| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2020/00379/И |
| Дугаар | 136/ШШ2021/00012 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 136/ШШ2021/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь салбарын /РД:*/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ... дүгээр баг, ... тоотод оршин суух Ш овогт Б-ын С,
Дорноговь аймаг, Сайншанд сум, ... тоотод оршин суух Э нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, нотариатын төлбөр, зээлийн төлбөр нийт 182.087.791 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, Д.Н, хариуцагч Б.С, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Б.С, Ч.Э нар нь тус банкны Дорноговь салбарын харъяа төв тооцооны төвөөс дараах зээлүүдийг авсан байна. Үүнд: 2018 оны 3 сарын 27-ны өдөр ЗГ/201843482649 тоот зээлийн гэрээ болон БГҮ/201843482649 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар зээлж авч, зээлийн барьцаанд зээлдэгч Б.С-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0... дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, ... дүгээр баг ... тоотод байрлах 129.9 м2 талбайтай орон сууц, зээлдэгч Б.С, Ч.Э нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-07... дугаарт бүртгэлтэй Дорноговь аймаг, Сайншанд сум, ... дүгээр баг, Найрамдал ... тоот 120 м2 талбайтай дэлгүүрийн барилга, зээлдэгч Б.С, Ч.Эн, Э.Т нарын эзэмшлийн нэгж талбарын депо 119-2 *** дугаартай Дорноговь аймаг, Сайншанд суманд байлах 1096 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт,
2. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/201742963093 тоот зээлийн гэрээ болон БГ/201742963093 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 49.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч Б.С-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-07--- дугаарт бүртгэлтэй Дорноговь аймаг, Сайншанд сум, ... тоот орон сууц, зээлдэгч Б.С-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Е-0713004841 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймаг, Сайншанд сум, ... тоот худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, зээлдэгч Б.С-ийн эзэмшлийн нэгж талбарын 44.... дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, ... талбатай худалдаа, нийтийн зориулалттай газрын хамт тавьсан.
Зээлдэгч Б.С, Ч.Э нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрүүдийг төлж барагдуулсан байна. 2018 оны 3 сарын 27-ны өдрийн ЗГ/201843482649 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 7.385.111 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16.046.977 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18.195 төгрөг нийт 23.450.283 төгрөг, 2017 оны 3 сарын 07-ны өдрийн ЗГ/201742963093 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 8.268.862 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 19.423.268 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4.358 төгрөг, нийт 27.696.488 төгрөг байна.
Зээлдэгч Б.С, Ч.Э нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацаа хэтэрч 601, 662 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах, 2018 оны 3 сарын 27-ны өдрийн ЗГ/201843482649 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 92.614.889 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 32.825.518 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 824.655 төгрөг нийт 126.265.062 төгрөг, 2017 оны 3 сарын 07-ны өдрийн ЗГ201742963093 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 38.630.856 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16.578.772 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 590.601 төгрөг нийт 55.800.229 төгрөг нийт 182.065.291 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 22.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн дараах барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүнд:
-Б.С-ийн өмчлөлийн Ү-071... улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум ... тоот хаягт байрлалтай орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Б.С-ийн өмчлөлийн Ү-071.... улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг Сайншанд сум .... тоотын баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
-Б.С-ийн эзэмшлийн 000.... гэрчилгээний дугаартай 44.... нэгж талбарын дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум 0-д байрлах худалдаа нийтийн зориулалттай эзэмших эрхтэй 73 м.кв газрыг тус тус барьцаалсан,
-Б.С-ийн өмчлөлийн Ү-071--- улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ... тоотод байрлалтай орон сууцны зориулалттай 129.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
-Б.С, Ч.Э нарын өмчлөлийн Ү-07 улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ... тоотод байрлах дэлгүүрийн зориулалттай 120 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
-Ч.Э, Б.С, Э.Т нарын эзэмшлийн 002... гэрчилгээний дугаартай, 10... нэгж талбарын дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ... байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болно.
Манайх 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш хагас жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацааны зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг банкны зүгээс нэмж нэхэмжлэхгүй. Анх нэхэмжилсэн дүнгээр зээлийн төлбөрөө гаргуулах саналтай байна. Гэрээнүүд 60 сарын хугацаатай. Энэ хугацаагаар бодоод үзэхэд 2023 онд зээлийн гэрээний хугацаа дуусна. Хариуцагч нар сүүлийн зээлээ хүлээн зөвшөөрөөд эхний зээлээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч нар энэ зээлийг аваагүй гэж маргадаггүй, авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. У нарын нэхэмжлэлтэй хэргийг Дээд шүүхээр хянан шийдвэрлэж байгаа учраас үүнийг шийдсэний дараа шийдүүлмээр байна гэсэн шаардлага гаргаж байгаа. Зээлийн гэрээний үүргээ шаардах нь банкинд зээлдүүлэгч талд Иргэний хуулиар олгогдсон. Зээлдэгч нар 600-аас дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлээ төлөх шаардлагыг хуулийн дагуу тавихад төлөөгүй учраас банк эдгээр зээлийг аль алийг нь нэхэмжилсэн. Нэгэнт зээлдэгч нар зээл аваагүй гэж маргадаггүй, банктай зээлийн гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрч байгаа учраас зээлээ төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Дээд шүүхийн шийдвэр гарлаа гэхэд шууд хэрэгжээд явчихдаг зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр албажлаа гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гэх мэт нилээн ажиллагаа байгаа. Зээлдэгч нар зээлийн гэрээтэй холбоотой маргаан байхгүй учраас зээлийн төлбөрөө гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрлэнэ гээд эсвэл зөвхөн 100.000.000 төгрөгийн зээлийг шийдвэрлэнэ гэвэл зээлдэгчид үлдэх хүүгийн дарамт нэмэгдэнэ. Банк дараа нь тусад нь нэхэмжиллээ гэж бодоход нэхэмжлэл гаргах хугацаагаар хүү нэмэгдээд явахыг анхаарч үзэх хэрэгтэй. Бид зээлийн төлбөрийг бүртгэлийн картаар давхар баталгаажуулж байгаа. Төлсөн мөнгө нь дансны хуулгаар нотлогдоно. Хамгийн гол зүйл бол гэрээ байгуулж байгаа талууд гэрээний чөлөөт байдлыг хангах юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй. Өмнөх шүүх хуралдаанууд дээр ярьж байгаагүй байж өнөөдрийн шүүх хуралдаан дээр гэрээний үүрэгтэй холбоотой ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний агуулгаа тухайн үед бид хоорондоо ярилцаж байгаад зээл авах хүсэлтээ зээлдэгч тал гаргаж тавьсан. Түүнийг дагуу банк судалж үзээд зээлийн гэрээ байгуулах шаардлага хангаж байна гэж үзсэн. Аливаа арилжааны банк зээлийн гэрээний нөхцөл шаардлагыг хангасан зээлдэгчид зээл олгодог. Гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан, агуулгыг нь зөрчсөн зүйл байхгүй. Иргэний хуулийн 196.1.2-т бичгээр гэрээг байгуулахаар заасан. Мөн талууд тохиролцон гэрээ байгуулаад нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцогддог. Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Банк насанд хүрсэн, ажил орлоготой зээлдэгчид зээл өгсөн. Нэгэнт зээл авсан бол гэрээний үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй. Хуулийн 222.5-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. 2 гэрээ аль аль нь 600-аас дээш хоног хугацаа хэтэрсэн байгаа. Энэ нь 2 жилийн хугацаанд зээлийн төлбөр төлөгдөөгүй гэсэн үг. Иргэний хуулийн 227.1-т зааснаар гэрээний тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 100.000.000 төгрөгийн зээл төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 49.000.000 төгрөгийн зээл дээр маргаантай байгаа. 49.000.000 төгрөгийн гэрээг яагаад салгаад оруулж ирж болоогүй юм бэ? Энэ хэрэг Улсын Дээд Шүүх дээр явж байгаа учраас анхан шатны шүүх шийдвэр гаргах боломжгүй. Энийгээ салгахгүй заавал хариуцагчтай болгох гээд байгаад эргэлзэж байна. Гэрээ хийсэн хүмүүс нь бид 2 учраас Х ингэх нь зөв байх. Гэхдээ Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа энэ асуудлыг шийдвэрлэж болохгүй байсан юм уу. Анхан болон давж заалдах шатны шүүхийн 49.000.000 төгрөгтэй холбоотой гаргасан шийдвэрүүдийг та сайн мэдэхгүй байгаа байх. Уг шийдвэрүүдэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзээд, мөн Иргэний хуулийн 172.4-т зааснаар ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжих болно, ипотек болон шаардлага нь өмнөх үүрэг гүйцэтгэгчид байсан хэмжээгээр шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжинэ гэсэн заалтыг оруулж өгсөн. Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа энэ асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байна. Бид 2 дүр үзүүлж хэлцэл хийгээд банкнаас зээл авсан болохыг Дээд шүүхээс тогтоогдвол энэ зээл тэр чигээрээ Уранчимэг рүү шилжинэ гэсэн ойлголттой байгаа учраас ингэж маргаад байгаа. Бид 100.000.000 болон 49.000.000 төгрөгийн зээлийг бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрөх боломж байлаа. Өөрийнхөө байраар зээлээ төлөөд 49.000.000 төгрөгийг банкинд хураалгах боломж байсан. Маргалдаад байгаа шалтгаан нь Уранчимэгээс болж найдваргүй зээлдэгч гэсэн нэртэй болчихгүй гэсэндээ хувиасаа 5.610.000 төгрөг төлсөн. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. Тэр мөнгөө буцааж авах гээд шүүх дээгүүр яваад байгаа. Хураалгачихвал тэр мөнгө минь алга болчихно гэж бодоод салгуулах гээд маргаад байгаа гэв.
Хариуцагч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э-тай адил саналтай байна. 100.000.000 төгрөгийн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 49.000.000 төгрөгийн зээлийн тухайд Уранчимэг бид хоёрын хийсэн гэрээгээр банкны зээлийг нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. У эхэндээ зээлээ төлж байгаад сүүлдээ зээлээ төлөхөө болиод найдваргүй зээлдэгч болсон. Энэ маргаан анхан болон давж заалдах шатны шүүхээр ороод одоо хяналтын шатны шүүх дээр хянагдаж байгаа. Бид байнга зээл аваад хугацаандаа буцааж төлдөг байсан учраас Хны найдвартай харилцагч байсан. Уранчимэгт 49.000.000 төгрөгийн зээл авч өгөхөд миний нэр дээр бизнесийн зээл авсан. Уранчимэг өөрөө авсан зээлээ төлж чадахгүй байдал үүссэн. У Солонгос яваад зээлээ найдвартай төлнө гэж бид хоёроос гуйсан. Ганцхан У биш давхар Хны салбарын эрхлэгч, эдийн засагч нар өөрсдөө ирж санал тавьсан. Зээлийн гэрээ хийсэн эдийн засагч нь У бид хоёрын дунд болсон нөхцөл байдлыг сонсож байсан. Шүүх хуралдааны үеэр банкны эдийн засагчийг гэрчээр дуудаж мэдүүлэг өгүүлсэн. 49.000.000 төгрөгийн зээлийг авчихаад У нөхөртэйгөө Солонгос явж чадаагүй. Орон сууц миний нэр дээр шилжиж байгаа. Хэрэв У ямар нэгэн асуудал үүсгэвэл байрыг нь зараад тэр байдлаас гарч болох давхар барьцаа үүсч байгаа гэдэг үүднээс энэ гэрээг хийсэн. Түүнчлэн хоорондоо аман гэрээгээр тохиролцсон. Би тухайн үед найзтайгаа ярьж байгаад Уранчимэгийг нөхөртэй нь хамт Турк улс руу явуулж өгсөн. Тэнд очоод тэр хоёр байрлах байртай, ажилтай, орлоготой болсон. Зээлийнхээ мөнгийг сар бүр надруу тогтмол шилжүүлдэг байсан. Би найдвартай зээлдэгч байсан учраас миний өөрийн хэрэгцээ шаардлага гараад 100.000.000 төгрөгийг дахин зээлсэн. У мөнгөө шилжүүлэхгүй байсан. Бас манай ар гэрт өвчин зовлон гарсан учраас зээлээ төлж чадаагүй. Ийм давхцал үүссэн. Уранчимэг мөнгөө шилжүүлсэн, миний байр гэж маргаад байгаа учраас хэдийгээр байр нь миний нэр дээр байгаа ч захиран зарцуулах боломжгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг байрыг захиран зарцуулах эрх үүснэ. Өмнө нь тэр байрыг зарах гэж зар тавьж байсан боловч хүмүүстэй үнийн дүн дээр тохиролцож чадаагүй учраас зараагүй. Хэрвээ У надад байраа зарсан байсан бол зээлийн төлөлтийн мөнгө явуулахгүй байсан. Дүр үзүүлж гэрээ хийсэн учраас зээл төлөх үедээ над руу мөнгө шилжүүлж байсан. Би энэ хүнд ах дүүгийн хувиар тусласан. Энэ хүн ажиллаж зээлээ төлөөд байраа буцааж нэр дээрээ шилжүүлж авна гэсэн аман гэрээ байсан учраас асуудал ийм дээрээ тулчихаад байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн Дорноговь салбар нь хариуцагч Б.С, Ч.Э нарт холбогдуулж Х болон Б.С, Ч.Э нарын хооронд 2017 оны 03 сарын 07-ны өдрийн ЗГ/201742963093 дугаартай 49.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2018 оны 03 сарын 27-ны өдрийн ЗГ/201843482649 дугаартай 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах, 2017 оны 03 сарын 07-ны өдрийн ЗГ/201742963093 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 55.800.229 төгрөг, 2018 оны 03 сарын 27-ны өдрийн ЗГ/201843482649 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 126.265.062 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22.500 төгрөг, нийт 182.087.791 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Б.С, Ч.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 03 сарын 27-ны өдрийн ЗГ/201843482649 дугаартай 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг зөвшөөрч, харин 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 49.000.000 төгрөгийн зээлийн гэрээны үүргийг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:
Талуудын хооронд 2017 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр “Х” ХХК нь 49.000.000 төгрөгийг Б.С, Ч.Э нарын эзэмшилд шилжүүлэх, Б.С, Ч.Э нар дээрх төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй 60 сарын хугацаанд зээлийн гэрээний хавсралт-1 “зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу буцаан төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх,
2018 оны 03 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр “Х” ХХК нь 100.000.000 төгрөгийг Б.С, Ч.Э нарын эзэмшилд шилжүүлэх, Б.С, Ч.Э нар дээрх мөнгөн хөрөнгийг жилийн 20 хувийн хүүтэй 60 сарын хугацаанд зээлийн гэрээний хавсралт-1 “зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу буцаан төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээхээр тус тус тохиролцсон байна.
Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйллийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.С, Ч.Э нарт 2017 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тэдэнд 53.... дугаартай зээлийн данс нээж 49.000.000 төгрөг, 2018 оны 03 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5381... дугаарын данс нээж 100.000.000 төгрөг олгосон нь Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-д “зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэсэнтэй нийцэж байх тул тэдний хооронд зээлийн гэрээ бодитой хийгдсэн, “Х” ХХК-ийг гэрээний үүргээ гүйцэтгэсэн байна.
Хариуцагч нар 2017 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 27.696.488 төгрөг /үндсэн зээлийн төлбөрт 11.744.943,84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15.947.186,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4.357,51 төгрөг/ 2018 оны 03 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 23.450.283 төгрөг /үндсэн зээлийн төлбөрт 7.385.111,31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16.046.976,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18.195,03 төгрөг/ төлсөн талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвшөөрч байна.
Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр зээлийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.
Хариуцагч Б.С, Ч.Э нар 49.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс, 100.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг 2019 оны 04 сарын 02-ны өдрөөс төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, түүнчлэн “Х” ХХК нь хариуцагч Б.С, Ч.Э нарт зээлийг төлөх талаар 2019 оны 01 сарын 16, 2020 оны 02 сарын 19-ний өдрүүдэд зээлийг төлөх, зээлийг буцаан шаардах мэдэгдлийг өгч гэрээний үүргийн зөрчил арилгуулахаар нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нар гэрээний үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
Иймд 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 49.000.000 төгрөг, 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д зааснаар “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.” гэж 219 дүгээр зүйлийн 219.3-д “Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно.” гэж 225 дугаар зүйлийн 225.2-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасны дагуу цуцлах нь зүйтэй байна.
2017 оны 03 сарын 07-ны өдрийн болон 2018 оны 03 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг цуцалснаар гэрээний гүйцэтгэсэн үүрэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа цаашид дуусгавар болох тул нэхэмжлэгч нь гэрээ цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч “Х” ХХК 2017 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 55.800.229 төгрөг /үндсэн зээл 38.630.856 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16.578.772 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 590.601 төгрөг/ 2018 оны 03 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 126.265.062 төгрөг /үндсэн зээл 92.614.889 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 32.825.518 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 824.655 төгрөг/ нийт 182.065.291 төгрөгийг гаргуулах шаардлагын үнийн дүнг хариуцагч Б.С, Ч.Э нар тооцооны хувьд маргахгүй зөвшөөрнө гэж тайлбарлаж байх тул энэ дүнгээр зээлийн гэрээний үүргийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэгчээс гарсан нотариатын зардал 25.000 төгрөг нь гэрээний үүрэг зөрсөнөөс учирсан хохирол байх тул энэ шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Мөн талууд 2017 оны 03 сарын 07-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж
-Б.С-йн өмчлөлийн Ү-071.... улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум .... тоот хаягт байрлалтай орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Ү-07... улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг Сайншанд сум ... тоотын баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
2017 оны 06 сарын 22-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр
-Б.Содгэрэлийн эзэмшлийн *** гэрчилгээний дугаартай *** нэгж талбарын дугаартай Дорноговь аймгийн **-д байрлах худалдаа нийтийн зориулалттай эзэмших эрхтэй 73 м.кв газрыг тус тус барьцаалсан,
2018 оны 03 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж
-Б.С.н өмчлөлийн Ү-071... улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ... тоотод байрлалтай орон сууцны зориулалттай 129.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
-Б.С, Ч.Э нарын өмчлөлийн Ү-071..... улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ... тоотод байрлах дэлгүүрийн зориулалттай 120 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
-Ч.Э, Б.С, Э.Т нарын эзэмшлийн 002... гэрчилгээний дугаартай, 101.... нэгж талбарын дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ... байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг барьцаалж гэрээ бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйл 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, 166.2 дахь хэсгүүдэд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр ипотекийн гэрээ гэж үзлээ.
Хариуцагч Б.С, Ч.Э нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүрэг болон хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулж болохоор хуульчилсан байх тул шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эд хөрөнгөд Б.С-ийн өмчлөлийн Ү-071... улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ... тоотод байрлалтай орон сууцны зориулалттай 129.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дурдаагүй боловч шүүх хуралдаан дээр энэ талаар тодруулж шаардсан, мөн хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч байх тул 2017 оны 03 сарын 07, 2018 оны 03 сарын 27-ны өдрүүдийн барьцааны гэрээнд заасан бүх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Хариуцагч нар 2017 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ
1. Бид Хнаас 49.000.000 төгрөгийн зээл авсан зорилго нь Б.С-ийн садангийн хүн болох У-ийн Хтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа хэтэрч түүнийг төлөх боломжгүй болсон тул түүнд туслах, хугацаа авч өгөх зорилготой өөрсдийн нэр дээр банкнаас зээл авч төлөлийг Э.У төлөх байсан,
Зээлийн барьцаанд Э.У-ийн Хны барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч барьцаалсан болно. Энэ нөхцөл байдлыг Хны Дорноговь салбарын эдийн засагч болон захирал нь мэдэж байсан.
Энэ үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 136/ШШ2019/00273 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон. Энэ хэрэг Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байна. Хэрэв Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хэвээрээ үлдвэл зээлийн болон барьцааны гэрээний үүрэг өөр хүнд шилжинэ гэх агуулгаар тайлбарлаж нотлох баримтаар Б.С-ийн дансны хуулга, анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн болно.
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 136/ШШ2019/00273 дугаартай шийдвэрээр Э.У, Г.Г, Б.С нарын хоорондын маргааныг шийдвэрлэсэн мөн нэхэмжлэлийн шаардлага нь энэ хэрэгтэй хамааралгүй,
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж хуульчлсан байна.
Энэ агуулгаар “Х” ХХК, Б.С, Ч.Э нарын хооронд 2017 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний шаардлагыг хангуулахаар байгуулсан 2017 оны 03 сарын 08-ны өдрийн ипотекийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөх нь зээлийн гэрээний талууд өөрчлөгдөх, тэдний үүрэг бусдад шилжих үндэслэл болохгүй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл ипотекийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хэн байх, худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус эсэхээс үл шалтгаалж зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.068.389 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.068.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Х” ХХК, Б.С, Ч.Э нарын хооронд хийгдсэн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн ЗГ2017:::::: дугаар зээлийн гэрээ, 2018 оны 03 сарын 27-ны өдрийн ЗГ/2018......... дугаар зээлийн гэрээнүүдийг цуцлаж, хариуцагч Б.С, Ч.Э нараас 182.087.791 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Дорноговь салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан харуицагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
-Б.С-ийн өмчлөлийн Ү-07..... улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум .... тоот хаягт байрлалтай орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Б.С-ийн өмчлөлийн Ү-0713... улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг Сайншанд сум .... тоотын баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
- Б.С-ийн эзэмшлийн 0006.... гэрчилгээний дугаартай 44100..... нэгж талбарын дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ...-д байрлах худалдаа нийтийн зориулалттай эзэмших эрхтэй 73 м.кв газар,
-Б.С-ийн өмчлөлийн Ү-0713.... улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум .... тоотод байрлалтай орон сууцны зориулалттай 129.9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
-Б.С, Ч.Э нарын өмчлөлийн Ү-0713.... улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ... тоотод байрлах дэлгүүрийн зориулалттай 120 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
-Ч.Э, Б.С, Э.Т нарын эзэмшлийн 101... нэгж талбарын дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сум ... байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.068.389 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.068.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7-14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ