Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 182/2018/00921/и |
Дугаар | 1620 |
Огноо | 2018-07-16 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 1620
МАГАДЛАЛ
2018.07.16 Дугаар 1620 Улаанбаатар хот
Н.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00921 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч К Б ХХК, Н Ө ХК нарт холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 15 297 651.66 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Н Ө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 онд Н Ө ХК-ийн ерөнхий захирал Б.Г нь орон сууцанд орох хүсэл сонирхолтой компанийхаа нэр бүхий 4 ажилчдад "...компанийн барьсан орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, зээлийг 100 хувиар бүтээж гаргаад өгөх, орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орохоор 8%-ийн хүүтэй ипотекийн зээлд хамруулж өгөх гэсэн санал тавьсан. Компанийн энэхүү саналыг зөвшөөрч 2014 оны 04 дүгээр сарын 23-нд Н Ө ХК-ийн барьж байсан “Өргөө” хотхоны Б блокт 37.33 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг 82 126 000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Н Ө ХК, К Б ХХК бидний хооронд 82 126 000 төгрөгийн 100%-ийн 52 тоот Орон сууцны санхүүжилтийн гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Н Ө ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж “Өргөө хотхон” Б блокт 37.33 м.кв 1 өрөө орон сууцыг худалдан авахаар болсон. Зээлийн гэрээ байгуулах үед барилгыг улсын комисс хүлээн аваагүй, барилгын ажил 95 хувьтай явагдаж байсан. Өргөө хотхоны барилгыг 2015 оны 05 сард Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарч улсын комиссын ашиглалтад орсон. Гэвч барилга ашиглалтад орж захиалсан байрандаа орох гэтэл барилгын ажлыг гүйцэтгэгч компани нь Захиалагч нарын бүртгэлд таны нэр байхгүй байна гээд намайг захиалсан байранд минь оруулаагүй. Харин Н Ө ХК, К Б ХХК-тай байгуулсан №52 тоот "Орон сууцны санхүүжилтийн гэрээ болон Н Ө ХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу К Б-нд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 он хүртэл 2 жил гаруй хугацаанд cap бүр 1 380 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Миний бие захиалсан байрандаа орох гэж их хөөцөлдсөн боловч хамт захиалсан Н Ө ХК-ийн ажилчдаас ганцаараа байрандаа орж чадаагүй үлдсэн. Иймээс 2016 оны 03 сараас хойш байрандаа орж чадаагүй учир зээлийн эргэн төлөлт хийхээ больсон. Ингээд 2016 оны сүүлээр Капитал банкнаас зээлийн эдийн засагч нь намайг дуудаж уулзсан бөгөөд надад "...Та төлөөгүй байгаа хугацааныхаа мөнгийг төлөөд байраа ав. Бид таньд байрыг чинь авч өгье гэсэн банкны энэхүү саналыг би хүлээн зөвшөөрөөгүй. Банк "Бид хурлаараа таны гэрээг дуусгавар болгоно. Харин та төлсөн мөнгөө буцаан авах боломжгүй, Н Ө ХК-иас мөнгөө олж ав гэсэн хариу өгсөн. Ийнхүү өнөөдрийг хүртэл миний бие эдгээр компаниас 2 жил гаруй хугацаанд төлсөн мөнгөө буцаан гаргуулан авч чадаагүй байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон учраас ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Н Ө ХК, К Б ХХК нараас 2 жил гаруй хугацаанд төлсөн мөнгөө буцаан гаргуулан авах хүсэлтэй байх ба хариуцагч нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн 15 297 651.66 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч К Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Н.А нь К Б 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 54 тоот Зээлийн гэрээг байгуулж 82 126 000 төгрөгийг 15 жилийн хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэйгээр, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Зээлдэгч Н.А нь өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 1 030 131 төгрөг, зээлийн хүүнд 14 266 434 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1086 төгрөг, нийт 15 297 651 төгрөг төлсөн. Гэтэл К Б нь тус орон сууцны гүйцэтгэгч компани биш бөгөөд дээр дурдсан 2 гэрээний дагуу нэхэмжлэгч Н.А-ээс ямар нэгэн төлбөр авч байгаагүй харин тухайн орон сууц худалдан авахад нь зориулж зээл олгосон байдаг. Нэхэмжлэгч Н.А-ээс К Б-нд зөвхөн зээлийн төлбөрийг төлж байсан байдаг бөгөөд хэрэв нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг тухайн орон сууцандаа орж чадаагүй гэдэг үндэслэлээр буцаан нэхэмжилж байгаа бол энэ нь үндэслэлгүй юм. Учир нь К Б ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчид тус орон сууцыг худалдан авахад нь зориулж зээл олгох үүрэг хүлээсэн болохоос биш тухайн орон сууцыг нэхэмжлэгч авч чадаагүй гэдэг асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээх үүрэг хүлээгээгүй. Тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж аваагүйгээс үүдэн гарсан хохирлыг нэхэмжлэгч нь гүйцэтгэгч компани буюу захиалгын гэрээ хийсэн Н Ө ХК-иас нэхэмжлэх нь зүйтэй. Иймд тус нэхэмжлэлийн К Б-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н Ө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н Ө ХК-нд засал чимэглэлийн бригадын даргаар ажиллаж байсан Н.А нь тус компанийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Өргөө хотхон орон сууцны барилгын Б блок-д 37 м.кв 1 өрөө байранд захиалга өгч улмаар Н Ө ХК болон К Б хамтран 2014 оны 5 дугаар сарын 7-нд 8 хувийн зээлд хамрагдахаар болсон билээ. Манай компани нь 2014 оны 11 дүгээр сарын 18-нд өргөө хотхоны Б болон С блок гараашийн газрын хамт К Б-нд зээлийн гүйцэтгэлд тооцон шилжүүлж өгсөн. К Б дээрх барилгын Б болон С блокийг өөрсдийн нэр дээр авахдаа иргэн Бн овогтой Б, иргэн Г овогтой М, “К” ХХК-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан тул 2014 оны 11 дүгээр сарын 18-аас хойшхи уг барилгатай холбоотой аливаа асуудлыг К Б бүрэн хариуцах болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч К Б ХХК-иас 1 030 131 төгрөгийг, хариуцагч Н Ө ХК-иас 13 864 433 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.А-т олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 403 087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К Б ХХК-аас 28 300 төгрөгийг, хариуцагч Н Ө ХК-иас 219 399 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-т тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.
Хариуцагч Н Ө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Атардэлгэртэй Н Ө ХК-ийг төлөөлж, хэн нэгэн эрх бүхий этгээд хуульд заасан шаардлагын хэмжээнд орон сууцаар хангах ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Н.А нь орон сууц захиалах болон худалдан авахаар нэг ч төгрөг шилжүүлээгүй, нэхэмжлэгч Н Ө ХК-д мөнгө шилжүүлсэн болохоо нотлоогүй. Тодруулбал Н Ө ХК болон Н.А нарын хооронд үүрэг үүсээгүй байхад шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж компаниас 13 863 000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөсөн гэж үзэх нөхцөл нь шилжүүлэг хийгдсэн байх, тухайн шилжүүлэг нь хууль болон гэрээнд үндэслэсэн байхыг шаарддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Н Ө ХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч К Б ХХК, Н Ө ХК нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 15 297 651.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 23-нд Н Ө ХК-ийн барьж байсан “Өргөө” хотхоны Б блокт 37.33 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг 82 126 000 төгрөгөөр худалдан авах гэрээ, орон сууцны үнийг төлөх зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Н Ө ХК, К Б ХХК-тай Орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах үед барилгын ажил 95 хувьтай явагдаж байсан ба нэхэмжлэгч нь К Б-нд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 он хүртэл хугацаанд cap бүр 1 380 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна.
Хариуцагч Н Ө ХК нь 2014 оны 11 дүгээр сарын 18-нд “Өргөө” хотхоны Б болон С блок, гараашийн газрын хамт К Б-нд зээлийн гүйцэтгэлд тооцон шилжүүлсэн, 2016 оны 10 дугаар сард нэхэмжлэгч нь хариуцагч банктай байгуулсан гэрээг цуцалсан байх ба гэрээнд заасан орон сууцыг зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэх нөхцөлтэйгөөр хариуцагч банкны өмчлөлд шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаагүй байна.
Хариуцагч Н Ө ХК нь гэрээний зүйл болох орон сууцыг 2014 оны 09 дүгээр сарын 15-нд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч К Б ХХК нь орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авахдаа зээлийн төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн 1 030 131 төгрөгийг төлбөрөөс хасч тооцоогүй тул шүүх хариуцагч нарт зохих төлбөр хариуцуулсан нь нотлох баримтад үндэслэгджээ.
Түүнчлэн шүүх хариуцагч Н Ө ХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь банкинд зээлийн хүү төлж 13 864 433 төгрөгөөр хохирсон, хариуцагч К Б ХХК нь зээлийн төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн 1 030 131 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, хэргийг шийдвэрлэхэд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Н Ө ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Учир нь талуудын хооронд үүрэг үүсээгүй, нэхэмжлэгчийг орон сууцаар хангах ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй гэх гомдол нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдоогүй, шүүх энэ талаар дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.НАРАНЦЭЦЭГ