Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч М.Гантулга,

Хохирогч Д.Саруултунгалаг,

Шүүгдэгч Д.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Даваахүүгийн Баярхүүд холбогдох эрүүгийн 201725020391 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дулааны Цахилгаан станцын Улаанбаатар салбарт дэд станцын ээлжийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 9 дүгээр гудамжны 555б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Даваахүүгийн Баярхүү /РД:ТД88110678/

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Баярхүү нь 2017 оны  2 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 9-555б тоотод өөрийн эхнэр Д.Саруултунгалагийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбод нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Баярхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 04-ны өдөр би гэртээ ээлжийн ажлаасаа буугаад ирсэн. Эхнэр бид хоёр ажил байдлын улмаас гэртээ байхгүй хөндийрсөн байсан. Тэгээд би эхнэртээ “гэрээ цэвэрлэ” гэж хэлсэн чинь эхнэр гэрээ цэвэрлэж байгаа ш дээ гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгтэл эхнэр “би явлаа” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “хаашаа явах гэж байгаа юм бэ” гээд эхнэрээ алгадаж, үснээс нь зулгаасан. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Цаашид эхнэртэйгээ эвтэй бие биенээ ойлгож амьдрах болно…” гэв.

Шүүгдэгч Д.Баярхүү нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2017 оны 2 дугаар сарын 04-ний орой эхнэр Саруултунгалагт гэр орноо цэвэрлэхгүй байна гэхэд “цэвэрлэж л байгаа биздээ” гээд хэрэлдэж эхэлсэн. Тэгээд миний уур хүрээд үснээс нь чирээд “яв чи” гэсэн. Тэгээд ээж Болормаа намайг салгаад “боль чи” гээд гэрээс хөөж гаргасан. Би хашаан дотроо 5-10 минут зогсож тамхи татчихаад эргээд гэртээ орсон. Би архи хэрэглэдэггүй, эрүүл байсан. Би эхнэртээ гар хүрсэндээ маш их гэмшиж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй…” гэсэн мэдүүлэг /хх 17-19, 22-23 дугаар хуудас/,

Хохирогч Д.Саруултунгалаг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 04 өдөр би гэртээ хоолоо хийчихээд ажлаа хийгээд сууж байсан. Тэгээд гаднаас нөхөр орж ирээд “гэрээ цэвэрлэхгүй яасан юм” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Энэ асуудал нөхөр бид хоёр хоорондоо ойлголцохгүй, бие биетэйгээ ярилцахгүй байснаас болж энэ хэрэг гарсан. Одоо бид хоёрын харилцаа хэвийн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэв.

 

Хохирогч Д.Саруултунгалаг нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед нөхөр Баярхүү, хүүхдүүд, хадам ээж Болормаа нар байсан. Тэгээд нөхөр Баярхүү “чи гэр орноо цэвэрлэсэнгүй” гээд уурлаад хэрүүл хийж байгаад миний цээж хэсэгт гараараа цохиод, хөл хэсэгт хөлөөрөө цохиод байхаар нь “би явлаа” гэхэд үснээс зулгааж чирсэн. Тэгээд хадам ээж Болормаа салгаад нөхөр Баярхүүг гэрээс гаргасан. Тэгээд би 2 сарын 07-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн. Баярхүү архи уугаагүй эрүүл байсан. Надад гомдол санал байхгүй, бид хоёр амьдраад 8 жил болж байна. Нөхөр Баярхүү өөрийн гэм буруугаа ухаарч дахин ийм үйлдэл гаргахгүй гэж надад амласан. Нөхөрт маань холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн мэдүүлэг /хх 7-8 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт №2524 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“...Дүгнэлт:

1. Д.Саруултунгалагийн биед цээж, зүүн хөх, баруун шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2 Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...шинжээч эмч Т.Чимэд-Очир...” гэжээ. /хх 14 дүгээр хуудас/,

Гэрч Д.Баяржаргалын мэдүүлэг /хх 9-10/, Д.Баярхүүгийн ял шийтгэл шалгасан хуудас /хх 24/, ажлын газрын тодорхойлолт /хх 25/, Д.Баярхүүгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 26/,

Шүүхэд хохирогч Д.Саруултунгалагаас “би нөхөр Д.Баярхүүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Баярхүү нь 2017 оны  2 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 9-555б тоотод өөрийн эхнэр Д.Саруултунгалагийг  “гэр бүлдээ анхаарал халамж тавьсангүй” гэсэн хувийн таарамжгүй харьцааны маргалдан улмаар зодож бие махбодид нь цээж, зүүн хөх, баруун шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Саруултунгалагын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлээнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №2524 тоот акт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Д.Баярхүүд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан гэм хорыг арилгасан, хохирогч Д.Саруултунгалагаас шүүгдэгч Д.Баярхүүтэй “сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан /хх 36 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.                                                 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Баярхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Боржигон овогт Даваахүүгийн Баярхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Баярхүүд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Баярхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.Баярхүү нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Баярхүүд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баярхүүд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ДУЛАМСҮРЭН