Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2021/02567

 

                                                      

 

 

 

 

 

 

                                     2021         11          23

          182/ШШ2021/02567

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Б.Э

 

Хариуцагч: “РИМ” ХХК

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь “РИМ” ХХК-д анх 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс Элсэлтийн албаны туслах менежерээр ажиллаж байгаад 2021 оны 02 сарын 17-ны өдрийн Гүйцэтгэх захирлын 03/21 тоот тушаалаар албан тушаал өөрчлөгдөж Элсэлтийн албаны ахлах ажилтан албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацаатай байгуулсан. Б.Э нь 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд ийнхүү туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болно.

 

Ажлаас үндэслэлгүй халсан тухайд, 2021 оны 06 сарын 30-ны өдөр “РИМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б18/21 тоот тушаалаар Б.Эыг ажлаас чөлөөлсөн бөгөөд тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 2.2 дахь хэсгийг тус тус үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй атал 2019 оны 11 сарын 01-ний “РИМ” ХХК-д ажилд орсон Б.Этай 3 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй, ийнхүү хуульд нийцээгүй хөдөлмөрийн гэрээний заалтаар Б.Эыг ажлаас чөлөөлсөн болно.

 

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.2 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж заасан. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “хугацаатай гэрээ” гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэнэ.” гэж заасан байдаг. Энэ утгаараа 2021 оны 02 сарын 17-ны өдрөөс 3 сарын хугацааг тоолвол 05 сарын 17-ны өдөр байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан. Иймд Б.Э нь 2021 оны 05 сарын 17-ны өдрөөс 2021 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хэвийн ажиллаж, цалин хөлсөө авч ажиллаж байсан болно. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймээс үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд Б.Эыг ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 8,962,887.54 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сургууль нь Б.Эыг 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн Элсэлтийн албаны туслах менежерийн албан тушаалд ажиллуулсан. Элсэлтийн албаны туслах менежер Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг багаар ажиллах чадваргүй, зан чанар, ажиллах чадварын хувьд хангалтгүй ажилласан, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан борлуулалтын ажлын гүйцэтгэл нь улирал тутмын төлөвлөгөө, нормд хангалтгүй үнэлгээ авсан, ажлын гүйцэтгэлтэй холбоотой аман болон бичгээр удаа дараа өгсөн сайжруулах шаардлагад хүрээгүй гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон байдаг. Б.Эыг Ковид19 халдвартай холбоотой дахин ажил олоход хэцүү байх тул туслалцуулах ажил хийлгээч гэсэн өөрийнх нь хүсэлтийн дагуу дахин элсэлтийн албаны ахлах ажилтны албан тушаалд 2021 оны 02 сарын 17-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаанд авч ажиллуулсан. Б.Эд оногдох цалинг 3 сарын хугацаагаар бүтэн оруулах шалтгаанаар 2021 оны 02 сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Түүнээс Б.Эын нэхэмжлэлдээ дурдсан шиг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж 3 сарын хугацаанаас илүү хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй юм.

 

Элсэлтийн албаны ахлах ажилтны албан тушаалд ажиллах хугацаанд цахимаар гэрээсээ ажилласан бөгөөд ажлын цаг ашиглалт болон ажлын гүйцэтгэл хангалтгүй, хийсэн ажлаа тайлагнадаггүй, нэхүүлж тайлагнадаг, төлөвлөгөөг биелүүлэн ажилладаггүй зөрчил гаргасаар байсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар болсон. Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг хүлээлгэн өгөхөөр түүнд 2021 оны 04 сарын 30-ны өдөр сургууль дээр дуудсан боловч бие тааруу, шинжилгээ өгсөн, шинжилгээний хариу эерэг гарсан зэрэг шалтгаануудаар ирж мэдэгдлийг хүлээн аваагүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь огт ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд тайлагнаагүй. 2021 оны 04 сарын 30-ны өдөр захиралтай харилцсан мессенжерт ковид туссан боловч гэрээсээ ажиллана гэж хүссэн боловч ажлаа тайлагнаагүй. Энэ хугацааны цалинг байгууллага бүтэн олгож байсан.

 

Нэхэмжлэгч Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 05 сарын 31-ний өдөр дуусгавар болгох гэхэд түүний 2021 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг үндэслэн тус сургуулийн захирлын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 18/21 тоот тушаалаар Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч өөрөө 2021 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг захирал Дэнни Вон Фэй Мунд 2021 оны 05 сарын 31-ний өдөр мэйлээр илгээсэн байдаг. Уг хүсэлтийг ажил олгогчийн зүгээс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг мөрдөж ажилласан. Ийнхүү ажил олгогчийн зүгээс 2021 оны 06 сарын 30-ны өдрий хүртэл хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Шүүх нэхэмжлэл, туршилтын хугацаагаар ажилд авах тухай тушаал, ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, “РИМ” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, “РИМ” ХХК-ийн гэрээ цуцлах мэдэгдэл, Б.Э “РИМ” ХХК-ийн захирал ДВФМнарын харилцсан и-мейл, мессеж, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон бусад бичгийн баримтыг шижлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “РИМ” ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “РИМ” ХХК нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлзэж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1, 23.3, 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт тус тус зааснаар үндэслэдэг ба эдгээр нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хөдөлмөрийн гэрээг 3 сар хүртэл туршилтын хугацаатай байгуулж болох тухай зохицуулалт байна.

 

“РИМ” ХХК нэхэмжлэгч Б.Эыг Элсэлтийн албаны туслах менежерийн албан тушаалд туршилтын хугацаанд буюу 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд захирлын 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 02/21 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-ыг үндэслэн Б.Эыг 02 сарын 12-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлөхийн өмнө 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажил олгогчоос ажилтанд өгсөн мэдэгдэлдээ “Хамт олонтойгоо багаар ажиллаагүй, удирдах ажилтны хувьд багаа удирдаж ажиллаж чадаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан борлуулалтын ажлын гүйцэтгэл нь улирал тутмын гүйцэтгэх төлөвлөгөө, нормд хангалтгүй үнэлгээ авсан, ажлын гүйцэтгэлтэй холбоотой аман болон бичгээр удаа дараа өгсөн сайжруулах шаардлагад хүрээгүй тул гэрээг цааш үргэлжлүүлэхгүй, дуусгавар болгох болсныг мэдэгдэж байна. Ковид цар тахлын хөл хорионы улмаас ажил хүлээлцэх хугацааг олгож, үүрэгт ажлаас 2021 оны 01 дүгээр сарын 31 биш, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөхийг мэдэгдэж байна” гээд ажилтанд хүлээлгэн өгч байжээ.

 

 Б.Эыг 2021 оны 02 сарын 12-ноос Элсэлтийн албаны туслах менежерийн албан тушаалаас чөлөөлсөн энэ өдрөөр ажилтан, ажил олгогч нарын хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.

 

Харин Б.Эыг Элсэлтийн албаны ахлах ажилтан албан тушаалд туршилтын хугацаанд ажиллуулахаар 2021 оны 02 сарын 17-ны өдөр захирлын тушаал гарч, хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан байх ба тус гэрээний хугацаа 2021 оны 05 сарын 31-ний өдөр дуусгавар болохоор заасан байна.

 

“РИМ”ХХК-ийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн Гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Э хүлээн авч, и-мэйл хаягаар 2021 оны 06 сарын 30-ны өдрөөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх агуулга бүхий хүсэлтийг ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

“РИМ” ХХК нь Б.Эын хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 18/21 тоот захирлын тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар Б.Этай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан байх бөгөөд харилцан тохиролцож гэрээний хугацааг 1 сарын хугацаагаар сунган, сунгасан хугацааг дуусмагц ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч урьд нь ажил олгогчид ажиллаж байсан, мөн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой, мөн туршилтын хугацааг хэтрүүлж, хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарлах боловч тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Б.Эын сүүлд ажилласан Элсэлтийн албаны ахлах ажилтан албан тушаал  байнгын орон тоо гэдэг нь харагдахгүйн гадна ажил олгогч, ажилтны урьдхи хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байсан байна. Ажил олгогч ажилтныг урьдынхаас доогуур ажил, албан тушаалд дахин тодорхой хугацаатайгаар ажиллуулсныг буруутгах боломжгүй ба ажилтан, ажил олгогч нар анхнаасаа туршилтын гэх ажиллах хугацааг 3 сар хэтрүүлж, 2021 оны 02 сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл тохиролцон тогтоосон ба ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн дотоод журмын 2.2 дахь заалтын “ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор, мөн ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох ба туршилтын хугацаагаар ажиллуулах хугацаа 3 сар, дагалдан ажиллах хугацаа 3 сар, нийт 3 сар байна” гэсэн заалтыг үндэслэсэн гэсэн нь буруу биш байна.Түүнчлэн ажиллуулахаар тохиролцсон хугацаа дуусахын өмнө ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ажилтанд мэдэгдэж байсан байна. Иймд ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар анх байгуулсан хугацаагаар сунгагдсан гэж үзэх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан Б.Э болон “РИМ” ХХК-ийн захирал ДВФМнарын харилцаж байсан мессеж, и-мэйл зэрэг баримтуудаас нэхэмжлэгч Б.Э ажил олгогчтой хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дуусаж ажлаас чөлөөлөгдөхөө мэдэж байсан, энэ талаарх өөрийн хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь харагдаж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-ийг баримтлан Б.Эын “РИМ” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоноийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.             

 

 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                         С.БУД