Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2022/00583

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                       2022         03         03

             182/ШШ2022/00583

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.С

 

Хариуцагч: ЮТХХК

 

60,724,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч М.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Лхагвасүрэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ЮТХХК-тай 2021 оны 05 сарын 13-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг 21-р хороо Буянт-Ухаа спорт цогцолборын баруун хойд талд бүтээн байгуулах Ю-Апартмент орон сууцны хотхонд 2-р байрны 6 давхар 605 тоот, 74,24 м.кв, 3 өрөө орон сууц болон 2-р байрны 6 тоот 16 м.кв талбай бүхий авто зогсоолын хамт нийт 107,648,000 төгрөгөөс 63,000,000 төгрөгийг 2021 оны 04-р сарын 05-ны өдөр төлсөн ба үлдэгдэл 44,648,000 төгрөгийг 2021 оны 06-р сарын 16-ны өдөр төлсөн болно. Гэвч тус компани “ЮТ” ХХК-ийн уг барилга нь 1 давхраас дээш баригдаагүй ба одоог хүртэл ашиглалтанд ороогүй гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа болно. Тус компанид гомдол хүсэлт удаа дараа гаргаж байна. 2021 оны 11-р сарын 03-ны өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 11-р сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг тус тус авсан ба одоо үлдэгдэл 47,648,000 төгрөгийг гаргаж өгөхгүй байгаа болно. Тус компанид орон сууц захиалж бэлэн 100% төлөлт хийхийн тулд нөхөр Г.А болон миний бие цалингийн зээл авсан билээ. Мөн орон сууц ашиглалтанд ороогүйгээс

Баянгол дүүрийн 8-р хороонд иргэн И.Гн орон сууцыг түрээсээр ашиглаж байгаа тул “ЮТ” ХХК-аас цалингийн зээлийн хүү, орон сууц түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 222.1.1-т зааснаар “ЮТ” ХХК нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Монгол улсын иргэний хуулийн 222.7-р зүйлд зааснаар Г.Ан цалингийн зээлийн хүү 1,478,942 төгрөг, М.С миний цалингийн зээлийн хүү 984,392 төгрөг, орон сууц түрээслэсэн 6 сарын төлбөр 4,800,000 төгрөг, гэрээний 5.10 дахь заалтын дагуу алдангид 5,813,056 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 47,648,000 төгрөг, нийт 60,724,390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.С нь “ЮТ” ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ 2021 оны 05 сарын 13-ны өдөр байгуулсан. 2021 оны 10 сарын 06-ны өдөр гэртээ цуцлах хүсэлт өгч гэрээг цуцалсан. Орон сууц захиалан бариулах гэрээний 5.9-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсэж, барилгын ажил зогсонги байдалд орсон ч нэхэмжлэгчийн хүсэлтийг хүндэтгэн үзэж 2021 оны 11 сарын 03-ны өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлэн үүргээ гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага болох үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг тодорхой хуваарь гарган хуваан төлөхийг зөвшөөрч байна. Зарим шаардлага болох цалингийн зээлийн хүү, орон сууц түрээсийн төлбөр, гэрээнд заагдсан алдангийг төлөхийг эс зөвшөөрч байна. Бараа материалын үнэ өссөн, хил дээр бараа материал гацсан, Ковид-19 цар тахлын нөлөөгөөр барилгын ажил хойшилсон ч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж хариуцагч тал үзэж байна гэв.

 

 3.Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн Орон сууц захиалан бариулах гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, цалингийн зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, хариуцагчийн орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан өгөх тухай мэдэгдэл, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.         Нэхэмжлэгч М.С нь хариуцагч ЮТХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл болон гэрээ цуцалснаас учирсан хохирол, нийт 60,724,390 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч гэрээгээр шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг зөвшөөрч байх ба зарим шаардлага болох цалингийн зээлийн хүү, орон сууц түрээсийн төлбөр, гэрээнд заагдсан алдангийг төлөхийг эс зөвшөөрч маргаж байна.

 

2.М.С ЮТХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг 21-р хороо Буянт-Ухаа спорт цогцолборын баруун хойд талд бүтээн байгуулах Ю-Апартмент орон сууцны хотхонд 2-р байрны 6 давхар 605 тоот, 74,24 м.кв, 3 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт авахаар нийт 107,648,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч хариуцагч “ЮТ” ХХК нь орон сууц, зогсоолыг барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул М.С гэрээнээс татгалзсан, ЮТХХК нь уг татгалзлыг хүлээн авч, шилжүүлсэн мөнгөнөөс 40,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 03-ны өдөр, 20,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 19-ний өдөр М.Сд буцаан шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нийтийн орон сууцны зориулалттай баригдаж байсан орон сууцнаас худалдан авахыг хүссэн, талуудын хоорондох гэрээ эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байна.

 

3.Орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгөнөөс 47,648,000 төгрөгийг буцаан төлөөгүй үлдсэн байх ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу гэрээгээр шилжүүлсэн 47,648,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэж заажээ.

 

4.Гэрээний 2.1-т “Гэрээгээр захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2021 оны 3 дугаар улирал дуустал байна”, 5.10-т “гэрээний 2.1-т заасан хугацаанд ашиглалтанд ороогүй тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлнө” гэж тус тус заажээ.

 

5.Барилга хугацаандаа баригдаагүй тул захиалагч буюу нэхэмжлэгч гэрээ цуцлахыг хүссэн ба гүйцэтгэгч буюу хариуцагч гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авч, орон сууцны үнэнд шилжүүлсэн мөнгийг 30 хоногт төлөх тухай мэдэгдлийг захиалагчид 2021 оны 10 сарын 20-ны өдөр өгч байсан бөгөөд гэрээг энэ өдрөөр цуцлагдсан гэж үзэхээр байна.

 

Гэрээгээр гүйцэтгэгчийн барилга барьж дуусах хугацаа  2021 оны 10 сарын 01-ний өдөр ба хэрэв хэтрүүлбэл алданги тооцож эхлэх хугацаа нь гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоног дээрээс тоологдох учиртай байна. Гэтэл талууд гэрээг 2021 оны 10 сарын 01-ний өдөр цуцалсан тул хариуцагчид алданги тооцож гаргуулах үндэслэлгүй байна.

 

 6.Нэхэмжлэгч орон сууц захиалж бариулах гэрээний дагуу үнийг анх 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 63,000,000 төгрөг төлсөн, үүний тулд нөхрийн хамт цалингийн зээл авсан, гүйцэтгэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан гэж эдгээр зээлийн хүүг нэхэмжилсэн. М.С 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хас банкнаас цалин барьцаалж 10,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд орон сууцны үнийн урьдчилгаа өгсөн хугацаатай давхцаж байна. Энэ зээлийн хүүд нэхэмжилсэн 984,392 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна. Харин түүний нөхөр Г.А 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн 15 сая төгрөгийн зээл авсан гэж түүний хүүг нэхэмжилсэн байх боловч нөхөр өөрөө нэхэмжлээгүй тул нөхрийн цалингийн зээлийн хүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

7.Нэхэмжлэгч орон сууц түрээслэсэн 6 сарын төлбөр 4,800,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч тал бусдын орон сууц хөлслөх гэрээг орон сууц захиалж бариулах гэрээг цуцалснаас хойш, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байх тул нэхэмжлэгчийн энэ шаардлага хангагдахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1-ийг баримтлан хариуцагч “ЮТ” ХХК-аас 48,632,392 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Сд олгож, 12,091,998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Сн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЮТ” ХХК-аас 401,112 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Сд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   С. БУД