| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2021/00331/и |
| Дугаар | 182/ШШ2022/00556 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2022/00556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, төв байр хаягт байрлах, Г ХХК /регистрийн дугаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж тоот хаягт оршин суугч овогт Ц.Б /регистрийн дугаар /-эд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,562,096.91 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхтөгс
Хариуцагч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ц.Бэд холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,562,096.91 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
1.Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Ж.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ1905113526 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7,200,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан. Иймд үндсэн зээлд 2,891,812.25 төгрөг, зээлийн хүү 1,541,943.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,340 төгрөг нийт 4,562,096.91 төгрөгийг Ц.Бээс гаргуулна гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г нь намайг зээлээ төлөхгүй, цаашид төлж чадахгүй нь тодорхой байхад 2 жил гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хүү авах зорилготой байсан. Үндсэн зээлийг төлнө. Зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, 2019 онд өвдөөд ажлаасаа гарсан тул төлбөрийн чадвар муу болсон. Ажил хийж байгаа боловч зээл төлөхөд хүрэхгүй байна. Зээлээ хойшлуулах хүсэлтээ утсаар мэдэгдсэн гэв.
3.Нэхэмжлэгч нотлох баримтаар Зээлийн болон барьцааны ЗГ1905113526 дугаартай гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын Ц.Бийн оршин суух хаяг, ам бүлийн тодорхойлолт, Хариуцагчаас хариу тайлбар, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Нийгмийн даатгалын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд, Гэрэл зураг, Тэтгэврийн дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ц.Бэд холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,562,096.91 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.
2.Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үндсэн зээлийг төлнө. Зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, 2019 онд өвдөөд ажлаасаа гарсан тул төлбөрийн чадвар муу болсон. Зээлээ хойшлуулах хүсэлтээ утсаар мэдэгдсэн гэж маргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г ХХК нь зээлдэгч Ц.Бтэй 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЗГ1905113526 дугаартай зээлийн гэрээ байгуулж 7,200,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээл олгожээ.
Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Голомт ХХК нь зээлдэгч Ц.Б зээл авсан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш үндсэн зээлд 4,308,187.75 төгрөг, зээлийн хүү 3,625,852.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,756.63 төгрөгийг төлсөн, уг гэрээний үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,891,812.25 төгрөг, зээлийн хүү 1,541,943.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1283340.70 төгрөг нийт 4,562,096.91 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гарган нэхэмжилсэн байх ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч Ц.Б маргаагүй.
4.Хариуцагч Ц.Б нь урт хугацаанд зээлээ төлөхгүй, төлж чадахгүй нь тодорхой байхад банк шүүхэд хандах боломжтой байсан ч төлөлт тасалдсанаас хойш 2 жил гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь авах мөнгөө нэмэгдүүлэх арга байсан гэж маргасан боловч оны дугаар сарын -ны өдрийн дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар овогт Ц.Б -ийг эрэн сурвалжилж, хаягийг олж тогтоосон баримтаар дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
Г ХХК-д зээлээ хойшлуулах хүсэлтээ хариуцагч Ц.Б утсаар мэдэгдсэн гэх боловч энэ талаарх баримт ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Хариуцагч Ц.Бийн гаргасан 2019 онд ажлаасаа гарч өвдсөн тул төлбөрийн чадвар муу болсон гэх тайлбар нь Нийгмийн даатгалын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдож байгаа боловч зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд хариуцагч Ц.Бээс зээлийн төлбөрт 2,891,812.25 төгрөг, зээлийн хүү 1,541,943.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1283340.70 төгрөг нийт 4,562,096.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгох үндэстэй.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,944 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 87,944 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бээс 4,562,096.91 /дөрвөн сая таван зуун жаран хоёр мянга ерэн зургаан төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,944 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 87,944 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ