Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2024/01782/И |
Дугаар | 001/ХТ2025/00003 |
Огноо | 2024-12-24 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2025/00003
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02812 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2024/01739 дүгээр магадлалтай,
Х.С-ийн нэхэмжлэлтэй,
О.Х-д холбогдох
10,530,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч О.Х-д холбогдуулан 10,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02812 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч О.Х-аас 9,530,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2024/01739 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хариуцагч О.Х-аас 5,265,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,625,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “167,430” гэснийг “99,190” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр, магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаас 5,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Учир нь хариуцагчийн хувьд С.Т-өөс хариуцагч руу шилжүүлсэн төлбөрийг “MIDASBUY” сайт руу шилжүүлж уг дүнгээр илэрхийлэгдэх эрхийг С.Т-ийн цахим тоглоомын хаяг руу буцаан шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс 1 хувийн ашиг авч бусад мөнгөөр дээрх сайт руу шилжүүлсэн бөгөөд цахимаар худалдан авалт хийж буй этгээдийн хэдэн настай болох насанд хүрсэн эсэхийг шалгах боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас өөр хэд хэдэн этгээдээс “UC” худалдан авалт хийх даалгавар өгч байсан талаар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгчийн хувьд насанд хүрээгүй хүүхдээ их хэмжээний орлоготой данс, түүний гүйлгээ хийх нууц үг эрхийг олгосон үйлдлийн улмаас хийсэн хэлцэлд хариуцагч тал 5,265,000 төгрөгийг буцаан шилжүүлэх боломжгүй юм.
Хариуцагчийн зүгээс өөрийн “H G” гэх нэртэй фейсбүүк фэйжээр “PUBG mobile” тоглоомын “UC” цэнэглэх үйл ажиллагааг явуулдаг бөгөөд ингэхдээ фэйж хуудсанд үнийн саналыг нийтэд илэрхий хэлбэрээр байршуулж, худалдан авах сонирхолтой этгээдүүд чатаар нь холбогдож хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлж, ямар нэртэй “PUBG mobile” акаунт цэнэглүүлэх мэдээллийг нь явуулдаг. Ингээд өөрийн дансанд орж ирсэн мөнгийг олон улсын “MIDASBUY” сайт руу “UC” худалдан авах төлбөрт шилжүүлж, цэнэглүүлэх аккаунтын мэдээллийг явуулдаг. Улмаар “MIDASBUY” сайтаас төлбөрийг хүлээн авмагц хэрэглэгчийн аккаунтыг “UC”-ээр цэнэглэдэг. Энэхүү харилцааны талаар “H G” нэртэй фэйж хуудас болон түүний чатаар “T” гэсэн хаягаар харилцсан мэдээлэлд шүүхээс хийсэн үзлэгээр дэлгэрэнгүй нотлогддог. Нэхэмжлэгчийн зүгээс мөн өөрийн төлсөн төлбөрт дүйцэхүйц хэмжээний “UC”-г өөрийн аккаунтаа цэнэглэж хэрэглэсэн талаар маргадаггүй. Төлсөн төлбөрөөс нь баг “UC T” гэх нэртэй аккаунт цэнэглэгдээгүй талаар гомдол, санал гаргадаггүй.
Мөн “UC” цэнэглэлт хийлгүүлэхээр хандсан үйлчлүүлэгч нарын мэдээллийг авах боломжгүй, хариуцагчийн зүгээс “T” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчийн мэдээллийг шалгахад 1999 оных гэж бүртгэгдсэн байсан талаар цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан байдаг.
Хариуцагчийн зүгээс үйлчлүүлэгчийн шилжүүлсэн төлбөр бүрийг олон улсын сайт руу шилжүүлж, олон улсын сайтаас “UC” эрхийг үйлчлүүлэгчийн аккаунт руу шилжүүлсэн үйлчлүүлэгчийн зүгээс хариуцагчаас төлсөн төлбөртөө дүйцэхүйц зүйлээ хүлээн авсан харилцаа үүссэн байхад хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн хүүгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрийн дансаар төлбөрийг нь дамжуулсан бөгөөд энэ харилцаанаас багахан хэмжээний ашгийг өөртөө авч үлдэж, үлдэх хэсгийг нь олон улсын сайт руу шилжүүлсэн болно.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.03-ны өдрийн 001/ШХТ2024/01489 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
7.Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч О.Х-д холбогдуулан 10,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... охин С.Н-ийн дансанд 68,000,000 төгрөг байршуулсан ба уг мөнгөөр барилгын материал цуглуулах гэж байсан. Гэтэл 2023.04.19-ний өдөр 13 настай хүү С.Т миний утсыг ашиглахдаа С.Н-ийн данснаас таньдаг болон таньдаггүй хүмүүс рүү 58,885,500 төгрөгийг цахим тоглоом ажиллуулдаг гэх хүмүүс рүү шилжүүлсэн байсан. Цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдэн шалгуулсан ба прокуророос гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. С.Т нь 13 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 49,881,105 төгрөгөөр цахим тоглоом худалдан авах хэлцэл нь өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэлд хамаарахгүй. Миний бие С.Тийн хууль ёсны төлөөлөгч, мөн уг мөнгөний эзэн тул О.Х-д шилжүүлсэн 10,530,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...С.Т, О.Х нарын хооронд цахим тоглоомын орчинд тоглоомдоо зориулж эд зүйл худалдан авах эрхийг цэнэглүүлэх, цэнэглэн өгч байгаа тус харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Харин хариуцагч О.Х нь С.Т-ийн эцэг, асран хамгаалагч Х.С-ийн зөвшөөрөлгүйгээр 10,530,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчжээ. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.Х, С.Т нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,530,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх” нь зүйтэй гэсэн агуулгаар дүгнэсэн байна.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...Хариуцагч О.Х нь “РUBG mobile” тоглоомын UС цэнэглэлт хийх үйл ажиллагаа явуулдаг, тэрээр С.Т-ийн хүсэлтийг хүлээн авч, Хаан банк дахь өөрийн данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс ашиг суутган аваад үлдсэн мөнгийг “MIDASBUY” сайт руу шилжүүлж, тоглоомын эрх буюу “РUBG mobile” UС цэнэглэж, С.Т-ийн цахим тоглоомын хаяг руу буцаан шилжүүлсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний шинжийг хангаж байна. Харин уг гэрээг байгуулах үед С.Т нь 12 нас, 4 сартай Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдэд хамаарч байх бөгөөд С.Т болон О.Х нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэлд хамаарахгүй тул уг хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Хэдийгээр “РUBG mobile” цахим тоглоомыг хуулиар хориглоогүй, тухайн этгээдийн хүсэлтээр уг тоглоомын эрхийг цэнэглэх боловч хариуцагч О.Х нь уг тоглоомын UС цэнэглэлт хийх үйл ажиллагааг тогтмол явуулж, орлого олж байгаагийн хувьд мөнгө шилжүүлж байгаа этгээд насанд хүрсэн эсэх, шилжүүлж байгаа мөнгөний эх сурвалжийг тодруулах шаардлагатай байсан. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Х.С нь хүү С.Т-т анхаарал, халамж тавих үүргээ гүйцэтгээгүйгээс дээрх нөхцөл байдал үүссэн байх бөгөөд өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын үйлдэл, талуудын ашиг сонирхол, хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн нөхцөл байдал, хэлцлийн үнийн дүн зэргийг харгалзан хариуцагч О.Х-аас 5,265,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,265,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ” гэж дүгнэсэн.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар зөрүүтэй дүгнэлт хийж, өөр өөр шийдвэр гаргасан нь хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон.
12.Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тул уг алдааг залруулж шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
13.Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Х.С-ийн хүү 12 нас 4 сартай С.Т нь эцгийн гар утсаар “РUBG mobile” цахим тоглоом тоглохдоо уг тоглоомын хэрэгсэл худалдан авах зорилгоор UС цэнэглэх гэж хариуцагч О.Х-ын банкин дахь данс руу 8 удаагийн гүйлгээгээр нийт 10,530,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч О.Х нь шилжүүлсэн мөнгөнөөс хөлс суутган авч үлдсэн мөнгийг “MIDASBUY” сайт руу шилжүүлж, UС худалдан авч, улмаар С.Тийн цахим тоглоомын хаяг руу буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Түүнчлэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас “...насанд хүрээгүй С.Т нь цахим орчинд “РUBG mobile” тоглоом тоглож, 58,885,500 төгрөгийг бусдад шилжүүлж алдсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023.12.22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр гомдлыг хааж шийдвэрлэсэн байна.
14.Зохигчийн хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн бөгөөд гэрээний нэг тал нь насанд хүрээгүй этгээд бөгөөд уг хэлцэл нь хиймэгц биелэх буюу насанд хүрээгүй этгээдийн бие дааж хийх хэлцэлд хамаарахгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус, иймээс хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул шилжүүлсэн мөнгөний зохих хэсгийг өмчлөгч Х.С-д буцаан шилжүүлэх үүрэгтэй гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээ байгуулагдсан, гэвч гэрээ дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бус, зохигч хэн алины буруутай байдлыг харгалзан хохирлыг тэнцүү хариуцуулах үндэслэлтэй гэж үзжээ.
15.Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь аливаа этгээд бусдын өмчлөлд хэлэлцэн тохиролцсон хөрөнгө шилжүүлэх, нөгөө тал нь уг хөрөнгийн үнийг төлөх харилцан үүрэг хүлээдэг, харин даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний заавраар үйлдэл хийж, тохиролцсон бол зохих хөлс авах харилцаа үүсдэг бөгөөд эдгээр гэрээний аль алины шинжийг нэхэмжлэгч Х.С-ийн хүү С.Т О.Х нарын хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл болсон үйлдэл агуулахгүй байна.
16. Зохигчийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг тодорхойлохын тулд “РUBG mobile” цахим тоглоом, уг тоглоом тоглох журам, зарим хязгаарлалтын талаар товч дурдах нь зүйтэй гэж үзлээ.
16.1.“РUBG mobile” цахим тоглоомын албан ёсны байгууллага болох “Krafton” гэх компанийн төв нь БНСУ-д байрладаг, уг тоглоомыг БНСУ-д “Какао” нэртэй серверээр дамжуулдаг бөгөөд тоглоомыг тоглохын тулд аппликейшнийг татаж авснаар санхүүгийн буюу төлбөрийг төлөх нөхцөл үүсдэг. Ийнхүү тоглогч тоглоомыг тоглох нөхцөлийн дагуу тухайн төлбөрийг төлснөөр тоглоомыг тоглох эрх нь баталгааждаг. Уг тоглоом үнэ төлбөртэйгөөр РС түгээлтийн платформ болох Steam-ээр дамжуулагддаг байсан бол дамжуулах серверүүд хөгжсөөр гар утсаар үнэгүй тоглох эрхтэй болсон.
Дээрхээс үзэхэд “РUBG mobile” цахим тоглоом нь дэлхий нийтэд тархаж хөгжсөн, хүссэн этгээд аппликейшнийг гар утсандаа татаж авснаар үнэ төлбөргүй тоглох боломжтой болжээ.
16.2.Харин тухайн тоглоомыг тоглоход тоглоом тоглож буй этгээдтэй тоглоомын эзэмшигч байгууллагын зүгээс байгуулах хэд хэдэн зөвшилцөл, дүрэм, журам байдаг, тэдгээр нь тоглоомыг тоглох үйл явцыг зохицуулахаас гадна эцсийн хэрэглэгчийн зөвшилцөл, гарах үр дагавар, тоглоом дотор байрших виртуал бүтээгдэхүүн буюу тоглогч тоглоом доторх өөрийн дүрийг хөгжүүлэхдээ нэмэлт хэрэгсэл худалдан авахад ашиглагдах мөнгө болох төлбөрийн хэрэгсэл UC /unknown cash/-г хэрхэн авах зэрэг ерөнхий зохицуулалтыг өөртөө багтаадаг, энэхүү нэмэлт хэрэгсэл болон тоглоомын төлбөрийн хэрэгслийг бусдад зарж борлуулах, шилжүүлэх мөнгө хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах боломжгүй, зөвхөн тоглоомыг тоглох хүрээнд л ашиглахаар хязгаарлаж, иймээс хэрэглэгч худалдан авалт хийснээрээ төлбөрийг буцаах эрхээсээ татгалзсан гэж үздэг байна.
Үүнээс үзвэл тоглогч өөрсдийн аккаунтад шинээр гарсан машин, буу, хувцас, эдгээрийн өнгө зэрэг нэмэлт хэрэгслийг худалдан авахад төлбөртэй тоглодог, төлбөрийг UC-р хийдэг байна.
16.3.Зарим оронд ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн цахим тоглоом тоглох хэрэглээг хянах, худалдан авалтын үнийн дээд хязгаар тогтоох зохицуулалттай. Тухайлбал, БНСУ-д сервер ашигладаг компьютерыг 15-аас доош насны хэрэглэгчид ашиглахыг хориглодог бол орон даяар ашиглагдаж буй сервер болох Xbox, One, PlayStatiom-ийг насанд хүрээгүй хүүхэд ашиглах боломжгүйгээр бүтээсэн байдаг, зарим улсад ерөнхийдөө 12-с дээш насны хүүхэд тоглохыг хориглоогүй боловч, гагцхүү насанд хүрээгүй хүүхэд нэмэлт хэрэгсэл худалдан авах тохиолдолд эцэг, эхийн зөвшөөрөл шаардлагатай.
16.4.Насанд хүрээгүй хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөлгүй өөрөө цахим тоглоомын нэмэлт хэрэгсэл худалдан авалт хийсэн бол хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг улс орнууд өөр өөрийн эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэдэг байна.
17.Дээр дурдсанаар олон улсын хэмжээнд дэлгэрсэн энэхүү тоглоом нь зохих дүрэм, журамтай байх бөгөөд нэмэлт хэрэгсэл болон тоглоомын төлбөрийн хэрэгслийг бусдад зарж борлуулах, шилжүүлэх, мөнгө хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах боломжгүй буюу зөвхөн тоглоомыг тоглогч өөрийн тоглох хүрээнд л өөрөө худалдан авалт хийж ашиглахаар хязгаарласан, түүнчлэн ялангуяа насанд хүрээгүй этгээдэд зохих хязгаарлалт, хориглолттой атал хариуцагч О.Х нь “PUBG mobile” цахим тоглоомын дүрмийг баримтлахгүй, үүсэх сөрөг үр дагаврыг урьдчилж тооцоолохгүйгээр, өөрөө тоглох бус, UС худалдан авах үйл ажиллагааг бусдаас ашиг олох хэрэгсэл болгож нийтэд санал болгон явуулж, ялангуяа насанд хүрээгүй этгээдтэй харьцаж буйгаа нягтлалгүй удаа дараа их хэмжээгээр шилжүүлсэн мөнгийг өөрийн дансанд авсан байна.
Нөгөө талаар, О.Х, С.Т нарын хооронд хүсэл зориг илэрхийлэгдэж, мөнгө шилжүүлсэн, хариуд нь UC шилжүүлсэн бодит үйлдэл байх боловч насанд хүрээгүй этгээдийн зүгээс уг үйлдлийг ухамсартайгаар эрх зүйн үр дагавар хүсч үйлдэл хийсэн гэж үзэхгүй.
Иймээс О.Х болон С.Т нарын хооронд аливаа гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь хуульд нийцэхгүй юм.
18.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба 497.2-т зааснаар гэм хор учруулсан учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
О.Х-ын хууль бус үйлдэлтэй холбоотойгоор өмчлөгч Х.С-д гэм хорын хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд уг хохирол учирсан нь хариуцагчийн хэт болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой, үүнд тэрээр гэм буруутай байна.
Иймд нэхэмжлэгч Х.С-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэл нь гэм хорын эрх зүйгээс үүссэн гэж үзэн С.Т-ийн хариуцагч О.Х-д шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
19.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зохицуулсан.
20.Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Х.С нь өөрийн хүү С.Т-т анхаарал халамж тавиагүй, хараа хяналтгүй орхисон, банкны дансны аюулгүй байдлаа хангаагүй, мэдээллийг нууцлаагүйгээс өөрт хохирол учрахад хүргэсэн, хохирлын хэмжээ нэмэгдэхэд түүний хэтэрхий болгоомжгүй эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймээс хариуцагч О.Х-ын хариуцах гэм хорын хэмжээг бууруулах нь зөв бөгөөд давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээнд буюу учирсан гэм хорын 50 хувь буюу нийт 5,265,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зөрчихгүй.
21.Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2024/01739 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч О.Х-аас 5,265,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,265,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “167,430 төгрөг” гэснийг “99,190 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Х нь 2024.10.23-ны өдөр төлсөн 99,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД