| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2021/00340/и |
| Дугаар | 133/ШШ2022/00081 |
| Огноо | 2022-01-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 133/ШШ2022/00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Н холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүү Э.Э өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж 2,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Б.Э миний бие нь Б.Н 2013 онд Улаанбаатар хотод анх танилцаж байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод гар утас засварын сургалтад сууж байсан. Бид хоёр богино хугацаанд хайр сэтгэлийн холбоотой болж, хэсэг хугацаанд Улаанбаатар хотод ажиллаж байгаад сумандаа ирэх болоход эхнэр Б.Н цуг ирсэн. Надтай анх танилцахдаа Говь-Алтай аймгийн харьяат гэж байсан. Бид хоёр нэг удаа Говь-Алтай аймгийн төвд эмэг эхийн гэрт нь 7 хонож байсан. Миний хувьд хувийн мал маллаж, амьдардаг жирийн малчин хүн. Эхнэр Б.Н хамт амьдарсан цагаас хойш ирж очдог байсан. Хааяа ч хол газраас төдийлөн явъя гэх тоогоор явуулж чадахгүй мөнгө санхүүгийн хүндрэлд ороход хадам ээж Нармандах нь сумын цагдааруу залгаж асуудал гаргадаг л байсан. Бид албан ёсоор 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Э, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Э.Э нар төрсөн. Бага хүү Э.Э-г хэдхэн сартай байхад авч яваад хэсэг хугацааны дараа ирж, хүүг минь хүнд үрчлүүлсэн гэж байсан тэр хүмүүст дасчихсан эргүүлж авч чадахгүй гээд надаар одоо бодоод байхад үрчлэлтийн талаарх бичиг баримт дээр гарын үсэг зуруулаад явахдаа эргээд 7 хоноод ирнэ гэж яваад өнөөдрийг болтол ирээгүй. Түүнээс хойш хүү Э.Э минь миний асрамжид өнөөдрийг хүртэл байгаа. Хүү маань одоо 1-р ангиа төгссөн. Хүүгээ би хэнээс ч дутахааргүй өсгөн хүмүүжүүлж, хайр халамж бүх зүйлээр дутаахгүй авч явж байгаа. Ээж Б.Н нь надаас хойш хүнтэй хамт амьдарсан байдаг. Хаана ч хамаагүй оршин суугаа газар орон тогтворгүй энд тэнд ажил төрөл хийж байгаа нэрийдлээр явдаг. Ямар ч эх хүний нинжин сэтгэлгүй, амин хувиа хичээсэн, хатуу сэтгэлтэй хүн байдаг. 2017 оноос хойш бидэнд анхаарал халамжгүй болж, орхиод явсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Б.Н нь хүнд үрчлүүлсэн гэх хүү Э.Э-г минь хаана ч ямар хүмүүст, ямар орчинд айлд үрчлүүлсэн нь тодорхойгүй, төрсөн ах дүүг салгаж, хувь заяаг нь төөрөгдүүлж, эцэг үрийг салгаж, бидний сэтгэл зүрхийг шархлуулаад зогсохгүй том хүү Э.Э минь ч асууж сурдаггүй огт анхаарал тавьдаггүй, санах, үгүйлэх ч сэтгэлгүй, өөрийн хувиа бодсон л эх хүн гэж нэрлэхэд ч хатуудах хүн дээ. Миний хувьд нэг ч бай хоёр ч бай хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж, тэжээн тэтгэх чадвартай жирийн залуу малчин хүн шүү дээ. Бид маш их гомдолтой. Нэгэнт ийм хүнтэй цаашид эвлэрэх боломжгүй. Иймд Б.Н-с албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Э өөрийн асрамжид үлдээх, эхээр нь тэжээн тэтгэх үүргийг нь биелүүлж, тэтгэлгийг насанд хүртэл нь Б.Н-с гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Одоо нийгэмд элдэв хүүхдийн хүчирхийлэл, амь нас, эрүүл мэндэд хохирол учирч байгаа аймшигт мэдээ ар араасаа дагаад л гарч байгаа цагт эцэг миний хувьд хүүгээ сэтгэлгүй эхийг дагаж золиос болгуулах сэтгэл надад байхгүй. Мөн Б.Н-с улс даяар хүүхдэд төрөөс халамжийн сангаас олгогддог хүүхдийн тэтгэмжийн мөнгийг эх нь өөрийн дансаараа дамжуулан авч өөртөө зарцуулсаар ирсэн. Уг мөнгө нь төрөөс хүүхдэд өөрт нь зарцуулагдах мөнгө. Энэхүү мөнгийг тусдаа биднийг хаяад явсан цагаас хойш хүүд болон бидэнд өгөөгүй. Хувцас эд зүйлс авч өгч байгаагүй. Тэгэхээр Б.Н-с 2017 оны 1-12 сар, 2018 оны 1-12 сар, 2019 оны 1-12 сар, 2020 оны 1-3 сар нийт 39 сар, 39*20.000=780.000 төгрөг, 2020 оны 4-12 сар, 2021 оны 1-8 сар нийт 17 сарын*100.000=1.700.000 төгрөг, бүгд 2.480.000 төгрөг болох хүүхдийн мөнгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Б.Н би Б.Э-н гэр салгах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдийн мөнгө төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Э-тай 2013 онд танилцаж, сар болоогүй эцэг, эхдээ удахгүй ирнэ гээд Дорнод руу явсан. Ингээд бид хоёр гэр бүл болж, анхны хүү Э.Э 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. Ингээд хүүхдийн мөнгөө авахын тулд гэрлэлтээ бүртгүүлсэн. Түүнээс биш эцэг, эхээс минь албан ёсоор гуйж, хурим найр хийж, айл болоогүй. Эцэг, эхтэй минь ховорхон яриулдаг байсан. Манай эх Дорнодын цагдаад хэлээд хайлгадаг байсан. Эцгийг минь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нас барахад явуулаагүй. Эцгийгээ өвчтэй байхад уулзаж чадаагүй. Хүүхдээ үлдээгээд яв гэдэг байсан. Хүү Э.Э 1 настай байсан. Том хүү Э.Э төрснөөс хойш Б.Э нь гэртээ ирэхгүй, хоол ундгүй 10 хоногоор алга болдог. Хүү бид хоёрыг гэрээсээ хөөдөг. Би жирэмсэн, бага насны хүүхэдтэй 3-4 хоног айлаар явдаг байсан. Эцэг, эх нь хүүхдээ хаана, юу хийж байгааг мэддэггүй байсан. Хүндрэлтэй төрснөөс хойш бие өвддөг болсон. Эцэг, эх нь миний хоёр дахь хүүг 5 сартай байхад нь урилгагүй зочин авахгүй, хүүхдээ авахуул гэдэг байсан. Надад ярих юм их бий. Айл саахалтын хүмүүс мэднэ. Ээж маань Дорнодын цагдааруу 2-3 удаа охиныг минь олоод өгөөч гэж ярьсан. Намайг унаж татдаг өвчтэй гэдгийг мэддэг. Би одоо сул биетэй болсон. Бага хүүгээ би аргагүйн эрхэнд айлд өгсөн. Миний бие энэ айлд байхдаа маш хэцүү амьдарч байсан. Ээж маань шүүх, цагдаад өгье гэхэд би Б.Эзэнбаатарыг хамгаалж, өгүүлээгүй. Харин одоо энэ хүмүүсээс өнгөрсөн амьдрал, залуу нас, эрүүл бие, аавыг минь буцааж өгч чадах болов уу гэж асуумаар байна. Гэрлэлтээ цуцлуулна, хүү Э.Э эцэг Б.Э-н асрамжид үлдээсэн тохиолдолд хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхдийн мөнгө 2,480,000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Б.Э-н иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Болорын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар тэмдэглэлийн эх хувь,
- Хүний их эмч Ц.Б-н 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтын эх хувь
- Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 69 дүгээр албан бичгийн эх хувь,
- Б.Э, Б.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Э.Э, Э.Э нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ20210/02014 дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар
- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 90 дугаар хариу мэдэгдэх хуудасны эх хувь,
- Б.Э-н Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдлийн хуулбар,
- Б.Э-н Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргасан гомдлын хуулбар,
- Дорнод аймгийн Чулуунхороот сумын ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар албан бичгийн эх хувь,
- Дорнод аймгийн Чулуунхороот Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт эх хувь,
Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Б.Н-н иргэний үнэмлэхийн лавлагааны эх хувь,
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
- Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 41/500 дугаар албан бичгийн эх хувь
- Б.Нямсүрэнгийн Төрийн банк дахь харилцах дансны хуулга эх хувь,
- Б.Э-н гомдолтой Б.Н-д холбогдох 2116000236 дугаар зөрчлийн хэргийн хуулбар/хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан/,
- Хаан банкны Говь-Алтай аймаг дахь салбарын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 487 дугаар албан бичгийн эх хувь
- Б.Н-н Хаан банк дахь харилцах дансны хуулга эх хувь,
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл эх хувь,
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл эх хувь,
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаагийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материал эх хувь
- Хүү Э.Э-н санал эх хувь,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Э.Э өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж 2,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ./1-р хавтаст хэргийн 1-4 хуудас/
Хариуцагч Б.Н нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, хүү Э.Э өөрийн асрамжид авах хүсэлтэй, хэрэв хүүг эцгийн асрамжид үлдээсэн тохиолдолд тэтгэлэг төлж, хүүхдийн мөнгөн тэтгэмж 2,480,000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ./2-р хавтаст хэргийн 17 хуудас/
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч Б.Н нар нь гэрлэлтээ 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нь 2101000275 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүсчээ.
Энэхүү гэрлэлтээ дуусгавар болгохоор нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Н-д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах өргөдлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргажээ.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Б-н 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар тэмдэглэл/1-р хавтаст хэргийн 8-9 хуудас/-д “Б.Н нь удаа дараагийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цахим уулзалтын товыг мэдсэн атлаа хүрэлцэн ирдэггүй. Б.Э нь эвлэрэх боломжгүй, сэтгэлзүйчтэй уулзахгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов” гэжээ.
Улмаар нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Н холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчийн дундаас 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Э, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүү Элбэгбаяр нар төрсөн нь 2101001035, 2140000027 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/1-р хавтаст хэргийн 13-14 хуудас/-аар тус тус тогтоогдов.
Гэвч хүү Э.Э нь бусдад үрчлэгдсэн учраас нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Н холбогдуулан хүү Э.Э өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна”, 132.4 дэх хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно”,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ”, 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах хуульд тусгайлан заасан тохиолдол үүсээгүй бол шүүх гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахаар байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Н холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, уг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн холбогдолтой маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахин явуулахаас татгалзах үндэслэл болохгүй гэж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт тус тус заажээ.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШЗ2021/01406 дугаар шүүгчийн захирамж/2-р хавтаст хэргийн 22-26 хуудас/-аар Б.Э-н нэхэмжлэлтэй Б.Н холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгасан.
Уг шүүгчийн захирамжийн дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаагаас гэрчлэгчдийг эвлэрүүлэн арга хэмжээ авч, гэрлэгчидтэй уулзалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй, талууд эвлэрэх боломжгүй гэж хүсэл зоригоо илэрхийлж, гэрлэлтээ цуцлуулах санал гаргажээ./2-р хавтаст хэргийн 48-51 хуудас/
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр Б.Э-н өргөдөлтэй Б.Н холбогдох эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаар тэмдэглэл/2-р хавтаст хэргийн 51 хуудас/-ээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт “Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.
Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэгт зохигч цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүйг ойлгодог. Үүнд эхнэр, нөхрийн хэн нэг нь согтууруулах ундаа болон мансууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүл, үр хүүхдийн амьдрал, хүмүүжилд муугаар нөлөөлдөг, гэр бүлийн гишүүдийг хүндэтгэн үзэхгүй, хэрцгий догшин авирладаг, бэлгийн харьцаа тохирдоггүй, үр хүүхэдтэй болоогүй, гэрлэгчид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарсан зэргийг хамааруулж үзэж болно.
Гэрлэгчид нь 2017 оноос хойш өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд харилцан гэрлэлтээ цуцлуулах хүсэл зоригоо эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа илэрхийлж, эвлэрээгүй болно.
Иймд нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч Б.Н нарын Дорнод аймгийн Хэрлэн сумын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2101000275 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцлах эрх зүйн үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан бол гэрлэлт дуусгавар болдог. Гэрлэлт дуусгавар болсноор хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг үүсгэдэг.
Шүүхээс гэрлэлт цуцалсан тохиолдолд нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.Н нар нь хүү Э.Э өөр өөрсдийн асрамжид тус тус авахыг хүсч буйгаа тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд тайлбарласан./2-р хавтаст хэргийн 17-18 хуудас/
Үүнээс үзэхэд зохигч нь гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүү Э.Э хэний асрамжид үлдээх талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу харилцан тохироогүй байна.
Энэ тохиолдолд шүүхээс зохигчийн тайлбар, хүүхдийн санал, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хүүхдийн асрамжийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Дорнод аймгийн Чулуунхороот Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт/2-р хавтаст хэргийн 2 хуудас/-д “Б.Э нь хүү Э.Э эрүүл бойжуулж байгаа”-г тусгажээ.
Хүү Э.Э нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид суралцаж байгаа нь тус сургуулийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар албан бичиг/2-р хавтаст хэргийн 1 хуудас/-ээр нотлогдож байна.
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ж-н 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн санал асуусан тэмдэглэл/2-р хавтаст хэргийн 64 хуудас/-д хүү Э.Э нь “Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг Б.Э-тай хамт амьдарна, эх Б.Н нь ярьдаггүй, одоо эхийгээ харвал танихгүй” гэж хүсэл зоригоо илэрхийлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “....хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэжээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хүүхдийн санал болон түүний одоогийн амьдарч буй орчныг өөрчлөх нь сөрөг үр дагавар үүсч болзошгүйг харгалзан үзэж, хүү Э.Э эцэг Б.Э-н асрамжид үлдээх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хүү Э.Э 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Б.Н-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй.
Эх Б.Н-с гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эцэг Б.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хүү Э.Э-н хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.
Тэтгэлэг нь хүү Э.Э-н хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эх Б.Н нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эцэг Б.Э-с шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар эцэг,эх, хүүхдийн хоорондох харилцаа дуусгавар болдоггүй.
Нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч Б.Н нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хүү Э.Э эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэгтэй.
Энэхүү үүргээ биелүүлэхэд нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасны дагуу зохигч нь харилцан бие биедээ саад учруулахгүй байх үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Б.Э-н “хүү Э.Э-н 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2021 оны 08 сарыг дуустал хугацааны хүүхдийн мөнгө 2,480,000 төгрөг гаргуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ./2-р хавтаст хэргийн 17 хуудас/
Иймд нэхэмжлэгчийн хүүхдийн мөнгө 2,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг батлах эрх зүйн үндэслэлтэй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу бүрдүүлсэн Б.Э-н гомдолтой Б.Н холбогдох 2116000236 дугаар зөрчлийн хэрэг, Б.Н-н Хаан банк дахь харилцах дансны хуулга зэрэг нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсэгт “хүүхдийн мөнгөн тэтгэмж” нь нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөлд хамаарахаар, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг баталсан нь одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байна.
Энэхүү шийдвэрээр хүү Э.Э эцэг Б.Э-н асрамжид үлдээсэн тул нэхэмжлэгч Б.Э нь дээрх хууль, журмын дагуу хүү Э.Э-н мөнгөн тэтгэмж өөрт олгуулах хүсэлтийг харьяа нийгмийн халамжийн байгууллагад гарган шийдвэрлүүлэх боломжтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Б.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангасан болох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн мөнгөн тэтгэмж гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 250,357 төгрөгийг хариуцагч Б.Н-с гаргуулан 230,194 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-т олгож, үлдэх 20,163 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно” гэжээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байхад хариуцагч Б.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр дахь удаагаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Э нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Б.Н-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч Б.Н нарын Дорнод аймгийн Хэрлэн сумын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2101000275 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2014 оны 10 дугаар 12-ны өдөр төрсөн, .......... регистрийн дугаартай хүү Э.Э эцэг Б.Э-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүү Э.Э 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Б.Н-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-с гаргуулсан тэтгэлгийг гагцхүү хүү Э.Э-н хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Э-т даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э нь тэтгэлгийг хүү Э.Э-н хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд хариуцагч Б.Н нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийдвэрийн хувийг уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Хишигжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н нь “хүү Э.Э-н мөнгөн тэтгэмж 2,480,000/хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,194/хоёр зуун гучин мянга нэг зуун ерөн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-с 250,357/хоёр зуун тавин мянга гурван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж, 230,194/хоёр зуун гучин мянга нэг зуун ерөн дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-т олгож, үлдэх 20,163/хорин мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ