| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2020/03653/и |
| Дугаар | 184/ШШ2021//00252 |
| Огноо | 2021-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2021//00252
| 2021 01 27 | 184/ШШ2021/00252 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - хаягт байрлах, “Ж-” ХХК /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - тоот хаягт оршин суух, М- овогт Д-ын Б- /РД:-/-т холбогдох,
Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 8,036,430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Д.Б- нь “Н-” нэртэй пабыг түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд манай “Ж-” ХХК-ийн үйлдвэрлэдэг шингэн хүнс болох архи, пиво, ус, ундаа зэрэг бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, зээлээр худалдан авч тухайн пабдаа борлуулж ашиг олдог байсан. Зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болох 5,357,620 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор 2019 оны 06 сарын 24-ний өдөр Д.Б-тэй тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, төлбөр барагдуулах гэрээ хийсэн байдаг. Энэ тооцоо нийлсэн гэрээгээр төлбөрийг 2019 оны 07 сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 сарын 15-ны хооронд сар бүрийн 15-ны өдөр 535,762 төгрөгөөр төлөхөөр графикт хугацаа тогтоосон боловч хариуцагч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.4-т зааснаар хариуцагч буюу Д.Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг төлбөр авагч талд төлнө гэж заасан байгаа. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг удирдлага болгон нийт тооцсон алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульд нийцүүлж 5,357,620 төгрөгийн 50 хувь буюу 2,678,810 төгрөгөөр алдангийг тооцож нийт 8,036,430 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор заасан байгаа. Манайх нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 15-ны өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг удаа дараа албадан ирүүлж нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах, хэргийн материалтай танилцуулж байсан. Хариуцагч бичгийн тайлбар энэ хугацаанд огт өгөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж-” ХХК нь Д.Б-т холбогдуулан зээлээр худалдан борлуулсан бүтээгдэхүүний төлбөр 5,357,620 төгрөг, алданги 2,678,810 төгрөг, нийт 8,036,430 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй хэдий боловч худалдагч “Ж-” ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг нэрийн бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авагч Д.Б- нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.
Талууд 2019 оны 06 сарын 24-ний өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг үйлдсэн байх бөгөөд дээрх бичмэл баримтууд нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдлийг баталгаажуулж, тооцоо нийлсэн агуулга бүхий баримт байх бөгөөд энэхүү баримтаар худалдан авагч Д.Б- нь 5,357,620 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр тохиролцон харилцан гарын үсэг зуржээ. /хх-5,6х/
Тооцоо нийлсэн баримтаар худалдан авагч нь 2019 оны 07 сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 сарын 15-ны хугацаанд сар бүрийн 15-ний өдөр 535,762 төгрөгөөр нийт 5,357,620 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч Д.Б- дээрх төлбөрөөс төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар заасан ба талуудын хооронд тогтоосон төлбөр төлөх сүүлийн хугацааг 2020 оны 04 сарын 15-ны өдрөөр тооцож түүнээс хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл 153 хоногийн хугацааг худалдан авагч хэтрүүлсэн гэж үзвэл алдангийн хэмжээ 4,098,579 төгрөг байхаар байна. /5,357,620х0,5%=26,788.1/нэг хоногийн алданги/, 26,788.1х153хоног=4,098,579/ Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.4-т нийцүүлэн хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 5,357,620 төгрөгийн 50 хувьд тооцон алдангид 2,678,810 төгрөг шаардсаныг шүүх хангаж, нийт 8,036,430 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” хэмээн заасан бөгөөд хариуцагч Д.Б- нь 2020 оны 10 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, мөн өдөр хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
2021 оны 01 сарын 27-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Б- 2021 оны 01 сарын 19-ний өдөр мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт, хэргийн материал танилцсан баримтад гарын үсэг зурсан байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 143,532 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 8,036,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 143,532 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж-” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ