Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/02278

 

 

 

 

 

 

 

 

 

      2021          08          02 

 101/ШШ2021/02278

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И.М-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З д ХХК,

 

Хариуцагч: Б.Б нарт холбогдох,

 

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагч З д ХХК-ийн төлөөлөгч Ч.Д, хариуцагч Б.Б, хариуцагч Б.Бын өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... И.Мнь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр З д ХХК-тай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-4 тоот хаягт байршилтай орон сууцанд нүүн орсон. Гэрээний урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөгийг З д ХХК-д тэр өдөр нь шилжүүлсэн. Орон сууцанд нүүж ороод гэрээний дагуу 5 сарын турш сар бүр 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 06 дугаар сард уг байрыг барьсан “Гэрэлтжин” гэх компани танай зуучилсан З д ХХК манайд нэг ч төгрөг өгөөгүй гээд байрны цахилгаан, усыг тасдаад дараа нь манайхыг хөөж гаргасан. Үүнээс хойш би урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгөө буцааж авъя гэхэд З д ХХК-ийн Б захирал янз бүрийн шалтгаан хэлж бултан зайлсаар өдийг хүрсэн. Иймд З д ХХК, Б.Б нараас урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү.

И.М-н нэхэмжлэлтэй, З д ХХК, иргэн Б.Б нарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан би хариуцагч Б.Бт холбогдох нэхэмжлэлээс буюу хариуцагчаас татгалзаж байна” гэв.

 

Хариуцагч З д ХХК-ийн төлөөлөгч Ч.Д шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “.... Миний бие Ч.Д, Оюун, Б.Б нар явж байгаад 100 айлд очиход надад ганцхан иргэний үнэмлэх байсан, тэгээд З д ХХК гэсэн гэрчилгээ гаргуулж авсан. Тухайн үед Б.Б 70 хувь, Ч.Д 30 хувь гээд л байсан, би сайн ойлгоогүй. Би З д ХХК-ийн өмнөөс гарын үсэг зурж үзээгүй, нэг ч хүнээс мөнгө аваагүй. Бүх зүйлээ Б.Б өөрөө хийдэг, мөнгө авдаг байсан. Үүнийг Нэргүй сайн мэднэ, мөнгө өгсөн хүмүүс ч мэднэ. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч С.Ялалт нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Иргэн И.М нь орон сууц захиалгын гэрээг З д ХХК-тай байгуулж, урьдчилгаа төлбөр төлсөн байна. З д ХХК-ийн захирал нь Ч.Д гэх хүн байдаг. Ч.Д нь мөн хувьцааг 100 хувь дангаар эзэмшдэг. Миний бие З д ХХК-ийг төлөөлөх эрхгүй, тухайн компанид ямар нэгэн ажил, албан тушаал эрхэлдэггүй болно. Ийм учир миний бие төлөөлөхгүй компанийнхаа өмнөөс нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар өгөх боломжгүй байна. Харин З д ХХК-ийн хувьд И.М-с шилжүүлсэн мөнгийг “Гэрэлтжин” ХХК-д шилжүүлсэн гэдэг бөгөөд “Гэрэлтжин” ХХК нь одоог хүртэл мөнгийг буцаан шилжүүлээгүй байдаг талаар компанийн хүмүүс ярьдаг. Иймд Ч.Д хариу тайлбар өгч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын сацуу “Гэрэлтжин” ХХК-аас шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэх ёстой гэж үзэж байна” гэв.    

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.М нь хариуцагч З д ХХК, Б.Б нарт холбогдуулан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 15,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.   

 

Хариуцагч З д ХХК-ийн төлөөлөгч Ч.Д нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, мөнгө хүлээн аваагүй, бүх асуудлыг Б.Б мэднэ гэх үндэслэлээр, хариуцагч Б.Б нь З д ХХК-ийг төлөөлөх эрхгүй, компанийн өмнөөс тайлбар хийх боломжгүй, тухайн гэрээнд гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр гарын үсэг зурсан гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар ийнхүү татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.

 

И.М, Я.Болорчулуун болон З д ХХК нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, худалдагч З д ХХК нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10-4 тоот хаягт байршилтай орон сууцыг худалдах, худалдан авагч И.М, Я.Болорчулуун нар орон сууцны үнэ 70,485,000 төгрөгийг урьдчилгаа 20 хувь 15,000,000 төгрөг төлөх, үлдэгдэл 55,485,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 2042 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-5-16/.

 

Мөн И.М 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “38.36 м.кв байрны урьдчилгаа” 15,000,000 төгрөг тушаасан тухай З д ХХК-ийн санхүүгийн тэмдгээр баталгаажсан кассын орлогын ордер баримт хэрэгт авагдсан /хх-17/.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч З д ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болох Ч.Д нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, мөнгө хүлээн аваагүй, бүх асуудлыг Б.Б мэднэ гэж тайлбарлаж байх хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мөн дээрх гэрээнд компанийн тамга дарж баталгаажуулсан, нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авсан талаар компанийн кассын орлогын ордер баримт үйлдэж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байдлыг үгүйсгэсэн нотлох баримт шүүхэд гаргаагүй.

 

Иймээс нэхэмжлэгч И.М, хариуцагч З д ХХК-ийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэлд “... Орон сууцанд нүүж ороод гэрээний дагуу 5 сарын турш сар бүр 400,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 06 дугаар сард уг байрыг барьсан “Гэрэлтжин” гэх компани танай зуучилсан З д ХХК манайд нэг ч төгрөг өгөөгүй гээд байрны цахилгаан, усыг тасдаад дараа нь манайхыг хөөж гаргасан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч З д ХХК-ийн зүгээс дээрх үндэслэлд тодорхой тайлбар гаргаж мэтгэлцээгүй.  

 

Харин хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийг орон сууцнаас “Гэрэлтжин” компани гаргасан гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн ба талуудын маргаж буй орон сууцыг Б.Б, Ч.Д нарын хамтран үүсгэн байгуулсан “Зоос дэлгэрэх импекс” ХХК нь барилга барьсан “Гэрэлтжин” ХХК-аас хамтран ажиллах гэрээгээр шилжүүлэн авч, улмаар хариуцагч З д ХХК-ийн нэрээр нэхэмжлэгчид зээлээр худалдсан, мөн нэхэмжлэгчийн урьдчилгаа 15,000,000 төгрөгийг “Гэрэлтжин”  ХХК-д шилжүүлсэн боловч “Гэрэлтжин” ХХК урьдчилгаа нэмэхийг шаардсан гэх тайлбар гаргасан хэдий ч тус тайлбартай холбоотой ямар нэгэн баримт шүүхэд гаргаагүй.    

 

Дээр дурдсанаас үзэхэд худалдагч буюу хариуцагч тал нэхэмжлэгчид шилжүүлсэн орон сууцаа буцаан авснаар талуудын хооронд байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2018 оны 06 дугаар сард дуусгавар болжээ.  

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан кассын орлогын ордер, талуудын тайлбараар нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг хариуцагч З д ХХК хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч З д ХХК-аас 15,000,000 төгрөгөө буцаан шаардсан нь үндэстэй.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З д ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.М-д олгосугай.  

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан 15,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас нэхэмжлэгч И.М татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З д ХХК-аас 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.М-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА