Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/00726

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2021/00726 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.С-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Б.З-ийн Н.Г, Г.С нарт холбогдох 245,454,395 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч Э.Т, нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагч Г.С, түүний өмгөөлөгчМ.А нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2007 онд танилцаж 2009 онд гэрлэлтээ батлуулж охинтой болсон. Түүнээс хойш бид хадмындаа буюу Г.С-ын эцэг, эхийн гэрт 4 жилийн хугацаанд амьдарсан. Мөн 2011.03.25-нд хүү төрсөн. Түүний дараагаар ... хотхонд манай ээжийнд хэсэг хугацаанд хамт амьдарсан боловч Г.С тэнд амьдарч чадахгүй гэснээр бид буцаж Г.Сын ээж, аавын гэрт амьдарсан. Удалгүй манай ээж болох Б.З урьдчилгаа мөнгийг өгч К апартмэнтэд 4 өрөө байр худалдаж авсан. Хариуцагч бид өнгөрсөн хугацаанд зан харилцааны хувьд таарамжгүй байж маргаан үүсдэг байсан. Би хариуцагчтай хамт амьдарсан цагаас хойш ажилгүй байж үзээгүй хувийн компанид тогтмол ажил хийж байнгын орлоготой байсаар ирсэн. Хариуцагч талаас бид 4-ийг өнгөрсөн хугацаанд Б.С-ын аав, ээж тэжээж ирсэн гэж тайлбарладаг. Түүний хувьд тодорхой хэмжээнд тусалдаг байсан хэдий ч би ажил хийж цалин хөлс авч гэр бүлийн хэрэгцээ, үр хүүхдийнхээ өдөр тутмын ахуйн хэрэгцээг хангадаг байсан. 2015-2017 онд Америк улсад очиж ажил хийсэн. Түүний дараагаар Г.С бид хоёр 2019 онд хоорондоо муудалцахад Г.С намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 102 дугаарт дуудлага өгч би Цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхөд Г.С миний тухай тайлбартаа намайг байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, байнга цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болон хоёр удаа архины эмчилгээнд явсан гэж үндэслэлгүй зүйл бичиж хорих ангид намайг 14 хоног хонуулсан. Тэгэхээр яагаад Г.С-с салах гээд байгаа учир шалтгаан нь зөвхөн энэ үйл баримтын улмаас биш, цаашид гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр үл ойлголцлоос болж мэдээж олон удаа маргалдана, тэр болгонд Цагдаагийн байгууллагад хандахад ирээдүйд би өөрийн төрсөн хүүхдүүдийнхээ өмнө гэмт хэрэгтэн болох юм. Тэгэхээр нэгэнт хоорондоо таарч тохирохгүй байгаа юм чинь хүүхдүүддээ муу үлгэр дуурайлал үзүүлж амьдарснаас тус тусдаа амьдрах шийдвэр гаргасан юм. Бидний хэрүүл маргаан залуу хүн учир баяр ёслолоор тодорхой хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэнэ. Тэр болгонд айлын эхнэр хүн нөхрөө унтаж амар гээд унтуулчихаж болох байтал согтууруулах ундаа хэрэглэснийг дөрөөлж хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Одоо шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн миний бие хүүхдүүдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Учир нь бага насны хүүхдүүд эхийн асрамжид үлдэх нь зүйтэй гэж үзсэн. Тийм учир би эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүүхдүүддээ тэтгэлгийг цаг хугацаанд нь өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хариуцагч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Г-ын тайлбарлаж байгаачлан бид хоёр хүүхэдтэй болж манай гэрт хамт амьдарч байсан. Н.Г-ын ярьснаар гэр бүл, үр хүүхдүүдээ асран хамгаалж, тэжээн тэтгэж ирсэн зүйл нэг ч удаа байхгүй. Анхны хүүхдээ олчихоод төртөл нь би ганцаараа л эмнэлгээр явдаг байсан. Жирэмсэн байх хугацаанд Н.Г нь надад нэг ч удаа анхаарал тавьж жирэмсний эм бэлдмэл авч өгч байгаагүй. Охин төрөөд удаагүй 6 сартай байхад нь дахин жирэмсэн болж хүүгээ төрүүлсэн. Дахин жирэмсэн болж хүүхэд төрүүлэхэд Н.Г өмнө ямар байсан яг тиймээрээ л байсан. Намайг болон хоёр хүүхдээ асарч халамжилдаггүй хэвээр байсан. Мөн миний хүү гэдсэнд би жирэмсэн байхад Н.Г бид хоёр эмчид үзүүлэхэд эмч надад хандаж үр зулбахад ойрхон байна. Хэвтрийн дэглэм барих хэрэгтэй гэж хэлээд хэд хэдэн эм бичиж өгөөд гаргахад Н.Г тэр эм бэлдмэлүүдийг авч өгөөгүй. Би яагаад би надад эм, бэлдмэл авч өгөхгүй байгаа юм бэ гэж асуухад надад мөнгө байхгүй, чи өөрөө хүнээс зээлж ав гэж хэлж хэлэхэд нь би Н.Г-т хандаж чи ажил хийж байгаагаараа хүнээс мөнгө зээлээд өгөөч гэхэд би хүнээс юм гуйх дургүй гэж хэлж байсан удаатай. Энэ мэтчилэн миний болон хоёр хүүхдүүдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа огт хүлээж байгаагүй. Миний ээж, аавынд 4 жилийн хугацаанд амьдарч байгаад тусдаа гарсан. Тэр 4 жилийн хугацаанд нэг ч удаа хүнсний зүйл авч байгаагүй. Мөн миний бие эмэгтэй хүн учир сар бүр байгалийн жамаар сарын тэмдэг ирдэг. Тэр болгонд надад нэг ч удаа хэрэглэл авч өгч байгаагүй. Өнгөрсөн хугацаанд миний болон хоёр хүүхдийн бүх хэрэгцээг манай ээж, аав хангаж ирсэн. Н.Г өөрийн цалингаа нэг ч удаа эхнэр хүүхэддээ зарцуулахгүй байгааг манай ээж, аав ажиглаад Н.Гын ээжтэй холбогдож хүүхдүүдийн мөнгийг хуримтлуулж байгаад байр авч өгөөд тусдаа гаргах хэрэгтэй гэж ярилцаж улмаар бид байр авч тусдаа гарсан. Хоёр хүүхэд минь цэцэрлэгт орох шаардлагатай болоод хүүхдүүдээ цэцэрлэгт оруулах гэхэд Н.Г би байрны төлбөрийг төлж байна. Тийм учир үнэтэй хувийн цэцэрлэгт оруулж өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь улсын цэцэрлэгт оруулаад өгөөч гэж хэсэг хугацаанд хүлээсэн ч Н.Г огт тоогоогүй. Би арга бараад ээж, аавдаа хэлж байгаад Улсын 102-р цэцэрлэгт өөрөө хөөцөлдөж байгаад оруулсан. Энэ бүх хугацаанд Н.Г өдөр болгон архи ууж, маргааш нь босож чаддаггүй, олон тайлбар хэлж огт хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөггүй байсан. Архи уусны маргааш нь миний бие муу байна гэсэн шалтаг тоочдог байсан. Н.Г тайлбартаа сүүлд болсон маргааны талаар ярьж байна. Н.Г-тай хамт амьдарснаас хойш өдөр болгон архи ууж ирэхэд нь нэг л өдөр хүний нөхөр, хүүхдийн эцэг хүн гэдгээ ухамсарлаж засрах байх гэж найдаж байсан боловч огт засраагүй. Би аргаа барж Н.Г-ын ээжид нь хэлэхэд ганц авдаг арга хэмжээ нь бөө, мөргөл шашин шүтлэг байдаг байсан. Хамгийн сүүлд бидний хооронд болсон маргааны шалтгаан нь Н.Г нэг өглөө мөрөө мулталж орж ирчихээд унтаж байгаа намайг босгож хоол хийж өгөхийг тулган шаардсан. Би түүнээс хаагуур явж, хаана хонож ирчихээд, юу яриад байгаа юм бэ гэснээр бидний хэрүүл маргаан үүссэн. Улмаар би Цагдаагийн байгууллагад хандахад Н.Г гэрээс гараад зугтаасан. Н.Г-ын хэлж байгаагаар би худал мэдүүлэг өгч хүнийг гүтгээд Цагдаагийн байгууллагад 14 хоног хориулсан мэтээр ярьж байна. Хэлж байгаа зүйл нь худлаа юм. Цагдаагийн байгууллага шалгаж гэм буруутай үйлдэл гарсан учир Н.Г-ыг хорьсон юм. Мөн Н.Г надаас салж байгаа шалтгаан нь зан байдлын хувьд таарч тохирохгүй байна гэж хэлж байна. Энэ нь мөн худлаа гэдгийг хэлмээр байна. Н.Г нь миний үеэл Г.А гэх хүнтэй завхайран сүүлрэх эсхүл нууц амрагийн харилцаатай гэх хуулийн ямар тодотголтой байдгийг хэлж мэдэхгүй байна. Одоогоор Н.Г-ын гаргасан нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа. Цаашид энэ архи уудаг, хар тамхи хэрэглэдэг хүнтэй хамт амьдарч чадахгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2020.04.02-ны өдөр миний үйлчлүүлэгч сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хүүхдүүдийн асрамж тогтоолгох шаардлагаасаа татгалзсан байгаа. Манай зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1-д хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. 2-т гэр бүлийн дундын өмч буюу 2013 оны 10 сард ... дүүргийн ...-р хороо, К апартмэнтийн 117.68 м.кв бүхий 4 өрөө байрны ногдох хэсэг буюу энэ байранд шинжээч томилуулахад 264.800.000 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг хүнд 66.200.000 төгрөг ногдоно. Ингээд хоёр хүүхэд болон Г.С нарт нийт 198.600.000 төгрөг ногдоно. Үүн дээр нэмээд автомашины 1 болон 2 тоот дулаан зогсоолын нийлбэр үнийг 42.000.000 төгрөгөөр үнэлснийг талууд хэн аль нь маргадаггүй. Уг 42.000.000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хуваахад хоёр хүүхэд болон Г.С нарт 31.500.000 төгрөг ногддог. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа гэр бүлийн дундын өмч болох ... дүүрэг, ...-р хороо, ...-р хороололд байрлах 4 өрөө орон сууцын ногдох хэсэг буюу тухайн орон сууцанд үнэлгээ хийхэд 248.000.000 төгрөгөөр үнэлсэн. Түүнээс нэг хүнд ногдох хэсэг нь 62.000.000 төгрөг болдог. Хоёр хүүхэд болон Г.С нарт ногдох хэсэг нь 186.000.000 төгрөг ногдож байгаа юм. Мөн СӨХ-ны төлбөр буюу 2015 оны 4 сараас 2020 оны 7 сар хүртэлх 3.724.630 төгрөгийг ус болон дулааны төлбөрт шаардсан. Түүнийг хоёр хүүхдэд хуваалгүйгээр насанд хүрсэн хоёр хүн буюу Н.Г, Г.С нарт хуваахад нэг хүнд 1.862.315 төгрөг болж. Түүнийг Н.Г-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.

 

Нэхэмжлэгч Н.Г шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбарлахдаа: Н хотхон гэж яриад байдаг. Энэ байр нь миний биш манай ээжийн байр юм. Намайг хадмындаа амьдарч байхад манай ээж нэг өрөөг нь тохижуулан өгөөд миний хүү хадмындаа 3 жил байсан юм чинь гэртээ эхнэр хүүхэдтэйгээ бай гэхэд нь би зөвшөөрч тэнд очиж хэсэг хугацаанд амьдарсан. Миний ээжийн байранд миний нэр орсон боловч миний хөрөнгө биш юм. Тийм байхад хариуцагч Г.С нь Номун хотхоны байрнаас өөрт ногдох хэсгийг нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Харин авто зогсоолын хувьд К апартмэнтийн байрны урьдчилгаа 81.000.000 төгрөгийг өгөхдөө манай ээж хүргэн ахаас 50.000.000 төгрөгийг зээлж байсан. Тэр зээлсэн мөнгөндөө тооцож 2 авто зогсоолыг өгсөн. Мөн байр хувааж өөрт ногдох хэгсийг авна гэдгийг ойлгохгүй байна. Уг байр нь цаанаа банкны 15 жилийн хугацаатай банкны зээлийн барьцаанд байдаг. Анх энэ байрыг Б.З гэх хүн худалдан авсан. Г.С бид хоёроос нэг ч төгрөгийн төлбөр төлж байгаагүй. Миний ажиллаж олсон цалин, орлого нь гэр бүлийн хэрэглээнд үрэгдээд дуусдаг байсан. Бид нэг ч удаа байрны төлбөрийг төлж үзээгүй юм. Г.С нь миний ажил мэргэжлийг хүртэл нэхэмжлэх гээд байгаа юм шиг зүйл ажиглагдаж байна. Уг байрны гэрчилгээ дээр хүүхдүүд бид дөрвийн нэр байдаг, мөн байранд амьдарч байгаа болохоос байрны төлбөр, банкны зээл гэх зэрэг байртай холбоотой бүх зардлыг 2013 оноос хойш Б.З гэх хүн төлсөөр ирсэн байдаг. Тэгэхээр уг байрыг хувааж өөрт ашиг авах хүсэл байхгүй. Харин Б.Зд банкны болон СӨХ-ны гэх мэт өр ширийг нь төлж асуудалгүй болгох хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгч Б.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Маргаан бүхий К апартментийн 151,152 тоот бүхий тус тусдаа гэрчилгээтэй 2 байрыг нэгтгэж 4 өрөө нэг байр болгосон юм. Энэ байрыг Хбанкнаас авсан. 2012 оны 03 сараас эхлэх байрны эх үүсвэр тавигдаж эхэлсэн. Энэ байр нийтдээ 271.840.000 төгрөгийн үнэ бүхий байр юм. Энэ байрны 30 хувийн урьдчилгаа нь 150 тоот байранд 40.776.000 төгрөгийн 30 хувийн урьдчилгаа, 151 тоот байранд мөн адил 40.776.000 төгрөгийн 30 хувийн урьдчилгаа нийт 81.555.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Энэ байрыг Х барьсан байдаг. Х-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу Х банкны 499036311 гэсэн тоот дансанд 2012.03.30-ны өдөр 50.055.000 төгрөг хийсэн. 2012.04.06-ны өдөр 31.500.000 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу хоёр хувааж байрны урьдчилгаа төлбөрийг хийсэн. Энэ мөнгийг тушаахад тухайн үед маш их хэмжээний мөнгө байсан. Миний олон жилийн ажлын үр дүн байсан. Мөн дээрээс нь миний хүргэн болох н.Агаас хүүгүйгээр, барьцаагүйгээр 51.000.000 төгрөг зээлж авч байсан. Зээлсэн мөнгөө өгч чадалгүй урт хугацаа өнгөрсний дараагаар өөрт байгаа зүйлийг өр төлбөрт бодож өгөхөөр шийдэж Ки Эйч апартментийн 1 болон 2 дугаар авто зогсоолыг өгсөн. Анх Хээс нэг гаражийг 23.100.000 төгрөгөөр бодож авч байсан. Нийт 46.200.000 төгрөгийн үнэ бүхий 2 авто зогсоолыг тухайн үед урьдчилгаа 11.500.000 төгрөг өгөн аваад төлбөрийг цувуулан өгч төлж барагдуулсан нь хавтас хэрэгт баримтаар авагдсан байгаа. 2013.08.15-ны өдөр Хбанкны Эрдэнэс салбарт хандаж 8 хувийн ипотикийн зээлд хамрагдаж 151, 152 тоот байрыг авсан. Тухайн үед би өөрийн нэр дээр гэрчилгээ авч болох байсан ч хүүгээ эхнэр хүүхэдтэй гал голомтоо бадрааж байгаа, хожим хойно хүү минь намайг асарна гэж бодож байсан учир Н.Г, Г.С болон хоёр хүүхдүүдийн нэрийг гэрчилгээнд бичүүлсэн. Гэрчилгээнд эдгээр 4 хүнийг бичүүлсэн нь миний алдаа болсон. Гэхдээ энэ байрны бүх зээлийн би өөрийн мөнгөөрөө төлж байсан. Миний бизнесийн үйл ажиллагаа олон улсын харилцааг баталгаа болгон Хбанк зээлд хамруулсан. Зээлийн эргэн төлөлтийг төлөхөд Н.Гын нэр явж байгаа боловч миний ажиллуулж байгаа дэлгүүрийн үр дүн юм. Би өөрийн дүүгийн худалдааны дэлгүүрт түрээс төлж дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. Маргаан бүхий 4 өрөө байрыг анх Х барьж байхад нь бид зэргэлдээ хоёр байрыг нийлүүлж нэг байр болгож өгнө үү, урсгал зардлыг бид даана гэсэн санал тавьж 8.000.000 төгрөгийг Хын дансанд тушаасан байдаг. Гэхдээ энэ зардлыг нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй. Энэ хоёр байрны нэг дээр нь 92.665.124,17 төгрөгийн зээл гарсан. Нөгөө байранд 95.365124.17 төгрөгийн зээл тус тус гарсан. Үүн дээр урьдчилгаа болох 81.555.000 төгрөг нэмэгддэг. Нийт зээлийн төлбөр 270.664.000 төгрөг болдог. Зээлийг нэг сардаа 151 тоотод 913.239,57 төгрөгийг сар бүрийн 5-ны өдөр төлдөг. 152 тоот байранд нэг сарын 936.761,38 төгрөгийг сар бүр төлдөг. Нийт 15 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээл авсан. Ингээд 151 тоот байранд 74.004.449,02 төгрөгийг төлсөн байгаа. Харин 152 тоот байранд 71.908.926,03 төгрөгийг төлсөн байгаа. Мөн энэ хоёр байрнаас гадна амь насны даатгал, байрын даатгалуудад нийтдээ 5.007.748 төгрөгийг Г.С, Н.Г нарын өмнөөс төлсөн байдаг. Гэтэл батлан даагчийн даатгал гэж байдаггүй юм. Үүнийг Н.Г, Г.С нар нь мэддэг юм уу, үгүй юм уу. Мөн дээрээс нь 2013 оны 9 сараас 2020 оны 3 сарыг дуустал байрны төлбөр, алданги нийт 7.173.728,51 төгрөгийг төлсөн. Цахилгааны төлбөр 2014 оны 3 сараас 2020 оны 5 сарыг дуустал 2.152.830 төгрөгийг төлсөн. Цаашлаад байрны СӨХ-ны төлбөрт 2019.05.12-нд Н.Г бид хоёрын нэрийн өмнөөс 2.000.000 төгрөгийг өгсөн. Тухайн үед Н.Г бид хоёр Америк улсад ажиллаж байгаад ирсэн юм. 2019.10.08-ны өдөр би 500.000 төгрөг, 2020.01.23-ны өдөр 200.000 төгрөг, 2020.05.06-ны өдөр 200.000 төгрөг нийт 2.900.000 төгрөгийг төлж үлдэгдэл 2.100.000 төгрөг байгааг тооцоо нийлсэн байгаа. Ингээд үзэхэд 245.454.395 төгрөгийг миний зүгээс байр, Сөх, цахилгаан, ус, дулаан, амь насны даатгал, зээл болон зээлийн хүүнд төлсөн байдаг. Мөн банкинд 2020.10.05-ны өдрөөс 2020.12.04-ны өдрийн хооронд төлөгдөөгүй зээл, зээлийн хүү байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр 2020 онд ковид гараад зээлийн хүү түр царцсан. Гэтэл 2020.10.01-ний өдөр болж царцсан зээл тавигдсан. Тухайн үед дахин хол хорио тогтоож төр засгаас 2020.11.19-ний өдөр иргэдийн ипотекийн зээлийн хүүг зогсоох шийдвэр гарсан. Шийдвэр гарахад тухайн үед банктай харьцалгүй явсаар хэсэг хугацааны дараа банктай цахимаар холбогдож зээлийн хүүг царцаах талаар ярилцсаны улмаас банк 2020.12.04-нд хүсэлтийг хүлээн авч хүлээн зөвшөөрсөн боловч энэ хооронд гарсан төлбөр нь нийт 4.502.968,43 төгрөг гарсан байдаг. Г.С, Н.Г нарын нэр гэрчилгээнд байдаг боловч банк эцсийн бүлэгт надтай харьцдаг. Яагаад гэхээр уг байрыг би авч гэрчилгээний нэр дээр эдгээр хүмүүсийн нэрийг оруулж, байрны төлбөрийг өнгөрсөн хугацаанд болон одоо ч төлсөөр явж байгаа юм. Одоо нийт зарцуулсан мөнгө 146.665.086 төгрөгийг өнөөдрийн байдлаар зарцуулсан. Н.Г, Г.С нараас 122.727.197 төгрөгийг тус бүрт нь шаардаж байна. Би ач нартайгаа өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Г, Г.С нар гэрлэлтээ цуцлуулахад цаана нь миний мах, цусны тасархай болох хоёр ач минь байгаа. Би өнөөдөр тэд нарынхаа төлөөл явж байна. Би энэ хоёр байр авч өгөхийг тулд хамтдаа аз жаргалтай яваасай гэж бодсоны хувьд хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй л явж байсан. Гэтэл миний энэ хөдөлмөрийн хариу энэ хочр хүн ус цацсан. Мөн би эрүүл мэндийн хувьд асуудалтай бөөрний хагалгаанд 7 удаа орсон. Цөсөө авхуулсан, бөөрний дэд булчирхайн хавдараа авхуулж нийт хагалгааны ширээнд 9 удаа сэхээд босч ирсэн. Үүнийг яриад үр хүүхдүүддээ нялзаадаггүй. Би эдгээр хүмүүсийн байрны төлбөрийг төлөхийн тулд хүнээс зээлж, ээмэг, бөгжөө ломбарданд тавьж байрны төлбөрийг төлдөг. Би хоёр ачтайгаа уулзах болгондоо өөрт байгаа бүхнээ л өгдөг байсан. Гадагшаа явахдаа хоёр хүүхдүүддээ болон бэрдээ бэлэг бэлдээд л ирдэг байсан. Тэр болгоныг би нэхэмжлэлд тусгаагүй, тусгах ч шаардлагагүй гэж бодож байна. Гэхдээ их хэмжээний хөрөнгө гаргаж босгосон зүйлийг энэ хоёр хүмүүс хуваана гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Өнөөдөр эдгээр хүмүүс нэг удаа зээл төлж, нэг удаа зээл юу болж байна гэж надад хандаж байсан удаа байхгүй. Яахав тухайн үед миний бэр хүүхдээ хараад гэртээ хэсэг хугацаанд байсныг би үгүйсгэхгүй. Хүүгээ ч бас өмөөрч байгаа зүйл байхгүй. Гэхдээ Н.Г Г.Сын хэлж байгаагаар яахаа алдсан архичин, хар тамхичин хүн биш. Би энэ хоёр хүнд өгч чадсан юм чинь өгсөн зүйлийг эргүүлэн авах гэсэн юм гэв.

 

Хариуцагч Н.Г Б.З-гийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбарлахдаа: Б.З-гийн хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоогоор май гээд өгөх мөнгө байхгүй учир энэ байрнаас гаргуулж өгнө. Би өнөөдөр байрны нэг ч төгрөг төлж байгаагүй. Харин тэр байранд амьдарсан нь үнэн. Тийм учир Б.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Г.С Б.З-гийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбарлахдаа: Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Н.Г өөрийгөө 600.000 төгрөгийн цалинтай гэж хэлж байна. Анх надтай танилцахдаа ээжтэйгээ хамтарч ашгаа 50, 50 хувиар хувааж авдаг. Мөн оройн цагаар тогооч хийдэг байсан. Тэр рестораныг түрээслүүлж ажиллуулдаг байсан. Тэр их мөнгөө яагаад ярихгүй байгааг гайхаж байна. Мөн Америк улсад 2 жилийн хугацаанд явж ажил хийсэн. Тэр бүх мөнгө хаашаа орсон, яагаад Н.Г ээждээ мөнгөө өгч ээж нь банкинд тушаасныг би төлбөр төлсөн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч Б.З ач хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байна гэж тайлбарлаж байна. Өөрөө уулзъя гэж нэг ч удаа хэлж байгаагүй, миний охин өөрийн гэсэн утас, дугаартай байгаа нэг ч удаа залгаж асууж байгаагүй байж яагаад намайг зориуд уулзуулаагүй мэт ярьж байгааг гайхаж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Г нь Г.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Г.С нь Н.Гт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Тус шүүхийн 2020.09.29-ний өдрийн 13548 дугаар шүүгчийн захирамжаар Н.Г, Г.С нарт холбогдох 245,454,395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Згийн нэхэмжлэлтэй хэргийг Г.С-д холбогдох нэхэмжлэгч Н.Гын нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэсэн байна.

 

Н.Гын нэхэмжлэлтэй Г.С-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.З бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан байх боловч 2020.07.30-ны өдөр гаргасан түүний нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар хэргийн зохигч буюу нэхэмжлэгч болж түүний эрх зүйн байдал өөрчлөгдсөн байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд гэрлэгчид нь 2008.05.20-ны өдөр гэр бүл болсоныг 2009.12.18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ... дугаарт бүртгэснээр хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд тэдний дундаас 2009.12.09-ний өдөр охин Г.С, 2011.03.25-ны өдөр хүү Г.Г нар төрсөн болох нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019.09.13-ны өдрийн 241 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд Н.Г, Г.С нарын гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа удаа дараа явагдсан байх бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон байна.

 

Шүүх хуралдааны явцад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасан энэ хуулийн 132.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн маргааны талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах үндэслэл болохгүй заалтыг гэрлэгчдэд тайлбарласан боловч талуудын хэн алин нь эвлэрэхийг хүсээгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүх шийдэв.

 

Талууд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй, цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэгчид үзсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, 2009.12.09-ний өдөр төсрөн охин Г.С, 2011.03.25-ны өдөр төрсөн хүү Г.Г нарыг эхийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар Н.Г, Г.С нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог бөгөөд талууд эвлэрлийн гэрээний 2, 3, 4, 5-д заасан тохиролцоог зөрчихгүй байхыг дурдаж байна.

 

Г.С-ын гаргасан сөрөг нэхэмжлэлээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .... байрны .... тоот 4 өрөө орон сууц /... тоот 58.01 м/кв, .... тоот 59.67 м/кв 2 байрыг нийлүүлсэн/ нь Н.Г, Г.С нарыг анх гэр бүл болоход нь зориулагдсан болохыг нэхэмжлэгч Б.З зөвшөөрсөн, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Г, Г.С, охин Г.С, хүү Г.Г нарыг бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Г, Г.С нартай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнүүд хэрэгт авагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126.3-т ...,эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэж тус тус зааснаар дээрх 4 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцов.

Нэхэмжлэгч Н.Г, Н.З нар тухайн үл хөдлөх хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулахыг зөвшөөрөөгүй, гэр бүлийн хөрөнгө биш гэж маргасан боловч Н.Г, Г.С нар 2009.12.18-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсонтой холбоотойгоор тухайн гэр бүлийн хамтын амьдрал, ахуйн хэрэгцээг хангах зорилгоор өмчлөгдсөн, тэдний өөрсдийн болон төрөл, садангийн хүмүүсийн хөрөнгөөр бий болсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон болно.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж зааснаар Г.С нь гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан байх тул дээрх хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараахь тохиолдолд тодорхойлно, 129.1.1гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал, 129.6-д гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар нэр бүхий 2 хүүхэд эхийн асрамжид үлдэж байгаа тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН 6А байрны 151 тоот 4 өрөө орон сууцыг Г.С болон 2 хүүхдэд үлдээж, орон сууцны үнэ 264,800,000 төгрөгнөөс Н.Гт ногдох хэсэг болох 66,200,000 төгрөгийг Н.С-с гаргуулж нэхэмжлэгч Н.Г-т олгохоор шийдвэрлэлээ.

Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 2020.08.13-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, дүгнэлтээр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот, 117,68 м/кв 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 264,800,000 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд талууд үнэлгээний талаар маргаагүй, Г.С орон сууцыг өөрт нь үлдээсэн тохиолдолд Х банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг өөрөө хариуцаж төлөхийг зөвшөөрсөн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 10.3-т зааснаар бие биеэ хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүргийг адил хүлээнэ.

Харин Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... хотхоны ... тоот 4 өрөө орон сууцны, мөн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..... гудамж .... байрны зоорийн давхарын .... тоот болон .... тоот хаягт байршилтай автозогсоолын ногдох хэсгийг Г.С шаардах эрхгүй гэж үзлээ.

Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь бусдын өмчлөлд шилжсэн, тухайлбал 2019.06.25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 автозогсоол нь Э.А-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн, ... тоот орон сууц нь 2016.08.23-ны өдөр худалдагдсан болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.04.14-ний өдрийн дэлгэрэнгүй лавлагаа, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2020.05.01-ний өдрийн .... албан тоотоор тус тус тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж, 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахаар тус тус заажээ.

Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй бөгөөд Г.С нь дээрх хөрөнгүүдийн ногдох хэсгийг шаардах эрхгүй байх тул 2 авто зогсоолын ногдох хэсэг 31,500,000 төгрөг, 160 тоот орон сууцны ногдох хэсэг 82,500,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгов.

Мөн Г.С нь 2015 оны 4 сараас 2020 оны 7 сар хүртэлх хугацааны ус болон дулааны төлбөрт 3.724.630 төгрөгийг 2 хувааж 1,862,315 төгрөгийг Н.Г-аас гаргуулахыг хүссэн боловч тэрээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн баримтгүй, сард төлдөг төлбөрийн талаарх нотолсон баримтгүй тул өөрт нь учирсан хохирол эсхүл гарсан зардал гэж үзэхгүй тул 1,862,315 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Н.Г, Г.С нарын өмнөөс тэдний бусдад төлөх өр төлбөрүүдийг төлж байсан гэх үндэслэлээр Э.Г-ын ээж буюу нэхэмжлэгч Б.З нийтдээ 245,454,395 төгрөгийг Н.Г, Г.С нараас хувааж гаргуулахыг хүссэн байх бөгөөд сууц өмчлөгч Н.Г, Г.С нар өөрсдийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот, ... өрөө орон сууцны амь насны болон байрны даатгалд 5,007,748 төгрөгийг, 2013 оны 9 сараас 2020 оны 3 сарыг дуустал хугацааны байрны төлбөр /ус, халаалт/, алданги нийт 7.173.728,51 төгрөгийг, цахилгааны төлбөр 2014 оны 3 сараас 2020 оны 5 сарыг дуусталх хугацааны 2.152.830 төгрөгийг, мөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2.900.000 төгрөгийг тус тус төлөөгүй, тэдний өмнөөс Б.З төлсөн байх тул нийтдээ 17,234,306 төгрөгийг Н.Г, Г.С нараас хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин 2 орон сууц худалдан авах зорилгоор Хбанктай байгуулсан зээлийн гэрээний дагуу 2013.08.19-ний өдрөөс эхлэн 2020.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 146,665,086 төгрөгийг Б.З өөрөө төлсөн гэх үндэслэлээр Н.Г, Г.С нараас хувааж гаргуулахыг хүссэн боловч шүүх тухайн орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзээд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар орон сууцыг Г.С болон 2 хүүхдэд үлдээж, орон сууцны ногдох хэсгийг Н.Г-т олгохоор шийдвэрлэсэн тул Б.З-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 146,665,086 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдол үүссэн байхыг шаарджээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Б.З нь өөрийн мөнгийг /хөрөнгө/ бусдад шилжүүлсэн байхыг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан тохиолдол үүссэн тул хариуцагч нарас шаардах эрхтэй, нэр бүхий хариуцагч нарыг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч Н.Г-аас 8,617,153 төгрөгийг, хариуцагч Г.С-с 8,617,153 төгрөгийг тус гаргуулж нэхэмжлэгч Б.З-д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.Г, Г.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009.12.09-ний өдөр төсрөн охин Г.С, 2011.03.25-ны өдөр төрсөн хүү Г.Г нарыг эх Г.С-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011.03.25-ны өдөр төрсөн хүү Г.Гийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 2009.12.09-ний өдөр төрсөн охин Г.С, 2011.03.25-ны өдөр төрсөн хүү Г.Г нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Н.Г-аас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.6-д зааснаар Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .... байрны .... тоот 4 өрөө орон сууцыг Г.С болон нэр бүхий 2 хүүхдэд үлдээж, Г.С-с байрны үнийн ногдох хэсэг 66,200,000 төгрөгийг гаргуулж Н.Г-т олгосугай.

 

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар ... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, ... хотхоны .... тоот 4 өрөө орон сууцны, мөн .... дүүргийн .... дугаар хороо, ..... гудамж .... байрны зоорийн давхарын 1 тоот болон 2 тоот хаягт байршилтай автозогсоолын ногдох хэсэг 114,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.С-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар Н.Гаас 8,617,153 төгрөгийг, Г.С-с 8,617,153 төгрөгийг тус тус гаргуулж Б.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, Б.З-гийн төлсөн 1,385,222 төгрөг, Г.С-ын төлсөн 649,961 /70,200+579,761/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С-с 152,825 төгрөг, Н.Гаас 152,825 төгрөгийг тус тус гаргуулж Б.З-д олгож, Н.Г-аас сөрөг нэхэмжлэлд 70,200 төгрөг гаргуулж Г.С-д олгож, Г.Сос 70,200 төгрөг гаргуулж Н.Г-т олгож, Г.С-с 1,080,300 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ