Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Б ХХК болон захирал Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 2324000000081 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ................................. өдөр ................... аймгийн .................... суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, яс үндэс халх, ................. боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ................аймгийн .............. сумын ................. багт оршин суудаг, урьд Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Л овогт Х /РД: .................../.

 

Хуулийн этгээд: ... оны ... дүгээр сарын ..-ны өдөр үүсгэн байгуулагдсан,  .......................... регистрийн дугаартай, ................. улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, ХАА-н түүхий эд худалдан борлуулах /төмс хүнсний ногоо/, зүсмэл материал үйлдвэрлэл эрхлэх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх үйл ажиллагааны чиглэлтэй, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-261 тоот тушаалыг үндэслэн 0000286 дугаартай гэрчилгээгээр ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөл авсан, уг эрхийг .... оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3 жилийн хугацаагаар сунгуулсан, .................. аймгийн ..................сумын ................баг албан ёсны хаягтай, ...................аймгийн ................сум хаягаар үйл ажиллагаа явуулдаг, “....................” хязгаарлагдмал хариуцлагатай компани. Гүйцэтгэх захирал Х.Б.. Хуулийн этгээд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

 ....................... аймгийн ..................сумын ................багт үйл ажиллагаа явуулах   “......................”  ХХК-ийн  захирал  Х.Б. нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс,  хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж .......оны ...........дугаар сарын ..........-ны өдөр ................аймгийн .................сумын ...............багийн нутаг дэвсгэр болох .....................гэх, хуулийн этгээдийн тусгаарлалт хийлгэсэн газраас өөр газарт зохих зөвшөөрөлгүйгээр 2.8 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, ............................... УВХ улсын дугаартай автомашинаар ......................сум руу тээвэрлэж сумын ойн санд 1,448,189 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүгдэгч Х.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Б. сумын ............................багийн нутаг ....................гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолтой холбоотой гаргах ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Модыг 06 сард бэлтгэсэн. Тусгаарлалт 07 сард хийлгэсэн. Галын түлээний мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо хөрөө рамд хэрэглээгүй, хувийн хэрэгцээнд хэрэглэсэн..” гэв.

-Гэрч А.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үрийн талбай тусгаарлах ажилд ... суманд оччихсон байсан. Үзлэг хийхэд ойн ангийн мэргэжилтэн Д., хэсгийн төлөөлөгч Б., .... сумын хэсгийн төлөөлөгч, техникч М. бид нар очсон. ...8 ширхэг хожуул байсан. Шинэс төрлийн нойтон модыг хууль бусаар бэлтгэсэн байсан. ...Нойтон модыг арчилгааны огтлолоо огтолдог. 2023 онд ....................... суманд арчилгааны огтлолын эрх олгогдоогүй...” гэв.

-Шинжээч Э.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ ойгоос бэлтгэсэн мод нь шинэс төрлийн мод байсан. Ойгоос бэлтгэсэн модны хожуулууд нь нойтон байсан. Нойтон байсан учраас давирхай гарч ирдэг. Зарим нь ногоон шилмүүс байсан. Тухайн бэлтгэсэн моднуудын үзүүр хэсэг нь гандсан байсан. Энэ нь тухайн мод нас гүйцсэн, цаашид томорч ургахгүй гэдгийг илтгэж байгаа. Тухайн мод нь 2.8 метр куб мод байсан. Модны эзлэхүүнийг тогтооход тухайн мод өөрөө байхгүй байсан. Тэнд 8 үзүүр, 8 ёруул байсан. Тайрч хаясан хамгийн захын үртэсний хэмжээнээс тухайн ёруул хүртэлх хэмжээ нь тухайд модны уртын хэмжээ. Тайраад орхисон модны үзүүрийн диаметр нь авч явсан модны үзүүрийн диаметр болно. Энэ диаметрийг үндэслэн бөөрөнхий модны эзлэхүүн тогтоох стандартын дагуу эзлэхүүнийг тогтоосон. Энэ тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Сайдын 2013 оны 325 дугаар тушаалаар 2 дугаар мужид орно. Үнэлгээг сайдын 2020 оны А/177 дугаар тушаалаар 2 дугаар мужид байгаа нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шууд ба шууд бус үнэлгээний нийлбэрээр хэмжигдэнэ. Шууд гэдэг нь 161,892 төгрөг, шууд бус гэдэг нь 207,544 төгрөг нийт 369,436 төгрөг юм. Нойтон модны итгэлцүүр 1.4 гэж тогтмол тоо байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,448,189 төгрөг болсон. .........................ХХК нь ......................гэдэг газар тусгаарлалт хийлгүүлсэн. ...............гэх газар нь ...........................гэх газрын хажуу талд байдаг. Ерөнхий нэр нь ....................гэж ойлгодог. ......................гэх газар нь .................гэх газрын хажуу талд байдаг өөр газар. ....................гэдэг нь газрын зураг дээр байдаг ерөнхий нэр. ...Нойтон модонд хэрэглээ, түлээ гэж ангилагдахгүй. Босоо нойтон мод нь 369,000 төгрөгийн үнэлгээтэй, коэффициент нь 1.4...” гэв.

-Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч .................аймгийн ..................сумын ................багт үйл ажиллагаа явуулдаг ................ХХК болон түүний захирал Х.Б. нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ...........................аймгийн ........................сумын ........................багийн нутаг “.....................” гэх, хуулийн этгээдийн тусгаарлалт хийлгэсэн газраас өөр газарт координат нь ........................... дугаартай газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.8 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, ............................ УВХ улсын дугаартай автомашинаар ......................сумын төв рүү тээвэрлэж ойн санд 1,448,189 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэм хэргийн улмаас ойн санд 1,448,189 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 4,344,567 төгрөгийг нөхөн төлөхөөр тогтоосон. Үүнээс ойн санд шууд учруулсан хохирол болох 1,448,189 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,896,378 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан болон шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд ..........................ХХК болон түүний захирал Х.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх саналыг гаргаж байна. ...Шүүгдэгч .......................ХХК болон Х.Б.т холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч .........................ХХК болон Х.Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзаад .........................ХХК-ийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Х.Б.н тухайд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянтэс сумаас гарахгүй байхаар хариуцуулах саналыг гаргаж байна. Ойн санд 1,448,189 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,344,567 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлсэн байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хөрөө, хуулийн этгээдийн гэрчилгээ хураагдсан байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээг хэргийн материалд хавсаргах, хөрөөг улсын орлого болгох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн эзэмшлийн ......................... дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгуулах, соёолон насны адууг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ташуу гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь нотлогдож байгаа. Тухайн гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн нь эргэлзээтэй байгаа. Хэрэгт авагдсан баримтаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө мод бэлтгэсэн нь нотлогдож тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл зүсвэр хийдэг газар мод буулгасан гэж гэрч хэлдэг. Гэтэл тухайн модыг зүссэн юм уу, зүсээд ашиг олсон юм уу гэдэг нь хуульд зааснаар нотлогдож тогтоогдоогүй байдаг. Шүүгдэгч өөрөө тухайн модыг 6 сард бэлтгэсэн гэж байгаа. Хэргийн газрын үзлэгийг 10 сард хийсэн. Гомдол мэдээллийг 07 дугаар сард Д. гаргасан. Энэ хугацаанд нотлох баримтын чанар үгүйсгэгдэж, эргэлзээтэй нөхцөл байдал үүснэ. Хэзээ бэлтгэсэн гэдгийг нотлох боломжгүй. Энэ модыг зүссэн юм уу, тухайн модыг компанийн нэрийн өмнөөс бэлтгэсэн гэдэг юугаар нотлогдож байна вэ, тухайн хуулийн этгээд модыг зарж борлуулаад ашиг олсон нь хавтаст хэрэгт авагдсан материалаар нотлогдохгүй байгаа. Ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, ойн санд хохирол учирсан нь нотлогдож байгаа. Энэ тал дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас ........................ХХК-ийн нэрийн өмнөөс мод бэлтгээгүй, ашиг олсон зүйл байхгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь заасныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...Шүүхээс ...................ХХК болон Х.Б.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Үйлдсэн хэргийнхээ тухайд маргаагүй. Шүүгдэгч нь хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хариуцлагын тухайд Х.Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой. Хуулийн этгээдийн тухайд 20,000 нэгжээр торгуулахад татгалзах зүйлгүй. Хуулийн этгээдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаад, хэрэгт хавсаргах санал гаргаж байна. Гэрчилгээнд заасан ойд цэвэрлэгээ хийх гэдгийг хасах нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийн этгээдэд өөр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх  байгаа учраас хэрэгт хавсаргуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хөрөө, тээврийн хэрэгслийг улсын орлого болгуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн эзэмшлийн морийг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгуулах саналтай байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-07-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Х.Л.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн иргэн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Сумын ойн санд учруулсан хохирол болох ........... сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан 1,448,189 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ, өөр зүйл байхгүй. Тухайн иргэний зүгээс ойн санд учруулсан хохирол, нөхөн төлбөрөө барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэж бодож байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй. Яг хэддүгээр мужлалд хамаардаг болохыг сайн мэдэхгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутагт бол хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,                                                                                                                                                                                                               

-Гэрч Ж.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх ...........сумын ................багийн задгайд оршин суудаг юм. 2023 оны 07 дугаар сарын сүүлээр байсан 26-н билүү 27 билүү би сайн тэр өдрийг сайн мэдэхгүй байна. Би гэртээ байж байсан чинь Б. ах, Б. хоёр манайд ирээд модонд явалцаад өгөөч ах нь тусгаарлалт зөвшөөрлөө авсан гэж гуйхаар нь би модонд нь явалцаж өгсөн юм. Тэгээд бид гурав манайхаас хөдлөөд сумын төвөөс гараад хөдөө ..................багийн ...............гэх газарт очоод модоо хийсэн. Модоо хийж дуусгаад сумын төв рүү үдэш орж ирээд Б ахын хөрөө рам дээр буулгасан. ...Шинэс төрлийн босоо нойтон мод 8 ширхгийг унагаад 4 метрийн уртаар тайраад ачсан. ...Хөх өнгийн хужаа моторт хөрөөгөөр хөрөөдөж бэлтгээд ...............................УВХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэж .....................сумын төв оруулаад Б. ахын хөрөө рам дээр буулгасан. ...Намайг гэртээ байж байхад мод хийлцээд өгчих ах нь тусгаарлалт зөвшөөрлөө авсан гээд хэлээд аваад явсан. Тэгээд ч Б......... ах хөрөө рам ажиллуулдаг болохоор зөвшөөрөл юмаа авсан байх гэж бодоод модонд нь явалцаж өгсөн юм. ...Б бид хоёрт зөвшөөрөлгүй газраас мод хийнэ гэж яриагүй. Мод бэлтгээд өөрийн хөрөө рам дээрээ мод буулгаж зүсэх гээд явсан гэж бодсон. Өөр хүн байгаагүй бид гурав л хамт явсан. Тухайн автомашин Б ахынх, мод тайрч хөрөөдөж байсан хөх өнгийн моторт хөрөө бас Б. ахын хөрөө байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

-Гэрч Г.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх .................сумын ..............багийн задгайд оршин суудаг юм. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байсан чинь Б. ах надруу ................... дугаарын утсаар яриад ахтайгаа цуг модонд явалцаад өгөөч гэж ярихаар нь тэгье та намайг ирээд гэрээс авчих, би гэртээ байна гэсэн чинь за гээд утсаа таслаад, удалгүй манай гэрийн үүдэнд ирээд намайг аваад явсан. Тэгээд бид хоёр манайхаас гараад Б. ахын гэрт нь очоод Б. ахыг аваад Х. багийн ......... гэх газар руу цуг модонд явсан юм. Тэгээд ................багийн ...............гэх газар очоод модоо хийгээд сумын төв рүү оройхондоо орж ирсэн. ...Намайг тухайн өдөр мод хийлцэхээр очих үед 8 ширхэг шинэс төрлийн босоо нойтон модыг унагаад 4 метрийн уртаар тайрч бэлтгээд тухайн моднуудыг ........................... УВХ улсын дугаартай автомашинаар ачаад ..................сумын төвд байдаг Б. ахын хөрөө рам дээр буулгасан. ...Би анхандаа мэдээгүй. Хөрөө рам ажиллуулдаг болохоор зөвшөөрөл юмаа авсан байх гэж бодоод л модонд нь явалцаж өгсөн. Сүүлд нь цагдаад шалгуулаад мод хийлцсэн байна гэж хэлэхээр нь мэдсэн. Тэгэхээр тухайн моднуудыг Б... ах ойгоос бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй өөрийнхөө зөвшөөрөлтэй газраас хийлгүй тусгаарлалтад ороогүй газраас бэлтгэсэн болж таараад байгаа юм. ...Б ах бид хоёрт зөвшөөрөлгүй газраас мод хийнэ гэж яриагүй, зүгээр л мод хийлцээд өгөөч гэхээр нь тус болъё гэж бодоод л модноос нь хийлцэж өгсөн. Уул нь өөрийн хөрөө рам дээрээ л мод буулгаж зүсэх гээд явсан гэж бодсон. Өөр хүн байгаагүй, бид гурав л хамт явсан. Тухайн автомашиныг Батбилэг ах барьж явсан. Б ахын автомашин байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Д.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би анх 2023 оны 07 дугаар сарын 27, 28-ны үед байх ..................аймгийн ..............сумын ..................багийн нутаг ............................... гэдэг газар очтол босоо моднууд унагаагаад ногоон мөчиртэй гишүүнүүд үлдээгээд модоо ачаад аваад явсан байсан. Тэгээд цаашаа яваад .............ийн давааны ..................гэх газар очтол бас босоо моднууд унагаагаад ногоон мөчиртэй гишүүнүүд үлдээгээд модоо ачаад аваад явсан байсан. ...Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс төрлийн 4 метрээр тайрсан бололтой нойтон мод унагааж тайрсан модноос үлдсэн байсан үзүүр хэсэг нь нойтон бололтой ногоон мөчиртэй байсан. ...Тэр талаар тухайн үед сайн мэдээгүй ЗИЛ-131 маркийн машины мөр байсан. Өөр ямар нэгэн машины мөр байгаагүй, манай сумын 2 хөрөө рам модондоо гарсан гэж дуулсан. Манай ......................баг дээр тусгаарлалт хийлгэсэн байсан. ...Мод хийгдсэн газар нь хөрөө рамын тусгаарлалтын талбай биш тусгаарлалтын талбай нь .................сумын .................багийн ................даваа гэдэг газар байдаг. Тэр тусгаарлалтын талбайгаасаа гараад нэлээн доор хийсэн байсан. ...Мод бэлтгэхдээ мэдэгдсэн зүйл байхгүй. Хөрөө рам ажиллуулдаг Б. гэдэг хүн мод бэлтгэж ачсан гэж манай багийн иргэд ярьж байна лээ. Би бас Б.г мод бэлтгэсэн гэж бодож байна. ...Тиймээ шинээр бэлтгэсэн мод байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 27, 28-ны үеэр очиж үзсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Мн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би анх 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байтал манай байгаль хамгаалагч Х.Б надад хэлэхдээ ........багийн .....гэх газраас Б нь зөвшөөрөлгүй нойтон мод хийсэн байна гэж хэлэхээр нь хэзээ, хэн яг ямар газраас хийсэн талаар асуухад манай ..............................багийн иргэн хөрөө рам ажиллуулдаг ...................нь .............даваанд тусгаарлалт хийлгэсэн байж тусгаарлалт хийлгэсэн газраасаа мод хийхгүй тусгаарлалт хийлгээгүй газраас нойтон босоо мод хийсэн гэхийг сонсоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. ...Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс төрлийн 4 метрийн нойтон бүдүүн дандаа босоо мод унагасан байсан гэсэн. ....................хувьд “.................” ХХК-ийн нэр дээр мод бэлтгэх зөвшөөрлийг ......................ойн ангиас тусгаарлалт хийж Ойн ангитайгаа гэрээ байгуулж тодорхой хугацаа заасны үндсэн дээр модоо бэлтгэж, бэлтгэж дууссаны дараа ойн ангиа дуудаж хүлээлгэж өгдөг. Мөн тухайн тусгаарлалт хийлгэсэн газар дээр JPS төхөөрөмжөөр 4 цэгт координат тогтоон тэмдэглэл хийж, тухайн бэлтгэх модыг заан өгч модонд тэмдэг тавин, тэмдэглэл хийсэн талбайгаас гадагш гарахгүй байх талаар анхааруулж тусгаарлалт хийдэг. ...Тухайн мод бэлтгэж байсан ............ координатаар тогтоосон цэг, газар нь тусгаарлалт хийгдээгүй, тэр газраас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан. Тусгаарлалт хийгдсэн газраасаа мод бэлтгэж байхад нь би хяналт тавьдаг, тухайн үед би ээлжийн амралттай Улаанбаатар хотод байгаад мэдээгүй. Хөрөө рам ажиллуулдаг Б. гэдэг хүн мод бэлтгэж ачсан гэж манай сумын иргэд ярьж байна лээ. Тиймээ шинээр бэлтгэсэн мод байна гэж манай байгаль хамгаалагч ярьсан. Тухайн цаг хугацаанд хийсэн байх боломжтой. ...2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр .............сумын ойн ангитай гэрээ хийж .......сумын .........багийн ..........гэх газар цэг-1 ............ гэсэн дугаартай 4 цэгийг координатаар тогтоож тусгаарлалт хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

-Гэрч Х.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2023 оны 05 дугаар сард Х.Б. нь ..............багийн .................... гэх газарт тусгаарлалт хийлгээд, дараа нь .................багийн ................гэх газар хийлгэж байсан. Харин 2023 оны 07 дугаар сард ...............багийн С. гэх газар тусгаарлалт хийлгээд хөрөө рамаа ажиллуулж байсан. ...........багийн ................гэх газар бол тусгаарлалт хийхэд. Булаг шанд, гол усны их учир цэг-1 ................ гэсэн дугаартай 4 цэгийг координатаар тогтоож тусгаарлалт хийсэн юм. Гэрээ тэмдэглэгээний дагуу зааж өгсөн газар тусгаарлалт хийсэн газраасаа л мод бэлтгэх ёстой. Харин 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянтэс сумын хэсгийн төлөөлөгч С.Б., Асгат сумын хэсгийн төлөөлөгч Н.Ц, ...............сумын ойн ангийн дарга Д. нарын хамт ...........багийн .............гэх хэргийн газар дээр очоод модонд үзлэг хийсэн чинь дандаа нойтон мод унагасан байсан. ...Үзлэг хийхэд 4 метрээр тайрсан бололтой шинэс төрлийн моднууд байсан юм. Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө тухайн иргэний зүгээс заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заасан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. .................ХХК-ны нэр дээр мод бэлтгэх зөвшөөрлийг ...................ойн ангиас тусгаарлалт хийж ойн ангитайгаа гэрээ байгуулж тодорхой хугацаа заасны үндсэн дээр модоо бэлтгэж, бэлтгэж дууссаны дараа ойн ангиа дуудаж хүлээлгэж өгдөг. Мөн тухайн тусгаарлалт хийлгэсэн газар дээр JPS төхөөрөмжөөр 4 цэгт координат тогтоон тэмдэглэл хийж, тухайн бэлтгэх модыг заан өгч модонд тэмдэг тавин, тэмдэглэл хийсэн талбайгаас гадагш гарахгүй байх талаар анхааруулж тусгаарлалт хийж зөвшөөрөл өгдөг. Тухайн газар сумын 2 дугаар мужид хамаарна. Тухайн мод бэлтгэсэн ..................... координатаар тогтоосон цэг, газар нь тусгаарлалт хийлгээгүй, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр .................сумын ойн ангитай гэрээ хийж,  ...................сумын .................багийн ................. гэх газар цэг-1 N...........................гэсэн дугаартай 4 цэгийг координатаар тогтоож тусгаарлалт хийлгэсэн. Х.Б.. 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ...................... гэх газар 5 га газар тусгаарлалт хийлгэсэн. ................багийн ..................гэх газрын ............... координатаар тогтоосон цэг, газар мод бэлтгэх зөвшөөрөл өвч тусгаарлалт хийлгээгүй тул мод бэлтгэж болохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

-Гэрч А.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “.................аймгийн ..............сумын Сум дундын ойн анги нь хуульд заасны дагуу ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах эрх, үүрэгтэй байдаг. .......................ХХК-ийн ойн мэргэжлийн байгууллагын захирал Х.Б.н гаргасан хүсэлтийн дагуу тус сумын засаг дарга нь манай байгууллагад хүсэлт гаргадаг түүний дараагаар манай байгууллага тус ойн мэргэжлийн байгууллагын тусгаарлалт хийх талбайд очиж координатын хэмжилт хийнэ. ...Хэмжилтээр хэдэн га газарт тусгаарлалт хийх боломжтойг үзсэний дараагаар тухайн байгууллага нь хэдэн га газарт тусгаарлалт хийх хүсэлтийн дагуу тусгаарлалтын координат цэгийг тодорхойлдог байгаа юм. Ингэсний дараагаар координатад байх босоо модны хэмжилтийг хийснээр тухайн тусгаарлалтын талбайд байх ойн нөөц ашиглалтын төлбөрийн хэмжээ буюу .....................ХХК ойн мэргэжлийн байгууллага нь 237,841 төгрөгийн үнэлгээг гаргаж тогтооно. Тэгсэний дараагаар мод бэлтгэх талбайд тусгаарлах гэрээ байгуулж талууд гарын үсэг зурна. ...Уг гэрээг би, сум дундын ойн ангийн дарга Э.Д., ................ХХК-ийн захирал Х.Б тус байгууллагын мод бэлтгэлийн бригадын дарга Х.Б нар байлцаж байгуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

-Гэрч С.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Мөн уг хүнтэй өглөг, авлагын зүйл байхгүй. ...Уг тээврийн хэрэгслийг сэлбэж, засаж байгаад нээх удаа ч үгүй буюу 1-3 сарын дараа .................... аймгийн ......................... сумын иргэнд бэлнээр 2,000,000 төгрөгөөр худалдсан. ...Тухайн үед уг тээврийн хэрэгслийг худалдан авч байсан хүнд би өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг канондож өгч байсан. Тухайн хүн өөрийн нэр дээр уг тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 210 дугаар хуудас/,

-Шинжээч Э.Дн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “......................ХХК-ийн захирал Х.Б тусгаарлалт хийгдсэн талбайгаас баруун урд зүг рүү 1 км орчим зайд зөвшөөрөлгүйгээр нойтон 8 ширхэг мод унагаж бэлтгэсэн байсан. Тухайн нойтон унагаж бэлтгэсэн гэх 8 ширхэг модны хожуул, модны үзүүр хэсгийн диаметр, үртэс хоорондын зай зэргээр үндэслэн модны уртын хэмжээг тооцон гаргаж дүгнэлтийг гаргасан. ...Уг 8 ширхэг нойтон мод нь арчилгааны хэсэгт орохгүй . Арчилгааны огтлол хийхийн тулд зөвшөөрөлтэй хэсэгт зөвшөөрөл авсан байгууллага арчилгааны огтлол хийдэг юм. Энэ онд ..................... аймгийн .................... суманд арчилгаагаар мод бэлтгэх газар олгогдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-84 дүгээр хуудас/,

-................Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №02 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/683 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 38-43 дугаар хуудас/,

-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн баримт бичиг хэрэгт тусгах тогтоол, түүний хавсралт /хх-ийн 125-133-р хуудас/,

-..................багийн  засаг  даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 269 дугаартай тодорхойлолт, Х.Б.н малын А дансны хуулбар /хх-ийн 110,111-р хуудас/,

-Гэрч Ц.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Уг хүний хувийн байдлын тухайд даруу төлөв зантай, хүнд тусархуу, гэр бүлдээ халамжтай, жирийн амьдралтай хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-р хуудас/,

-Гэрч Б.А.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Уг хүний хувийн зан байдлын тухайд гэвэл даруу төлөв, хүнд тусархуу, гэр бүлдээ халамжтай, хүнтэй эвсэг харьцаатай, хөдөлмөрч, ажилсаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх/ийн 123-124-р хуудас/,

-Хохирол, нөхөн төлбөрийг төлсөн баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ....................ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б....................нь 2023 оны зун 6-7 дугаар сард .................аймгийн ...............сумын ................багийн нутаг дэвсгэр болох ...............гэх газрын ойгоос .......................... зохих зөвшөөрөлгүйгээр 2.8 метр куб шинэс төрлийн нойтон модыг Ж.Б., Г.Б. нарын хамтаар бэлтгэж, ............................ УВХ улсын дугаартай автомашинаар ....................сумын төв рүү тээвэрлэсэн үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал,

1. Х.Б. нь 2023 оны зун 6-7 дугаар сард ....................аймгийн ................сумын ................багийн нутаг дэвсгэр болох .............гэх газрын ойгоос ....................... 2.8 метр куб шинэс төрлийн нойтон модыг Ж.Б., Г.Б. нарын хамтаар бэлтгэж, ........................ УВХ улсын дугаартай автомашинаар ..............сумын төв рүү тээвэрлэсэн үйл баримт нь  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ж.Б., Г.Б., Д.Д, Б.М нарын мэдүүлэг, модны төрөл хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, мод бэлтгэсэн гэх хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мод тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэлээр,

2. Бэлтгэж, тээвэрлэсэн 2.8 метр куб мод нь зохих зөвшөөрөлгүй байсан болох нь иргэний нэхэмжлэгч Х.Л., гэрч Д.Д., Б.М., А.Б., шинжээч Э.Д. нарын мэдүүлэг, .............ХХК-ийн мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээнүүд болон дагалдах бичиг баримтууд, Х.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгээр,

3. Х.Б. нь ...........ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь .................ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаа, Х.Б.н  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр тус тус хангалттай нотлогдож байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан ба ...................ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б. нь ................аймгийн ...................сумын ойн санд 4,344,567 төгрөгийн хохирол учруулсан болох  нь: 

-...............аймгийн ..................сумын Засаг даргын Тамгын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “...Иргэн Х.Б.н хууль бусаар бэлтгэсэн 2.8 м.куб шинэс модыг захиргааны журмаар хураан авах, ...Экологи-эдийн засгийн үнэлгээ болох 2.8 м.куб=1,448,189 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөн тооцож 1,448,189х3=4,344,567 төгрөгийг нөхөн төлүүлэх, актаар тогтоосон төлбөр болох 4,344,567 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны дотор бүрэн барагдуулахыг иргэн Х.Б.т сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт /хх-ийн 72 дугаар хуудас/-аар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч .....................ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б. нь ойн санд учруулсан хохиролд 4,344,567 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна.

 Түүнчлэн уг үйл баримтууд нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх ба шүүгдэгчийн үйлдэл, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.” гэж, 59.2 дахь хэсэгт “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ.” гэж,  83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ.” гэж, 83.3 дахь хэсэгт “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.” гэж тус тус хуульчилсан.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдах мэдээлэл, тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэх журмыг хуульчилсан ба 10 дугаар зүйлийн 10.1.10 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар;” улсын бүртгэлд бүртгэгдэхээр хуульчлагдсан байна.

 ...............ХХК-ийн тухайд олон гишүүнтэй компани хэдий ч хувь хүн буюу Х.Б. гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон улсын бүртгэлд “........................ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Б.г бүртгэв” гэсэн улсын бүртгэлийн баримтаар хангалттай нотлогдож байх тул Х.Б.г компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэх  үндэслэлтэй юм.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан.

....................ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б.н мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлүүд нь мод бэлтгэх эрхийн бичгийн үндсэн дээр үйлдэгдэх байсан ч тэрээр эрхийн бичиггүйгээр үйлдсэн байх тул зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Тодруулбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тунхаглан баталгаажуулсан.

..............ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б. нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учрах, уг үйлдэл нь хууль бус гэдгийг ойн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэгийн хувьд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул ...............ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б.н үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ..........ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж,  байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, харин эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээрээ обьектив шинжийг тус тус хангаж байна гэж шүүх үзлээ.

Мөн  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  24.6 дугаар зүйлийн зүйлийн 3  дахь хэсэгт  хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүлхамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ гэмт хэргийн шинжийг хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болох талаар хуульчилсан ба Х.Б нь ......................ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хувиар, мөн бусдад өөрийн хуулийн этгээдэд олгогдсон ойгоос мод бэлтгэж, тээвэрлэх эрхээр далимдуулан итгэл үнэмшил төрүүлж мод бэлтгүүлж, тээвэрлүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж хуулчилсан.

Гэвч Х.Бтэй хамт мод бэлтгэж, тээвэрлэсэн Ж.Б, Г.Б нар нь Х.Б.г ойд огтлол хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй, ойд бэлтгэсэн модоо боловсруулах хөрөө рамтайг мэддэгийн хувьд зөвшөөрөлтэй мод бэлтгүүлж байна гэж итгэсний үндсэн дээр ажилд нь тусалсан байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Иймд ..................ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б.н дээрх үйлдлийг ........аймгийн ...........сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.” гэж, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Тодруулбал, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба уг этгээд нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байгаа тохиолдолд дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдийн төлөөлөх албан тушаалтанд хүнийх нь хувьд болон тухайн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын давхардсан хэлбэр болохгүй юм.

Шүүгдэгч ..............ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б.т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул ........ХХК болон гүйцэтгэх захирал Х.Б.г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ..............ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Х.Б...т Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт: “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө мод бэлтгэж, тээвэрлээгүй, хувийн хэрэгцээндээ хэрэглэхээр мод бэлтгэж, тээвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэж маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар .............ХХК буюу хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болох Х.Б нь дангаараа шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл хийсэн байх тул уг үйлдэл нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байсан эсэх нь хамааралгүй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч .............ХХК болон шүүгдэгч Х.Б.т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.    

Түүнчлэн шүүгдэгч ................ХХК-ийн хувьд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төмс хүнсний ногоо тариалдаг байдал, шүүгдэгч Х.Бн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг хувийн байдлуудыг харгалзан үзлээ.

Иймээс прокурорын санал болгосны дагуу .................ХХК-ийн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Б.т шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал болгосны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Х.Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 2.8 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,448,189 төгрөг болсон байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1 дэх заалтуудыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 4,344,567 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан .............аймгийн ..............сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т сум, дүүргийн засаг дарга нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөхөөр тус тус хуульчилсан учир шүүгдэгч Х.Б.гээс ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр 4,344,567 төгрөгийг төлсөн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэргийн нотлох баримтуудаар шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох нь нотлогдож байна.

Иймээс энэ хэрэгт цаашид шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.

Үүнээс үзвэл шүүгдэгч Х.Б..н хууль бусаар бэлтгэсэн 320,000 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн 8 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан, цагаан, хөх өнгө хосолсон цахилгаан хөрөө 1 ширхэг, ............................. УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан, цагаан, хөх өнгө хосолсон цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлого болгож төсөвт шилжүүлэх нь хуульд нийцнэ. Түүнчлэн   хууль бусаар бэлтгэсэн 8 ширхэг модыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх бөгөөд тухайн модыг шүүгдэгч үрэгдүүлсэн байх тул үнэ 320,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгож төсөвт оруулах нь зүйд нийцнэ. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байх тул үнэ 1,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгон төсөвт оруулах нь зүйтэй.

Харин үнийг нь шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгон төсөвт оруулахаар шүүх шийдвэрлэж буй учир ............................. УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлбөрийг төлсөн учир шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөөс соёолон насны 5 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Мөн хэрэгт ..................ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь хураан авч эд мөрийн баримтаар хавсарган ирүүлснийг компанийн бусад гишүүдийн эрхийг хангах, компанийн ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлол хийх эрхээс бусад эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах үүднээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....................ХХК болон гүйцэтгэх захирал ..............овогт Х.Б.г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд ..................ХХК-ийн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л овогт Х.Б.г 450  /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б.т шүүхээс оногдуулсан торгох ялыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Х.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч Х.Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгчээс энэ хэрэгт гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан, цагаан, хөх өнгө хосолсон цахилгаан хөрөө 1 ширхгийг болон шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 8 ширхэг модны үнэ 320,000 төгрөгийг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,800,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Х.Б.эс гаргуулан улсын орлого болгож төсөвт оруулсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн .................ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүгдэгч Х.Б.т буцаан олгож, ............ УВХ дугаартай тээврийн хэрэгсэл, 5 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.    

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.

11. Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ......... давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН