Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү

Хохирогч Ц.Н

Хохирогчийн өмгөөлөгч М.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г,

Шүүгдэгч Э.Г

Нарийн бичгийн дарга Б. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Г холбогдох эрүүгийн 2324000620068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр  төрсөн, настай, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, хамт, оршин суух хаягтай, регистрийн дугаартай, Х овогт Э. Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 07 дугаар сараас 24-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын фейсбүүк цахим групп дээр Ganaa Ganchimeg гэсэн хаягаас “Энэ нэг Яанхан хүүхэн хэдэн жил сум оронд минь байж хүн хүний эр нөхөртэй заваарах юм бэ шөнө байж ядах юм нөхөр сүүдэр амраахгүй юм архи ууя гараад ир шоудна гээд олон дуугай байлаа зайлаад өгөөч хүн харахад гэмгүй юм шиг яанхан юмаа, ажлын байрандаа ч архи ууна ах дүү нь хэлж хийх хүн байвал хэлээрэй эхний удаа ингэж олонд түгээе дараагийн удаа өөр шүү” гэсэн мэдээлэл хохирогч Ц.Н зургийн хамт тавьсан, түүнээс хойш “Zawtain zalgaarai belen bna 80822906 duudlagaar untana ene ya”, “gai mini zailchih mongo awj hanaj bnuu”, “яанхан минь шөнө орой гэр бүл тайван байлгаад өгөөч чи” зэрэг мэдээллийг хохирогч Ц.Н зургийн хамт тавьж нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд удаа дараа тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Г холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Г нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн фейсбүүк хаягийг нээгээгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ээжийн утасны дугаар зар дээр байсан. Би энэ фейсбүүкийг нээж, энэ хүнийг бичээгүй, бичих шаардлага байхгүй гэдгээ мэдүүлмээр байна. Би Нөмрөг суманд сувилагч ажилтай. Хохирогчтой нэг байгууллагад ажилладаг. Би 2015 онд Н 2019 онд ажилд орж байсан. Бид хоёр ковидын үед муудалцаж байсан. Тэрнээс хойш бие биеэсээ уучлалт гуйгаад хэвийн ажлаа хийж байсан. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хамт ажилладаг Чулуунхүү гэх айлд цай уусан. Манай байгууллагаас 11 хүн явсан. 2 машинаар явсан. 4 хүн нэг машинаар, бусад нь фургоноор явсан. 16 цагт яваад, орой 11-12 цагийн үед ирсэн. Н Б О, Ц, Б, Д, Б нар явсан. Үлдсэн хүмүүсийг сайн санахгүй байна. Очоод авхуулсан зураг байгаа. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үхэр алга болсон гэх зарыг фейсбүүкт дугаартайгаар гэрлээ Э гэх өөрийнхөө фейсбүүк хаягаас зар оруулсан. Утасны дугаар эгчийн нэр байдаг, ээж ашигладаг дугаар. Ээж бичиг, үсэг мэдэхгүй, фейсбүүк ашиглаж мэдэхгүй. Бид нар тусгаарлалтад байхад пиво уусан. Тэр үед Н их эмч мэргэжилтэй сувилагч хийх ёсгүй гэхээр нь тэгээд яагаад сувилагч хийгээд байгаа юм бэ гэж хэлээд маргалдсан. Би хохирогчийн үснээс нь зулгаасан, хохирогч миний нүүрийг маажсан байсан 2019-2022 он хүртэл ахлах сувилагчийн ажлыг хийж байсан. 2022 оны 03 дугаар сард Нямцэцэгт ажлаа өгч байсан. Ахлах сувилагч гээд тусдаа биш, жижүүртээ гараад, ээлжиндээ явдаг. Цалингийн хувьд нэг шатлал илүү. Би 98117189 гэсэн жимобайлын дугаарыг 7 жил ашиглаж байна. Би Г Э гэсэн фейсбүүк хаягтай. Ц.Н халаадтай зургийн тухайд Ц.Нфейсбүүк хаягт байсан бүх зураг байсан. Ц.Н  гэсэн утасны дугаарыг зөвхөн эмнэлгийнхэн мэднэ гэсэн юм байхгүй манай суманд 100 гаран төрийн албан хаагч нар байдаг. Ер нь бүгд мэддэг гэж бодож байна. Манай ажлынхан жимобайлын дугаар чинь болохгүй байна гэж хэлэхэд юнителийн дугаараа өгч байсан учраас хаалттай дугаар биш. Тийм учраас гэм буруугүйд шийдэж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс Нөмрөг сумын эмнэлэгт ажиллаж байна. Энэ үеэс Г гэх хүнтэй хамт ажиллаж эхэлсэн. Тасралтгүй 4 жил ажилласан байна. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед үеэл дүү утасдаад таныг Нөмрөг сумын группт элдэв янзаар хэлээд тавьсан байна гэж хэлэхээр нь ороод үзтэл миний зурагтай намайг доромжилсон пост хийсэн байсан. Үүнээс хойш сэтгэл санааны хувьд өөрчлөлтөд орсон. Энэ талаар хамт ажилладаг хүмүүст хэлсэн. Би ингэж явснаа мэдэхгүй байна гэж даргадаа хэлж байсан. Үүний дараа өдөр 15 цагийн үед дахиад доромжилсон пост оруулсан байсан. 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл миний зурагтай пост хийж доромжилж байсан. 08 дугаар сарын 01-ний өдөр ажлын 11 хүн ажлынхаа хүнийд цай уух гээд явсан. Тэр үед Г хамт явсан. Цай уучхаад орой 23 цагийн үед гэртээ ирсэн. Гэрийнхээ урд хашааны үүдэн дээр буугаад гэр рүүгээ орсон. Пургонд багтахгүй байсан учраас ажлынхаа хүний машинд сууж явсан. Тэр айлд намайг архиар шахаж байсан. Орой ажилтай үргэлжлүүлээд, жижүүрт гарна гэж хэлэхэд ажлыг чинь зохицуулчихсан гэж хэлээд уулгаад байсан. Дараа нь 08 дугаар сарын 03-ны 23 цагийн үед миний зургийг фейсбүүк дээр тавиад хамт явсан хүмүүс нь энэ архичин хүүхэндээ хэлээч, энэ архичин хүүхэн чинь хүний нөхөр унтуулахгүй утасдаад амраасангүй гэж элдэв янзаар хэлээд манай байгууллагын хүмүүсийг таагласан байсан. Би өөрөө архины харшилтай. Их хэмжээгээр уух юм бол тууралт гардаг, тууралт гарахаараа таталт өгдөг. Би өөрөө хааяа өөртөө тохируулж бага зэрэг хэрэглэдэг. Бид хоёрт маргалдах шалтгаан гэх юм бол ковидын үед маргалдаж байсан. Ковидын үед Гэрэлмаа манай нэг сувилагчтай пиво оруулж ирээд намайг уу гэж хэлсэн. Дараа нь машин дуудчихсан голын зах оръё гэхээр нь улаан бүсэд байгаа юм чинь болохгүй байх гэж хэлсэн. Үгүй, хамаагүй гэхээр нь дагаад явсан. Дагаад явсан чинь чи машин унаж үзсэн үү гэхээр нь чи согтчихсон юм биш үү гэж хэлсэн чинь намайг үсдээд дарчихсан. Миний хажууд сууж байсан сувилагч болиоч гэж хэлээд байсан. Би үснээсээ тавиулаад машинаас буусан чинь ахиад чирсэн. Тэр үед өмдний өвдөг цоороод зулгарсан. Тухайн үед цагдаа дуудаад, цусыг нь эмнэлэгт дээр очиж тогтоолгоод даралттай боолт хийлгэсэн. Маргааш нь надаас уучлаарай адилхан согтуу байсан, нэг газарт ажилладаг юм чинь гэхээр нь гомдлоо буцаагаад авчихсан. Би эхэлж мэдүүлэг өгөхдөө хардаж байсан хүн байгаагүй. 2 дахь мэдүүлэг өгөхдөө Гэрэлмааг хардаж эхэлсэн. Учир нь ажил дээр болж байгаа үйл явдлыг хажуунаас нь харж байгаа юм шиг пост оруулж байсан учраас хардаж эхэлсэн. Байгууллагаараа хамт явсан асуудлыг өөр хүмүүс мэдээгүй. Миний даргын өрөөнд орж хэлсэн үг постод орсон байсан. Би Г хамт сургалтад явж байсан. 1 өрөөнд цуг байсан. Өмнө нь надтай дотно биш учраас хамт ажилладаг юм чинь надтай нээлттэй ярьж болно шүү дээ гэхэд хүн дугарахгүй бол би дугардаггүй гэж хэлсэн. Надтай дотно харьцдаггүй. Э.Г ээлжийн амралтаа аваад ажлаасаа гарна гэж хэлсэн. Тэр хооронд намайг ахлах сувилагч болгосон. Э.Г ээлжийн амралтаа дуусаад буцаад ажилдаа орсон. Миний бодлоор ахлах сувилагчийн орон тоогоо авах гээд байгаа юм болов уу гэж бодож байна. Учир нь Биндэргарав өрхийн эмнэлгийн сувилагч ахлах сувилагчдын группийн админыг нь хийдэг. Э.Г намайг ахлах сувилагчийн группээс хасуулаад өөрийгөө нэмүүлсэн байсан. Яагаад намайг хасаж байгаа юм бэ, албан ёсоор миний тушаал гарсан, наад хүн чинь байх гээд байгаа бол наад хүнээ байлга, би байх шаардлагагүй гэж хэлсэн чинь тэгвэл чи ахлах сувилагчаа хийж байгаа юм бол авах л ёстой шүү дээ гэж хэлээд намайг буцаагаад нэмсэн. Э.Г ахлах сувилагчаасаа болоод миний нэр төрд халдаад байгаа юм болов уу, энэ ажлаа буцаагаад авч болно шүү дээ. Манай байгууллагын эгч чи хэний нөхөртэй явалдаад байгаа юм гэж хэлэхэд нь та нар намайг мэднэ шүү дээ, би юу гэж тийм зүйл хийхэв дээ, нэр хүндээ сэргээлгэхийн тулд цагдаад өргөдөл өгсөн, гомдол гаргасан гэж байгууллагынхаа Цээгчид хэлж байсан. Манай хүүхэд 2 дугаар ангийн хүүхэд. Ангийнх нь хүүхэд миний хүүхдийг ээж чинь яасан гэлээ гэж аймар хэлсэн гэсэн. Манай хүүхэд ирээд ээжээ та яасан юм бэ, таныг фейсбүүк дээр муухайгаар хэлсэн гээд байгаа юм биш үү гэж хэлээд уйлаад байсан. Г, Г гэх фейсбүүк хаягтай найз байгаагүй. Г гэх хаягийг намайг цагдаад мэдэгдсэнээс хойш удаагүй устгасан байсан. Б эгч  дугаарыг нь олж өгөөд, дугаараар нь хайхад үхэр алдсан гэх зар гарч ирсэн. Тэгэхэд Г фейсбүүк хаягаар пост оруулсан байсан. Дугаарыг нь мэдэхгүй байсан. Маш их сэтгэл санааны хохиролтой байна. 2023 оны 07 дугаар сараас бараг унтаж чадахгүй байна. Дандаа дутуу нойртой байна. Тархи амрахгүй байгаад байна. Миний нэр хүндэд халдаж байсан юм чинь цаашдаа яах бол гэж айж байна. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Хүн хөлсөлж ирж байгаа. Бензиний зардлыг гаргуулж авна. Хүний нэр, төр хэзээ ч засагдахгүй гэж бодож байна. Г Г гэх хаягаас мэдээллийг цахим орчинд тараагаад байгаа хүнийг байгууллагын нууц болон утасны дугаараар Э.Г гэж үзэж байна. Би дугаарыг ашигладаг байсан. Хөдөө жимобайлын дугаар ашиглах болоод0 дугаарыг ашиглаж эхэлсэн. Миний дугаарыг бараг хүн мэддэггүй. Би албандаа хэрэглэх гээд  дугаарыг авсан. Миний дугаарыг манай байгууллагын тал нь мэддэг, тал нь мэддэггүй байсан. Миний дугаарыг хамт жижүүрт гардаг учраас Э.Г мэднэ...” гэв.

Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 07 дугаар сараас 24-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын фейсбүүк цахим групп дээр Г, Г гэсэн хаягаас “энэ нэг яанхан хүүхэн хэдэн жил сум оронд минь байж хүн хүний эр нөхөртэй заваарах юм бэ шөнө байж ядах юм нөхөр сүүдэр амраахгүй юм архи ууя гараад ир шоудна гээд олон дуугүй байлаа зайлаад өгөөч хүн харахад гэмгүй юм шиг яанхан юмаа, ажлын байрандаа ч архи ууна ах дүү нь хэлж хийх хүн байвал хэлээрэй эхний удаа ингэж олонд түгээе дараагийн удаа өөр шүү” гэсэн мэдээллийг хохирогч Ц.Н зургийн хамт тавьсан, түүнээс “хойш завтай нь залгаарай бэлэн байна, 80822906 дуудлагаар унтана энэ яа, гай минь зайлчих, мөнгө авч ханаж байна уу, янхан минь шөнө орой гэр бүл тайван байлгаад өгөөч чи” зэрэг мэдээллийг хохирогч Ц.Н зургийн хамт тавьж нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд удаа дараа тараасан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н н нэр төрд хохирол учирсан. Хохирогч тухайн гэмт хэргийн улмаас 3 удаа ирж, очсон зардал 300,000 төгрөгийг баримтаар шүүх хуралдааны явцад болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шатанд нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан зүйл байхгүй. Дээрх гэмт хэргийг Э.Г үйлдсэн болох үйл баримтын тухайд шүүгдэгч, хохирогч хамт ажилладаг. Нэг нь ахлах сувилагч, нөгөө нь сувилагч байгаа. 2019 оноос 2022 оныг дуустал хамт ажилласан. Э.Г хувьд ахлах сувилагч, Ц.Ня хувьд сувилагч байсан. 2023 оны 04 дүгээр сараас Ц.Н хувьд эмнэлгийн даргынхаа тушаалаар ахлах сувилагчийн ажилд томилогдсон байдаг. Дээрх үйлдэл 2023 оны 07 дугаар сард болсон. Үүнээс өмнө хохирогч, шүүгдэгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгааны улмаас маргалдаж бие биедээ халдаж байсан талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хэлж байсан. Тэгэхээр дотно харилцаатай хүмүүс биш гэдэг нь тогтоогдож байна. Г Г гэсэн хаягт бүртгэлтэй байгаа дугаар нь шүүгдэгчийн төрсөн ээжийнх нь дугаар байдаг. Э.Г нь ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ийм учраас Э.Г худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн байгаа. Иймээс Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2023 оны 07 сарын 23, 24-ний өдрөөс Ц.Н нэр төр, алдар хүндэд халдсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Байгууллагатай холбоотой мэдээлэл, хохирогчтой хамгийн ойр байдаг, мэддэг, утсыг нь мэддэг хүн үйлдсэн байх боломжтой. Г, Ггэх хаягийг ашиглах, хэрэглэх боломжтой хүн нь Э.Г. Шүүгдэгч нь ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ээж нь хэрэглэх боломжгүй. Шүүгдэгч өөр хүн гэр рүү нь ороод код авах боломжтой гэж байгаа нь үндэслэлгүй. Мэдээлэл тавиад байгаа нөхцөл байдал нь хохирогчтой хамгийн ойр, өөрөөр хэлбэл ажлын хувцастай зургийг нь оруулсан байгаа. Шүүгдэгч тухайн фейсбүүкийг ашиглаад байгаа нь малын зар оруулсан хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид сэтгэл санааны хохирол учирсан. Мөн эх, хүүхэд нь хүртэл сэтгэл санаагаар унасан. Энэ байдлаасаа болоод баримт бүрдүүлж чадаагүй. Баримтаар 290,000 төгрөгийн зардал гарсан. Хэргийг илрүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Шүүгдэгч Ж.Г бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад гаргасан мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байгаа учраас гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд баримтаар 290,000 төгрөг байгаа. Хор уршгийн шинжтэй үйлдлүүд байгаа. Үүнийг цаашид эмчид үзүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цахим орчинд хохирогчийн нэр төрд халдсан үйлдэл гарсан байна. Энэ постыг хийсэн хүн нь шүүгдэгч Э.Г мөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүн нь Э.Г мөн гэдгийг нотолсон нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй. Эсрэгээрээ тухайн нотлох баримтуудыг шүүгдэгчид ашигтай, гэм буруугүй болохыг тогтоох боломжтой нотлох баримтууд байна гэж үзэж байна. Үүнд хохирогч өөрөө мэдүүлдэг. Утасны дугаараар хайхад шүүгдэгчийн ээжийнх нь утасны дугаар байсан. Тийм учраас хохирогч, шүүгдэгч 2 нэг дор ажилладаг, хувийн таарамжгүй харилцаа байсан гэдэг таамаглалд үндэслэж, цаашаагаа логикоор хөөж гэмт хэргийг шалгаж нотлох баримт цуглуулжээ гэж үзэж байна. Нөгөө талаар гэрч Б, О нар Г Г гэх хаягтай хүнийг танихгүй, энэ талаар сэжиглэж байгаа хүн байхгүй гэдэг мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл Э.Г мөн гэдгийг нотолж чадаагүй. Фейсбүүк хаягийн эзэмшигчийг ******* мөн гэдгийг тогтоож чадаагүй байна. Эзэмшлийн тухай ойлголт Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Тухайн аливаа зүйл, эрхийг өөрийн мэдэлд байлгаж байгааг эзэмшил гэж үзнэ. Фейсбүүк хаяг эзэмшигч гэдэг нь тухайн хаягийг өөрөө ашигладаг, энэ хаягаас бусадтай харьцаж, цахим орчинд харилцдаг тухайн этгээд нь гэж ойлгож байгаа. Фейсбүүк хаягт байгаа гар утасны дугаарыг хэн ч, ямар ч байдлаар бичих боломжтойг Туршилт дээр харлаа. Утсан дээр код ирээд фейсбүүк нээхэд ганцхан секундийн асуудал байна. Тийм учраас шүүгдэгчийн ээжийн утасны дугаарыг Э.Г биш өөр ямар нэгэн хүн орчин, нөхцөл бүрдсэн үед ямар ч байдлаар өөрчлөөд нэмээд биччих боломжтой. Хуурамч хаягт байгаа гар утасны дугаар шүүгдэгчийн ээжийн гар утасны дугаартай тохирсон гэдэг үндэслэлээр шүүгдэгчийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлохгүй гэж үзэж байна. Зөвхөн тухайн хаяг дээр шүүгдэгчийн ээжийн гар утасны дугаар байсан гэдгээр шүүгдэгчийг тухайн фейсбүүк хаягийн эзэмшигч гэж үзэх боломж байхгүй. Иймд шүүгдэгчийг тухайн хаягаас худал мэдээллийг тавьсан гэдгийг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй байна гэж үзэж байна. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж байгаа. Олон нийтэд тараасан гэдэг дээр маргах зүйлгүй. Илт худал мэдээлэл гэж юу вэ. Монгол хэлний тайлбараас судлаад үзэхээр худал гэдэг нь бодит байдлыг гуйвуулсан үг, бодит байдлыг зориуд гуйвуулах үнэн бус яриаг хэлж байгаа. Илт гэдэг ойлголт нь ил бүхий юмны тодорхой байх нууц биш, илэрхий мэдэх, мэдэж буй, тодорхой байх гэсэн утга агуулгыг илэрхийлнэ гэж байгаа. Тэгэхээр фейсбүүк, сошиал орчинд хэд хэдэн удаагийн үйлдлээр хохирогчийн нэр хүнд, алдар хүндэд халдсан нөхцөл байдлууд байдаг. Үүнийг хэрэгт үнэхээр илт худал гэдгийг нотолж тогтоосон баримт байхгүй. Нөгөө талаар үнэн гэж тогтоосон баримт байхгүй нөхцөл байдал байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж хардах эрх байгаа. Нэгэнт шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байгаа бол түүнийгээ нотлох үүрэгтэй, зайлшгүй нотлох ёстой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь нотлогдохгүй байна. 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн ийм заалт байгаа. Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эргэлзээ төрсөн нөхцөл байдал үүссэн бол ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлүүд байгаа учраас шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүйд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. 2023 оны 07 дугаар сараас 24-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын фейсбүүк цахим групп дээр Ganaa Ganchimeg гэсэн хаягаас “Энэ нэг Яанхан хүүхэн хэдэн жил сум оронд минь байж хүн хүний эр нөхөртэй заваарах юм бэ шөнө байж ядах юм нөхөр сүүдэр амраахгүй юм архи ууя гараад ир шоудна гээд олон дуугай байлаа зайлаад өгөөч хүн харахад гэмгүй юм шиг яанхан юмаа, ажлын байрандаа ч архи ууна ах дүү нь хэлж хийх хүн байвал хэлээрэй эхний удаа ингэж олонд түгээе дараагийн удаа өөр шүү” гэсэн мэдээллийг хохирогч Ц.Н зургийн хамт тавьсан,

Мөн “Zawtain zalgaarai belen bna 80822906 duudlagaar untana ene ya”, “gai mini zailchih mongo awj hanaj bnuu”, “яанхан минь шөнө орой гэр бүл тайван байлгаад өгөөч чи” зэрэг мэдээллийг хохирогч Ц.Н зургийн хамт тавьсан үйл баримт нь

Хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед манай хамаатны дүү над руу залгаад та фэйсбүүк хаяг руугаа ороод үз дээ гэж хэлэхээр нь ороод үзсэн чинь Нөмрөг сумын групп дээр “Ganaa Ganchimeg” гэх хаягаас миний зургийг тавиад “Энэ нэг янхан хүүхэн хэдэн жил сум оронд минь байж хүн хүний эр нөхөртэй заваарах юм бэ шөнө байж ядах юм нөхөр сүүдэр амраахгүй юм гараад ир шоудна гэхээр нь дуугүй байлаа зайлаад өгөөч хүн харахад гэмгүй юм шиг янхан юмаа, ажлын байрандаа ч архи ууна ах дүү нь хэлэх хүн байвал хэлээрэй эхний удаа ингэж олонд түгээе дараагийн удаа өөр шүү” гэж бичээд миний зургийг тавьсан байсан. Тэрнээс хойш миний талаар өдөр бүр Нөмрөг сумын групп дээр худлаа мэдээлэл тарааж байсан. Тэгээд би хэд хоног нөгөө хүнийг хайж байгаад цагдаагийн байгууллагад хандсан. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай ажлын газрын эмэгтэй хөдөө гэрт ажлынхаа хамт олонтой очсон. Үүний дараа 2023 оны 08 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед Нөмрөг сумын групп дээр “Ц.Н энэ хүүхэн хэзээ зайлах гэж байна, цуг архи уугаад байгаа хүмүүс энэ хүндээ хэлж бөгсний ажлыг нь намдаах юм бэ” гэж бичээд манай Чу гэрт очсон хүмүүсийг таг хийж пост оруулсан байсан. Маргааш нь манай ажлын групп чат дээр О эгч “Би бас цагдаагийн байгууллагад өргөдөл бичсэн манай байгууллагыг дотроос нь сайн мэддэг хүн аль эсвэл “Ganaa Ganchimeg” гэх хаягтай хүнд очиж хэлдэг хүн байна” гэж бичсэний маргаашаас оруулж байгаа постондоо ******* эгчийг таг хийхээ больсон...” гэсэн мэдүүлэг /хх 9, 11, 14/

Гэрч Р.Б “...2023 оны 07 дугаар сарын сүүлчээр манай Нөмрөг сумын Фэйсбүүк групп дээр G G гэх хаягаас Н талаар “Янхан, манай айлын нөхөртэй явалддаг" гэх мэт мэдээлэл тавиад байхаар нь коммент хэсэгт нь адилхан эмэгтэй хүмүүс байж юунд нэгийгээ ингэж байдаг юм бэ гэж бичихэд над руу Чи дут өөрийнхөө архийг захир гэж бичихээр нь хариу бичээгүй. Дараа нь 2023 оны 08 дугаар сарын эхээр Нөмрөг сумын Фэйсбүүк групп дээр G G гэх хаягаас "Найзалдаг хэрнээ нөхрүүдтэй нь явалддаг" гэж пост оруулаад намайг таг буюу миний фэйсбүүк хаягийг тавьсан байсан... G G гэх хаягтай би фейсбүүк хаягаараа найз байсан. Хэзээ найз болсноо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

Гэрч Х.О “...2023 оны 07 дугаар сарын сүүлчээр 08 дугаар сарын эх хүртэл манай Нөмрөг сумын фэйсбүүк групп дээр Ganaa Ganchimeg гэх хаягнаас Н талаар зураг болон янз бүрийн үгтэй мэдээлэл тавиад манай эрүүл мэндийн төвийн ажилчдын хамт таг буюу фэйсбүүк нэрийг тавиад байсан. Манай байгууллага дотор болж буй мэдээллүүдийг тавиад байхаар нь би хувь чат руу нь "Чи яг хэн юм бэ, яагаад ингээд байгаа юм” гэж бичихээр над руу "Та наад хүүхнээ мэдэхгүй байна" гэж хариу бичсэн. Дараа нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манайхан ажлаараа хамт ажилладаг гэрт очоод ирсэн өдрийн маргааш нь фэйсбүүк групп дээр "Энэ групп дээрх хамт архи уусан хүмүүс нь хэлээрэй” гэж бичээд бид нарыг таг буюу фэйсбүүк нэрийг бичсэн байсан. Би Ganaa Ganchimeg гэх фэйсбүүкийн хувь чат руу нь “бид нар айлд ороод гэр гэртээ ирээд амарсан” гэж бичихэд "Тэр та нартай явсан шүү гэрийнхээ хойно буугаад нөхөр дуудсан” гэж бичихээр нь “Чи яг хэн юм бэ Н гэртэй ойрхон юм уу” гэж бичихэд “Би судалсан юм" гэж хариу бичиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 19/ болон “Ganaa Ganchimeg” гэх хаягаас тавьсан мэдээлэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 60-63/ тус тус нотлогдож байна гэж шүүх үзлээ.

2. 2023 оны 07 дугаар сараас 24-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын фейсбүүк цахим групп дээр Ganaa Ganchimeg гэсэн хаягаас тавьсан “...Энэ нэг Яанхан хүүхэн хэдэн жил сум оронд минь байж хүн хүний эр нөхөртэй заваарах юм бэ шөнө байж ядах юм нөхөр сүүдэр амраахгүй юм архи ууя гараад ир шоудна гээд олон дуугай байлаа зайлаад өгөөч хүн харахад гэмгүй юм шиг яанхан юмаа, ажлын байрандаа ч архи ууна ах дүү нь хэлж хийх хүн байвал хэлээрэй эхний удаа ингэж олонд түгээе дараагийн удаа өөр шүү” гэсэн,  “Zawtain zalgaarai belen bna .duudlagaar untana ene ya”, “gai mini zailchih mongo awj hanaj bnuu”, “яанхан минь шөнө орой гэр бүл тайван байлгаад өгөөч чи...” гэсэн мэдээллүүд нь худал мэдээлэл болох нь

Хохирогч Б.Н “...Тухайн фейсбүүк групп дээр тавьсан худал мэдээллүүд нь манай ажлын байранд болж байгаа үйл явдал болон ажлын хүмүүсийн фейсбүүк хаягийг сайн мэддэг хүн байсан. Энэ хэргийн улмаас манай ээж байнга даралт нь ихсэж сэтгэл санаагаар маш их унасан, бас манай хүүхдийг хичээл дээр нь хүүхдүүд шоолж дооглох явдал удаа дараа гарсан, миний хувьд ч гадуур авах, дэлгүүр хоршоо орох зэрэг асуудал маш хүндрэлтэй байгаа. Миний нэр хүнд, сэтгэл санаа, гэр бүлийн хүмүүсийн сэтгэл санаа маш их хямарсан, маш их шаналгаатай байгаа. Энэ хүнээр албан ёсоор намайг яаж олон нийтийн сүлжээнд нэр хүндэд халдсан яг тэр шиг нь залруулга хийлгэж, уучлалт гуйлгуулмаар байна. Энэ хэргийн улмаас манай ээжийн бие гэнэт өвдөж ээжийгээ аваад Улаанбаатар хот авч явж эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 9, 11, 14/

 Гэрч Р.Б “...Ц.Н нь бусдын нөхөртэй явалдахаар хүн биш гэж бодож байна. Тийм зүйл сонсож байгаагүй. Тухайн мэдээлэл нь худал хүний нэр хүндийг унагаах гэсэн зорилготой байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

Гэрч Х.О “...Ц.Н нь бусдын нөхөртэй явалддаг талаар мэдэх зүйл байхгүй...” /хх 19/ гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Ganaa Ganchimeg гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг нээхдээ  дугаарыг ашигласан болох нь

Хохирогч Б.Н “...Миний танил эгч Б надтай холбогдож би GG гэх хаягтай хүний хаяг руу найзын хүсэлт явуулж найз болоод доторх мэдээллийг нь үзэхэд  гэх дугаар бүртгэлтэй байна гэж хэлсэн. Тухайн  дугаарыг фейсбүүкээс хайж үзэхэд Erdenebaatar Gerlee гэх хаягаас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Мугалзуур эвэртэй том 1 хар хүрэн үнээ харсан хүн байвал холбогдоно үү, " гэж дугаараа тавьсан байсан... Erdenebaatar Gerlee гэх хаягтай хүнийг танина. Энэ хүн надтай хамт Нөмрөг сумын эрүүл мэндийн төвд ажилладаг Э.Г байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 9, 11, 14/, мөрдөгчийн хохирогчоос гаргаж өгсөн баримтуудыг хураан авсан тэмдэглэл, “Ganaa Ganchimeg” гэсэн нэртэй фейсбүүк хаягийн холбоо барих мэдээлэлд утасны дугаар гэсэн зургийн үзүүлэлт /хх 64-66/ болон мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “... дугаарыг Фейсбүүк хаягт хийж хайлт хийхэд “Ganaa Ganchimeg” нэртэй фейсбүүк хаяг гарч ирсэн тул гэрэл зургаар бэхжүүлэн авч хэрэгт хавсаргав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 68-69/ тус тус тогтоогдож байна.

 

4. Жимойбал ХХК-ний дугаарыг шүүгдэгч Э.Гн ээж Н.А нь эзэмшдэг болох нь

Жимобайл ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Н-01/5577 дугаартай “...98466444 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хүргүүлэв. Эзэмшигч Э.М...” гэсэн алан тоот, тоотын хавсралт /хх 56-57/,

Гэрч Э.М “...98466444 дугаар нь манай ээжийн дугаар байгаа юм. Анх жимобайл байгуулагдаж байхад би ээжид авч өгч байсан. Одоог хүртэл миний ээж Н.А ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 29/

Гэрч Н.А“...Би 98466444 дугаарыг 20-иод жил барьж байна. Хэний нэр дээр байдгийг мэдэхгүй. 98466444 дугаарыг надаас өөр хүн ашигладаггүй...” гэсэн мэдүүлэг /хх 21/

Гэрч Э.О “...Манай ээжийнх 2023 оны 05 дугаар сард мугалзан эвэртэй хүрэн зүсмийн үхэр алга болоод манай дүү Гэрэлмаа тэр талаар зар оруулсан байсан. Тэр зарынхаа доод талд манай ээжийн 98466444 гэсэн дугаар тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

Шүүгдэгч Э.Г “...98466444 дугаар нь манай ээжийн дугаар байгаа юм...” гэсэн мэдүүлэг тус тус тогтоогдож байна.

 5. Шүүгдэгч Э.Гнь ээж Н.А хамт амьдардаг болох нь гэрч Н.А “...Э.Гнь миний төрсөн охин. Гэрэлмаа нь Нөмрөг сумын эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай. Сумын төвд дээр ажилладаг. Ажиллаасай буугаад ирдэг...” гэсэн мэдүүлэг,

 гэрч Э.О “...Э.Г а нь миний төрсөн дүү байгаа юм. Манай ээжийнх 2023 оны 05 дугаар сард мугалзан эвэртэй хүрэн зүсмийн үхэр алга болоод манай дүү Гэрэлмаа тэр талаар зар оруулсан байсан. Тэр зарынхаа доод талд манай ээжийн 98466444 гэсэн дугаар тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

Шүүгдэгч Э.Г “...Би ээжийнхээ хамт амьдардаг. Манай ээж хавар хөдөө гараад өвөл надтай хамт сумын төв дээр амьдардаг...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 6. Жимойбал ХХК-ний 98466444 дугаарыг эзэмшигч Н.А нь фейсбүүк хаяг нээж, ашигладаггүй болох нь түүний “...Надад фейсбүүк хаяг байхгүй...” гэсэн, гэрч Э.Мө “...98466444 дугаар дээр хэний ямар фейсбүүк хаяг бүртгэлтэй талаар мэдэхгүй байна...” гэсэн, шүүгдэгч Э.Г “...Манай ээж А нь фейсбүүк хаяг ашиглаж мэддэггүй хүн байгаа...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

7. Фейсбүүк хаягийг нээхэд заавал майл хаяг эсхүл утасны дугаар оруулж байгаад тэр утасны дугаарт код ирснийг оруулахад нээгддэг болох нь шүүх хуралдаанд хийсэн Turshilt гэсэн фейсбүүк хаягийг нээгээд утасны дугаарт шүүгдэгчийн 98117189 гэсэн дугаарыг оруулаад үргэлжлүүлэхэд шүүгдэгчийн 98117189 дугаарт мессежээр код гэж 57994 дугаар ирэхэд уг дугаарыг оруулахад turshilt гэсэн нэртэй фейсбүүк хаяг нээгдсэн туршилтаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

8. Шүүгдэгч Э.Г“...98466444 дугаар нь манай ээжийн дугаар байгаа юм. Би ээжийнхээ хамт амьдардаг. Манай ээж хавар хөдөө гараад өвөл надтай хамт сумын төв дээр амьдардаг. Манай ээж Алтангэрэл нь фейсбүүк хаяг ашиглаж мэддэггүй хүн байгаа...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Харин шүүгдэгч Э.Г “...Би ийм хаяг нээгээгүй. Манайд манай ажлын газрынхан орж ирж байдаг. Хэн нэгэн нь манай ээжийн утасны дугаарыг ашиглаж фейсбүүк хаягийг нээсэн байх. Би Ganaa Ganchimeg гэсэн хаяг нээгээгүй...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

9. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Г холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Э.Гйн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Завхан аймгийн Нөмрөг сумын нэгдсэн зар гэсэн нэртэй фейсбүүк хаягт байршуулсан 5 мэдээллийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана...” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь уг мэдээлэл бүхий нотлох баримтынхаа эх сурвалжийг зааж, нотолж чадаагүй учраас нотлох баримтаар үнэлээгүй болно.  

 

10. Хавтас хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дээрх үйл баримтуудад дүгнэлт хийж, гэмт хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

 

Шүүгдэгч Э.Г нь ээжийнхээ ашигладаг  дугаарыг ашиглаж “Ganaa Ganchimeg” гэсэн нэртэй фейсбүүк хаяг нээж, уг фейсбүүк хаягаас 2023 оны 07 дугаар сараас 24-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын фейсбүүк цахим групп дээр “Энэ нэг яанхан хүүхэн хэдэн жил сум оронд минь байж хүн хүний эр нөхөртэй заваарах юм бэ шөнө байж ядах юм нөхөр сүүдэр амраахгүй юм архи ууя гараад ир шоудна гээд олон дуугай байлаа зайлаад өгөөч хүн харахад гэмгүй юм шиг яанхан юмаа, ажлын байрандаа ч архи ууна ах дүү нь хэлж хийх хүн байвал хэлээрэй эхний удаа ингэж олонд түгээе дараагийн удаа өөр шүү” гэсэн мэдээлэл хохирогч Ц.Н зургийн хамт тавьсан, түүнээс хойш “Zawtain zalgaarai belen bna duudlagaar untana ene ya”, “gai mini zailchih mongo awj hanaj bnuu”, “яанхан минь шөнө орой гэр бүл тайван байлгаад өгөөч чи” зэрэг мэдээллийг хохирогч Ц.Н зургийн хамт тавьж, нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд удаа дараа тараасан болох нь шүүх хуралдаанд хийсэн ...Turshilt гэсэн фейсбүүк хаягийг нээгээд утасны дугаарт шүүгдэгчийн  гэсэн дугаарыг оруулаад үргэлжлүүлэхэд шүүгдэгчийн дугаарт мессежээр код гэж 57994 дугаар ирэхэд уг дугаарыг оруулахад turshilt гэсэн нэртэй фейсбүүк хаяг нээгдсэн туршилт, хохирогч Ц.Н “...Бш эгч  дугаарыг нь олж өгөөд, дугаараар нь хайхад үхэр алдсан гэх зар гарч ирсэн. Тэгэхэд Г фейсбүүк хаягаар пост оруулсан байсан. дугаарыг хэн эзэмшдэгийг мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “... дугаарыг Фейсбүүк хаягт хийж хайлт хийхэд “Ganaa Ganchimeg” нэртэй фейсбүүк хаяг гарч ирсэн тул гэрэл зургаар бэхжүүлэн авч хэрэгт хавсаргав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрхтэй” бөгөөд гагцхүү энэхүү эрх нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх” үүргээр хязгаарлагдана.

“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.

“Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гэмт этгээд нь хохирогч руу шууд чиглэн түүний хувийн болон ёс зүй, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан илт худал мэдээллийг санаатайгаар олон нийт буюу бусдад тарааж ярьснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.

Шүүгдэгч Э.Г “G.G” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас Завхан аймгийн Нөмрөг сумын фейсбүүк цахим хуудсанд хохирогч Ц.Н талаар “...янхан, бусдын нөхөртэй заваарах, бусдын нөхрийг амраахгүй архи ууя гэж дууддаг, 80822906 дугаар дуудлагаар унтана, бусдаас мөнгө авдаг, шөнө орой бусдын гэр бүлийг үймүүлээд тайван байлгадаггүй...” гэсэн илт худал мэдээллийг түүний фото зургийн хамт тавьснаар хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр алдар хүндэд халдаж буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.

Шүүгдэгчийн “...Ц.Н халаадтай зургийн тухайд Ц.Н н фейсбүүк хаягт байсан бүх зураг байсан. Ц.Н гэсэн утасны дугаарыг манай сумын 100 гаран төрийн албан хаагч нар бүгд мэддэг гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр түүнийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдээгүйгээ нотолж чадаагүй байна. Харин ч шүүгдэгчийн “...мэдээлэлтэй хамт тавьсан зураг нь Ц.Н фейсбүүк хаягт нь байсан...” гэсэн мэдүүлэг нь эсрэгээрээ “Ganaa Ganchimeg” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас Завхан аймгийн Нөмрөг сумын фейсбүүк цахим групп дээр мэдээллийг тавихдаа түүний цахим хаягаас зургийг авсан болохыг нотолж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Г “Ganaa Ganchimeg” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас Завхан аймгийн Нөмрөг сумын фейсбүүк цахим хуудсанд хохирогч Ц.Н талаар “...янхан, бусдын нөхөртэй заваарах, бусдын нөхрийг амраахгүй архи ууя гэж дууддаг, 80822906 дугаар дуудлагаар унтана, бусдаас мөнгө авдаг, шөнө орой бусдын гэр бүлийг үймүүлээд тайван байлгадаггүй...” гэсэн агуулга бүхий илт худал мэдээллийг түүний фото зургийн хамт тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ц.Н нь шүүх хуралдаанд “...Энэ мэдээлэлтэй холбоотой миний нойр хүрэхгүй сэтгэл санаа тогтворгүй болж, би болон манай ээжийн сэтгэл санаа хямарсан учраас Улаанбаатар хот руу явж эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн боловч энэ талаарх баримтаа авч ирээгүй. Харин цагдаад ирж мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд ирж оролцсон замын зардлын 290,000 төгрөгийг баримтыг авч ирсэн учраас гаргуулмаар байна. Сэтгэл санааны хохирол төлбөрийг нэхэмжилнэ...” гээд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн АИ92 шатахууны 100,000 төгрөгийн баримт /хх 39/, шүүх хуралдаанд 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн АИ92 шатахууны 90,000 төгрөгийн баримт, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн АИ92 шатахууны 90,000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх уг баримтуудын энэ хэрэгтээ холбоотой гарсан зардал гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хохирогч 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, мөн шүүх хуралдаанд оролцсон байна. 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар замын зардал 290,000 төгрөгийг шүүгдэгч Э.Г гаргуулж хохирогч Ц.Н олгож шийдвэрлэв.

Хохирогч Ц.Н нь эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа ирүүлээгүй тул эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Г холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Э.Г ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Г нь шүүхээс тогтоосон 290,000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчид төлөөгүй болно.  

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Г нь Завхан аймгийн Нөмрөг суманд байнга оршин суудаг тул түүнд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Г оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Э. нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Э.Г хохиролд 290,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н олгож, хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ӨЛЗИЙХИШИГ