Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2021/00379

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох,

          Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00319 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1959 онд Булган аймаг ******* суманд төрсөн 64 настай ам бүл 2 эхнэрийн хамт ******* сумандаа амьдардаг. Тус сум нэгдлийн дэлгүүрийн барилга хувьчлагдсанаас бараг хариуцах эзэнгүй болсон үед 2008 онд Д.*******ээс худалдан авч 13 жил ашиглаж өмчлөгчөөр тогтоолгоогүй байсан. Одоо улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр Улсын бүртгэлийн хэлтсээс 2 байшингийн өмчлөгч мөн гэсэн шүүхийн шийдвэр гаргуул гэсэн. Иймд Булган ******* суманд 268м2, 207м2 байшингуудыг шинэхэн 2 өмчлөгчөөр Т.******* намайг өмчлөгч мөн болохыг   тогтоож өгнө үү.

Иймд дээрх байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Тухайн 2 барилгыг хувьчилсан болон худалдсан тухай албан ёсны баримт манай газар дээр байхгүй. Бид орон нутгаас лавлагаа авсан. Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар болон бусад орон нутгийн өмчийн газруудын данс бүртгэлд тухайн объектууд байхгүй байна. Энэ хүн тухайн объектуудад нилээн хөрөнгө оруулалт, засвар хийсэн тул нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан Булган аймаг, ******* суманд байрлах 268 мкв, 207 мкв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэгч Т.*******ын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь орон нутгийн өмчийн газрын  бүртгэлд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.*******ын эзэмшиж, ашиглаж байгаа Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан Булган аймаг, ******* суманд байрлах үл хөдлөх хөрөнгө нь анх Барилга угсралтын конторын ажилчид барьж, тус ажилчид амьдарч байгаад өмч хувьчлалаар хувьчлагдаж, хувьчлагдсанаас хойш хувь хүмүүс хооронд аман хэлбэрээр худалдах худалдан авах гэрээгээр шилжиж байсан,  энэ талаарх бүртгэл, өмчлөл хувьчлалын эрхийн акт, шийдвэрүүд байхгүй. Нэхэмжлэгч Т.******* нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах 268 мкв, 207 мкв байшинг 2008 онд Д.*******ээс худалдан авсан болох нь гэрч Д.*******, Б.******* нарын мэдүүлэг, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/288 дугаартай тодорхойлолт, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд цахилгааны төлбөр төлсөн болох баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэжээ.

Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Булган аймаг, ******* суманд байрлах 3594 мкв байшингийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  *******ыг Булган аймаг, ******* суманд байрлах 268 мкв, 207 мкв байшингийн өмчлөгч болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан  мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.ОДОНЧИМЭГ