Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 166/2024/0423/Э |
Дугаар | 2024/ШЦТ/454 |
Огноо | 2024-10-09 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0423/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр,
Улсын яллагч К.Нанжинханд,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418001760576 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ын гээгдүүлсэн Айфоне 15 промакс загварын гар утсыг олсон атлаа эзнийг олох талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр бусдад зарж борлуулсан, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******ын бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4/,
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Гранд яак нэртэй зочид буудалд ирж амарч байгаад 04 цаг өнгөрч байхад ирээд гар утсаараа ярих гэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд хамт явж байсан хүний гар утсаар өөрийнхөө дугаар луу залгаж үзэхэд 2 удаа дуудлага хүлээж аваад дахин залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон...Миний гээгдүүлсэн гэх гар утас гадуураа хар өнгийн резин хамгаалалтын гэртээ мөнгөлөг саарал өнгийн 3 ширхэг камертай 256 GB багтаамжтай дэлгэц нь шилэн наалттай ямар нэг сэв зураасгүй Айфоне 15 промакс загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би ******* дугаарыг ашигладаг, ...******* имэй кодтой гар утсыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ашигласан. Тухайн гар утас мөнгөлөг саарал өнгийн 256 GB-ийн багтаамжтай Айфоне 15 промакс загварын гар утас байсан. Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкээр гэх цахим хаягаар холбогдож... 3,350,000 төгрөгөөр худалдан авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний өмнө танилцсан ******* гэдэг хүн над руу утсаар яриад би гар утас зардаг юмаа, би банкны зээлээ төлж чадаагүй учраас миний данс хаагдсан мөнгө орохоор шууд татаад байдаг юм, чи надад дансаа түр ашиглуулаач гэж яриад манай гэрт ирж миний банкны дансны картыг авч явсан. Түүнээс хойш би уулзаагүй байгаа. Миний картыг өгөхгүй байсан учраас би картаа хаалгасан. Тэгээд ******* над руу картаа хаалгасан байна гэж уурлаад надтай холбогдохоо больсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/,
“Капитал Зууч” ХХК-ийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний байдлаар 3,800,000 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 48-49/,
Юнител ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 12-01/5130 тоот дугаартай албан бичгийн хариу /хавтаст хэргийн 87/,
******* банкны дугаартай харилцах дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-37/,
Гэрч Э.Одсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үнэгүй.мн сайтаас зарж үзэж байхад шинээрээ байгаа Айфоне 15 про макс зарна гэсэн зар оруулсан байсан. Уг зарын дагуу залгахад эрэгтэй хүн байсан. Тухайн гар утас Хурд хороололд байгаа ирж үзэж болно гэж хэлсэн. Тэр хүнтэй холбогдсон дугаарыг нь санахгүй байна. Хурд хороолол руу дөхөж очоод залгахад Стадионы гадаа хүүхдийн тоглоомын талбайд уулзъя гэж надад хэлсэн. Тэгээд очоод уулзахад 165-170 орчим өндөртэй залуу байсан. Айфоне 15 про макс загварын гар утсыг үзүүлсэн. Үнэгүй.мн зар дээр гар утас баталгаажсан асуудалгүй утас шиг харагдаж байсан. Тэгээд дугаартай сим картыг хийж ярьж, камерыг шалгаж үзэхэд ажиллагаа хэвийн байсан. Тухайн гар утасны хайрцаг байхгүй болохоор нь асуухад нөгөө залуу хөдөө ажилладаг учраас ажил дээрээ үлдээсэн гэж хэлсэн. Гар утас хэвийн болохоор нь миний банкны тоот данснаас тоот данс гэх хүний данс руу 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 24 минутад 3,450,000 төгрөг Айфоне 15 про макс гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тухайн гар утсыг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сул богино өмдтэй явж байгаад машинаасаа буухдаа унагаасан. Одоо тэр гар утас байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40/,
Сэжигтэн *******гийн “Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэдэг хүнд мөнгөлөг саарал өнгийн Айфоне 15 про макс загварын гар утас зарж борлуулсан. Тухайн гар утас миний эзэмшлийн гар утас биш, 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна, шөнө Дархан их дэлгүүрийн ойролцоо явж байгаад гадуураа хар өнгийн хамгаалалтын резин гэртэй мөнгөлөг сараал өнгийн Айфоне 15 про макс загварын гар утсыг явган хүний зам дээрээс олж авсан. Тэгээд би фейсбүүк дээр хүн зар оруулах юм бол өгнө гэж 2 сар орчим хадгалж байгаад мөнгөний хэрэг гарсан учир 3,350,000 төгрөгөөр зарсан мөнгөө найз банкны дансаар авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн эзнийг олох талаар идэвхтэй үйлдэл хийхгүй байх, уг эд хөрөнгийг олсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй эд зүйлийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг олсон атлаа эзэнд нь буцаан өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй шунахайн сэдлээр өөртөө авч завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “...Энэ сардаа буюу 2024 оны 10 дугаар сарын 18-нд 1,900,000 төгрөг буюу 50 хувийг нь төлөөд, 2024 оны 10 дугаар сарын 26-нд 1,900,000 төгрөг төлнө” гэж мэдүүлсэн байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгчээс 3,800,000 төргөг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 1,350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1,350,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснааар шүүгдэгч *******гээс 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5, тоотод оршин суух /-д олгосугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД