Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2271

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02932 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 62 725 633.79 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2012 оны 5  дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрэээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 24 337 178 төгрөг буцаан гаргуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 40,59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Капитал банкинд шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банк нь иргэн Б.Б-тай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №345 тоот ажиллагсадын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 58 500 000 төгрөгийн зээлийн гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан. Тус зээлийг ипотекийн зээлд шилжүүлэхээр болж, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №223 тоот зээлийн гэрээ байгуулж 57 750 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй байхаар тохиролцож, өмнөх зээлийн бүтээгдэхүүнийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл нэг бүтээгдэхүүнийг нөгөө бүтээгдэхүүн болгож хөрвүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Мөн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байрны 117 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй удаа дараа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, үндсэн зээл 53 747 411,8 төгрөг, зээлийн хүү 7 906 368,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 319,45 төгрөг нийт 61 689 100,12 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү, нэмэгдүүлсэн хүүг   1 036 533,67 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 62 725 633,79 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банктай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу зээлсэн 58 500 000 төгрөгөөр 45 м.кв талбай бүхий орон сууц худалдаж авсан. Гэтэл уг орон сууцны талбай нь 40,59 м.кв талбайтай байсан. Энэ орон сууцыг барьсан “Катеринг деливери” ХХК болон Капитал банкны хувьцаа эзэмшигч нар нь нэг хүмүүс байдаг. Капитал банк нь ерөнхий захиалагч нь гэрээндээ 45 м.кв гэчихээд дутуу 40,59 м.кв-тай байр шилжүүлсэн тул энэ гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн мөнгөө буцааж авмаар байна. Мөн “Катеринг деливери” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр татан буугдсан байсан тул бид улсын бүртгэлд холбогдуулж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж уг орон сууцыг 40,59 м.кв-аар өөрчлөлт оруулан бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэгт гуравдагч этгээдээр Капитал банк оролцож байгаа тул талбайн зөрүүтэй байдал нь миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл тул орон сууцны талбайн бодит хэмжээг эцэслэн тогтоосны дараа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүх хэлэлцэх ёстой гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байна. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний тухайд гэрээн дээр гарын үсэг зурсан. Гэхдээ энэ гэрээний дагуу бодитойгоор 57 750 000 төгрөгийг хүлээн аваагүй тул энэ гэрээний дагуу мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банк нь “Катеринг деливери” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалагаар бариулах гэрээ байгуулж, 130 айлын 75 дугаар байрыг захиалан бариулсан. Барилга ашиглалтанд орсны дараа Капитал банк нь Ажиллагсадын орон сууцны зээлийн гэрээ байгуулах замаар уг орон сууц буюу 75-117 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг м.кв-ыг нь 1 300 000 төгрөгөөр нийт 58 500 000 төгрөгөөр худалдсан. Үүний дараа орон сууцны зээлийг ипотекийн корпорацид худалдах зорилгоор 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээг шинэчлэн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг орон сууцыг зээлээр худалдахдаа ажиллагдсадын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, халхавчилж хийсэн тул 345 тоот болон 223 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд тооцогдоно. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж тайлбарлажээ. Капитал банк нь “Катеринг деливери” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 06-ны орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцны барилга захиалан бариулж байгаа үйлдэл нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн хууль бус үйлдэл байна. Тус банк нь хууль тогтоомж зөрчсөн үйлдлээ халхавчлах зорилгоор “Катеринг деливери” ХХК-иар захиалан бариулсан 130 айлын барилгыг орон сууц тус бүрээр нь банкны ажилтнуудад худалдсан үйлдлээ далдалж, ажиллагсадын орон сууцны зээлийн гэрээгээр олгосон байгаа нь хууль бус юм. Иймд Капитал банкны надтай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.

Уг орон сууцыг 58 500 000 төгрөгөөр зээлээр худалдсан. Орон сууцны талбай захиалгын хэмжээнд хүрэхгүй байгаа талаар 75 дугаар байрны оршин суугчдаас хэл ам гарсан тул “Уран асар” ХХК-иар хэмжүүлж үзэхэд 40.59 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Уг орон сууцны зөрүүтэй байдал нь Капитал банктай байгуулсан гэрээний үнэд шууд нөлөөлсөн ба Б.Б нь м.кв зөрүүнээс болж 4.41 м.кв-ийг 1 300 000 төгрөгөөр тооцоход 5 733 000 төгрөг илүү төлсөн байх бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх нийт 41 сарын хугацаанд дээрх зөрүүнээс шалтгаалж 1 556 863 төгрөг К банкинд илүү төлсөн байсан. Өнөөдрийн байдлаар хохирлын бодит хэмжээ 7 289 863 төгрөг болсон бөгөөд цаашид энэ зээлийн гэрээ үргэлжлэх бол надад учирах хохирлын хэмжээ нэмэгдэхээр байна. Урт хугацаатай зээлийн гэрээг цаашид Б.Б-ийн зүгээс үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.2-т гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ хэмээн үзэж Капитал банк Б.Б нарын хооронд хийсэн 223 тоот зээлийн гэрээгээр халхавчилж хийсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж 75-117 тоот хаягт байрлалтай 40.59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр худалдсан гэрээнээс татгалзаж байна. Энэ тухай мэдэгдлийг Капитал банкинд хүргүүлж байсан. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу 24 337 178 төгрөгийг К банкнаас гаргуулж, 2 өрөө орон сууцыг К банкинд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. К банк нь ажиллагсдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, амьдрах тав тухтай орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор компаниудтай тохиролцон орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Тиймээс дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Энэ гэрээг талууд өөрсдөө сайн дураар, гэрээний зорилго нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан. 2013 онд Монгол улсын Засгийн газар, Монгол банк болон Монголын ипомтекийн корпораци хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн тул тэр хөтөлбөрт хамрагдах зорилгоор Капитал банк нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээнээс татгалзах шаардлагын тухайд манай байгууллага зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Энэ талаар ч нэхэмжлэгч үндэслэл гаргаагүй. Нэхэмжлэгч орон сууцны м.кв-ын талаар нэхэмжлэлдээ дурдсан байдаг. К банк орон сууцны зээл олгосон болохоос орон сууц худалдан борлуулаагүй. Тиймээс талбайн зөрүүгийн асуудлыг манай байгууллага хариуцахгүй. Бид зээлдэгчийн хүсэлтийн дагуу тодорхой шаардлага, нөхцөл хангаж байгаа тохиолдолд мөнгөн хэлбэрээр зээл олгодог болохоос бус барилга барьдаг компани биш. Тиймээс нэхэмжлэгчийн энэ шаардлага тодорхой үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баяраагаас зээлийн гэрээний төлбөрт 61 689 100,12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 036 533,67 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байр, 117 тоот хаягт байрлах, ГД-000295881, Ү-2204057128 дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй, 45 мкв талбайтай, 2 өрөө орон сууцаар хангуулж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 227 дугаар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-ийн нэхэмжлэгч Капитал банк ХХК-нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээнээс татгалзаж 24 337 178 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 823 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Б-с 466 395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талуудын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 3.9-д заасны дагуу 2000011093 тоот харилцах дансанд ямар ч зээл олгогдоогүй байдаг. Мөн талуудын хооронд өмнөх үүргийг дуусгавар болгох талаар тохиролцоо хийгдээгүй. 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хаасан талаар тохиролцоо тусгагдаагүй, тийм тохиролцоо хийгдээгүй.

Хариуцагч   нь  сөрөг  нэхэмжлэлийн  шаардлагадаа 2012 оны 5 дугаар сарын 04-ний  өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ бол орон сууцыг зээлээр худалдсан хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл гэж тайлбарласан. 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ нь банкны хууль тогтоомж зөрчсөн гэж тайлбарлаагүй. Халхавчлагдсан хэлцэл болох "Ажилчиддаа орон сууцыг зээлээр худалдсан хэлцэл", К банк нь “Катеринг  деливери” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ нь банкны хууль тогтоомж зөрчсөн болохыг, банк нь орон сууцны барилга захиалан бариулж байгаа үйлдэл, ажиллагсдадаа худалдаж байгаа нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль бус үйлдэл гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаарллагыг буруу ойлгож, нотлох баримтыг дутуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгосон нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хариу тайлбарын хүрээнд дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна. Хариуцагч Б.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, Капитал банкны 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, банкны хууль тогтоомж зөрчсөн үйлдлээ 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээгээр халхавчилж хийсэн Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол /13320/, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 40,59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдсан гэрээнээс татгалзах шаардлагыг гаргасан. Учир нь арилжааны банк нь орон сууц захиалгаар бариулах, худалдан борлуулж ашиг олох нь хуулиар хориглогдсон. Мөн Б.Б-д зээлээр худалдсан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Нянтайсүрэнгийн гудамжинд баригдаж буй 130 айлын 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 45,0 м.кв биш 40,59 м.кв буюу 4.41 м.кв-аар дутуу байсан. Орон сууцны талбайн хэмжээ захиалгын хэмжээнд хүрэхгүй байгаа талаар 75 дугаар байрны оршин суугчдаас хэл ам гарсан тул 2015 оны 6 сарын 02-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрлөө авсан "Уран Асар" ХХК-аар өөрийн 75 дугаар байрны 117 тоот орон сууцны талбайг хэмжүүлэхэд 40,59 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Талбайн хэмжээний энэ зөрүүтэй байдал нь Б.Б, Ц.Отгонтуяа болон К банкны хооронд байгуулсан гэрээний үнэд шууд нөлөөлсөн ба Б.Б нь м.кв-ийн зөрүүгээс болж 4,41 м.кв х 1 300 000 төгрөг=5 733 000 төгрөг илүү төлсөн байх бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх нийт 41 сарын хугацаанд дээрх зөрүүнээс шалтгаалж зээлийн хүүнд 1 556 863 төгрөг К банкинд илүү төлсөн байсан. Өнөөдрийн байдлаар Б.Б, Ц.Отгонтуяа нарт учирсан гэм хор хохирлын бодит хэмжээ нь 7 289 863 төгрөг болсон бөгөөд энэхүү зээлийн гэрээний хугацаа 240 сар тул Б.Баяраа, түүний гэр бүлд учирсан гэм хор, хохирлын хэмжээ цаашид улам нэмэгдэх үр дагаврыг үүсгэхээр байна. Энэ нь урт хугацаатай гэрээний харилцааг Б.Баяраагийн зүгээс цаашид үргэлжүүлэх боломжгүй болгож байгаа бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон хэмээн үзэж Капитал банк, Б.Б нарын хооронд үүссэн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээгээр халхавчилж хийсэн Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол /13320/, Д.Наянтайсүрэнгийн гудамж, 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 40,59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр худалдсан гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг К банкинд хүргүүлж 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдлийн хариуг авсан болно. Шүүх хуралдаанд шүүх хуралдаан даргалагчаас ямар гэрээг халхавлагдсан гэж үзэж байгаа вэ гэж асуухад хариуцагч Б.Б нь 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ажилчдад орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж хариулсан байдаг /хх-121/. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг.

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. "Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох" бөгөөд банк нь орон сууцны барилга захиалгаар бариулах, худалдах-худалдан авахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл К банк нь “Катеринг деливери” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 06-ны орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, бариулсан 130 айлын орон сууцыг өөрийн ажилчиддаа худалдан борлуулахдаа ажиллагдсын орон сууцны зээлийн гэрээ хэлбэрээр гэрээ байгуулж, зээлээр худалдаж орлого, ашиг олсон байдаг. Б.Б-с зээлийн төлбөрт 2012 оноос хойш төлсөн 24 337 178 төгрөгөөс 17 456 271 төгрөгийг банк хүүгийн орлогод авсан байна. К банк нь Б.Б-тай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот ажиллагдсын орон сууцны зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Нянтайсүрэнгийн гудамжинд баригдаж буй 130 айлын 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 45,0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр худалдсан. 2012 оны 5 дугаар сарын 04-ний 345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ бол халхавчилж хийсэн хэлцэл юм. Халхавчлагдсан хэлцэл нь орон сууц зээлээр худалдсан хэлцэл байна. Үүний дараа 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг орон сууцны зээлийг ипотекийн корпорацид худалдах зорилгоор шинэчлэн, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа "...2013 онд Монгол Улсын Засгийн газар, Монгол Банк болон Монголын Ипотекийн Корпораци хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн тул тэрхүү хөтөлбөрт хамрагдах үүднээс Капитал банк болон Б.Б, Ц.Отгонтуяа нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 233 тоот зээлийн гэрээ байгуулагдсан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг /хх-120/. Б.Б-д өмчлөх эрх үүсгэж байгаа, орон сууцыг худалдан авсан болохыг тодорхойлох цорын ганц гэрээ бол 2012 оны 5 дугаар сарын 04-ний 345 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байдаг ба барилгын компанитай байгуулсан гэрээ, барилгын өмчлөгч К банктай байгуулсан өөр гэрээ байдаггүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ К банк нь 2012 оны 3 дугаар сарын 06-ны орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу “Катеринг деливери” ХХК-аар барилга бариулж, ажиллагсдын орон сууцны зээл гэрээний дагуу Б.Б-д худалдсан болохыг анхаарч үзээгүй, дээрх зээлийн гэрээнүүд нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцааг халхавчилсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 725 633.79 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2012 оны 5  дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 345 тоот гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 24 337 178 төгрөгийг буцаан гаргуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, 75 дугаар байрны 117 тоот хаягт байрлах 40,59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг К банкинд шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч нь татгалзлаа К ХХК нь “Катеринг деливери” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг орон сууцыг худалдан борлуулахдаа ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээгээр халхавчилж зээлээр надад 2 өрөө орон сууцыг худалдсан, банкны хууль тогтоомж зөрчиж барилга бариулсан тул дээрх 2 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан байна.

 

Хэргийн 66 дугаар талд 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр К ХХК нь “Катеринг деливери” ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр бариулсан орон сууцыг “Катеринг деливери” ХХК, хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ хэрэгт авагдаагүй байна.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх нөхцөл байдлыг тодруулахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт ирсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймээс хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/02932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 396 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ