Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2021/00072

 

           Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, П.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Б дүүргийн 5 дугаар хороо, Н  дугаар гудамжны  тоотод оршин суух, О овогт Ц.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 94.481.516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Эрдэнэтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир (цахимаар) иргэдийн төлөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Г би 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Б дүүргийн Онцгой байдлын хэлтэст үүрэг гүйцэтгэж байгаад баруун гараа бэртээсэн. Орой ажил тараад эмнэлгийн хүлээн авах дээр ирж үзүүлэхэд 1 дэх өдөр амбулаториар ирж үзүүлээрэй гэсэн. Тухайн үед ядам, дунд хурууны ар хэсэгт хавдартай, хажуу талдаа бамбайж шалбарсан, өвдөөд байсан учраас ирж үзүүлсэн. Маргаашнаас нь амралтын өдөр эхэлж байсан болохоор гэртээ мод түлээ хагалаад зүгээр байсан. 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б эмчид үзүүлэхэд рентген зураг авахуулаад ир гэхээр нь Т эмчээр зураг авахуулсан. Т эмч баруун гарын 4 дүгээр хурууны 3 дугаар үе хугарсан бяцарсан гэж картанд бичиж оношилсон. Ингээд картаа зурагтайгаа авч мэс заслын эмч Бд үзүүлэхэд боолтны сувилагчтайгаа хамт гипс тавьж өгөөд кальци, барагшуун, алтан гагнуурын ханд зэрэг 5 төрлийн эм бичиж өгсөн. Гэртээ очоод байж байтал гар бадайрч хорсож эхэлсэн, өвчин намдаах эм уугаад ч намдахгүй байсан тул маргааш өглөө нь очиж үзүүлэхэд Б гэдэг эмч үзэж гипсийг авахад хавдар улам ихэссэн, шалбархай нь өтгөн ногоон идээтэй болсон байсан тул сувилагчаар идээг нь цэвэрлүүлж боогоод Б эмчийн бичсэн эмийг үргэлжлүүлээд уугаарай гэж хэлсэн. Тэр өдрөө хорсож өвдөх нь улам ихсэж, талбай нь томорсон тул маргааш нь буюу 9 дүгээр сарын 19-ний өглөө дахин Б эмчид үзүүлэхэд миний гарын ар хэсэг харласан байсан. Сувилагч миний гарын харласан хэсгийг хайчлан авч эм хийн дахин гипс тавьсан боловч өвдөлт нь улам ихэссэн тул шөнө 23 цагийн үед хүлээн авах дээр очиж үзүүлэх гэхэд өглөө амбулаториор үзүүлсэн юм байна ш дээ, өнөөдөр мэс заслын эмч ээлжинд гараагүй болохоор өглөө үзүүл гээд үзэж өгөөгүй. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө ирэхэд мөн л Б эмч байсан, бичиж өгсөн эмнүүдийг уутал улаанаар шээгээд байна гэхэд дотрын эмчид очиж үзүүл, таны гарыг хадна Б эмчид үзүүл гээд явуулсан. Тэр өдөр нь Б эмч хот явсан байсан, дотрын эмч нь ЭХО-д харуулах шаардлагатай байна гэсэн боловч тэр өдрийн цаг байхгүй байсан тул 1 дэх өдөр ЭХО-д харуулахаар болоод явсан. 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр боолт хийлгэхэд харласан хэсэг, хавдар нь бүр ихэссэн байсан тул И эмч үзээд зүсэлт хийж 2 таваг идээ авсан. Ингээд эмнэлэгт хэвтэж, өвчин намдаах тариаг цагаар хийлгэж, 1 дэх өдрийн өглөө С эмчээс 13/А маягт авч орой 17 цагийн үед хотод гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд халдварлагдсан идээт үрэвсэл гэсэн оноштой яаралтай хагалгаанд орсон. Эмч манай эхнэрт халдвар цусандаа орсон байж магадгүй, тийм бол гарыг тайрахаас өөр аргагүй гэж хэлсэн гэсэн, тухайн үед миний бие үнэхээр муу бүх бие шарлаж, улаанаар шээн гишгэж чадахгүй болсон, гар маань хүн харахад хэцүү, тохойноос урагш гарын сарвуу хүртэл махгүй болсон, 2,3,4 дүгээр хурууны шөрмөс идээндээ идэгдэн байхгүй болсон, хордлогонд ороод юм идэж ууж чадахгүй болсон байсан. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин баруун хөлнөөсөө арьс, мах авч гараа нөхөн сэргээх 7 цаг үргэлжилсэн хүнд хагалгаанд, 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дахин зүүн хөлнөөс арьс авч нөхөн сэргээх хагалгаанд орсон. Одоо ч гар маань бүрэн эдгээгүй, дунд хурууны үе идээндээ идэгдэн алга болсон бөгөөд дунд хурууг тайрч 2,4 дүгээр хурууг нийлүүлэх хагалгаанд орох гэж байна. Мөн цаашид шөрмөс залгуулах шаардлагатай гэсэн хариу өгсөн. Тэр өдрөөс хойш Б.Т, Б.Б, Ч.Б эмч нарын хэн нь ч надтай уулзаж биеийн байдлыг асуугаагүй. Эдгээр эмч нарын буруутай үйлдлээс болж миний амьдрал сүйрч байна. Эмчилгээгээ таслахгүйн тулд ах дүү нараасаа болон банкнаас найз нөхөд гээд зээл авч болох бүх л хүнээс зээл авсан. Одоо зээлээ буцаан төлж чадахгүй, тахир дутуу энэ тэр гэж доромжлууж, цаашид ажилдаа ч тэнцэхгүй тэтгэвэрт гарах болоод байна. Улмаар Б дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж жил гаран шалгагдсаны эцэст Б дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Б.Т, Б.Б, Ч.Б нарын буруутай үйлдэл болохыг тогтоосон боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхийг олгосон. Иймд Б дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 94.481.516 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнд хагалгааны зардал 1.371.782 төгрөг, эмнэлэгт хэвтсэн зарлагын падаанаар 2.745.800 төгрөг, НӨАТ-ын баримт 1.136.430 төгрөг, эхнэр С.Бгийн 6 сарын цалин 4.500.000 төгрөг, цалингийн зээл 2.392.793 төгрөг, миний өөрийн 3 сарын цалин 3.600.000 төгрөг, цалингийн зээл төлсөн 1.734.711 төгрөг, хот руу эмчилгээнд ирж, очсон унааны зардал 2.000.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 15.000.000 төгрөг, Эм Би Жи” мед эмнэлэгт хагалгаанд орох төлбөр 60.000.000 төгрөг багтсан болно гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бүгдийг дурдсан байгаа. Би нөхрөө аваад 16 цагийн үед хотод очсон. Тухайн өдөр ажлынхаа машинтай хот орсон болохоор нөхрөө үзүүлээд эмнэлэгт хэвтүүлээд буцах байх гэж бодоод машинаа хүлээлгээд ортол эмч нөхөрт маань үзлэг хийгээд идээ нь цусандаа орсон байж магадгүй нэг бол үхнэ, нэг бол гаргүй болно гэж хэлсэн. Тухайн үед би ямар хариу үйлдэл үзүүлснээ ч мэдэхгүй байна. Нөхөр маань хагалгаанд ороод гадаа нь хүлээгээд байж байтал Б эмч хүн хүргээд явж байхаар нь чиний зүгээр гээд байсан хүн чинь одоо үхэх гээд хэвтэж байна гээд уйлаад хэлсэн. Хагалгааны дараа эмч нар гарын булчингаас дээгүүр идээ тархсан бол гарыг тайрна, хэрвээ тархаагүй бол тайрахгүй гэж хэлээд, нөхөр чинь 2, 3 хоног халуурахгүй бол амь насанд нь аюулгүй, хэрвээ халуурвал аюултай гэж хэлсэн. Эхний хагалгаа нь цэвэршүүлэх хагалгаа байсан, хавтаст хэрэгт зураг нь авагдсан байгаа. Ямар аймшигтай байсныг тэр зурагнаас харж болно. Цэвэршүүлэх хагалгаагаар нь арьсан доорх бүхий л идээ шархыг соруулж авсан. Хагалгааны хийсний дараа маш өндөр үнэтэй эм тариа хэрэглэж эхэлсэн. Хоёрдугаар хагалгааг хийлгэхэд С эмч хагалгаа хийх эмчтэй уулзсан, тэгэхэд энэ хагалгааг гэмтлийн эмнэлэг анх удаа хийх гэж байна, маш хүнд хагалгаа амь настай нь холбоотой байж магадгүй гэсэн, тэр хагалгаа өглөө 8 цаг 30 минутад эхэлж, оройн 16, 17 цагийн үед дууссан. Нөхрийн маань хөлнөөс судас, мах авч гаранд нь нөхсөн, хөлний эдийг нь авч нөхсөнөөс болоод нөхрийн маань өвдөгний шингэн нь гоожчихсон, ясандаа идээтэй байгаа болохоор шингэнийг нь соруулж авч болохгүй гэсэн. Энэ мэт хагалгаанаас үүдэлтэй үр дагаврууд ар араасаа гарч байна. Идээ нь ясандаа орсноос болоод бүх эд эс, мөгөөрсийг нь идчихсэн болохоор нөхөрт маань одоо шөрмөс гэж байхгүй гар нь  тэнийхгүй, гараа атгаж чадахгүй, гараараа хутга бариад хоол ч идэж чадахгүй нөхцөл байдалтай байна. Ямар байдалтай байгааг нь шүүх хуралдаанд оруулж ирээд харсан ч болно. 2020 оны 10 дугаар сард гарынх нь нэг хэсэг эдгэрч битүүрсэн гэхдээ стумлит болчихсон учраас хэзээ нэгэн өдөр өөр газраар нь яс нь бүлтэрч гарч ирнэ, тийм болохоор гарныхаа хагалгааг яаралтай хийлгэх хэрэгтэй, энэ хугацаанд идээ нь хаана байгаа гэдгийг харуулж байгаарай гэсэн. Нөхөр маань өөрөө эрэг боолт эргүүлж чангалж чадахгүй байгаа болохоор ажил дээрээ байнга адлагддаг, жолооч нар нь манай нөхрийг эрэмдэг зэрэмдэг гэж дууддаг. Түүнээсээ болж нөхөр маань стрессдэж орж “пизда хэрвээ миний гар байсан бол” гэж уурладаг. Одоо нөхөр маань өөрөө өөртөө зориулаад хоол ч хийгээд идэж чадахгүй, нарийн иштэй зүйл барьж бараг чадахгүй, бүдүүн иштэй зүйлийг арай гэж барьдаг, үзэг бариад удаан бичиж чадахгүй нөхцөл байдалтай байна. Гэмтлийн эмч нар нэг үеийг нь аваад хуруунуудыг нийлүүлж оёно гэсэн, харин “Эм Жи Би” мед Монгол Солонгосын хамтарсан эмнэлгийн эмч нар эхлээд цэвэршүүлэх хагалгаа хийгээд дараа нь гаранд нь шөрмөсүүдийг суулгаж өгье гэж хэлсэн. Хүнд нэг хуруу ч гэсэн хэрэгтэй шүү дээ. Эмч нар нь хүртэл манай нөхрийг тахир дутуу болсныг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед нөхөр маань шөнө нь унтаж чадахгүй байсан учир бид хоёр өдөр бүр Бын эмнэлэгт очсон сүүлдээ эмч, хүлээн авахын сувилагч нар нь хүртэл бид хоёрыг хүлээж авахгүй байсан. Сүүлийн үед эмнэлгээс бид хоёрыг цагтаа ирээгүй гэх мэтээр тайлбарладаг болоод байгаа. Эмч нар зүгээр гээд байхад нөхрөө л баашилж байна гэж бодож байсан. Т эмч рентгенд хараад хугарч бяцарсан гэсэн онош хэлсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан зураг дээр гар нь хугарч бяцарсан зүйл харагддаггүй. Эмч Б Б нар нь рентгений зурганд үндэслэн гарыг нь хугарсан гэсэн онош тавьж гипсдсэн. Иймд хохирлыг яаралтай гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний хувьд юу болсныг сайн мэдэхгүй. Тухайн үед би ээлжийн амралттай байсан, намайг амарч байх хооронд ийм асуудал үүссэн байсан. Улаанбаатар хотод байхад дарга намайг эмчтэй нь очиж уулз гэсний дагуу уулзсан. Түүнээс өөрөөр юу болсныг өнөөдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг сонсож байгаагүй, хэрэг үүссэнээс хойш иймэрхүү зүйл болсон юм байна гэсэн мэдээлэлтэй байсан ч болсон процессыг сайн мэдэхгүй байна. Энэ хугацаанд нэхэмжлэгчид үзлэг, эмчилгээ хийсэн эмч нартай уулзсан, байгууллагын Чанарын албаны хурлаар эмч нарын ярьж байсан зүйлийг сонсоход янз янзын зүйл яригддаг. Миний хувьд уг үйл явцыг сайн мэдэхгүй болохоор тайлбар хэлэхэд хүндхэн байна. Хэргийн материал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас анхны эмчилгээг нэхэмжлэгч хүлээн авах тасгаас авсан, эмч нар рентген зураг авахуулахыг зөвлөж байсан юм байна гэж ойлгогддог. Цагийн цахим бүртгэлтэй танилцахад нэхэмжлэгч өөрөө товлосон цагтаа ирээгүй нөхцөл байдал байдаг, тухайн үед өөрөө ирээгүй юм уу эмч нь байхгүй байсан юм уу мэдэхгүй байна. Мөн ажил дээрээ хэдий хугацаанд хадгалагдсныг мэдэхгүй иодоор шархыг арчиж цэвэрлэгээ хийсэн гэсэн яриаг сонсож байсан. Миний хувьд хүмүүсийн ярианаас л энэ талаар сонссон болохоос яг тухайн үед байгаад юу болсон талаар мэдэхгүй болохоор ийм тайлбарыг өгч чадах байна. Би ийм хэмжээний хохирол гарч байгаа юм байна гээд даргадаа уламжилсан. Энэ мөнгөн дүнг хууль хяналтын байгууллагаас тогтоосны дагуу тооцож нэхэмжлээд байна гэж хувьдаа ойлгож байгаа. Сэтгэл санааны хохирлыг ямар хууль журмаар тогтоож, яаж үнэлж хэдий хэмжээний хохирлыг шаарддагийг ойлгохгүй байна. Эрүүл мэндийн төв гэдэг чинь олон хүн байдаг, энэ хэрэгт тэр бүх хүмүүс буруутай байна гэж байхгүй. Нэхэмжлэгчийг  буруутай эзэн холбогдогч нараас нь энэ мөнгийг шаардах ёстой байсан гэж үзэж байгаа. Шууд 94 сая төгрөгийг гаргаад өгөх боломжтой байгууллага цөөхөн байх, эмчилгээ хийсэн эмч нар ямар бодолтой байгаа талаар асууж ярилцаж байгаа. Ерөнхийдөө хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр яаж гарахыг харна гэсэн байр суурьтай байна гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Иргэн Ц.Ггын эмнэлгийн тусламж үйлчилгээг буруу үзүүлсний улмаас эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан болохыг нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргээр батлагдсан болно. Нэхэмжлэгч талаас хохирлоо гаргуулахаар маргасан, хариуцагч талаас нэхэмжлэлээ буруу гаргасан байна гэж тайлбарлалаа. Шүүх дээрх байдлыг харгалзан хуулийн дагуу шийдвэрлэж өгөх нь зүйтэй гэв

ҮНДЭСЛЭХ нь :

           Нэхэмжлэгч Ц.Г нь Б дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд анх 34.481.516 төгрөг гаргуулахыг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 60.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Хариуцагч Б дүүргийн Эрүүл мэндийн төв нь “.., гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Б дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хохирол нөхөн төлөх санхүүгийн зардал төсөвт тусгагдаагүй тул хохирлыг барагдуулах боломжгүй” гэсэн үндэслэл дурдаж шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

Б дүүргийн эрүүл мэндийн нэгдэл 2014 оны 9 сарын 24-ний өдөр нэр  өөрчлөгдөж Б дүүргийн Эрүүл мэндийн төв нэртэй болсон байна./1х хх-246/

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, Аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.2-т “удирдлагын багийн гишүүн, байгууллагын ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах цуцлах” эрхтэй гэж зааснаар Б дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нь эмч, ажилчдыг томилж, чөлөөлөх эрх хуулиар олгогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т тус тус зааснаар Б дүүргийн эмч нар нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу Б дүүргийн эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч Ц.Ггын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Г нь 2018.09.14-ний өдрийн 16 цагийн үед Б дүүргийн Онцгой байдлын хэлтэст үүрэг гүйцэтгэж байхдаа баруун гар дээрээ машины эд анги унагааж тухайн өдрөө ажил тарсны дараа Б дүүргийн хүлээн авах тасгийн эмч Г.Ат үзүүлж нэг дэх өдөр амбулаториор үзүүл гэж зөвлөсний дагуу 2018.09.17-ны өдөр эмч Бд үзүүлсэн, түүний заавраар  Т эмчид рентгэн зураг авахуулж онош тавиулсан, энэ оношоор  эмч Бгаар гипс тавиулж, 2018.09.18, 2018.09.19, 2018.09.20-ны өдрүүдэд тус тус мэс заслын эмч Бд, 2018.09.20-ны өдөр эмч Ит, 2018.09.24-ний өдөр эмч Бд үзүүлж Б дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах, рентгэн, мэс заслын эмч нараас 2018.09.14-ний өдрөөс 2018.09.24-ний өдрийг хүртэл  хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

            Хэргийг эрүүгийн журмаар шалгах явцад 2018.11.15-ны өдрийн 13328, 2019.06.21-ний өдрийн 756,  2019.10.15-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын хүсэлтээр  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020.04.20-ны өдрийн 460,  2020.11.30-ны өдрийн 1295 дугаартай дүгнэлтүүд тус тус гарсан байна.

/ 1-р хавтас хэргийн 131-137 дугаар хуудас, 2-р хавтаст хэргийн 67-75, 174-182 дугаар хуудас/

             Б дүүргийн Эрүүл мэндийн төвийн  эмч Г.А нь нэхэмжлэгч Т.Гд анхны үзлэгийг хийхдээ баруун гарын 3-р хурууны мултрал гэж оношийг буруу тавьсан, тэр дор нь мэргэжлийн гэмтлийн эмчид үзүүлээгүй, дүрс оношлогооны эмч  Т нь 3 дугаар хурууны  4 дүгээр шивнүүрийн төгсгөлд бяцарсан хугарал гэж буруу оношлосон, эмч Б нь үйлчлүүлэгчээс анамнез аваагүй, бодит үзлэг хийж баруун хурууны 3 хугарал гэж буруу оношилсон, антеобиотек эмчилгээ хийгээгүй, гөлтгөнө боолт хийх ёсгүй байхад хийсэн, эмч Бъя нь үйлчлүүлэгчийн  анамнез бодит үзлэгийг дутуу хийснээс баруун гарын алганы шивнүүр ясны хугарал гэж буруу оношлосон, баруун гарын сарвуунд няцарсан шархтай байхад    антебиотек эмчилгээ хийгээгүй, 3 хоног үзэж өвчин намдаах эмч бичиж хугацаа алдсанаас нэхэмжлэгч Т.Ггын баруун гарын сарвууны ар гадаргуугийн зөөлөн эдийн няцарсан шарх нь халдварлагдан идээт үхжилт үрэвслээр хүндэрч үхжил үүсгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ц.Ггын амбулаторийн карт, эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад удаа дараа гарсан шинжээчийн дүгнэлт тэдгээрийг бататган иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020.04.20-ны өдрийн 460,  2020.11.30-ны өдрийн 1295 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

            Дээрх эмч нар нь нэхэмжлэгч Т.Гд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтыг зөрчиж онош буруу тавих, буруу эмчилгээ хийх, цаг хугацаа алдах зэргээр гэм буруутай үйлдлээр гэм хорын хохирол учруулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

            Нэхэмжлэгч Ц.Г нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний болон хагалгаа хийлгэсэн зардал, өөрийн ажилгүй байсан хугацааны болон хэвтэн эмчлүүлж байх үед сахиур эхнэр С.Бгийн цалин, эмчилгээ хийлгэхээр нааш цааш явсан замын зардал, эмийн сангаас худалдан авсан эм тарианы үнэ, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлс, сэтгэл санааны хохирол, хойшид баруун гарын шархыг цэвэршүүлэх, яс нөхөх, судас шөрмөс, мэдрэл залгах, чөлөөт эд нөхөх, капсул экотоми хийх олон үе шат дараалалтай мэс заслууд хийлгэх төлбөр нийт 94.481.516 төгрөгийг нэхэмжилсэн.

           Нэхэмжлэгч Ц.Г нь эмч нарын буруу оношилгоо, эмчилгээний улмаас баруун гартаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд 3 удаа хагалгаанд орсон, өвчин намдаах эм, тариа, лаа, эмчилгээний хэрэгсэл, асарч сувилах, хоол хүнс, унааны зардалд 7.254.012 төгрөг,  дутуу авсан цалин хөлсөд эхнэр С.Бгийн 3 сарын цалин 2.250.000 төгрөг, Ц.Ггын 3 сарын цалин 2.414.977 төгрөг /цалингийн дунджаар тооцсон/  зайлшгүй зардалд эмчилгээндээ зориулж авсан Бгийн 3 сарын зээл, зээлийн хүүд 1.216.752 төгрөг, Ц.Ггын зээл, зээлийн хүүд 1.734.711 төгрөг, өмгөөлөлийн хөлс 2.000.000 төгрөг төлсөн, эхнэр Б нь нөхрийгөө асарч 2018.9.24-нөөс 12.31-ний өдөр хүртэл 3 сарын хугацаанд ажлаа хийгээгүй чөлөөтэй байсан болох нь НӨАТ-ын баримт, зарлагын баримт, “Б тохижилт” ОНӨААТҮГ-ын даргын тодорхойлолт, Төрийн банк болон Хас банкны зээлийн дансны хуулга, С.Бгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б дүүргийн Онцгой байдлын хэлсийн цалингийн тодорхойлолт, хот хооронд зорчсон тухай тодорхойлолт, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн тодорхойлолт, эмчилгээний үеийн гэрэл зургууд, гарны рентген зураг, өмгөөлөгчид төлбөр төлсөн тасалбар зэргээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь цаашид хагалгаанд дахин орох хагалгаа хийлгэх зардалд 60.000.000 төгрөг шаардлагатай гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгчийн амбулаториар эмчлүүлэгсдийн картад энэ талаар бичилт хийсэн боловч ямар эмнэлгийн хэн гэдэг эмч уг бичилтийг хийсэн нь тодорхойгүй, гарын үсгийн тайлал, эмчийн тамга тэмдэггүй, нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангаагүй, “Эм Би Жи” мед эмнэлгийн “нэхэмжлэх” гэх баримтыг үндэслэж 60.000.000 төгрөгийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэж үзэх боломжгүй байна .

Мөн Б нь нөхрөө асарсан 6 сарын цалин нэхэмжилсэн боловч асруулагч этгээд 3 сар болоод ажилдаа орсон талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурдсан байна.

Иймд С.Б, Ц.Г нарын илүү нэхэмжилсэн цалингийн зөрүү 2.611.064 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, цаашид хагалгаа хийлгэх төлбөр 60.000.000 төгрөг нийт 72.611.064 төгрөгийн  шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас Ггын 3 сарын цалин 2.414.977 төгрөг,  С.Бгийн 3 сарын цалин 2.250.00 төгрөг, асарч сувилах 1.136.430 төгрөг, эм тариа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 2.745.800 төгрөг, хагалгааны төлбөр 1.371.782 төгрөг, Улаанбаатар, Б хооронд явсан бензиний төлбөр 2.000.000 төгрөг, С.Бгийн зээл, зээлийн хүү 1.216.752 төгрөг, Ц.Ггын зээл, зээлийн хүү 1.734.711 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нийт 21.870.452 төгрөгийг гаргуулах зүйтэй.

        Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бгийн шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч Ц.Ггын эрүүл мэндийн байдал, 3 удаагийн хагалгааны дараах гэрэл зургуудаас харахад түүний зовж шаналсан, буруутай этгээдээс болж эмнэлгийн тусламж үйлчилгээ хожимдож авснаас үүдэн баруун гарын дунд хуруу үегүй болж хөдөлмөрийн чадвараа алдсан байх ба түүний хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах,  эхнэр хүүхдүүд, гэр бүл, хамт олонтойгоо  тайван амгалан орчинд сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай амьдрах эрхүүд нь зөрчигдсөн, түүний өөрийн эрүүл мэндээрээ хохирсны улмаас сэтгэл санааны хохирол учирсан талаар шүүхэд ирүүлсэн тайлбарыг үндэслэлгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм. Иймд өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд нөлөөлсөн нөлөөлөл, эдэлсэн зовлон шаналал, эрүүл мэндийн байдлыг  арилгах боломжгүй нөхцөл байдлуудыг энгийн хүмүүсийн сэтгэл санаанд үзүүлэх нөлөөлөлтэй харьцуулан харгалзан үзэж сэтгэл санааны хохирлыг шүүх дотоод итгэлээрээ тооцож 5.000.000  төгрөг гаргах нь зүйтэй гэж дүгнэв.

            Дээрх үндэслэлүүдээр  хариуцагч Б дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нэхэмжилсэн 21.870.452 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 72.611.064 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иргэдийн төлөөлөгч Л.Б “Нэхэмжлэгч талаас хохирлоо гаргуулахаар маргасан, хариуцагч талаас нэхэмжлэлээ буруу гаргасан байна гэж тайлбарлалаа. Шүүх хэргийг нотлох баримтад үндэслэн шийдвэрлэнэ үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

            Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 332.033 төгрөг төлөхөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШЗ2020/00018 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 21.870.452 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267.302 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 21.870.452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О овогт Ц.Гад олгож, үлдэх 72.611.064 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 332.033 төгрөг төлөхөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШЗ2020/00018 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 21.870.452 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267.302 төгрөгийг гаргуулж  улсын орлого болгосугай.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ                                П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД                                      Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ
                                   П.ТУЯА