчийн орон сууцны 50 хувийг өв залгамжлагч нар болох талийгаачийн эх Н.Б, охин О.А-У, хүү О.А , хүү О.А нар нь тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 12.5 хувиар өмчлөх эрхтэй болох тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Энэ утгаараа нэхэмжлэгч Н.Б-гийн гомдлын зарим хэсэг (Тодорхойлох хэсгийн 4.1, 4.4.) хангагдана.

11.5. Нэгэнт хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өмчлөгчийн хувьдаа тухайн орон сууцны үнийн дүнгийн 50 хувьд (ойролцоогоор) ногдох хэмжээгээр банкны зээлийн төлбөрийг төлж, үүргээ гүйцэтгэж байх тул орон сууцыг хариуцагчийн өмчлөлд үлдээж, банкны зээлийг төлөх үүргийг түүнд үлдээх нь зүйтэй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар өвлүүлэгчийн үүргийг өвлөгч нар хүлээхгүй болно.

12. Харин нэхэмжлэгч О.А-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, өөрөөр хэлбэл түүний хувьд өвийн журмаар өмчлөх эрх үүсээгүй тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан нэхэмжлэгч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй юм.

13. Шүүхийн шийдвэр, магадлалын бусад хэсэгт хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0075 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...О.А...” гэсний дараа “охин О.А-У” гэж нэмж, “...сууцыг...” гэснээс хойших хэсгийг “...Н.Б, О.А-У, О.А , О.А нар нь тус бүр 12.5 хувиар өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үндсэн нэхэмжлэлээс О.А-ийг өвлөгч буюу өмчлөгчөөр тогтоолгох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...276,430...” гэснийг “...370,407...” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-гийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч О.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02-р сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                             Д.ЦОЛМОН