Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 951

 

                                                     С.Г-д холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Тамир,   

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Г-д холбогдох эрүүгийн 1908 04097 0470 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн С-н Г, 19... оны .. дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, хүргэн ах, нагац дүү нарын хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхээс өмнөх тогтоолоор эдлээгүй ялын 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг биечлэн эдэлж 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;  

С.Г нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, ................ зүүн талд байрлах “Ю е т” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байхдаа хохирогч Э.Б-н эзэмшлийн аккумулятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Г-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-н цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Г-с 1.229.900 төгрөг гаргуулан хохирогч “Ю е т” ХХК буюу төлөөлөгч Э.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 100 литр түлш, 5 ширхэг канистр, 4 аккумулятор, хөөс зэргийг авсан бөгөөд хохирогч хохирол гомдолгүй гэж анхан шатны шүүхэд хэлж байсан удаатай. Хохирол болох 5.729.900 төгрөгийг хохирогч Э.Б-н өөрийнх нь данс руу шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хохирогч өөрөө хохирол гомдолгүй гэж хэлснийг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. Би өөрийн гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа бөгөөд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Өмгөөлөгчийн зүгээс С.Г-н гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон.

Яллагдагч С.Г-н мэдүүлэг, хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр 2019 оны 6 дугаар сард туслах ажилтан авна гэх зарын шүүгдэгч С.Г нь Э.Б-тай холбогдож уулзан ажилд орсон. Ингээд хохирогч Э.Б нь шүүгдэгч С.Г-г “Ю е т”-ны хашаанд аваачиж ажлыг нь танилцуулаад хашаанд байгаа автомашинууд болон тоног төхөөрөмжийг тайлбарлаж, нэг бүрчлэн хэлж, хүлээлгэн өгөөд хариуцуулан үлдээсэн байдаг. Үүнээс дүгнэхэд хохирогч Э.Б, шүүгдэгч С.Г нарын хороонд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу ажлын байрны нэр, албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл зэргийг амаар тохиролцож хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүсч, хөдөлмөрийн гэрээг амаар байгуулсан болох нь тогтоогддог.

Үүнийг тайлбарладаг учир нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх уг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулсан байдаг. Яагаад гэвэл хэргийн үйл баримтаар хохирогч Э.Б шүүгдэгч С.Г нарын хооронд хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүсч, ажил олгогч, ажилтан гэх статустай тус харилцаанд оролцож, гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцож, хөдөлмөрийн гэрээг амаар байгуулж, С.Г-д ажлыг нь танилцуулж, тухайн ажил үүрэг гүйцэтгэх ажлын байр буюу “Ю е т” ХХК-ийн хашаанд байгаа эд хөрөнгүүдийг итгэмжлэн хариуцуулсан болох нь харагддаг.

Өөрөөр хэлбэл С.Г нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны орой 22 цагийн үед “Ю е т” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа Э.Б-н эзэмшлийн аккумулъятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог.

Иймд С.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл буруу байсан, гэтэл шүүх уг буруу зүйлчилж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хоёр. Хохирогч Э.Б нь 1300 л дизель түлш алдагдсан талаар мэдүүлдэг. Гэвч шүүгдэгч С.Г нь “хашаанд байсан тээврийн хэрэгслүүдээс” 100 литр дизель түлш авсан гэж мэдүүлдэг. Гэвч анхан шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт хийгээгүй, учир нь хэрэг болсон гэх тухайн хашаанд нийт 5 ширхэг ачааны автомашин байгаа болох нь харагддаг, уг 5 ширхэг автомашины дизель түлшээ хадгалдаг сав /банк/-д нийт 1300 литр түлш байсан эсэхийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, тус 5 автомашины 1 автомашины банк нь хэдэн литр дизель түлш нөөцлөх боломжтой, 5 автомашин бүгд банкиндаа дүүрэн дизель түлштэй байвал хохирогчийн мэдүүлдэг 1 тонн 300 литр түлш байх боломжтой эсэх нь тодорхойгүй, үүн дээр мөрдөн шалгах ажиллагаа хийж шалгаж, тогтоогоогүй.

Нөгөөтэйгүүр, 1300 литр дизель түлш тухайн 5 автомашинд байх боломжтой эсэхийг тогтоогоогүй атлаа зөвхөн хохирогчийн мэдүүлгээр 1300 литр түлш алдагдсан гэж шинжээч томилж, дүгнэлт гаргуулж хохиролд тооцож байгаа нь илтэд үндэслэлгүй. Мөн 1300 литр буюу 1 тонн 300 литр дизель түлшийг шүүгдэгч С.Г нь яагаад ч зөөх боломжгүй, энэ хэмжээний түлшийг багтаах сав ч түүнд байхгүй байсан, ийм илт боломжгүй, бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй уг үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт огт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч С.Г нь хохирогч Э.Б-тай ажилд орохоор тохиролцсон боловч тухайн ажил үүргийг албан ёсоор хүлээж аваагүй, хөдөлмөрийн гэрээгээр хариуцуулсан буюу итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хүлээж авсан гэх зүйл тогтоогдоогүй. Байгууллагын албан ёсны манаач явсан үед хөрөнгийг нууц, далд аргаар авсан нь тогтоогддог. Шүүгдэгч С.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрийг төлөх байр суурьтай байсан. Гэвч тэрээр цагдан хоригдсон учир 1.200.000 төгрөгийн хохирол дутуу төлөгдсөн. Хэргийн зүйлчлэл тохирсон, хохирол нь хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг түлшийг тухайн байрны хажуугийн жалганд зөөвөрлөж аваачаад замын жолооч нарт зарж борлуулсан гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

С.Г нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, .......... зүүн талд байрлах “Ю е т” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байхдаа хохирогч Э.Б-н эзэмшлийн аккумулятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Б-ын “... С.Г гэх залуу ажилд орохоор ярьж байгаад 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ирж уулзаад ажилд орсон юм. Би “Ю е т” ХХК-ийн хашаанд аваачиж ажлыг нь танилцуулаад хашаанд байгаа автомашин болон тоног төхөөрөмжийг тайлбарлаж, нэг бүрчлэн хэлж өгөөд үлдээсэн ба маргааш нь очиход ажлын байран дээрээ байсан бөгөөд 8 дугаар сарын 3-ны өдөр очиход байгаагүй. Эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд тэнцэх 2 гэж дугаарласан гарын мөр нь MN005210002945 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн С овогтой Г-н зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна. 1 гэж дугаарласан гарын мөр нь MN000510005866 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн С овогтой Г-н зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна...” гэсэн 04/004 дугаартай дүгнэлт /хх 36-37/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-11/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-51/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-н хохирогч Э.Б-н эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч С.Г-с “... ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” талаар, түүний өмгөөлөгч Г.Тамираас “... С.Г-н үйлдэлд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах ...” талаар давж заалдах гомдлууд тус тус гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хэдийгээр шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэд төлөөгүй, гэм хор арилаагүй, түүний хувийн байдал зэргээс үзэхэд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэхээр байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн субьект нь “аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” байхыг хэлдэг.

Уг субьектийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.Г нь “Их эрэлийн эзэд” ХХК-д манаачаар ажилд орохоор Э.Б-тай тохиролцсон боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул эд хөрөнгийг итгэмжлэн хариуцвал зохих этгээд биш гэж үзнэ.

Шүүгдэгч С.Г-н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруугийн шинжийг бүрэн агуулсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, шүүгдэгч С.Г-н үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүнд хууль зүйн дүгнэлт хийхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир нь “... 1300 литр түлшийг С.Г ганцаараа зөөх боломжгүй ...” гэж маргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд түлш болон бусад эд зүйлсийг хэрхэн нууцаар зөөж, хаана байрлуулж, ямар замаар худалдан борлуулж ашиг олсон талаараа мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул хэргийн үйл баримтыг хангалттай нотлон тогтоосон гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.