Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2018/00699/И |
Дугаар | 212/МА2019/00004 |
Огноо | 2018-12-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 212/МА2019/00004
К.Е-ны хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00723 дугаар шийдвэртэй, Е-ны хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч К.Е, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
Хүсэлтэд: “Миний бие К.Е нь 1969 онд Баян-Өлгий аймгийн Б суманд малчин өрх К-ын гэр бүлд төрсөн бөгөөд багаасаа эцэг эхийн мал маллахад тусалж өссөн. Улмаар 1985 оны 1 дүгээр сараас Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд малчин, төлчнөөр томилогдсон ба тухайн үед тус нэгдлээс Хөдөлмөрийн дэвтэр олгосон бөгөөд 1990 оныг дуустал малчнаар ажилласан. Одоо хүртэл Б сумын Хатуу бригадад мал маллаж амьдарч байна. Миний бие тэтгэврийн насанд хүрч тэтгэвэр тогтоолгохоор Аймгийн архивын албанаас тухайн үед ажилд орсон гарсан тушаалуудыг авахаар очсон боловч Б сумын Жаргалын зам нэгдлийн баримтыг архивд шилжүүлээгүй тул лавлагаа авах боломжгүй байна. Иймд миний Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд малчин, төлчнөөр 1985 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130/ШШ2018/00723 шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Х.Е-ны Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдолд: “Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд тухайн үед бие өвдсөний улмаас ирж чадаагүй. Мөн тодорхойлолт өгсөн хүмүүсийг асуулгахаар болсон боловч тэд тодорхой шалтгааны улмаас ирж чадаагүй. Тэр хүмүүсийн боломжтой үед нь шүүхэд хүргүүлье гэж бодож байсны улмаас шүүх хуралдаанд очиж чадаагүй. Миний бие малчин төлчнөөр ажиллаж байсан маань үнэн бөгөөд одоо хүртэл Б сумын хатуу багт нөхрийн хамт мал маллаж амьдарч байгаа.Тухайн үед нэгдлээс надад зөвхөн хөдөлмөрийн дэвтэр олгосон ба тухай хөдөлмөрийн дэвтэрт миний ажиллаж байсан байдал бичигдсэн. Миний бие ямар нэгэн шагнал авч байгаагүй. Шүүхийн шийдвэрт ажилласан хоног нь 12 сард 30 хоногоор ажилласан мэт бичигдсэн гэж бичсэн байх ба малчин хүний хувьд жилийн дөрвөн улиралд, жилийн 365 хоногт өдөр алгасалгүй ажилладаг нь үнэн бөгөөд тухайн үед бичигдсэн байдлыг тоо бүртгэгч нар бичсэн байх тул надад ямар нэг буруу байхгүй. Надад байгаа зүйл зөвхөн хөдөлмөрийн дэвтэр бөгөөд тухайн үеийн баримтыг архивд шилжүүлээгүй болох талаар архивын лавлагаа гарсан. Баримт олдоогүйн улмаас миний бие шүүхэд хандаж байхад ямар ч үндэслэлгүйгээр, хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж миний хүсэлтийг хүчингүй болгосныг ойлгохгүй байна. Би 8 дугаар ангиа төгсөөд аавын хамт төлчин болсон. Дараа нь Б сумын Хатуу багт оршин суух Х.Ө-тай гэр бүл болж тухайн багт малчин байсан. Тухайн үед 8 дугаар ангиа төгсөөд аав маань өөр сургуульд суралцуулахгүйгээр хажуудаа малчин болгосон үнэн. Тухайн үед 16 нас хүрсэн хүүхдүүдийг нэгдэлд элсүүлж ажиллуулдаг байсан.Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх К.Е-ны хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Хүсэлт гаргагч К.Е нь Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэлд 1985 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал малчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч анхан шатны шүүхэд Х.Б, К.С, Ж.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх дээрх иргэдийн тодорхойлолтыг “хуульд заасан шаардлагыг хангаагүй, эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй” тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэж эдгээр иргэдээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан агуулгад нийцээгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн “Баян-Өлгий аймгийн Б сумын Жаргалын зам нэгдлийн 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр”-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж хэрхэн үнэлсэн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнээгүй, зөвхөн “1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1985.01.08. Хатуу бригадад малчин томилов гэж бичсэн нь зөрүүтэй, ажилласан хоногийг 30 хоногоор ажилласан мэт бөглөсөн нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.
Дээрх иргэдийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр зэргийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхдээ уг баримтын эх сурвалжийг магадлаагүй буюу үнэн зөв, бодитой эсэхийг нь нягтлан шалгаагүй нь учир дутагдалтай болжээ.
Анхан шатны шүүх хүсэлт гаргагчид хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан эрхийг нь ноцтой зөрчжээ. Хүсэлт гаргагч К.Е-ныг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр орон нутгийн олон нийтийн радиогоор шүүх хуралдаанд дуудсан тухай баримт /хэргийн 20 тал/ байгаа боловч хүсэлт гаргагч радиогоор шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, К.Е-ны давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2018/00723 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, К.Е-ны давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хүсэлт гаргагч К.Ед буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Д.КӨБЕШ