Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 101/2018/1944/и |
Дугаар | 1822 |
Огноо | 2018-08-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1822
Ч.Яын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01944 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч.Яын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Ад холбогдох,
2 090 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 1 000 000 төгрөг зээлүүлсэн. Зээлдэгч нь мөнгө зээлснээсээ хойш надад 2016 оны 3 дугаар сард зээлсэн мөнгөний хүү 100 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сард 80 000 төгрөг, нийт 180 000 төгрөг өгсөн бөгөөд түүнээс хойш нэг ч төгрөг төлөлгүй алга болсон. Б.Ааас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч, удахгүй өгнө гэдэг байснаа сүүлдээ утсаа ч авахаа больсон. Иймд Б.Ааас үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 1 020 000 төгрөг нийт 2 020 000 төгрөгийг, эрэн сурвалжлуулахад тушаасан улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөг, нийт 2 090 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүх хуралд тодорхой тайлбар гаргах болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ааас 2 090 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Яад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48 393 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 7 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 1 000 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар баримт ирүүлээгүй нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Хариуцагч нь шүүх хуралдаан болох өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Д.Цэрэнтогтох надад итгэмжлэл олгосон, тус шүүх хуралдаанд оролцохоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн өргөтгөлийн байранд байсан, аль зааланд шүүх хурал болох талаар хариуцагч болон надад мэдэгдэлгүй хуралдаан болж шийдвэр гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2-т заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ч.Я нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 2 020 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 2 090 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, алданги төлөхгүй байхаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцсэн байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна. /хх 3/
Зохигчдын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул шүүх нэхэмжлэгч Ч.Я нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иймд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар ззээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр 1 000 000 төгрөг, хүү 1 200 000 төгрөг, нийт 2 020 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 180 000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрт 2 020 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Б.Аыг эрэн сурвалжлуулсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02287 дугаар шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Б.Ялалтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсэн байх тул шүүх хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Шүүх 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж, мөн өдөр хариуцагч Б.Ад нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байна. Хариуцагч Б.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01944 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.ЦОГТСАЙХАН