| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2021/00332/И |
| Дугаар | 136/шш2021/00310 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 136/шш2021/00310
| 2021 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 136/ШШ2021/00310 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Д 9-26 тоотод оршин суух, Г овогт Н Ц /РД:........./-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д аймгийн С сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 08 сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд үйлчлэгч, кассчин, нярваар ажиллаж байсан. Мөн Г х компанид 3 сарын 28-ны өдрөөс эхлэн мал аж ахуйн 2 дугаар багт малчнаар 1995 оны 06 сарын 04-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал туслах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ байгалийн гэнэтийн үзэгдлээс болж гэр орон маань үерт орсны улмаас бүх зүйл байхгүй болсон. 1989 оноос 1993 оныг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан. Тухайн үеийн бичиг баримт шатсан гээд бичиг баримт байхгүй. Миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Би компани гэж байхад нь нэг жил малчнаар ажиллаж дараа нь туслах нягтлан, ерөнхий нягтлангаар ажиллаж байсан бичиг баримт байхгүй тэгээд өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн болохгүй байгаа. Би 1988 оны 06 сард 10 дугаар ангиа төгсөж байсан. Манай ээж нас бараад хөдөө ах, дүү нартайгаа гал тогоо барина гэж байсан. Би дээрээ 9 ахтай. Манай аав намайг хөдөө гаргахгүй гэж захиргааны даргад хэлж, захиргааны дарга намайг 69 машинтай ирж авч байсан. Тухайн үед захиргаадалтын үе байсан болохоор худалдаа бэлтгэлийн ангид ажиллах тушаал гаргасан тийшээ очиж ажилла гээд явсан. Намайг үйлчлэгчээр ажилд ороод 1 сар ажиллуулаад дарга намайг 45 хоногийн худалдагчийн курст Д аймаг руу явуулж, би хүнсний худалдагчаар төгсөж байсан. Буцаж очоод барааны худалдагчаар 2 жил ажилласан байх тархины гэмтэл авч байсан болохоор сайн мэдэхгүй байна. Намайг 1988 оны 08 сарын 10-ны өдрөөс худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж эхэлсэн гэдгийн хамт ажиллаж байсан 2 хүн нотолно. Сумъяа нярваар ажиллаж байсан, Гэрэлчулуун үйлчлэгч ундааны цехэд ажиллаж байсан. Би 1989 оны 10 сарын 30-ны өдөр том хүүгээ төрүүлсэн, хүүхдээ төрүүлэх үедээ би худалдагч хийж байсан. Би төрөөд 3 сар болоод хүүхдээ яслид өгөөд буцаад ажилдаа ордог байсан. Би төрснийхөө дараа 6, 7 сарын дараагаар нярваар ажилд орсон. Би мөнгө тараах гэж хүмүүсээр хүүхдээ тэврүүлж мөнгөө тараадаг байсан. Би 1 жил гаруй хугацаанд нярав хийсэн. Би 1992 оны 10 сарын 15-ны өдөр хоёр дахь хүүхдээ амралтаа аваагүй байж байгаад хүүхдээ дутуу төрүүлж байсан. Манай хүү 2,400 грамм дутуу төрж, толгой нь томорч, уушгины бронхит болчихлоо гээд байшинд амьдарч байснаа гэр бариад хөдөө гарч байсан. Би хүүхдээ агаарт гаргах зорилгоор хөдөө гарахад намайг малчнаар томилсон. Би малчнаар 1 жил гаруй ажилласан.
Би малчнаар ажиллаж байгаад шууд 1995 оны 06 сарын 04-ний өдрөөс Г х ББХК-д туслах нягтлан бодогч болсон. Би өмнө нь нярвын ажил хийж байсан. 3 сарын курст явж ирээд ерөнхий нягтлан болж 2 жилийн хугацаанд ажиллаж байгаад миний ажиллаж байсан Г х ББХК 1997 онд дампуурсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй, худалдаа бэлтгэлийн ангиас буцааж өгөөгүй байж байгаад алга болсон. Уг баримтыг буцааж өгөөгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Ц нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Н.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Ц нь Д аймгийн С сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 08 сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1988 оны 10 сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, 1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл нярваар, Д аймгийн С сумын Г х нэгдэлд 1993 оны 03 сарын 28-ны өдрөөс 1995 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл малчнаар, Д аймгийн С сумын Г х ББХК-д 1995 оны 06 сарын 04-ний өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл туслах нягтлан бодогч, 1995 оны 10 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Д аймгийн С сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 07 сарын 23-ны өдрийн 51 дүгээр Зарим хүмүүсийг ажлаас түр чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, Д аймгийн С сумын Г х Хувьцаат компанийн захирлын 1993 оны 03 сарын 21-ний өдрийн 13 дугаар Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1995 оны 06 сарын 04-ний өдрийн 15 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар, фото зураг, хүүхдүүдийн төрсний лавлагааны хуулбар, гэрч Н.С, Д.Ч гарын гэрчийн мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон иргэний үнэмлэхийн хуулбар болон зохигчийн тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд түүнийг Д аймгийн С сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 08 сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1988 оны 10 сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, 1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл нярваар, Д аймгийн С сумын Г х нэгдэлд 1993 оны 03 сарын 28-ны өдрөөс 1995 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл малчнаар, Д аймгийн С сумын Г х ББХК-д 1995 оны 06 сарын 04-ний өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл туслах нягтлан бодогч, 1995 оны 10 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Ц нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Г овогт Н Цыг /РД:........./ Д аймгийн С сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 08 сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1988 оны 10 сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар, 1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл нярваар,
Д аймгийн С сумын Г х нэгдэлд 1993 оны 03 сарын 28-ны өдрөөс 1995 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэл малчнаар,
Д аймгийн С сумын Г х ББХК-д 1995 оны 06 сарын 04-ний өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл туслах нягтлан бодогч, 1995 оны 10 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Н.Ц нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ