Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 14

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

     Хохирогч Х.Алтангэрэл, Б.Энхжавхлан нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

Шүүгдэгч З.Амарзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэгрээ овгийн Загдсүрэнгийн Амарзаяад холбогдох 201518010160 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Хангамжийн 0--00 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байсан

            1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2. Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 05 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот “Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэх тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил болгон өөрчилж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1594 тоот өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор үлдсэн ялаас өршөөл хэлтрүүлж суллагдсан,

            3. Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дэгрээ овгийн Загдсүрэнгийн Амарзаяа /РД:ПЕ-/.

            Үйлдсэн хэгийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            Шүүгдэгч З.Амарзаяа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 2015 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртын бригад гэх газраас иргэн Х.Алтангэрэлийн 160 тооны хонь, 6 ямааг, мөн давтан үйлдлээр иргэн Б.Энхжавхлангийн сартай хүрэн зүсмийн морийг тус тус шунахай сэдэлтээр хулгайлж иргэн Х.Алтангэрэлд 19.240.000 төгрөг, иргэн Б.Энхжавхланд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/

2. Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-7 хуудас

3. Хохирогч Х.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/

4. Хохирогч Г.Энхжавхлангийн мэдүүлэг /хх-ийн 79 хуудас /

5.Гэрч Б.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

6. Гэрч О.Баянмөнхийн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

7. Гэрч Л.Ням-Очирын мэдүүлэг /хх-ийн 84 хуудас/

8. Гэрч Ч.Нямсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 85 хуудас/

9. Гэрч А.Ядамсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 86 хуудас/

10. Гэрч Б.Амьбөхийн мэдүүлэг /хх-ийн 91 хуудас/

11. Гэрч Б.Мөнх-Очирын мэдүүлэг /хх-ийн 93-94 хуудас/

12. яллагдагч Л.Адъяагийн мэдүүлэг /хх-ийн 126 хуудас/

13. Дархан-Уул аймгийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 104-105/

14. *** ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 212 хуудас/

15. З.Амарзаяагийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 120-122/

16. Хохирогч Х.Алтангэрэлийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 134 хуудас/

17. Хохирогч Б.Энхжавхланд хохирол төлсөн баримтууд /1-р хх-ийн 105, 108, 2-р хх-ийн 16/ 

18. З.Амарзаяагийн Ган-Эрдэнэ 2017 оны 1 дүгээр сарын 25-ний өдөр төрсөн...гэх төрсний гэрчилгээний хуулбар зэргийг тус тус уншиж сонсгон шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалхад:

Шүүгдэгч З.Амарзаяа нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртын бригад гэх газраас иргэн Х.Алтангэрэлийн 160 тооны хонь, 6 ямааг, иргэн Б.Энхжавхлангийн сартай хүрэн зүсмийн морийг тус тус шунахай сэдэлтээр хулгайлж иргэн Х.Алтангэрэлд 19.240.000 төгрөг, иргэн Б.Энхжавхланд 2.000.000 төгрөгийн буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1. Хохирогч Х.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манайх 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 19 цагийн үед хонио гэрийн гадаа задгай хотлуулчихаад амарсан юм. Тэгсэн шөнө 02 цагийн үед хонь үргээд байх шиг байсан. Тухайн үед би гарч хараагүй. Тэгээд маргааш өглөө нь гараад хонио харсан чинь манай хонь бага болчихсон шиг байхаар нь тоолж үзсэн чинь 160 ширхэг хонь дутаад байсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хонио хайгаад олохгүй байхаар нь 15-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Би нийт 160 ширхэг эр хонь алдасан юм. Манай хонь баруун чихнүүд нь цуулбар имтэй хонинууд байсан. Би 160 хониноос 115 хонийг олж авсан 45 хонио олж аваагүй. Би нийт 160 тооны хонь, 6 ямаа хулгайд алдсан. Миний алдсан хонины 100 эр хонь, 38 эм хонь, 10 шүдлэн эр хонь, 10 хурга, 2 тооны хуц, 6 ямаа байсан. Би 125 тооны малаа олж авсан. Одоо 30 эр хонь, 6 хурга, 5 ямаагаа олж аваагүй байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 208-р хуудас/,

          2. Хохирогч Э.Энхжавхлан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Мангирт гэх газарт байх манай нутгийн ах болох Ням-Очир гэдэг ахынд 2014 онд 09 дүгээр сарын сүүлээр өөрийн амьны хэдэн үхэрээ маллуулах гэж хүргэж өгсөн юм. Тэгээд Ням-Очир ах манай үхэрийг 1 жил маллаж өгөөд байж байтал 2015 оны 11 сарын үед Ням-Очир ах утсаар залгаад үхэрт унаж байсан хүрэн сартай зүсмийн морийг алдчихлаа гэж хэлсэн...Би тухайн морийг Сүхбаатар аймгаас худалдаж авч байсан юм. Миний морь бага насандаа буюу дааган насандаа хоёр удаа Сүхбаатар аймгийн Асгат суманд айрагдаж байсан амжилт үзүүлж байсан морь байгаа юм...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,

          3. Гэрч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2015 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө босоод байж тал манай нөхөр болох Адъяагийн утас нь дуугараад авсан юм. Тэгсэн чинь Сэзээ овогтой Дүгэржав яриад та өнөөдөр хонь хараад өгөөч гэж манай нөхөртэй утасаар ярьсан байсан. Тэгээд удаагүй 08 цагийн үед Амарзаяа гэдэг залуу 100 гаран хонь туучихсан манай гэрт хүрч ирээд манай гэрт орж цай уучихаад Дүгэржав ах утасаар ярьсан уу гэж асугаад манайд тууж ирсэн хонио орой ирж авна гэж үлдээчихээд өөрийн унаж ирсэн морио унаад Дархан-Уул аймгийн чигтэй яваад өгсөн. Тэгээд тэр Амарзаяа гэдэг залууг яваад удаагүй байж байтал манай хүргэн болох Алтангэрэл утсаар манайх хонио алдчихлаа гэж ярисан. Тэгэхээр нь манай нөхөр Адъяа, Дүгэржав луу утсаар яриад энэ Амарзаяа гэдэг залуу чинь манай хүргэн болох Алтангэрэлийн хонийг туугаад ирсэн байна гэж хэлсэн байсан. Тэгээд удаагүй байж байсан чинь Амарзаяа гэдэг залуу манай гэрт хүрч ирээд нөгөө тууж ирсэн хонио манай хонин дундаас ялгаж авсан. Тэгээд манай нөхөр бид хоёр хулгай хийж авсан айлын хүнтэйгээ очиж уулзаад энэ малаа өг гэж хэлсэн. Тэгээд тэр залуу малаа туугаад явсан. Маргааш буюу 2015 оны 11 дугээр сарын 16-ны өдөр манай хүргэн болох Алтангэрэл хүрч ирээд малаа хайсан. Тэгсэн Амарзаяа гэдэг залуу нөгөө
хонио манай гэрийн хойно байдаг толгой дээр хаячихаад явчихсан байсан. ...Баруун талын чих нь цуулбар эмтэй малууд байсан. 115 хонь 1 тооны ямаа байсан. Нийт 116 мал байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

          4. Гэрч О.Баян-Мөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манай хадам дүү Алтангэрэл 2015 оны 11 дүгээр сард яг хэдний өдрийг би сайн санахгүй байна. Би Хөтөлд ирээд явж байсан чинь утсаар 160-аад хонь дутлаа, та цагдаад тэмдэглүүлж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би малын төлөөлөгч Баасандоржид өөрийн биеэр цагдаа дээр ирж тэмдэглүүлсэн юм. Оройхон 18-н цагийн үед Салхит бригадын тэнд торонд ороолцолдсон хонь байна гэнэ, манай хонины имтэй адил хонь байна гэхээр нь би Алтангэрэлийн ах дүү хоёртой нь цуг машинтай Салхит бригад руу явсан. Тэгэж явах замдаа Баасандорж төлөөлөгч рүү утсаар яриад хэлсэн чинь Баасандорж төлөөлөгч би тэнд ажиллаж байна гэсэн. Тэгээд бид нар явсаар байгаад Баасандорж байцаагч дээр очсон. Тэгсэн гүүрэн дээрээс үсрээд унаад үхсэн хонь байсан мөн хажууд нь доголон 1 хонь байсан. Тэр хонь манай алдсан хонь болох нь тогтоогдсон. Тэгээд төмөр замын гарам дагаад шөнө мөрдөөд мөрийг нь хөөгөөд явсан чинь Сонин хангай гэдэг газарт мөр нь очсон. Шөнө болоод мөр нь мэдэгдэхгүй болсон чиглэл нь Дархан-Уул аймаг чиглэлд явсан байсан тэгээд бид нар мөрөө хаяад тэр хавийн айлуудаар сураглаад явсан. Тэгж явсаар байгаад Адьяа гэдэг айлд очсон. Тэр айл нь Алтангэрэлийн хамаатан төрөл садан айл байсан. Адьяа орноосоо босж ирсэн тэгэхдээ Адьяа их сандарсан байдалтай байсан. Тэгэхээр нь Адьяатай би машинд уулзсан чинь Дүгэрээ гэдэг хүн танай хонийг авсан. Танай хонь энүүхэнд байгаа. Хонийг чинь цуглуулаад аваад ирье гэж надад хэлсэн. Тэгээд Адьяа буцаж ирээд хонийг би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа нараа би дуудсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

5. Гэрч Л.Ням-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2014 онд Энхжавхлан гэдэг хүнээс хүрэн зүсмийн морь, үхэрийн хамт худалдаж авсан юм. Тэгээд би жил гаран унаж байгаад Энхжавхлан гэдгээс худалдаж авахаар ярьчихсан байсан юм. Тухайн үедээ бол яг худалдаж авсан зүйл байхгүй. Би зөвхөн малдаа унадаг байсан юм. Тэгээд худалдаж авахаар ярьчихаад байж байгаад хулгайд алдчихсан юм. 2015 оны 11 сарын үед Мангиртад байдаг өөрийн өвөлжөөний гадна хүрэн зүсмийн морь болон хул морь хоёр аргамжаад хонуулсан юм. Тэгээд өглөө нь босоод ирсэн чинь миний аргамжаатай байсан хоёр тооны морь алга болчихсон байсан. Тухайн ойр орчимын нутгаар хайгаад олоогүй. Тухайн өдрийн шөнөдөө адуудаа нийлчихсэн байсан. Харин бүдүүн хүрэн зүсмийн хүч сайтай морь алга болчихсон байсан. Тухайн үед миний хүрэн зүсмийн морь алга болохдоо хазаартайгаа алга болчихсон байсан. Тухайн үед манай хажуу сахалт айл болох Алтангэрэл гэдэг залуу хонио өвөлжөөнөөсөө хулгайд алдсан юм. Тэдний малыг хулгайлсан хүн л манай хүрэн зүсмийн морийг хамт хулгай хийж авч явсан. Тэр морь бол Энхжавхалангийн эзэмшлийн морь байгаа юм. Манайд тавьж маллуулж байсан. Ер нь бол би тэр морийг худалдаж авах гэж Энхжавхлантай ярьчихсан байсан. Харин бид 2 үнэ хөлсөө тохироогүй байсан.

...би тэрийг мэдэхгүй. Би хүнээс уяж байсан гэж сураг сонссон. Ямар ч байсан над дээр байх жилийн хугацаанд уяж байгаагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/,

6. Гэрч Ч.Нямсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:.. Манай өвгөн бид хоёр хөдөө мал малалдаг юм. Манай хуурай дүү болох Энхжавхалан манай дээр хэдэн үхэр болон хоёр тооны морио малалуулдаг байсан. Тухайн үед манай нөхөр хоёр тооны морийг нь малд ундаг байсан юм. Тэгээд 2015 оны 11 сарын үед санагдаж байна. Орхон сумын 2 дугаар багийн нутаг Мангирт гэх газар өвөлжөөндөө буугаад удаагүй юм. Тухайн 2 тооны морийг нь малд унаж байсан болохоор аргамжаад хондог байсан. Би яг алдсан өдрийг санахгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна. Өвөлжөөний зүүн тал дээр хоёр тооны морио аргамжаад хонсон. Тэгээд өглөө босоод 2 морио авах гэсэн чинь манай хоёр морь алга болчихсон байсан. Тэгээд тухайн үед манай нөхөр ойр хавиар хайсан боловч олдоогүй. Харин тэр оройгоо хул зүсмийн морь болохоор адуунд ирээд нийлчихсэн байсан. Харин хүрэн зүсмийн морь байхгүй байсан. Манайхан морио алддаг шөнө сахалт айл болох Алтангэрэлийнх өвөлжөөнөөсөө хонио алдчихсан юм. Тэгээд Алтангэрэлийн малыг хулгай хийсэн хүн манай морийг хулгайлсан гэж бодож байна    ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/,

7. Гэрч А.Ядамсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр санагдаж байна. Тухайн өдрийн өглөө адуундаа явах гэж байтал 10-аас 11 цагийн хооронд байх манай гэрийн гадна нэг хүрэн зүсмийн морьтой хүн ирчихсэн манай аав болох Адьяатай уулзаад зогсож байсан. Тэгээд би тухайн үед шууд адуундаа яваад өгсөн. Тэгээд адуундаа явчаад гэртээ иртэл хүрэн зүсмийн морьтой хамт нэг манай гэрийн гадна нь уулзаад зогсож байсан. Тэгэхэд манай аав хажууд нь зогсож байсан. Тэгээд морьтой хүн болон аавтай уулзаж байсан хүн хойшоо эргээд яваад өгсөн. Харин намайг адуунаас ирхэд хүрэн морьтой хүн манай хоньтой өөрийнхөө тууж ирсэн хонийг нийлүүлчихсэн байсан. Тэгээд хүрэн морьтой хүн болохоор хонио нийлүүлчихээд Дархан-Уул аймаг чигтэй яваад өгсөн. Манай аав хонь тууж ирсэн хүн Дархан-Уул аймаг явчихлаа гэж хэлсэн. Түүнээс хойш 15-16 цагийн хооронд нөгөө хүрэн морьтой хүн эргэж хүрч ирээд хонио авч явна гэж хэлээд хонио манай хониос ялгасан. Тухайн үед хонь ялгахад нь аав бид хоёр ялгалцаж өгсөн. Тэгээд тэр хүрэн зүсмийн морьтой хүн хонио ялгаж дуусаад шууд яваад өсөн. Би түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Дархан-Уул аймаг руу найз охин дээрээ очих гээд яваад өгсөн. Тэгээд маргааш эргээд гэртээ ирсэн чинь манай гэрт Алтэнгэрэл ах цагдаа нартай ирчихсэн байсан. Тэгсэн чинь нөгөө хүрэн зүсмийн морьтой хүн ялгаж авсан хонио манай гэрийн гадаа үлдээчихээд явчихсан байсан. Тэгээд тэр малыг Алтангэрэл ах тоолж аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/,

8. Гэрч Б.Амьбөх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2015 оны 11 сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Салхит өртөөний 8-ын гарамын жижүүр буюу тор засдаг ах буюу Мөнх-Очир ах утсаар залгаад танайх энэ хонио авалдаа төмөр замын гарамын торон дотор орчихсон байна гэж хэлэхээр нь би манай хонь хотноос гараагүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Мөнх-Очир танай хонь ямар имтэй бэ гэж хэлэхээр нь манай хонь баруун талын чихэн дээрээ хойноосоо ухмал имтэй, ээжийн хонь болохоор зүүн талын чихнээс ухмал гэж хэлсэн. Мөнх-Очир ах гарман  дээр хэдэн хонь байна чи энэ хэдэн хонийг өөрийнхөө малтай нийлүүлчих гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хонийг гарам руу туугаад нийлүүлсэн. Удалгүй машинтай хүмүүс ирээд малаа ялгаад явсан. Манай хонинд 9 хонь ирсэн. Тухайн хонины нэг чих нь цуулбар нөгөө чих нь цоолбор имтэй малнууд байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/,

9. Гэрч Б.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2015 оны 11 дгээр сарын 14-15-ны шилжих шөнө 04 цагийн орчимд Улаанбаатараас Эрдэнэт чиглэийн 312 дугаартай галт тэрэгний машинист 8-2 дүгээр зуут, 9-9 дүгээр зуут дээр хонь торонд байна гэж өртөөний диспечирт хэлж өртөөний жижиүүрээс хонь торонд байна гэдгийг мэдээд намайг очиж үз гэж хэлсэн. Тэгээд би тухайн хонь байгаа газарт нь мортой очиж үзсэн боловч шөнө болсон болохоор олоогүй. Тэгээд намайг очиж үзэхэд Номгон уул талаас Салхит руу чигтэй явсан бөөн мөр байсан. Тэгээд тухайн үед мал олоогүй болохоор өглөө үүр цайлгаад очиж үзтэл торон дотор 9 тооны хонь, торны гадна талд 2 тооны хонь байхаар нь хонийг Номгон уул тал руу гаргахад пооль руу гараад гүйчихсэн юм. Батжаргал гэдэг айлд очоод танай хонь мөн үү гэхэд биш байна гэхээр нь Батжаргалд 9 хонийг хариулж бай гэж хэлээд явсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/,

10. З.Амарзаяа сэжигтнээр мэдүүлэхдээ: ...2015 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангирт гэх газарт очиж портер өвс авах зорилгоор Дархан-Уул аймгийн зах дээрээс машин хөлслөөд Мангирт гэх газар луу явсан. Тухайн өдөр Дархан-Уул аймгаас 16 цаг өнгөрч байхад гарсан юм. Тэгээд явж байсан чинь миний хөлсөлсөн машин эвдрээд явахгүй болсон. Би хамт янзалцаж нилээн орой харанхуй болсон үед машинаа янзлаад дууссан. Тэгээд өвсөө авч чадалгүй буцаад явж байтал зам дагуу хэсэг хонь 120-130 гаруй явж байхаар нь зөрч гараад айлын гадаа очоод би үлдээд жолоочоо явуулчихсан юм. би жолоочид энэ айлд орж хононо гэж хэлсэн. Машинаа явуулчихаад айлд орох гэснээ болиод замд таарсан хонь руу очсон. Учир нь тэр хонийг чоно нохойны хоол болгож байхаар өөрөө аваад мал болгож авъя гэж бодсон. Мал дээр очоод малыг туугаад Дархан-Уул аймаг тийш явсан. Тэгээд малаа туугаад явж байтал нэг чөдөртэй морь таарахаар нь нөгөө морийг унаа болгоод авсан. Тэгээд би морио унаад 100 гаруй тооны хонио шөнөжин туусан. Өглөө Салхит өртөөний Хараа голын гүүрээр гарч явж байхдаа гүүрэн дээрээс нэг хонь унагаагаад тэндээ 4-5 хонь үлдээсэн. Тэгээд малаа тууж яваад ядраад болохгүй болохоор нь өөрийн хадам ах Дүгэржав руу яриад би мал тугаад явж байна, ядраад болдоггүй, ойр хавьд мал тавих айл байна уу гэсэн чинь Дүгэржав ах би хүнээс асуугаад чамд хэлье гэсэн. Тэгээд хэсэг байж байгаад 20-иод минутын дараа би Дүгэржав ах руу утсаар залгасан. Тэгсэн Дүгэржав ах надад Адьяа гэдэг хүний утасны дугаарыг өгөөд би түүн лүү утсаар ярьсан. ...Би Адьяагийн гэрийн гадна очиж уулзаад танай хонинд 100 гаруй хонь нийлүүлсэн, хонио орой ирж авья гэж хэлсэн. Тэгээд замын цаана унаж явсан морио тавьчихаад өөрөө зам дээрээс машин зогсоож суугаад Дархан-Уул аймагт ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-122-р хуудас/,

11. *** ХХК-ны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №ДАХ-04 тоот..”нийт 19,240,000 төгрөг гэх үнэлгээ... /хх-ийн 212-р хуудас

12. Капитал зууч ХХК-ны 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “...хүрэн зүсмийн 12 настай морь нэг толгой зах зээлийн үнэ цэнэ 2.000.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт ... /хх-ийн 104-105-р хуудас/

            13. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/,

            14. Хохиорогч Х.Алтангэрэлийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 134 хуудас/,

            15. Хохирогч Б.Энхжавхланд хохирол төлсөн баримтууд /1-р хх-ийн 105, 108, 2-р хх-ийн 16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч З.Амарзаяад холбогдуулан бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж шүүгдэгч З.Амарзаяаг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Амарзаяа нь гэмт хэрэг үйлдэхдээ шууд санаатай, шунахайн сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө, хөрөнгөтэй болох гэсэн гэмт санаа зорилгоор үйлдсэн байна.                                                                                                                                                                                                                                                       Шүүгдэгч З.Амарзаяа нь 3 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй буюу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болох байсан боловч шүүгдэгч З.Амарзаяа нь 2015 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч З.Амарзаяагийн ялтай байдал арилсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч З.Амарзаяаг Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч Х.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Хуяг овогтой Алтангэрэл Увс аймгийн Тэс суманд 1985 онд төрсөн. Миний бие нь 2015-11-13-аас 14-нд шилжих шөнө хотноосоо 160 тооны хонь алдсан. Гэсэн хэдий ч 16-ны өдөр 124 тооны малаа буцааж олж авсан. Үлдэгдэл 42 тооны мал дутсан. Үүнийгээ  хохиролоо барагдуулахын тулд 3.000.000 төгрөг буцаан авч чадсан. Тиймээс Загдсүрэнгийн Амарзаяад санал, гомдол, хохирол байхгүй. Миний бие Алтангэрэл нь шүүх хуралд оролцохгүй... гэсэн хүсэлт гаргажээ.

Мөн хохирогч Б.Энхжавхлангийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.Энхжавхлан нь хохирлын 2.000.000 төгрөгрөө авсан. Мөн бие нь муу Улаанбаатарт байгаа тул санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн саналаа өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж байна”... гэж тайлбарлаж байх бөгөөд хохирогч Б.Энхжавхлангийн хохирол төлөгдсөн байдал нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хохирогч Б.Энхжавхлангийн эхнэр Б.Уранбилэгт 800.000 төгрөг /2-р хх-ийн 16 хуудас /, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг /2-р хх-ийн 132 хуудас/ нийт 2.000.000 төгрөг шүүгдэгч З.Амарзаяагаас хохирогч Б.Энхжавхланд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч З.Амарзаяа нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролоо төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.   

Хохирогч Б.Энхжавхлан нь банкинд данс эзэмшдэггүй учир дээрх хохирлын мөнгийг хохирогч Б.Энхжавхлангийн зөвшөөрснөөр түүний эхнэр Б.Уранбилэгийн Хаан банкны 5046622924 тоот данс руу шилжүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч З.Амарзаяагийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд хэлсэн өмгөөлөлийн үгэндээ: ...Яллах дүгнэлтэнд З.Амарзаяаг давтан үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн байгаа.  Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амарзаяа нь өөрөө тэр морийг тавьж явуулсан тул шунахайн сэдэлтээсээ сайн дураараа татгалзсан гэж үзэж байна. Тиймээс давтан гэж үзэхгүй байна... гэж тайлбарлаж байх бөгөөд шүүгдэгч З.Амарзаяагийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: ...замд тасарсан хонь руу очсон. Учир нь тэр хонийг чоно нохойн хоол болгож байхаар өөрөө аваад мал болгоод авъя гэж бодоод нөгөө мал дээр очоод малыг туугаад Дархан-Уул аймгийн чигтэй явсан. Тэгээд малаа туугаад явж байтал нэг чөдөртэй морь тааралдахаар нь нөгөө морийг унаа болгоод авсан... Тэгээд замын цаана гараад унаж явсан морио тавьчихаад өөрөө зам дээрээс машин тосч суугаад Дархан-Уул аймаг орсон... гэж мэдүүлж байх бөгөөд бусдын хонь, ямаа хулгайлсан болон адуу хулгайлсан гэмт хэрэг нь биеэ даасан эхлэл, төгсгөлтэй үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд хүрэн зүсмийн адууг тавьж явуулсныг зөвхөн шүүгдэгч З.Амарзаяа мэдүүлдэг, бусад баримтаар тогтоогддоггүй бөгөөд адуу эргээд ижил сүрэгтээ болон эзэндээ очоогүй, эзэнд нь хүлээлгэн өгсөн асуудал байхгүй тул З.Амарзаяаг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлгүй тул давтан үйлдлээр бусдын малыг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу шүүгдэгч З.Амарзаяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр Б.Цэндсүрэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүүхэд төрүүлсэн, нялх хүүхэдтэй/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо төлж, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч З.Амарзаяад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар З.Амарзаяа нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч З.Амарзаяад анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч З.Амарзаяа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулав.

Харин шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Амарзаяа нь энэ хэрэгт 147 хоног урьдчилан цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн 201518010160 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Амарзаяад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 291, 294, 297, 298 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дэгрээ овгийн Загдсүрэнгийн Амарзаяаг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч З.Амарзаяаг эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил 06 сар /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч З.Амарзаяад оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч З.Амарзаяад оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч З.Амарзаяад анхааруулсугай.

6. Шүүгдэгч З.Амарзаяа нь урьдчилан 147 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Амарзаяад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Амарзаяад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДЭЛГЭРСАЙХАН