| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2021/00334/И |
| Дугаар | 136/ШШ2022/00031 |
| Огноо | 2022-01-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 136/ШШ2022/00031
| 2022 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 136/ШШ2022/00031 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б:Гончигсумлаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг, шүүгч Ц.Ариунзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........................ байрлах ХОТ ББСБ ХХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... тоотод оршин суух, .......овогт С.Г /РД:.............../-д холбогдох
Автомашинд учруулсан хохирол 750,000 төгрөг, итгэмжлэл гардуулах замын зардал 148,700 төгрөг, нийт 898,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,
Хариуцагч: С.Г,
Иргэдийн төлөөлөгч: Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХОТ ББСБ ХХК нь С.Г холбогдуулан гэм хорын хохиролд 898,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Хариуцагч С.Г 00-86 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Г.Э миний жолоодож явсан 77-69 УАМ улсын дугаартай автомашиныг мөргөж жолооч талын хаалга крылоныг эвдэж түүний улмаас шинээр хаалга крылон авч засварлах шаардлага үүсэж энэ талаар хариуцагчид тухайн үед мэдэгдсэн боловч хоорондоо эвлэрч шийдэж чадаагүй. Зам тээврийн осол хариуцагч С.Г буруутай үйлдлээс гарч улмаар шинээр бууж номер авсан машины үнэ цэнэ буурах хохирол үүсэн зайлшгүй шалтгаанаар ослоос учирсан эвдрэлийг шинээр солих болсон. С.Г үүссэн хохирол хаалга-480,000 төгрөг, крыло-270,000 төгрөг, итгэмжлэл гаргуулахаар Улаанбаатар хот явахад-88,700 төгрөг, ирэхэд-60,000 төгрөг, нийт 898,700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж өгнө үү. Тухайн үед би орж ирсэн автомашин худалдаж аваад удаагүй байсан. Хариуцагчийн 100 хувийн буруутай үйлдлээс болоод автомашин маань сэв, зураас, гэмтэл гарсан. Би тухайн автомашиныхаа үнэлэмж, үнэлгээг хэвээр хадгалах үүднээс машиныхаа хаалга, крылон хоёрыг солиулъя. Хуучин хаалга, крылоныг та нар ав, дараа нь засаж янзлаад мөнгөө олж авах нь таны асуудал гэж хэлсэн. Тухайн үед хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохын тул Улаанбаатар хот руу цар тахлын улмаас өөрийн машинаар зардал гаргаж ХОТ ББСБ ХХК-д очиж итгэмжлэл хийлгэсэн зардлыг нэмж оруулж нэхэмжлэл гаргасан. Би машин зассан засвар үйлчилгээний мөнгийг нэмээгүй. Хэрвээ бүх урсгал зардлыг тооцвол надаас их хэмжээний мөнгөн дүн гарсан. Хариуцагч тухайн үед өөрийн анхаарал, болгоомжгүй байдлаас осол гаргаагүй бол надаас дээрх хохирол гарахгүй байсан. гэв.
Хариуцагч С.Г хариу тайлбартаа: С.Г миний бие 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу байгалийн аюулт үзэгдэл болсон өдөр 00-86 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо ХОТ ББСБ ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг иргэн Г.Э жолоодож замын хөдөлгөөнд оролцох үед мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас тус тээврийн учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК-аар үнэлүүлэхэд 295,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг Г.Э нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үндэслэлгүйгээр 898,700 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Ашид билгүүн ХХК-ний гаргасан дүгнэлтийн дагуу учирсан хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй. гэжээ. Нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулсан нь миний буруу, би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч тухайн үед би хуулийн дагуу шийдүүлнэ гэж хэлсэн. Би тэгэхээр нь Даатгалын компани дуудаж зохих журмын дагуу ажиллагаа хийсэн. Тухайн үед цагдаа ирэхэд би шороон шуургатай байсан учраас осол хийсэн тухайгаа ярихад та нар хоорондоо тохиролц гэж хэлсэн. Маргааш нь цагдаа над руу залгаад нэхэмжлэгч тохиролцохгүй гэж байна. Та Цагдаагийн байгууллагад хүрээд ир гэж хэлсэн. Ном журмын дагуу бичиг баримтуудаа өгсөн. Тухайн үед манай ээжийн бие муудаад, ээждээ тариа хийлгэчихэд хүргэж өгөөд буцаж явахдаа тухайн ослыг гаргасан. Манай ээж 200,000 төгрөг бариад ..миний хүүхэд ярьж тохирчих... гэж гуйхад энэ хүн эмэгтэй хүн байна, ээж хүний сэтгэлийг ойлгохгүй хүлээж аваагүй. Дараа нь цагдаа та тохирч чадаагүй байна гэж 5 оноо, 100,000 төгрөгөөр торгосон. Нэхэмжлэгчийн машин зурагдсан байсан. Гэхдээ би хүнийг юмыг зурсан гэж байгаа биш айхтар эвдэрсэн зүйл байгаагүй. Даатгалын компаниас үнэлгээний дагуу 220,000 төгрөгт тохиролцох уу гэж хэлсэн боловч нэхэмжлэгч үгүй гээд гарын үсэг зураагүй. Би тухайн үед энэ хүнийг хүндлээд огт юм яриагүй, одоо хэлж байна. гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, Итгэмжлэл /хх-5/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, Эрх бүхий албан тушаалтын магадалгаа /хх-7/, Зарлагын баримт /хх-8/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-9/, гэрэл зураг /хх-10/, НӨАТ-ын баримт /хх-12/, Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн даалгаврын баримт /хх-14/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-15/, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ2020/38 дугаартай Зээлийн гэрээ /хх-27-28/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-29/, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ФГ2020/38 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-30-31/, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-32/, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 136/ШЗ2021/00659 дугаартай шүүгчийн захирамж /хх-46/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 482 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-47-62/, Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт /хх-63/, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /хх-64/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас хариу тайлбар /хх-25/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-69/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргажээ.
Иргэдийн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие Д.Онь ХОТ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г холбогдох гэм хорын хохирол 898,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэргийн материалаас харахад машины баруун хаалганд 23 см, кареланд 06 см хэмжээтэй зураас гарсан байна. Үүнийг нэхэмжлэгч заавал шинэ хаалга авч 898,700 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзлээ. Хариуцагчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч даатгалын компанийн гаргасан үнийн дүн болох 298,000 төгрөгийг өгөх саналаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байна. Талуудад аль аль талд нь хүнд байгааг ойлгож байна. Иймд тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч С.Г 500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э олгох нь зүйтэй гэж үзлээ. гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХОТ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э автомашины хаалга, крыло гэмтсэнийг солиход 750,000 төгрөг, итгэмжлэл авахаар Улаанбаатар хот руу явахад гарсан зардал 148,700 төгрөг гаргуулахаар,
Хариуцагч С.Г хаалга, крылог засварлахад шаардагдах үнэлгээний компанийн тогтоосон үнэ 270,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 898,700 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж талууд маргажээ.
Шүүх нэхэмжлэгч ХОТ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээс 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 398,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч ХОТ ББСБ ХХК-ийн өмчлөлийн 77-69 УНМ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашиныг 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр С.Ганзориг нь 00-86 ДГО улсын дугаартай Toyota Corolla Axio маркийн автомашиныг жолоодон явахдаа мөргөж зам тээврийн осол гаргажээ. Уг ослын улмаас 77-69 УНМ улсын дугаартай Prius 30 маркийн автомашины баруун урд хаалга, крыло хонхойж гэмтсэн ба ослын шалтгааныг С.Г гэм буруутай үйлдлээс болсныг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа /хх-5/, Зам тээврийн ослын хэргийн газарт хийсэн тэмдэглэл /хх-13/ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Зохигч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хариуцагч С.Г нь шүүх хуралдаанд тухайн осолд буруутай болохоо хүлээн зөвшөөрч харин хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй, машины хаалга, крылог солих шаардлага байгаагүй. Үнэлгээний компанийн гаргасан үнэлгээний дагуу 270,000 төгрөг төлнө гэх тайлбарыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг машины хаалга, крылог солихгүйгээр засвар хийвэл замасктай гээд машины үнэлгээ багасдаг тул заавал солих шаардлагатай гэж мэтгэлцэж байна.
Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 482 дугаартай Үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсэгт Toyota Prius 30 маркийн автомашины баруун урд хаалга, крыло зурагдаж хонхойсон, будаг халцарсан байдалтай ба дээр сэлбэгүүд нь урагдаж цоороогүй байх тул зайлшгүй солих шаардлагагүй, засварлах бүрэн боломжтой гэж дүгнэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан бөгөөд гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгахдаа гэм хор учирсан этгээдийн эрх, эд хөрөнгийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх буюу тухай эд хөрөнгө, эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалтай ижил болгохыг ойлгоно.
Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд дурдсан засварлаж, будсан тохиолдолд тухайн автомашины үнэ цэнэ буурдаг бөгөөд засвар хийгээгүй ижил төрлийн машинтай адил түвшинд үнэлэгдэхээргүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Toyota Prius 30 маркийн автомашинд урд хаалга, крылог засварласан тохиолдолд түүний үнэ осолд орохоос өмнөх байдлыг гүйцэхээргүй байх тул машиныхаа хаалга, крылог солиулах шаардлагатай гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.14.төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг; гэж заажээ. Нэхэмжлэгч нь машины урд хаалгыг 480,000 төгрөг, крылог 270,000 төгрөгөөр худалдаж авсан зарлагын баримт /хх-08/-ыг хэрэгт хавсаргасан боловч уг зарлагын баримт нь дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажаагүй буюу хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Хөрөнгө үнэлгээний төв ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 482 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ хохирол учирсан сэлбэг болох Toyota Prius 30 маркийн автомашины баруун урд хаалга, крылог тус бүр 250,000 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоожээ. Шинжээчээс тус үнэлгээг тогтоохдоо Да хүрээ худалдааны төв, Prius center сэлбэг худалдаа, Smart center худалдаа, засварын төвд худалдаалагдаж буй сэлбэгийн үнэ ханшийг харьцуулан судалж тодорхойлсон байх тул шинжээчийн урд хаалга, крылог тус бүр 250,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд Би зөвхөн хаалга, крылогын үнийг нэхэмжилж байгаа. Засварын төлбөрөө нэхэмжлэхгүй гэж тайлбар гаргаж байна.
Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь ХОТ ББСБ ХХК-иас итгэмжлэл авахаар Улаанбаатар хот руу явахад замын зардалд 148,700 төгрөг зарцуулсан талаарх баримт /хх-12/-ыг хэрэгт авхуулсан боловч тус зардал зайлшгүй гарах зардал болох нь эргэлзээтэй, баримтаар тоогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэдийн төлөөлөгч Д.О нотлох баримт болон талуудын тайлбартай танилцаад машины хаалга, крылог солих шаардлаггүй, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан хаалга, крылог солих шаардлаггүй гэх санал нь нэхэмжлэгчид учирсан хохирол бүрэн арилгахааргүй байна. Мөн Иргэдийн төлөөлөгчөөс хэргийн үйл баримт, талуудын нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Г автомашины баруун урд хаалга, крылоны зах зээлийн үнэлгээ болох 500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Э олгож, үлдэх 398,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,119 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, С.Г 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э олгож, нэхэмжлэлээс 398,700 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХОТ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,119 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, С.Г 15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ
Ц.АРИУНЗУЛ