Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргалжуут овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321003530343 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шаргалжуут овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, “*******” гэх газраас 2023 оны 07 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчимд “*******-3” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бензин моторт хөрөө ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүй 11 ширхэг бөөрөнхий нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэн байгаль экологид 264,822.05 /хоёр зуун жаран дөрвөн мянга найман зуун хорин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Байгалийн жамаар унасан 3 ширхэг хуурай модыг ойн цэвэрлэгээний журмаар зөвшөөрөлтэйгээр өгдөг. Мод авах эрхийн бичгийг намар олгодог учир би тухайн үед эрхийн бичиг аваагүй байсан. Би ойн цэвэрлэгээний журмаар өгдөг байгалийн жамаар унасан хуурай модыг авсан...” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн ”...мод бэлтгэсэн гэх газар болон тайрсан модыг заалгахад газраас дээш 10-20 см орчимд шинэхэн тайрагдсан 3 ширхэг модны хожуулыг зааж байсан бөгөөд тэдгээр 3 хожуулын нэг нь үндсээрээ булгарч унасан, хоёр нь хугарч унасан бололтой хожуулын хажууд нь хугарч бяцарсан мод харагдаж байв...” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын 3 дугаар багийн иргэн ******* нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 264,822 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. *******ын мод бэлтгэсэн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар нь ой модтой газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно...” гэжээ. /хх-ийн 32-33/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчимд сумын төвийн баруун хойд талаас сум руу ирж яваа бололтой тээврийг хэрэгслийг өөдөөс нь дөхөж очоод зогсоогоод шалгахад жолооч *******, нар нь цагаан өнгийн *******-3 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 11 ширхэг 2 метр орчим урттай бөөрөнхий модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлэж явсныг зогсоон хаанаас мод тайрч бэлтгэсэн талаар асууж тодруулахад ******* сумын 3 дугаар баг “*******” гэх нэртэй газраас тайрч бэлтгэсэн талаар өөрсдөө хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”*******” гэх нэртэй хэсэгхэн ой модтой уулын ар талд явж очиход тэнд дундуураа хугарч унасан 2, үндсээрээ булгарч унасан 1 мод байсан бөгөөд ******* авч явсан өөрийнхөө бензин моторт хөрөөг ашиглан 2 метр урттай тайрч бэлтгэхэд нийт 11 ширхэг бөөрөнхий мод болсон. Би тэр тайрсан модыг нь *******ын хамт тээврийн хэрэгсэл дээр ачилцаж өгсөн. Ингээд бид хоёр модоо ачаад сумын төв рүү орж явах замд цагдаа таарч шалгасан...” гэжээ. /хх-ийн 40-41/

Дорнод аймгийн ******* суман дахь сум дундын ойн ангийн инженер, шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2023/10 тоот “...Дээрх 7 ширхэг ургах чадваргүй нарс төрлийн мод нь хэрэглээний, 4 ширхэг ургах чадваргүй нарс төрлийн мод нь түлээний стандартаар тус тус бэлтгэсэн мод байх бөгөөд дээрх 11 ширхэг моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь өвлийн их цас орох үеэр хугарч унасан, ургах чадвараа алдсан моднууд байсан. ******* нь 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын Ойн ангиас аваагүй байна. ******* сумын 3 дугаар баг “*******” гэх газар нь 2023 онд мод бэлтгэлийн ажил төлөвлөгдөөгүй, тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно. Уг моднуудын 7 ширхэг нь хэрэглээний модны стандартаар бэлтгэгдсэн буюу хашааны банз, палкны зориулалтаар ашиглаж болохуйц мод байна. Харин 4 ширхэг мод нь түлээний стандартаар бэлтгэсэн хашааны шон хийж ашиглаж болохуйц мод байна. Бэлтгэсэн 7 ширхэг ургах чадваргүй нарс мод нь хэрэглээний бөөрөнхий мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадваргүй нарс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 168,655 төгрөг болно. 7 ширхэг нарс мод 171,218.5 төгрөг болно. Хуурай түлээний 4 ширхэг ургах чадваргүй нарс мод нь 93,603.5 төгрөг болно. Иргэн *******ын хууль бусаар бэлтгэсэн нарс төрлийн модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь нийт дүнгээр 171,218.5 төгрөг + 93,603.5 төгрөг = 264,822.05 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би сумын төвд байдаг гэрийнхээ гадаа түлээний мод татаж авчрахаар 2023 оны 07 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчимд өөрийн эзэмшлийн *******-3 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон найз ийн хамт сумын төвөөс баруун тийш 8 км зайтай “*******” гэх хэсэгхэн ой модтой газарт очоод үндсээрээ булгарч унасан 1, гол хэсгээрээ хугарч унасан 2 нийт 3 ширхэг модыг 2 метр орчим урттайгаар тайрч бэлтгэхэд 11 ширхэг бөөрөнхий мод болсон. Тухайн модыг найз ийн хамт тээврийн хэрэгсэлд ачаад сумын төв рүү орох замд цагдаа таарч шалгасан...” гэжээ. /хх-ийн 68-69/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, танилцуулсан баримт /хх-ийн 1-4/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 7-8/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

Хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ДЦ-23-206,  ДЦ-23-211 тоот дүгнэлт /хх-ийн 53-57, 58-61/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21, 22-26/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 76-79/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 81-83/

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 95-97/

Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 108-110/

*******ын хүсэлт /хх-ийн 99, 104-106/

*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/

******* улсын дугаартай, Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /хх-ийн 74/

*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71-72/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч талаас шинээр гаргаж өгсөн шийтгэлийн хуудсаар оногдуулсан 300,000 төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин моторт хөрөөг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод, модон материал бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд эрх бүхий байгууллагаас олгох тусгай зөвшөөрөл нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван төрөлтэй байхаар хуульчлагджээ.

Ойн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн ойлголтыг тайлбарлахдаа модны шинж чанар, төрөл, зориулалт, түүнийг бэлтгэх арга, технологиос шалтгаалан шаардагдах зөвшөөрлийг ялгаатай авч үзэх бөгөөд ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, хожуул, унанги, гишүү, мөчир зэргийг цэвэрлэх замаар иргэдэд цэвэрлэгээний төрлөөр зөвшөөрлийг олгодог байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ургах чадваргүй, үндсээрээ булгарч унасан 3 ширхэг нарс модыг тайрч, 2-2.4 метр урттай 11 ширхэг бөөрөнхий мод болгон бэлтгэж, ******* улсын дугаартай, Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...жилд нэг өрхөд байгалийн жамаар унасан 3 ширхэг хуурай мод /3 м3 мод/-ыг түлээний зориулалтаар буюу ойн цэвэрлэгээний журмаар ашиглах зөвшөөрөл өгдөг. Мод авах эрхийн бичгийг намар олгодог учир би тухайн үед эрхийн бичиг аваагүй байсан. ...би сумын төвд байдаг гэрийнхээ гадаа түлээний мод татаж авчрахаар 2023 оны 07 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчимд өөрийн эзэмшлийн *******-3 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон найз ийн хамт сумын төвөөс баруун тийш 8 км зайтай “*******” гэх хэсэгхэн ой модтой газарт очоод үндсээрээ булгарч унасан 1, гол хэсгээрээ хугарч унасан 2 нийт 3 ширхэг модыг авсан нь үнэн...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн ”...мод бэлтгэсэн гэх газар болон тайрсан модыг заалгахад газраас дээш 10-20 см орчимд шинэхэн тайрагдсан 3 ширхэг модны хожуулыг зааж байсан бөгөөд тэдгээр 3 хожуулын нэг нь үндсээрээ булгарч унасан, хоёр нь хугарч унасан бололтой хожуулын хажууд нь хугарч бяцарсан мод харагдаж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч ийн “...*******ын мод бэлтгэсэн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар нь ой модтой газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болно...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн ******* суман дахь сум дундын ойн ангийн инженер, шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №2023/10 тоот “...дээрх 11 ширхэг моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь өвлийн их цас орох үеэр хугарч унасан, ургах чадвараа алдсан моднууд байсан. ******* нь 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын Ойн ангиас аваагүй байна. ...*******ын хууль бусаар бэлтгэсэн нарс төрлийн модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь нийт дүнгээр 171,218.5 төгрөг + 93,603.5 төгрөг =264,822.05 төгрөг...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь ойгоос унанги буюу өвлийн их цас орох үеэр хугарч унасан, ургах чадвараа алдсан 3 ширхэг нарс модыг Ойн тухай хуульд зааснаар ойн цэвэрлэгээний зориулалтаар зөвшөөрөл авалгүй бэлтгэж тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч түүний энэ үйлдлийн улмаас ой, түүний дагалт баялагт халдсан, ойн нөөц баялагийг хомсдуулж, ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан, хүрээлэн байгаа орчин, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж, эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашигт хор хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших бөгөөд гэмт хэргийн хохирол хор уршиг нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагавар болох юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй нь илрэн гарах гадна хэлбэрээрээ гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч учирсан хохирол нь ялимгүй учир нийгэмд аюулгүй байдаг байна.

Иймд шүүгдэгч ******* нь зөвшөөрөлгүй боловч ойн цэвэрлэгээ хийх байдлаар түлшний хэрэглээнд унанги, ургах чадваргүй 3 ширхэг буюу 1.12 м3 мод түүж бэлтгэхдээ байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээний хязгаараас хэтрүүлээгүй өөрөөр хэлбэл нэг өрхөд түлээний зориулалтаар жилд бэлтгэх модны 3.0 м3 хэмжээнээс хэтрүүлээгүй, байгаль орчныг бохирдуулах, доройтуулах, гэмтээх, нөөц баялгийг хомсдуулах болон экологийн тогтолцоог алдагдуулах үр дагавар учруулаагүй байх тул шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд тэрээр 52 настай, эрэгтэй, Дорнод аймгийн ******* суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт мал маллаж амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******од холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч ийн “...хууль бусаар тайрч бэлтгэсний модны үнэ 264,822 төгрөгийн...” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Түүнчлэн шүүгдэгч *******од холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас эрүүгийн 2321003530343 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэд буцааж, мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 11 ширхэг бөөрөнхий мод, ******* улсын дугаартай, Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэл болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бензин моторт хөрөөг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******од буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5-6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Шаргалжуут овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгасугай.

2. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2321003530343 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

4. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 11 ширхэг бөөрөнхий мод, ******* улсын дугаартай, Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэл, нэг ширхэг бензин моторт хөрөөг шүүгдэгч *******од буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА