Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/45

 

   2024        03          07                                  2024/ШЦТ/45

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Тын Мд холбогдох эрүүгийн 2435000000045 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... оны 02 дугаар сарын 09-нд Увс аймгийн ......... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Н...... ............. хөгжлийн төвд ....... ажилтай, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын 9 дүгээр багийн ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан Т овогт Тын М /РД:.............../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.Мнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт согтуугаар Тоёота пробокс загварын ............. УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Т.Мыг цагаатгах үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Үүнд:

Улсын яллагч А.А:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарн 14-ний өдрийн бүртгэлийн 1650 дугаартай Тын Мын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2023 оны 6 дугар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр торгуулсан бүхий албн тушаалтан Ц.Эын шалгасан материал үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, №0207801 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

Эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

Гэрт А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Гэрч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Цагдаагийн Ерөнхий газрын цахим бүртгэлээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Жолоочийн лавлагаа, мэдээллийн хуудас (хавтаст 29-30 дахь тал),

Шинжээч эмчийн шүүх химийн шинжилгээний 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Шүүгдэгч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал)-үүдыг тус тус шинжлэн судлав.

А. Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт:

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаартай “Т.Маас авсан гэх 12080 дугаартай хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. Т.Маас авсан гэх 12080 дугаартай хуруу шилтэй цусанд 2.2% промилли спиртийн агууламж илэрч байна. Т.Маас цусны дээж авах үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Э “Холбогдогч Т.Мыг 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгож, 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0207801 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 9 дэх тал),

Гэрч А.Аийн мөрдөн байцалтын шатанд: “Тын М гэх хүн байсан бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар жолоодох эрх хасуулсан иргэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Шүүгдэгч Т.М нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг лавласан лавлагаагаа (хавтаст хэргийн 30 дахь тал),

Шүүгдэгч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би 2023 оны 6 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан. Эрх сэргээгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)-үүдээр  Т.Мнь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын эрхээ 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан байна.

Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “Т.Мнь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүнээс авсан 22R118335 дугаартай хуруу шилтэй цусанд 2.1 процент промиль спиртийн агууламж  илэрч байна. Т.Маас цусны дээж авах үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлтээр 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Тоёота пробокс загварын ......... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтуу байсан болох нь тогтоогдож байна.

Б. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, мөн хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасны дагуу хууль хүчин төгөлдөр болсон байна.

 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж хууль тогтоогч хуульчилан тайлбарласан байна.

 Тодруулбал: 2024 оны 01 дүгээр сарын 01-ний 00 цагаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Энэ тохиолдолд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” зөрчлийн хугацааг зөв тооцох нь дээрх гэмт хэрэгт яллагдаж байгаа хүний эрх зүйн байдалд чухал нөлөөтэй тул зөв хууль зүйн дүгнэлт хийх шаардлага үүсэж байна.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинээр нэмж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хууль тогтоогч хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь давтамжийн шинжээр тодорхойлогдох бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний 00 цагаас хойш хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөхөөс эхлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-5.3-д заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин тухайн төрлийн зөрчлийг үйлдсэн тохиолдолд  гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулна.  

Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй болно.

“Шинэ эрүүгийн хууль эргэн үйлчлэхгүй” гэх “Мерля-Левассер”-ийн сонгодог зарчим ёсоор шинээр гэмт хэрэгт тооцсон эрүүгийн хууль нь хүчин төгөлдөр болсон үеэс хойших үйлдэл, эс үйлдэхүйд хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн давтамжийн шинжээр тодорхойлогддог тул эхний үйлдэл /зөрчил/ нь хууль хүчин төгөлдөр болсон үеэс хойш үйлдэгдсэн байх ёстой.

Материаллаг болон процессын хэм хэмжээ хэд хэдэн шинж чанараар ялгагддагаас тэдгээрийн цаг хугацааны мөчлөгт орших байршлын онцлог нь хөндөгдөж буй асуудалд чухал ач холбогдолтой байна. Тухайлбал, хууль түүнийг батлагдахаас өмнө бий болсон үйл баримтад буцаж үйлчлэхгүй тухай lex retro non agit (Ямар ч хууль буцаж үйлчлэхгүй), nullum crimen, nulla poena sine lege (Хууль үгүй бол гэмт хэрэг үгүй), lex severior poenali retro non agit (Ял хүндрүүлсэн Эрүүгийн хууль буцаж үйлчлэхгүй) зарчмуудад процессын хэм хэмжээ захирагдаж байхад материаллаг хэм хэмжээ нь lex mitior poenali retro agit (Зөвхөн ял хөнгөрүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэнэ) буюу товчоор lex mitior (Ялыг хүндрүүлэн тусгасан) зарчмын үр дүнд цаг хугацаанд шилжилт хийх боломжтой байдаг.

Процессын хэм хэмжээ нь эрх зүйн хэм хэмжээний бүхий л ерөнхий шинж чанаруудыг өөртөө агуулж хүчин төгөлдөр үйлчилсэн цаг хугацаатайгаа хөдөлгөөнгүй уягддаг бол эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээ нь хэргийн үйл баримтаас хожим үйлчилж эхэлсэн ч шүүгдэгчийн хувьд in mitius (Ашигтайгаар шийдвэрлэх)  байдлаар буцаан хэрэглэгдэх боломжтой. Буцаан хэрэглэх боломжтой хуулиудыг ерөнхийд нь ex post facto (Өмнөх үйл баримтад хууль хэрэглэгдэх буюу хууль буцаж үйлчлэх)  ангилалд хамааруулдаг бол аливаа процессын шинжтэй хэм хэмжээ мөн чанараасаа шалтгаалан энэ ангилалд багтдаггүй.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... үйлдэх үед нь үндэсний хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож байгаагүй ямар нэг үйлдэл буюу эс үйлдэлд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” гэж тодорхой туссан байна. Уг заалтад дурдагдсан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн шинж, оногдуулах ял шийтгэл, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн зохицуулалтууд нь эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээнд хамаарна.

Эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээний үйлчлэл юуг гэмт хэрэгт тооцох, ямар шинж бүрдэлтэй байх, тэдгээрт ногдуулах ялын төрөл, хэмжээ зэрэгт төвлөрдгөөс гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай шууд хамааралтай байдаг.

Энэ утгаараа зөрчил нь давтагдвал гэмт хэрэгт тооцох хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх үйлдлийг нэгтгэн давтамжийн шинжээр нь гэмт хэрэгт тооцох нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан хууль ёсны зарчимд харшилна.

Учир нь хүнийг гэмт хэрэгт тооцогдохгүй байх үед хийсэн үйлдлийнхэн төлөө шинээр гэмт хэрэгт тооцсон хуулиар яллах нь хүний хэзээ ч гэмт хэрэг болохгүй гэж баттай итгэсэн хуулиар хамгаалагдсан итгэл үнэмшлийнхэн төлөө ялласан явдал болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2435000000045 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т овогт Тын Мыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Мын үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Т.Мд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг CD дискийг хэргийн хамт буцаан хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Мнь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2435000000045 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т овогт Тын Мыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Т.Мд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг CD дискийг хэргийн хамт буцаан хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч Т.Мнь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарласугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч өөрт холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

                                                                                                          

                                          

                                 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ГАН