Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/03167

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/03167

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 39 тоотод оршин суух, Т овогт Т.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, тоотод байрлах, Р Б ХХК-д холбогдох ажил олгогчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 3 339 810 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Т.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О нь Р Б ХХК-ний гоо сайхны салонд 2018 оны 03-р сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж, 2020 оны 12-р сарын 03-ны өдөр 5 сартай жирэмсэн байхдаа ажлаас халагдсан. Энэхүү хууль бус тушаалтай холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг шүүхэд гаргасан. Тус шүүхийн 2021 оны 03-р сарын 25-ны өдрийн 790 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Т.О нь 2021 оны 05 сарын 04-ний өдөр амаржсан бөгөөд төрөөс олгодог жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй. Ажил олгогч нь 2018 оны 3-р сараас ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс болж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасан Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхээ алдсан. Энэ нь хариуцагчийн хууль бус үйлдлээс мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т баримт бичгийг бүрдүүлэх, өргөдлөө өгөх боломжгүй ийм нөхцөл байдал үүссэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн 192 дугаар зүйлийн 1-т Энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно гэж заасан. Шүүхийн шийдвэрээр Т.О-ын 1 сарын дундаж цалинг 834 952,005 төгрөгөөр тооцсон, түүнийг 4 сараар тооцож 3 339 810 төгрөг болно. Иймд Р Б ХХК-иас 3 339 810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал ажилтныг үндэслэлгүйгээр халсаны улмаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй гэдгээ нотолж чадаагүй байна. Учир нь ажлаас халсан, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй асуудал нь 3 339 810 төгрөгийн тэтгэмжийг Т.О авч чадаагүйтэй шалтгаант холбоогүй. Нийгмийн даатгалаас олгох Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэхь хэсэгт жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө гэж заасан. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллагад хандаж жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар хандсанаа нотлоогүй учраас нэхэмжлэлд дурдсан төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О нь Р Б ХХК-д холбогдох ажил олгогчийн буруугаас олгогдоогүй жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 339 810 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Тус шүүхийн 2021 оны 03-р сарын 25-ны өдрийн 790 дугаартай шийдвэрээр Т.О-ыг Р Б ХХК-ний гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 504 857 төгрөг гаргуулж олгох, 2018 оны 4-р сараас олгох олговороос нигймийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6-р сарын 11-ний 957 тоот магадлал /хх 77-12/ хүчин төгөлдөр байна.

 

Т.О нь 2021 оны 05-р сарын 04-ний өдөр хүү Б.Х-ыг төрүүлж, ... дугаарт бүртгэж төрсний гэрчилгээ олгогдсон /хх 91/ байх ба ажил олгогч нь түүнийг хөдөлмөр эрхлүүлж цалин хөлс олгосон хугацаанаас буюу 2018 оны 4-р сараас шимтгэлийг төлөөгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор /хх 88/ нэгэнт тогтоогджээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6-р зүйлд зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн 192 дугаар зүйлд заасан хэмжээгээр буюу Т.О-ын 1 сарын дундаж цалинг 834 952 төгрөгийг 4 сарын хугацаагаар тооцож 3 339 810 төгрөгийг ажил олгогч Р Б ХХК-иас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Т.О-ын Хас банкны дансаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгогдоогүй /хх 13-54/ байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх ба хариуцагчаас тэмдэгтийн хураамжийн 68 386 төгрөг гаргуулж улсын орлого болох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6-р зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Р Б ХХК-иаас 3 339 810 /гурван сая гурван зуун гучин есөн мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж Т. О-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Р Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 68 386 /жаран найман мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА