Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Р.Батнасан,

Иргэдийн төлөөлөгч Ю.Батцоож,

Хохирогч Ч.Саранзолбоо,

Шинжээч эмч Ө.Сарангэрэл,

Шүүгдэгч С.Ганпүрэв, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат /ҮД: 0045/,

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД: 0407/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайтал овогт Сэргэлэнбилэгийн Ганпүрэв, Боржигон овогт Чулуунбатын Чүлтэмжамц нарт холбогдох эрүүгийн 201625021198 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчингийн 5 дугаар гудамж 17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Хайтал овогт Сэргэлэнбилэгийн Ганпүрэв, /РД:ДЮ90041275/

 

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хаан” банкны Чингэлтэй салбарын харъяа Бөмбөгөр тооцооны төвд теллер ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 10-352 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 243а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 476 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Чулуунбатын Чүлтэмжамц, /РД:ИЦ90072173/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нар нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн орчимд иргэн Ч.Саранзолбоог хашаа руу шээж болохгүй гэж шаардлага тавихад эсэргүүцэн бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хохирогчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан үйлдэлдээ харамсаж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр найз Ганпүрэв, Бат-эрдэнэ, найз охин Сарангэрэл нарын хамт Дэнжийн 1000-н орчимд Ганпүрэвийн машин дотор сууж байгаад Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 2 савыг найз охин Сарангэрэл Бат-эрдэнэ нарын хамт хувааж уусан. Тухайн үед Бат-эрдэнэ “аавынхаа ажил дээр очно” гэсний дагуу 58-р сургуулийн хажууд байрлах дугуй засвар руу очсон. Тэгээд би машинаас буугаад 58-р сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах гудамжинд бие засаж байхад миний ар хэсгээр машин өнгөрөх шиг болсон. Тэгээд намайг бие засаад зогсож байхад ар нуруу хэсэг рүү өшиглөх шиг болохоор нь эргээд харахад Саранзолбоо нь нилээн согтуу байдалтай гудамжинд “бие заслаа” гэж загнахаар нь “уучлаарай ахаа” гэж хэлэхэд миний дух хэсэг рүү гараараа 1 удаа цохихоор нь би Саранзолбоотой маргалдсан. Тэгээд Ганпүрэв цаанаас хүрч ирээд Саранзолбоо бид хоёрыг салгасан. Саранзолбоо нь Ганпүрэвийн нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд Ганпүрэв Саранзолбоотой маргалдаж эхэлсэн. Ганпүрэв нь хохирогч Саранзолбоотой маргалдаж зодолдох зорилгоор ирээгүй. Бид хоёрыг салгах зорилгоор очсон юм. Би Саранзолбоог цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн  68-70 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ганпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би цохиж зодсон нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч С.Ганпүрэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 15-р хороо Алтантэвшийн 30б тоотод байж байгаад орой 20 цагийн үед гэрээсээ гараад найз охинтойгоо “Тэнгис” кино театрт кино үзсэн. Тэгээд 23 цагийн үед найз Чүлтэмжамц миний утас руу залгаад 1-р хорооллоос хүрч ирээд “намайг аваадахаач” гэж хэлэхээр нь “за би завтай болчихоод залгая” гэж хэлсэн. Тэгээд 00 цагийн үед найз охиноо гэрт нь хүргэж өгчихөөд 03 цагийн үед Чүлтэмжамцийг 1-р хорооллоос Бат-эрдэнэ гэх найзынх нь гэр болох Хайлаастад очоод машин дотроо Нийслэл нэртэй 0.5 литрийн пиво Чүлтэмжамц бид 2 хувааж уугаад унтсан. Тэгээд 10 цагийн үед сэрээд миний машин дотор 2.5 литрийн 2 пиво байсныг Бат-эрдэнэ, Чүлтэмжамц 2 хувааж уусан. 17 цагийн үед Сарангэрэлийг 32-р тойргийн орчимоос бид гурав машинтай очиж аваад 32-р тойргийн хажуу талын сургууль дээр очоод Сарангэрэл нь хүнтэй уулзана гэж хэлээд орсон юм. Тэгээд Сарангэрэл нь 1 цаг гарангийн дараа хүрч ирээд бид нар машинтай Нийслэлийн 58-р сургуулийн хажууд очсон. Тэгээд сууж байтал Чүлтэмжамц нь “би бие заслаа” гэж хэлээд машинаас буусан. Тухайн үед Сарангэрэл нь надад хандан Чүлтэмжамц нь гудамжинд нэг хүнтэй барьцалдаад авлаа гэж хэлэхээр нь би салгах зорилгоор машинаас бууж очиход цайвар өнгийн пиджактай залуутай Чүлтэмжамцтай барьцалдчихсан зогсож байсан. Хажууд нь мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн автомашинтай залуу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд би очоод нөгөө саарал пиджак өмсчихсөн 40 гаран насны залууд хандан “ах юу болоод байна” гэж хэлсэн чинь нөгөө ах намайг үгийн зөрүүгүй зүүн шанаа хэсэг рүү гараараа цохихоор нь би гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөхөд Чүлтэмжамц араас нь орж ирээд Саранзолбоог гараараа толгой хэсэг рүү нь цохих шиг болсон. Тэгээд Саранзолбоо нь над руу дайрахаар нь би биеэ хамгаалах зорилгоор Саранзолбоогийн эрүү хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиход Саранзолбоо бөгсөөрөө арагшаагаа унасан. Би босож ирээд миний толгойны үснээс хоёр гараараа зулгаан газар хэсэг рүү дарахаар нь би Саранзолбоод хандаж “миний үснээс тавь” гэж хэлсэн чинь тавихгүй байхаар нь “би хоолойг чинь боолоо шүү” гэж хэлээд Саранзолбоог гараараа заамдсан чинь миний үснээс тавьсан. Тэгэхээр нь би заамдахаа болиод Чүлтэмжамц руу очиход Чүлтэмжамц бараан өнгийн хувцастай залууг доош нь дарчихсан зогсож байхаар нь би Чүлтэмжамцийг нуруунаас нь татаад машинд суу гэж хэлэхэд 20 орчим насны бараан хувцастай залуу миний зүүн гараас зуурчихаад тэр хүн чинь босохгүй байна гэж хэлээд миний гараас зуурчихаад тавихгүй байхаар нь би гараа тавиулаад машин руугаа очиж жолооч талын суудал дээр суухад нөгөө залуу хүрч ирээд машины хаалга татаж онгойлгоод үгийн зөрүүгүй миний доод уруул болон баруун хацар руу гараараа цохиод чи архи уусан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд хандан би уугаагүй шүү гэж хэлээд нүүр хэсэг рүү нь үлээсэн. Би хохирогч Саранзолбоогийн хөл хэсэг рүү нь 1 удаа өшиглөж эрүү хэсэг рүү нь 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-75 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Саранзолбоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 5 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед өөрийн ажил болох Нийслэлийн 58-р сургуулиас гараад гэр рүүгээ харихаар явж байтал сургуулийн зүүн талын гудамжинд хашаа руу 30 орчим насны намхан нуруутай, цагаан өнгийн цамцтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залуу шээж байхаар нь “чи битгий наанаа шээгээд бай чиний шээдэг газар биш” гэж хэлсэн чинь нөгөө залуу “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд миний цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Тэгээд би тэр залуутай маргалдаад зогсож байтал манай сургуулийн төгсөгч Мэгжиджанрайсаг гэх залуу хүрч ирээд намайг барьж аваад нөгөө залуутай маргалдахыг зогсоосон. Тэгээд байж байтал цаанаас 30 орчим насны махлаг 175 гаран см-ийн өндөртэй цайвар хувцастай залуу хүрч ирсэн ба нөгөө намхан залуу “миний хаана шээх чамд ямар хамаатай юм” гэж хэлээд нөгөө махлаг залуугийн хамт миний баруун зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би та нар яагаад байгаан гэж хэлээд нөгөө хоёр залуу дээр очиход намхан залуу нь миний толгойноос үсдээд төмөр хашааг толгойгоор минь мөргүүлсэн би арай гэж нөгөө залуугаас салаад зогсож байтал нөгөө өндөр махлаг залуу нь хүрч ирээд намайг дахин үсдэж газар доош нь дараад 2-3 удаа миний толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би нөгөө залуутай ноцолдож байгаад босч ирээд гарыг нь тавиулаад эргээд харахад нөгөө намхан залуу нь Мэгжиджанрайсагийг үстчихсэн доош нь тонгойлгочихсон байхаар нь “хүүе чи болиоч” гэж хэлсэн чинь араас толгой руу нөгөө өндөр биетэй махлаг залуу цохих шиг болсон тэгээд би ухаан алдчихсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-23 дугаар хуудас/, 

Хохирогч Ч.Саранзолбоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энэ хэрэг гараад 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Үүний улмаас тухайн үед болсон үйл явдлын зарим зүйлийг сайн санахгүй байна. Би тухайн үед ажлаасаа тараад явж байсан юм. Ч.Чүлтэмжамц сургуулийн хашаа руу шээгээд зогсож байхад нь би “битгий наанаа шээ” гэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлснээс болж уг гэмт хэрэг гарсан. Намайг түлхэхэд би хойшоо ухарсан. С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц хоёр хоёулаа миний хөл рүү өшиглөсөн. Манай сургуулийн хашаа төмөр хашаа байдаг. Хашаа руу намайг хэд хэдэн удаа Ч.Чүлтэмжамц мөргүүлсэн. Үүнээс хойш бужигналдаж эхэлсэн, С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц хоёр хоёулаа цагаан цамцтай байсан. Мэгжиджанрайсаг намайг хойшоо татаж холдуулсан. Тэгэхэд хойноос тас гээд явсан үүнээс хойш би ухаан алдсан. Миний тархины баруун талаас дагз хүртэл цуурсан байсан. Би 1 сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад 7 хоногийн дараа толгой өвдөөд байсан болохоор хувийн эмнэлэгт хэвтсэн. Би эмчилгээний зардлаа барагдуулж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй…” гэв.

Гэрч Г.Мэгжиджанрайсаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:”... 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төгссөн сургууль болох 58-р сургууль дээр ангийхантайгаа 18 цагийн үед уулзчихаад сургуулиас гараад өөрийн эзэмшлийн 49-70 УБА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинтай 58-р сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талын гудамжаар харихаар явж байтал манай сургуулийн дуу хөгжмийн багш болох Саранзолбоо миний явж байсан гудамжаар алхаж байсан. Сургуулийн эсрэг талын хашаа руу 25 гаран насны намхан залуу шээж байхаар нь багш “наад хашаа руу чинь шээдэггүй юм” гэж хэлээд нөгөө залууг түлхсэн чинь нөгөө залуу Саранзолбоо багшид хандан “чи яах юм чамд ямар хамаатай юм” гэж хэлээд маргалдаж эхлэхээр нь би машинаас бууж очоод салгах гэж байтал хашааны үзүүрт зогсож байсан машинаас 30 орчим насны өндөр биетэй залуу бууж ирээд Саранзолбоо багш руу нөгөө намхан залуутай нийлээд зодох гэж дайраад байсан. Би салгахаар дундуур нь ороод нөгөө өндөр залууд хандаж “намхан залуугаа аваад яв” гэж хэлсэн чинь намхан залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед би Саранзолбоо багшийн араас нь тэвэрчихсэн салгахаар зогсож байтал намхан залуу нь бас миний толгой руу гараараа цохиж дахин над руу дайраад байсан. Намхан залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж, гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Мөн Саранзолбоо багшийг нөгөө өндөр залуу нь хөлөөрөө цээж хэсэг рүү нь өшиглөж унагагаагаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Би нөгөө намхан залуугаас мултраад Саранзолбоо багш руу харахад нөгөө өндөр залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү гараараа цохиход багш арагшаагаа дагз хэсгээр газарт савж унаад ухаан алдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Саранзолбоогийн гавал тархинд учирсан гэмтэл болон бусад гэмтлүүд дээр мөрдөн байцаагчийн тогтоолд заасны дагуу гэмтлийн зэргийг ялгаж тогтоож өгсөн. Толгойнд учирсан баруун чамархайн, зулай ясны хугарал, баруун чамархайн зулай ясны хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, духанд учирсан зулгаралт, духны зөөлөн эдийн няцралт, уруулын зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн гэмтэл учирсан хүнд түр зуур ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих шинж илэрнэ. Толгойн гэмтлийн үед ухаан алдах шинж тэмдэг нь хөнгөн, дунд, хүнд зэрэг гэдгээсээ хамаарч үргэлжлэх хугацаа нь өөр өөр байна. Мөн толгойн аль хэсэгт, юу юутай хавсарсан гэдгээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Энэ тохиолдолд тархины гавлын ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалтууд гээд нэг доор гавлын гэмтлүүд хавсарч гэмтсэн учир тэр дороо ухаан балрах, ухаан алдах шинж тэмдэг илэрнэ. Тархины няцрал, тархины цус харвалт, гавлын ясны хугарал нь тархины эдийг хавагнуулах, тархины эдийг үхжүүлэх хүртлээ үйлдэл хөдөлгөөн буюу ухаантай байх боломжтой. Хавсарсан тохиолдолд тэр доороо ухаан алдаж, ухаан балартах шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд гэмтлийг авсан тэр даруйдаа ухаан алдана. Хохирогч энэ хавсарсан гэмтлийг авсан даруйдаа үйлдэл хийх чадваргүй болно. Цохих, мөргөх, мөргүүлэхэд үүснэ. Унах үед үүсэхгүй. Нүүрэн тус газар цохиход толгойн гэмтэл үүсдэг. Энэ тохиолдолд баруун дух зулай хэсэгт үүссэн гэмтэл. Хөнгөн, хүнд гэмтэл гэдгээс үл хамаараад нийлээд нэг бус удаагийн үйлчлэлээр үүсч байна гэж ойлгож болно. Уруулын цус хуралт, гадна талд учирсан духны зулгаралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэв. 

Шинжээч Г.Энхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн үйлчлэлээр удаагийн цохих, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүдийг авсан даруйдаа толгой хүчтэй өвдөх, түр зуур ухаан балартах шинжүүд илрэх боломжтой боловч хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан үйл хөдөлгөөн хийх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/

               Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹6322 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

1. Ч.Саранзолбоогийн биед баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, духны хуйханд зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...шинжээч эмч Г.Энхбаатар...” гэжээ /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/,  

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹233 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

1. Ч.Саранзолбоогийн биед 2016.05.09-ний өдөр үзлэг хийж, 2016.05.12-ны өдөр гаргасан шинжээч эмч Г.Энхбаатарын ¹6322 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ч.Саранзолбоогийн биед учирсан баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин духны хуйхны зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

3. Ч.Саранзолбоогийн биед учирсан баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, духны хуйхны зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Ч.Саранзолбоогийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, ахлах зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин, шинжээч эмч Б.Долгормаа... ” гэжээ /2 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹0750 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “camer_11/1/” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн хүмүүсийн царай төрх, өмссөн хувцас зэргийг тодруулах боломжгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн “camer_11/1/” гэсэн нэртэй дүрс бичлэгийн цагаар:

  • 18.32.19 секундэд дэлгэцийн баруун хойд талд цайвар өнгийн суудлын автомашинаас цайвар хувцастай хүн бууж байна.
  • 18.32.39 секундэд тухайн хүн улаан дээвэртэй байшингийн хажууд хашааны ойролцоо зогсож байна.
  • 18.33.22 секундэд цайвар хувцастай хүн зогсож байгаа хүн дээр очиж байна.
  • 18.33.32 секундэд цайвар өнгийн автомашинаас бараан хувцастай 2 хүн бууж байна. Энэ агшинд зогсож байсан 2 хүний нэг нь нөгөөхөө цохиж байна.
  • 18.34.34 секундэд 4 хүн хоорондоо ноцолдож байна.
  • 18.34.46 секундэд цайвар хувцастай нэг хүн газар унаж байна.
  • 18.34.49 секундэд газар унасан хүнийг бараан өмд цайвар цамцтай хүн тонгойлгож байгаад өшиглөж байна.
  • 18.35.18 секундэд цайвар хувцастай хүн газар унаж байна. Дүгнэлт гаргасан шинжээч Ж.Баттулга, Б.Батбилэг, Д.Мөнхбаатар...” гэжээ /2 дугаар хх-ийн 56-60 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Мэгжиджанрайсагийн тайлбар /1 хх-ийн 9/, хохирогч Ч.Саранзолбоогийн тайлбар /1 хх-ийн 11-12/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 13-14, 17-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 15/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1 хх-ийн 20/, өвчний түүх /1 хх-ийн 78-90/, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 100, 115/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 101, 116/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 хх-ийн 106-112, 127-133/, хохирогчийн хүсэлт /1 хх-ийн 137/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Прокуророос шүүгдэгч С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нар нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн орчимд иргэн Ч.Саранзолбоог хашаа руу шээж болохгүй гэж шаардлага тавихад эсэргүүцэн бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч С.Ганпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Чүлтэмжамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилэх хуульзүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тодруулбал шүүгдэгч Ч.Чүлтэмжамц нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн орчимд иргэн Ч.Саранзолбоог “олон нийтийн газарт биеэ зөв авч явсангүй, хашаа руу шээж болохгүй” гэж шаардлага тавихад эсэргүүцэн түүний нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрч, улмаар шүүгдэгч С.Ганпүрэв нь согтуурсан үедээ “найз Ч.Чүлтэмжамцыг нь Ч.Саранзолбоо үг хэлээр маргаан үүсгэж, зодлоо, өөрийг нь цохилоо” гэж иргэн Ч.Саранзолбоогийн толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн зодсоны улмаас бие махбодид нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь    

хохирогч Ч.Саранзолбоогийн “…30 орчим насны намхан нуруутай, цагаан өнгийн цамцтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залуу шээж байхаар нь “чи битгий наанаа шээгээд бай чиний шээдэг газар биш” гэж хэлсэн чинь нөгөө залуу “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд миний цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Нөгөө намхан залуу “миний хаана шээх чамд ямар хамаатай юм” гэж хэлээд нөгөө махлаг залуугийн хамт миний баруун зүүн хөл рүү өшиглөсөн. Намхан залуу нь миний толгойноос үсдээд төмөр хашааг толгойгоор минь мөргүүлсэн би арай гэж нөгөө залуугаас салаад зогсож байтал нөгөө өндөр махлаг залуу нь хүрч ирээд намайг дахин үсдэж газар доош нь дараад 2-3 удаа миний толгой хэсэг рүү өшиглөсөн…тэгээд араас толгой руу нөгөө өндөр биетэй махлаг залуу цохих шиг болсон тэгээд би ухаан алдчихсан…” гэсэн мэдүүлгээр,

гэрч Г.Мэгжиджанрайсагийн “...Сургуулийн эсрэг талын хашаа руу 25 гаран насны намхан залуу шээж байхаар нь багш “наад хашаа руу чинь шээдэггүй юм” гэж хэлээд нөгөө залууг түлхсэн чинь нөгөө залуу Саранзолбоо багшид хандан “чи яах юм, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд маргалдсан. 30 орчим насны өндөр биетэй залуу ирээд Намхан залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж, гуя хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Мөн Саранзолбоо багшийг нөгөө өндөр залуу нь хөлөөрөө цээж хэсэг рүү нь өшиглөж унагагаагаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Би намхан залуугаас мултраад Саранзолбоо багш руу харахад нөгөө өндөр залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэг рүү гараараа цохиход багш арагшаагаа дагз хэсгээр газарт савж унаад ухаан алдчихсан...” гэсэн мэдүүлгүүд,

 шүүхийн хэрэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээч Ө.Сарангэрэл, Г.Энхбаатар нарын мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6322 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹233 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹0750 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Чүлтэмжамцыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Ганпүрэв бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нараас мөрдөн байцаалтын явцад хохирогчийн бие махбодид учирсан гэм хорын хохиролд 3.470.000 төгрөгийг хохирогч Ч.Саранзолбоод төлсөн талаар баримт хэрэгт авагдсан ба хохирогч Ч.Саранзолбоо нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нарт ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.Чүлтэмжамц нь 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 243а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 476 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ.

Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамцын дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгүүлж, хорих ялаа эдэлж дууссанаас хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн  хугацаа хэрэгсэхгүй болж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

            Шүүгдэгч С.Ганпүрэвийг хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчид хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

            Шүүгдэгч Ч.Чүлтэмжамцын өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ч.Чүлтэмжамцийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй тул оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн аваагүй болно.

            Учир нь шүүгдэгч Ч.Чүлтэмжамцын танхайн гэмт үйлдлийн улмаас гэмт хэргийн хэр хэмжээ нэмэгдэн, үлэмж ихэсч цаашилбал хохирогчид хүнд хор уршиг учрах нөхцөл боломжийг бий болгосон тул шүүх шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.      

           

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Ч.Чүлтэмжамцын цагдан хоригдсон 1 хоног, шүүгдэгч С.Ганпүрэвийн цагдан хоригдсон 109 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

1. Прокуророос шүүгдэгч С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч С.Ганпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2. Хайтал овогт Сэргэлэнбилэгийн Ганпүрэвийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

                 Боржигон овогт Чулуунбатын Чүлтэмжамцийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганпүрэвт 3 /гурав/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад 3 /гурав/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганпүрэвт оногдуулсан 3 /гурав/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад оногдуулсан 3 /гурав/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганпүрэвийн цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/ хоног, Ч.Чүлтэмжамцын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох бичлэг бүхий нэг ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Ганпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ч.Чүлтэмжамцад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН

 

                                      ШҮҮГЧИД                                           Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

                                                                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ