Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

-хохирогч Ц.Идэрбаатар,

-хохирогч Ц.Идэрбаатар, шүүгдэгч, хохирогч Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарын өмгөөлөгч Б.Энхтуяа,

-шүүгдэгч, хохирогч Н.Батбаярын өмгөөлөгч С.Сувдмаа

-шүүгдэгч, хохирогч Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат, Н.Батбаяр нарыг оролцуулан

Төв аймгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лхамсүрэн, Б.Цэрэнбат, Н.Батбаяр нарт холбогдох Эрүүгийн 201619000072 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Батбаярын биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Нэргүйгийн Батбаяр /Регистрын дугаар: ЗЕ86112012/,

Шүүгдэгч Ц.Лхамсүрэнгийн биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1977 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 03 дугаар багийн Холбоо гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Цэрэндоржийн Лхамсүрэн /Регистрын дугаар: НГ77031779/,

Шүүгдэгч Б.Цэрэнбатын биеийн байцаалт: Монгол Улсын харъяат, Дундговь аймгийн Мандалговь суманд 1983 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн Цэгийн-1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 59 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шарынхан овогтой Батсүхийн Цэрэнбат /Регистрын дугаар: ЗЮ83092870/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Батбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13-14 цагийн орчим Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг "Хярын хавтгай" гэх газар адуу хөөлөө гэх шалтгаанаар Ц.Идэрбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн  зэргийн гэмтэл, давтан удаагийн үйлдлээр Ц.Идэрбаатарыг өмөөрч ирсэн Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нартай маргалдан зодолдож, бие махбодид тус тус хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан,

Шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Цэрэнбат нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг "Хярын хавтгай" гэх газар Ц.Идэрбаатарыг өмөөрч Н.Батбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч Б.Цэрэнбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шат болон урд өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй.  Хохирогчийн хувьд Н.Батбаяр нь миний баруун хөмсөг хэсэгт 2 удаа суран ташуураар цохиж, толгой дух хэсэгт 1 удаа мөргөсөн. Н.Батбаярт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Н.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шат болон урд өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй.  Хохирогчийн хувьд Б.Цэрэнбат миний хавиргыг хугалсан. Ц.Лхамсүрэн уурга хугалж, уургаар хамар руу цохиж хугалсан. Намайг газарт унахад гэдсэн дээрээс дэвссэн. Б.Цэрэнбат, Ц.Лхамсүрэн нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ц.Лхамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Мөрдөн байцаалтын шат болон урд өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн хувьд Б.Цэрэнбат бид хоёрыг очоод мориноос буугаад яагаад байгаа юм бэ гэж хэлтэл Н.Батбаяр нь миний зүүн нүд рүү гараараа цохисон. Н.Батбаярт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Ц.Идэрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би адуугаа хураах өвөлжөөний доод талд байлгаж байтал Н.Батбаяр нь ирээд миний нуруун дундуур ташуураар цохиж, хутга гаргаж ирээд айлгасан. Намайг мориноос татаж буулгаж эмээл хазаарыг мориноос авч намайг хөөхөөр нь би гэртээ очсон. Миний хувьд Н.Батбаярт гомдолтой байна гэв.

Шинжээч эмч Э.Маргад-Эрдэний гаргасан 41 тоот дүгнэлт:

  1. Ц.Идэрбаатарын биед тархи доргилт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Ц.Идэрбаатарын бид хамар ясны зүүн хажуу хана зөрүүгүй хуучин хугарал гэмтэлтэй байна.
  3. Тархи доргилт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
  4. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй.
  7. Ц.Идэрбаатар нь төрөлхийн тархины саа, баруун талын саажилт, бүсэлхийн нугаламуудын нугалам хоорондын зай намссан, үений гадаргуу хатуурсан, нуруу баруун тийш муруйсан архаг хууч өвчтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Түвшинтөгс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Ц.Идэрбаатар 13 цагийн үед гэрийн зүүн хойд талаас явган алхаад ирж байна гэж манай нөхөр Ц.Лхамсүрэн гадаа зогсож байгаад хэлсэн, тэгээд хамт гэрт орж ирэхээр нь би морио яасан юм бэ гэхэд нэг танихгүй хүн дуудаад яваад очсон чинь өөдөөс зодох гэхээр нь айгаад зугтаасан тэгсэн морь эцээд ирэхээр явган зугтаасан тэгсэн араас ирээд морины эмээл хазаарыг авч морь тавьж явуулсан талаар хэлсэн... тэгээд манай нөхөр Ц.Лхамсүрэн Б.Цэрэнбатыг гэрээс нь дуудаад... хойно нэг хүн Ц.Идэрбаатарыг хөөгөөд зодож явуулаад эмээл хазаарыг нь авч морийг нь тавьж хөөсөн байна. ... зүүн хойшоо явцгаасан. ... 15-16 цагийн үед Ц.Лхамсүрэн гэртээ орж ирсэн чинь дээл хувцас нь цус болчихсон нүд нь шалбарсан хавдсан байхаар нь яасан гэж асуутал Баттөрийн хүү гэнэ... намайг чөдрөөр ороолгосон гэж хэлсэн, Б.Цэрэнбатын хөмсөгийг хоёр газар сэт цохичихлоо гэхээр нь би Б.Цэрэнбатын гэрт яваад орсон чинь Б.Цэрэнбатын хөмсөг нь сэтэрчихсэн цус гоожиж бүлэгнэж шүүс ноожиж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

Шинжээч эмч И.Ганболорын гаргасан 19 тоот дүгнэлт:

  1. Б.Цэрэнбатын биед баруун хөмсөг язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд зовхи цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Шинжээч эмч И.Ганболорын гаргасан 20 тоот дүгнэлтэд:

  1. Ц.Лхамсүрэнгийн биед баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний буланд зулгаралт, баруун нүдний салтанд цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/

 

Шинжээч эмч И.Ганболор гаргасан 30 тоот дүгнэлт:

  1. Н.Батбаярын биед зүүн талын хамар ясны хугарал, баруун 10-р хавирганы өмнөд төгсгөлийн хугарал, хамар ясанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Э.Маргад-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Ц.Идэрбаатарын биед тархи доргилт шинэ гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/

 

-шүүгдэгч Н.Батбаярыг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /хх-67-70/ сэжигтнээр, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр /хх-71/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

-шүүгдэгч Б.Цэрэнбатыг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /хх-77-78/ сэжигтнээр, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр /хх-79/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

-шүүгдэгч Ц.Лхамсүрэнг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр /хх-72-75/ сэжигтнээр, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр /хх-76/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Батбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13-14 цагийн орчим Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг "Хярын хавтгай" гэх газар адуу хөөлөө гэх шалтгаанаар Ц.Идэрбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн  зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

- хохирогч Б.Идэрбаатарын....”тэр хүн намайг яагаад дуудаад байгаа юм бол гээд яваад очиход чи яагаад адуу хөөгөөд байгаа юм бэ? гэхэд би түүнд хандан Батаг ахын адууг доошлуулж байна гэхэд суран ташуураар миний толгой хэсэгт 5-6 удаа цохиод намайг мориноос татаж буулгасан. Тэгэхээр нь би тэр залуугаас айгаад зугтаасан. Тэр залуу миний морийг тавьж хөөгөөд эмээл хазаарыг аваад үлдсэн. Тэгээд намайг гэр рүү явж байхад миний араас дахин морьтой давхиж ирээд мориноосоо бууж миний баруун хөл рүү хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн”... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/  

-гэрч Г.Түвшинтөгсийн....Ц.Идэрбаатар 13 цагийн үед гэрийн зүүн хойд талаас явган алхаад ирж байна гэж манай нөхөр Ц.Лхамсүрэн гадаа зогсож байгаад хэлсэн, тэгээд хамт гэрт орж ирэхээр нь би морио яасан юм бэ гэхэд нэг танихгүй хүн дуудаад яваад очсон чинь өөдөөс зодох гэхээр нь айгаад зугтаасан. Тэгсэн морь эцээд ирэхээр нь явган зугтаасан. Араас ирээд морины эмээл хазаарыг авч морь тавьж явуулсан талаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, шинжээч эмч Э.Маргад-Эрдэний гаргасан 41 тоот дүгнэлт /хх-ийн 34/, шүүгдэгч Н.Батбаяр, Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хохирогч Ц.Идэрбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Мөн давтан үйлдлээр Ц.Идэрбаатарыг өмөөрч ирсэн Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нартай маргалдан зодолдож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан болох нь: - хохирогч Ц.Лхамсүрэнгийн... Миний төрсөн дүү Ц.Идэрбаатар морьтой явсан мөртлөө явган ирэхээр нь би юу болсон талаар түүнээс асууж тодруулахад тэр надад “Нэг залуу ирээд намайг мориноос буулгаад мөн эмээл, хазаар авч тавиад миний морийг хөөгөөд, толгой руу ташуураар цохилоо” гэсэн. ... юу болсон талаар асуухаар Б.Цэрэнбаттай очоод сайн уу дүү хүү? яагаад байгаа юм бэ? гэхэд морин дээрээ сууж байгаад шууд баруун гараараа миний зүүн нүд хэсэгт цохиод авсан. Б.Цэрэнбат бид хоёрыг салгах гээд дундуур ороход Н.Батбаяр гэх залуу Б.Цэрэнбатын нүүр хэсэгт 2-3 удаа гартаа барьж байсан суран ташуураар цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

-хохирогч Б.Цэрэнбатын..... Ц.Лхамсүрэн, Н.Батбаяр нар доор дээрээ ороод ноцолдоод байсан. Н.Батбаяр нь Ц.Лхамсүрэн ахын баруун нүд хэсэгт нь гартаа барьсан суран чөдрөөр 1 удаа ороолгоход түүний нүднээс нь цус гарсан. Ц.Лхамсүрэн ах хугарсан уурганы үзүүрээр Н.Батбаярын хамар хэсэгт 1 удаа цохиход нөгөө залуугийн хамар улайж, шалбарсан. Мөн Н.Батбаяр гэх залуу хөлөөрөө Ц.Лхамсүрэн ахын хөл рүү өшиглөөд байсан ба барьж байсан суран ташуураараа нуруу хэсэгт нь 2 ороолгосон. Тэгээд би тэр хоёрыг болиулж салгах гээд очиход Н.Батбаяр “Чи бас намайг зодох гээд байгаа юм уу?” гэж хэлээд миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохьсон. Би түүнийг түлхэхэд миний баруун хөмсөг хэсэгт 2 удаа суран ташуураар цохиж, 1 удаа толгойн дух хэсэг рүү мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт 19, 20 /хх-ийн 38, 42/, шүүгдэгч Н.Батбаяр, Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Н.Батбаярыг давтан буюу 2 удаагийн үйлдлээр Ц.Идэрбаатар, Б.Цэрэнбат, Ц.Лхамсүрэн нарыг зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг "Хярын хавтгай" гэх газар адуу хөөлөө гэх шалтгаанаар Ц.Идэрбаатарыг өмөөрч Н.Батбаярыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Хохирогч Н.Батбаярын.... Би “Залаа” дээр гарч адуугаа дурандаад, тэнд байсан адуунуудаа бөөгнөрүүлээд  байж байхад араас 2 морьтой хүн ирж байсан... тэр 2 мориноосоо буугаад намхан бүдүүн залуу нь уургаар намайг шавхардаад, нөгөө өндөр шар залуу адууны хөлдүү баас над руу шидээд байсан...тэр 2 намайг мориноосоо буугаад ир гэхээр нь би айгаад буугаагүй...уургыг чинь хугална шүү гэхээр нь би мориноосоо буугаад морио чөдөрлөөд сууж байтал бүдүүн залуу нь миний хамар хэсэгт хугархай уургаараа цохиж миний хамрыг хугалсан. Тэгэхэд миний хамарнаас нилээд цус гарч байхад өндөр шар залуу надтай барилцаж аваад чамайг ална гэхэд бүдүүн залуу нь миний араас цохиж намайг газар унагаасан. Нэг мэдэхэд миний дээр бүдүүн залуу сууж байсан ба харин өндөр шар залуу нь миний баруун хавирга хэсэгт нэг удаа өшиглөөд, гэдэс хэсэгт нэг удаа дэвсээд яваад өгсөн...Бүдүүн залууг нь Лхамсүрэн, харин өндөр шар залууг нь Цэрэнбат гэж байсан..Тэр хоёр өмнөх залууг өмөөрөөд ирж надтай маргалдсан. Бүдүүнээ гэх Лхамсүрэн нь хугарсан уургаар миний хамрыг цохиж хугалсан, харин өндөр шар залуу болох Цэрэнбат нь миний баруун хавирга хэсэгт дэвсэж баруун хавирга хугалсан....“ гэх мэдүүлэг /хх-ийн 26 /,

Шүүгдэгч, хохирогч Н.Батбаярыг сэжигтнээр байцаасан тэмдэглэлд: ...Цэрэнбат над руу бууж очихгүй байхаар газраас адууны хөлдүү баас авч шидээд ... Лхамсүрэн нь уургаараа нуруун дундуур ороолгож байгаад уурганы үзүүр хэсэг хугарсан. Тэгээд миний барьж байсан уургыг чинь хугална гээд байхаар нь мориноосоо буугаад эмээлийнхээ ганзаганаас чөдөр авч морио чөдөрлөөд бостол Лхамсүрэн нь уурганыхаа хугарсан хэсгээр миний ар талд зогсож байгаад зүүн талаас шавхарч хамар луу цохисон тэгтэл би газар унасан. Тэгтэл Лхамсүрэн нь намайг дээш нь харуулаад цээжин дээр мордоод суучихсан хажуу талаас...Цэрэнбат  нь миний баруун талаас цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд цаашаа явж тайлж тавьсан байсан дээл хувцас руугаа явахаар нь би Лхамсүрэнг нь цээж рүү түлхэж дээрээс буулгаад босоод иртэл Цэрэнбат ...өөдөөс хүрээд ирэхээр нь нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон тэгтэл Лхамсүрэн нь дайраад ирэхээр нь ухарч байгаад нүүр лүү нь цохисон Цэрэнбат дахиад өөдөөс хүрээд ирэхээр нь дахиад гараараа цохисон ...хоёуланг нь хоёр хоёр удаа нүүрэнд гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

хохирогч Ц.Идэрбаатарын...”би шууд гэртээ явган хариад энэ талаар өөрийн төрсөн ах Лхамсүрэнд...хэлсэн. Тэгэхэд Лхамсүрэн ах хажуу айлын Цэрэнбат гэх ахтай хамт явсан....”  гэх мэдүүлэг /хх-ийн 30/

гэрч Г.Түвшинтөгсийн  тайлбарт...”Идэрбаатар гэртээ явган ирсэн юм тэгэхээр нь яасан бэ гэж асуутал адуун дээр явж байтал танихгүй хүн морь тавьж хөөлөө гэсэн тэгэхээр нь манай нөхөр хажуу айлын Цэрэнбаттай хамт эмээл хазаар болон морио барьж авах гээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 

 

-гэрч Г.Түвшинтөгсийн....” Лхамсүрэн Цэрэнбатыг гэрээс нь хашгирч дуудаад

Цэрэнбатад хэлсэн энэ хойно нэг хүн Идрээг хөөгөөд зодож явуулаад эмээл хазаарыг нь авч морийг нь тавьж хөөсөн байна чи явж эмээл хазаарыг нь олж ирээч Лхамсүрэн ах нь азаргаа олж ирье ахдаа морио өгөөчээ гэж хэлээд Цэрэнбат зайдан морь унаж Лхамсүрэн Цэрэнбатын эмээл хазаартай морийг унаж зүүн хойшоо явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/  мэдүүлгүүд болон шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарын мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат, Н.Батбаяр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат, Н.Батбаяр нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Н.Батбаяр Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг  харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

 

Хохирлын талаар: Хохирогч Ц.Идэрбаатар, хохирогч, шүүгдэгч Н.Батбаяр, Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нар нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран ташуур 1 ширхэг, уурганы үзүүр бургас  мод 1 ширхэг тус тус  устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Нэргүйгийн Батбаяр давтан үйлдлээр, Боржигон овогт Цэрэндоржийн Лхамсүрэн, Шарынхан овогт Батсүхийн Цэрэнбат нар нь бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаярыг 300 цаг, шүүгдэгч Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат тус бүрийг 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Батбаяр, Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нарт албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Ялтан Н.Батбаяр, Ц.Лхамсүрэн, Б.Цэрэнбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, мөн бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран ташуур 1 ширхэг, уурганы үзүүр бургас мод 1 ширхэг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Батбаяр, Б.Цэрэнбат, Ц.Лхамсүрэн нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.Батбаяр, Б.Цэрэнбат, Ц.Лхамсүрэн нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БУЯНТОГТОХ