| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2020/03468/N |
| Дугаар | 182/ШШ2021/01009 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2021/01009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ГД” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, гэрч Б.Энхтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.М-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцагаас гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч талаас гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь, А.М нь хариуцагчтай 2019.06.02-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Ди Зэт энд Ай” ХХК-ийн талбайд өөрийн эзэмшлийн “HYUNDAI ROBEX5000-LC7” маркийн эксковатораар ажил гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Нөгөө талаасаа гэрээний 2.4.-т зааснаар 1 сарын эксковаторын түрээсийн төлбөрт 45 000 000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагч талд гэрээний дагуу эксковатор болон мэргэжлийн 2 операторын хамт хүлээлгэж өгсөн.
Хариуцагч тал нь гэрээнд зааснаар урьдчилгаанд 1 сарын түрээсийн төлбөрийн 50 хувь болох 22 500 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж 12 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл төлбөр болох 22 500 000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа. Хариуцагч тал нэгэнт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.10., 5.11.-т заасны дагуу гэрээг цуцалж, өөрийн эзэмшлийн эксковаторыг мэргэжлийн 2 операторын хамт 2019.07.08-ны өдөр өөрийн зардлаар татан авсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас эхний сарын түрээсийн үлдэгдэл төлбөрөө гүйцээж өгөх талаар удаа дараа мэдэгдэж шаардахад “удахгүй өгнө” гэх зэргээр хойшлуулсаар өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талыг хохироож байна. Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр болох 22 500 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлд дурдсан 12 000 000 төгрөгийг дансаар авсан гэж бичсэн нь техникийн алдаа гарсан гэдгийг тодруулж хэлье. Тодруулбал, 12 000 000 төгрөгийг дансаар аваагүй, харин 10 000 000 төгрөгийг дансаар авсан. Үүнийг нотолсон дансны хуулга хавтаст хэрэгт байгаа. Талууд гэрээгээр тохиролцоод гэрээний дагуу нэхэмжлэгч үүргээ биелүүлээд 2 операторчинг ажиллуулсан. Хариуцагчийн ажиллуулж байсан уг газарт ажиллаж байсан операторчин Ц.Эрдэнэбаатар, Б.Энхтогтох нар гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд ямар, ямар ажлыг хэдэн цаг гүйцэтгэж байсан, яаж ажилласан талаар тодорхой мэдүүлж ярьсан. Өөрөөр хэлбэл, 2019.06.04-ний өдрөөс 2019.07.04-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд тасралтгүй ажилласан гэдгийг нотолсон. Гэтэл хариуцагч тал 2 хоног ажиллаад техник нь эвдрээд явсан гэдэг боловч энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, татгалзлаа баримтаар нотлохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “ГД” ХХК-ийн өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.1.-д заасан 1 сарын хугацаанд ажил гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч хүлээсэн боловч энэ хугацаанаас зөвхөн 2 хоногийн хугацаанд ажил гүйцэтгээд, үлдсэн хугацаанд ажиллаж чадаагүй, техник нь эвдэрч гэмтээд явсан гэсэн манай хариуцагч талаас өгсөн хариу тайлбар болон М.Н захирлын хэлж байсан уг тайлбарыг дэмжиж байна. Яагаад 2 хоног ажилласан гэж тайлбарласан бэ гэхээр, 45 000 000 төгрөгөөр нэг техникийг түрээсэлнэ гэдэг нь өөрөө өндөр үнэтэй түрээс бөгөөд эксковатор нь өндөр хүчин чадалтай техник учраас түрээсийн төлбөр нь 45 000 000 төгрөг болж байгаа. Энэ техник нь тодорхой хэмжээний бүтээмж шаарддаг. Ийм учраас түүний бүтээмжийг мото/цагаар тооцдог. Уул уурхайн техник нь мото/цагаараа ажил эхэлсэн, дууссан хугацаа тодорхой, манай машины мото/цаг ийм байж байгаад ийм боллоо гэсэн талуудын хоорондын тооцоо заавал байдаг. Гэтэл ажилласан гэх цагийн тооцоо хийгээгүй, харин бусад техникүүдийн хувьд хэдэн хоног ажилласан талаар тооцоо нь байдаг.
Нэхэмжлэгч тал тооцоогоо ч хийгээгүй техникээ аваад явсан, ажил хийгээгүй учир урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авахаар ярьж байх үед нэхэмжлэгч шүүхэд хандсан байдаг. Өнөөдөр хэн нэгэн гэрчээр энэ асуудлыг нотлох боломж муутай гэж харж байгаа. Ийм ажил гүйцэтгэсэн, ийм хэмжээний тонн шороо зөөсөн, ийм мото/цаг ажилласан, ийм засвар үйлчилгээ хийсэн, ийм хэмжээний тос масло, бензин зарцуулсан гээд баримтууд нь байх ёстой. Гэтэл уг баримтууд нь байхгүй. Хоёрдугаарт, ажил хийгээгүй гэдэг нь юугаар нотлогддог вэ гэхээр гэрээний 2.5.-д заасан ажил олгогч өөрөө ажилчдынхаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлнө гэж заасан. Хэрвээ тэр операторуудаа ажиллуулаад уг машинаар үүрэг гүйцэтгүүлсэн бол манай талаас авсан 22 500 000 төгрөгийг юунд зарцуулсан, хэний ямар шимтгэлийг төлсөн, хэдэн хүн тэнд ажиллаж байсан гэдэг нь байх ёстой байх гэж бодож байгаа. Энэ зүйл мөн байхгүй байгаа. Иймээс бид нар ажиллаагүй гэсэн тайлбар өгч байна.
Нэхэмжлэгч ажилласан гэдгээ нотолсон баримт байхгүй тул үүнийгээ нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Уг ажлаа гүйцэтгээгүйгээс гадна тээврийн хэрэгслийн гэрчилгээ, өмчлөлийн асуудал ч гэсэн эргэлзээтэй, тэнд ажил хийсэн эксковатор мөн эсэх нь тодорхойгүй байгаа. 30 хоног тэнд ажил хийсэн гэдгийг нотолсон бодит нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлгийг нотлох баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “ГД” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Н-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн А.М тус компанитай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр, тээврийн хөлсөнд нийт 27 000 000 төгрөг хүлээн авсан. Гэвч гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй. Бидний зүгээс цаашид сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө шаардах болно.
Иймд А.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэг, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч “ГД” ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, урьдчилгаа төлбөр, тээврийн хөлсөнд нийт 27 000 000 төгрөг хүлээн авсан, гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, эксковатор нь эвдэрсэн, нэхэмжлэгч засвар үйлчилгээг хариуцах ёстой боловч хариуцаагүй, 2 хоног ажиллаад буцаагаад аваад явсан, ажлын хөлсийг мото/цагаар тооцох ёстой, гэтэл ийм тооцоог хийгээгүй, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хэдэн тонн шороо зөөсөн нь, ажилласан мото/цаг нь тодорхой байх ёстой, хийсэн засвар үйлчилгээ, зарцуулсан тос масло, бензиний баримтууд байхгүй, операторчин ажиллуулсан бол тэдний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ёстой, манай талаас авсан 22 500 000 төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй, нотолсон баримт байхгүй, уг тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр өмчлөлийн асуудал ч гэсэн эргэлзээтэй, тэнд ажилласан эксковатор мөн эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч А.М нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт “Бугант” гэх газар “Ди Зэт анд Ай” ХХК-ийн эзэмшлийн талбайд, өөрийн өмчлөлийн, эхнэр Ш.Хоролгаравын нэр дээр бүртгэлтэй, 97-58 УН улсын дугаартай, “HYUNDAI ROBEX5000-LC7” маркийн эксковатораар газар ухах, шороо зөөх ажлыг 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэхээр, сарын хөлсөнд 45 000 000 төгрөг авахаар хариуцагч “Гучин дэлгэр” ХХК-тай харилцан тохиролцож, талууд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн хөлсөөр ажиллах гэрээг байгуулжээ.
Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2.-т зааснаар гэрээний талууд хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болох бөгөөд уг гэрээний 2.4.-т “Ажиллуулагч нь эксковаторын түрээс нэг сард 45 000 000 төгрөгөөр тооцож, төлбөрийг эхний сард ажил эхлэхэд урьдчилж 50 хувь, 30 хоногийн дараа үлдсэн 50 хувийг төлнө, ажиллах хугацааны туршид энэхүү нөхцлийг баримталж түрээсийн төлбөрийг хийнэ” гэж ажлын хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна.
Гэрээний дээрх заалтын дагуу ажиллуулагч буюу хариуцагч талаас ажлын хөлсөнд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 22 500 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн байна.
Мөн гэрээний 4.7.-д “Хариуцсан техникийнхээ тасралтгүй ажиллагааг ажиллагч өөрөө бүрэн хариуцна. Нэг сард 0-3 хоног техникийн засвар үйлчилгээ хийнэ. Техникийн засвар үйлчилгээний зардлыг ажиллагч өөрөө бүрэн хариуцна”, 4.8.-д “Ажиллагч нь эксковатор дээрээ мэргэжлийн 2-3 хүн ажиллуулах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу ажиллагч буюу нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт “Бугант” гэх газарт хариуцагчийн тодорхойлж заасан “Ди Зэт анд Ай” ХХК-ийн эзэмшлийн талбайд, иргэн Ц.Эрдэнэбаатар, Б.Энхтогтох нарыг операторчноор ажиллуулан, газар ухаж шороо зөөх ажлыг өөрийн өмчлөлийн эксковатороор гүйцэтгэжээ.
Дээрх үйл баримтууд нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ”, Ш.Хоролгаравын нэр дээр бүртгэлтэй, 97-58 УН улсын дугаартай, “HYUNDAI ROBEX5000-LC7” маркийн эксковаторын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, А.Мягмарсүрэн, Ш.Хоролгарав нарын 0130807 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ХААН банк дахь А.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 5005607333 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар, гэрч Ц.Эрдэнэбаатар, Б.Энхтогтох нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон.
2.Талуудын хооронд байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 2.1.-д “Энэхүү гэрээ нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хүчинтэй байна” гэж гэрээний хугацааг талууд тохиролцож заасан байх бөгөөд гэрч Ц.Эрдэнэбаатарын “...2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нэг сарын хугацаатай ажиллана гэж очсон. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан. Хоногийн 24 цагаар ажилладаг байсан. 2 оператор байсан учраас 12 цагаар ээлжилдэг, эксковатороо унтраалгүй ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхтогтохын “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А.Мягмарсүрэнгийн “HYUNDA5000 LС7” маркийн эксковаторыг аваачсан. Би өөрөө трайллер тэрэг барьж яваад, эксковатороо буулгачихаад би эргээд тэр компанийн ажлаар Улаанбаатар хотод ирээд 3 хоногийн дараа буцаад Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очоод 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хоногт 12 цагийн хуваариар тасралтгүй ажилласан. Тэгээд тэнд 4 хоног сул зогсож байгаад 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буцаад Улаанбаатар хот руу явсан...” гэсэн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч тал хариуцагчийн тодорхойлсон талбайд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд тасралтгүй ажилласан болох нь нотлогдсон.
Иймд хариуцагч талын, ажиллагч буюу нэхэмжлэгч нь 2 өдөр ажиллаж бусад өдөр ажиллаагүй гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
3.Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.-д зааснаар гэрээний талууд ажлын хөлс төлөх хугацаанаас хамаарч гэрээг цуцлахаар зохицуулсан байх ба талуудын хооронд байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 2.4.-т зааснаас үзэхэд хариуцагч нь ажлын хөлсний 50 хувийг ажил эхлэхэд, үлдсэн 50 хувийг ажил эхэлснээс хойш 30 хоногийн дараа төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
Өөрөөр хэлбэл, талууд ажлын хөлс 45 000 000 төгрөгийг, сараар төлөхөөр буюу сард 2 хувааж төлөхөөр тохиролцсоны дагуу 22 500 000 төгрөгийг хариуцагчаас төлсөн, харин эхний сарын ажлын хөлсний үлдэгдэл 22 500 000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3.-д зааснаар болон 221 дүгээр зүйлийн 221.3.-т зааснаар ажиллагч буюу нэхэмжлэгч нь “Хөлсөөр ажиллах гэрээ”-г цуцлах эрхтэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2.-т заасан ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал болон “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 5.3-5.9-д заасан ажиллуулагч хугацаанаас өмнө гэрээг цуцлах үндэслэлүүд тогтоогдоогүй.
4.Хариуцагч тал нь урьдчилгаа төлбөр, тээврийн хөлсөнд нийт 27 000 000 төгрөг нэхэмжлэгч тал хүлээн авсан гэж тайлбарласан боловч уг мөнгөнөөс 22 500 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан нь нэхэмжлэгчийн тайлбар, бусад баримтаар нотлогдсон, харин зөрүү болох 45 000 000 нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэг авагдаагүй, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-нд ажлын хөлсийг мото/цагаар тооцон төлөхөөр тохиролцоогүйн дээр хариуцагчаас ажлын хөлсний урьдчилгаанд хүлээн авсан 22 500 000 төгрөгийг юунд, хэрхэн зарцуулсан талаар болон нэхэмжлэгч өөрийн эксковатороор ажилласан гэх 2 хүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн эсэх талаарх баримтууд нь уг хэрэгт шаардлагагүй, хамааралгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэн, хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл болох 22 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч “ГД” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдэн хэрэгт авагдсан болон “ГД” ХХК-ийн 5103274 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 00 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй тухай тус хорооны Засаг даргын тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал М.Н шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд биеэр оролцож байсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2., 77 дугаар зүйлийн 77.8.-д заасны дагуу шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, хаягаа өөрчилсөн эсэх талаар шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэснийг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 273 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.,115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан хариуцагч “ГД” ХХК-иас 22 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГД” ХХК-иас 273 990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-д олгосугай.
3.Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2020/12565 дугаартай, хариуцагч “ГД” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 22 500 000 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА