Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 102/2016/05485/И |
Дугаар | 184/ШШ2016/00490 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2016/00490
2016 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 184/ШШ2016/00490 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... байрны .. тоот хаягт оршин суух, эмэгтэй, А овогт Ц-ийн Г /рд: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ...1 дүгээр хороолол, ... хаягт үйл ажиллагаа явуулдаг, Г ХХК /рд: .../-д холбогдох,
Эмчилгээний төлбөрт илүү төлсөн 683 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Г нь 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр өөрийн нөхөр Б.Э-г “Элэг” эмнэлгийн доктор, профессор, хүний гавъят эмч Д гуайд үзүүлж зөвлөгөө авсан юм. Зөвлөх эмч Д нь Гэ эмнэлэгт очиж цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийлгэ гэсэн. Ингээд Гэ эмнэлгийн эмч С.Юд үзүүлж хэвтсэн. Миний нөхөр 49 настай, усжилт, ногооролт, элэгний хатуурал өвчнөөр өвчилсөн ба ногооролтыг цэвэршүүлэх эфферент эмчилгээ буюу аппаратад оруулна гэсэн. Бид 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл энэ эмнэлэгт ердийн хуурай эм ууж, тариа, дусал зэргээр эмчлэгдэж байсан. Энэ хооронд эмнэлгийн зүгээс гоц гойд эмчилгээ хийгээгүй, нарийн шинжилгээ ч аваагүй. Лхагва гарагт 2л ус, баасан гарагт 4л ус Б.Эгийн хэвлийн хөндийгөөс авсан. Харин надаас 2016 оны 4 дүгээр сарын 6-нд 1 350 000 төгрөг бэлнээр авсан. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 4л ус авчихаад дусал ердөө залгаагүй, уураг нөхөж хийгээгүй, хэдэн хуурай эм өгсөн. Цусны бүлэг тогтоогдож, цус хийх гэтэл маш өтгөн цус нь дуслаар дусахгүй, том шприцээр асган цутган байж хүчээр шахсан. Улмаар үхэх нь ойлгомжтой гэж үзэн шууд морфейн тарьсан. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр миний нөхөр эмчийн буруу эмчилгээнээс болж маш их зовж нас барсан. Энэ эмнэлгийн эмчилгээ нь ердөө л энэ. Цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийгээгүй. Талийгаачийг хөдөөлүүлчихээд Гээмнэлгийн эмч С.Ю, захирал гэх Э нартай ярьж төлбөрийн зөрүүгээ тооцъё гэхэд төлбөр нь таарчихсан гэсэн. Гэ эмнэлэг нь ажлын ямар ч хариуцлагагүй өвчтөнг очсон өдөр нь буюу маргааш нь өлөн бие дээр нь шинжилгээ авч шинжилгээний хариуны дагуу эмчилгээ хийх байтал 4 хоногийн дараа бие нь муудахад шинжилгээ авч цусны бүлэг тогтоож ажилласан. Шинжилгээний хариуны дагуу эмчилгээний зардал нь гарах байтал шууд их мөнгө нэхэж, хүний өвчинг эдгээх биш мөнгөний хойноос хөөцөлдсөн. Цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ нь ердөө л энэ. Эмнэлгийн төлбөр нь өдрийн 60 000 төгрөг, эрчимт эмчилгээтэй хүнд 150 000 төгрөгөөр үйлчилдэг тарифтай юм билээ. Надаас 2 500 000 төгрөгөөр эмчилнэ гэхээр би байгаа мөнгө нь 1 350 000 төгрөг байна гээд бэлнээр өгсөн. Энэ эмнэлэгт 5 хоногт эрчимт эмчилгээ хийгдээгүй. Иймд би 5 хоногийн мөнгийг 60 000 төгрөгөөр бодож 300 000 төгрөгийг эмнэлэгт төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Энхтуяа, Юндэн эмч нар надаас ямар ч үндэслэлгүйгээр 1 050 000 төгрөг илүү авсан гэж үзэж байна. Иймд Гээмнэлгээс 1 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-иас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр Б.Эг нас барсантай холбоотойгоор Гэ эмнэлгээс гэм хорын хохирол нэхээгүй. Гэ эмнэлэг нь цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийнэ гэсэн боловч уг эмчилгээгээ хийгээгүй тул ердийн эмчилгээний зардал, шинжилгээний төлбөрийг төлөх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл хэвлийгээс 2 удаа ус авсан төлбөрт тус эмнэлгийн нийтэд санал болгосон тарифын дагуу 150 000х2=300 000 төгрөг, 1 хоногийн төлбөрийг 60 000 төгрөгөөр тооцон, 5 хоногийн төлбөрт нийт 300 000 төгрөг, цусны шинжилгээний төлбөр 56 500 төгрөг, зүрхний бичлэг 10 000 төгрөг, нийт 666 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин илүү төлсөн 683 500 төгрөгийг Гэ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Гэ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Гнь Гэ ХХК-ийн эмнэлэгт холбогдуулж, 1 050 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Түүний нөхөр, талийгаач Б.Э нь тус компанийн эмнэлэгт 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлж байхдаа нас барсан. Түүний онош нь элэгний хатуурал өвчний хүнд шатанд орсон, эдгэх найдваргүй болоод Чингэлтэй дүүргийн эмнэлгээс гэртээ гарсан байдаг. Манай эмнэлэгт ирж хэвтэхдээ маш хүнд ирсэн бөгөөд гэдэсний усжилт ихтэй комын шинжтэй ирсэн. Манайх өвчтөнийг өөрийн эмнэлгийн дотоод журамд заасны дагуу хүлээн авч эмчилсэн ба ямар нэг байдлаар эдгээнэ гэж амлаагүй. Анх эмнэлэгт хэвтэхэд нь эмчлгээ болон эмнэлгийн төлбөрийг ар гэрийнхэнд нь сайн танилцуулсан. Бид эмнэлгийн дотоод журам болон эмчийн ёс зүйг чанд баримтлан эмчилгээ хийсэн. Иймд Ц.Г-ийн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 1 050 000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Гэ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай эмнэлэг нь цус цэвэршүүлэх эмчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Ц.Гтай харилцан тохиролцож, түүний нөхөр, талийгаач Б.Эд цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийхээр болсон боловч харамсалтай нь уг эмчилгээг хийж амжаагүй. Өвчтөнийн биеийн байдал хүнд байсан учир шууд эфферент эмчилгээг даахгүй гэж үзсэн. Ингээд элэгний хатуурлын үеийн шаардлагатай эмчилгээ хийж байгаад өвчтөн нас барсан. Элэгний хатуурал өвчтэй хүнд эмчилгээ хийхэд өндөр зардал гардаг. Тухайлбал өвчтөнд уураг буюу альбумин, цус, цусан бүтээгдэхүүн, өвчин намдаагч зэргийг гаднаас өндөр үнээр авч хийдэг, түүнчлэн олон эмч, сувилагч, асрагч шаардлагатай болдог. Сахиур нь бас давхар эмнэлэгт байрлах шаардлагатай байдаг учир ердийн эмчилгээний зардал болох 1 хоногийн 60 000 төгрөгөөр ор хоногийн мөнгийг тооцох боломжгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гнь шүүхэд хандаж, эмчилгээний төлбөрт илүү төлсөн 1 050 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж 683 500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ГэХХК бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Ц.Гнь талийгаач нөхөр Б.Эд цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийлгэхээр ГэХХК-тай харилцан тохиролцож, үйлчилгээний урьдчилгаа төлбөрт 1 350 000 төгрөг төлсөн ба уг эмчилгээг хийгээгүй байхад Т.Э нь нас барсан талаар зохигчид маргахгүй байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.3-т эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулахаар хуульчилсан ба Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл олгох комиссын шийдвэрээр, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, хариуцагч ГэХХК-д эмнэлэг, сувилалын үйлчилгээ эрхлэх, түүний дотор маргаан бүхий гэрээний зүйл болох “цус шүүх” эмчилгээ хийх тусгай зөвшөөрлийг олгосон, тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусахаар байх тул хариуцагч ГэХХК-ийг цус цэвэршүүлэх эмчилгээ хийх талаар бусадтай хэлцэл хийх эрхтэй байсан гэж үзнэ. /97-р тал /
Нэхэмжлэгч Ц.Гнь талийгаач нөхөр Б.Эд цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийлгэх хүсэл зоригтой байсан ба эмчилгээний үр дүн, эмнэлгийн үйлчилгээ нь Б.Эд хамаатай буюу Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
ГэХХК нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэг, Эрүүлийг хамгаалах технологи-Цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийх MNS 5421:2004 стандартад зааснаар цус цэвэршүүлэх цогц эмчилгээг хийж гүйцэтгэх, эмчилгээг хийх хугацаанд өвчтөнийг хэвтүүлж эмчлүүлэх орон байр, хоол хүнс болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар Ц.Ггийн өмнө үүрэг хүлээсэн, хөлсөөр ажиллах, худалдах-худалдан авах, эд хөрөнгө хөлслөх зэрэг гэрээнүүдийн шинжийг нэгэн зэрэг агуулсан холимог төрлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх боловч талууд гэрээгээр харилцан тохиролцсон эмчилгээ хийгдсэн эсэх, түүнчлэн эмчилгээний хэр хэмжээ, чанар байдлын талаар маргаж байх тул маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн гучин хоёрдугаар бүлэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй юм.
Талийгаач Б.Э нь элэгний хатуурал өвчнөөр өвчилж, улмаар цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ хийлгэхээр ГэХХК-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан байх ба нас барсан шалтгааны талаар нэхэмжлэгч нь хариуцагчийг буруутгаагүй, мөн Б.Эгийн өвчний явц, биеийн байдал нь цус цэвэршүүлэх эмчилгээг шууд хийх боломжгүй хэмжээнд байсан тул өвчтөнд урьдчилсан эмчилгээг хийж байсан, улмаар эмжилгээний үр дүн болон өвчтөний биеийн байдлаас хамаарч талуудын харилцан тохиролцсон цус цэвэршүүлэх эфферент эмчилгээг хийх эсэхийг цаашид шийдвэрлэх байсан гэх хариуцагч ГэХХК-ийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.
Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өвчтөн нас барснаар цааш хэрэгжих боломжгүй болж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т зааснаар талуудын үүрэг дуусгавар болсон боловч эмч болон эмнэлгийн зүгээс Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан үүргээ гүйцэтгэж, элэгний хатуурал өвчнөөр өвчилсөн өвчтөнд шаардлагатай гэж үзсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн, тухайлбал хоёр удаа хэвлийн хөндийгөөс ус авсан, цус цусан бүтээгдэхүүн, уураг, өвчин намдаагч, зүрхний болон элэгний үйл ажиллагааг дэмжигч эм, тариа зэргийг хийж, 5 хоногийн хугацаанд талийгаач Б.Эг эмчилсэн талаарх холбогдох баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул эмнэлэг нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээнийхээ хөлсийг авах эрхтэй. /34-53 тал/
Хөлсөөр ажиллах гэрээний зорилго нь ажлын бодит үр дүнг гарцаагүй хүлээлгэж өгөхөд чиглэдэггүйгээс гадна эмнэлэг, эмчийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний хувьд өвчтөнийг бүрэн эдгээх, эсхүл тухайн үед боломжгүй эмчилгээг заавал хийж гүйцэтгэх амлалт өгөх, улмаар уг амлалтыг хэрэгжүүлэх боломжгүй онцлог үйлчилгээ байдаг тул хариуцагч ГэХХК-ийг хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хэмээн буруутгах боломжгүй байна. Талийгаач Б.Э нь хүнд хэлбэрийн элэгний хатуурал өвчнөөр өвчилсөн байсан талаар зохигчид маргахгүй байх ба эмнэлгийг эрчимт эмчилгээ хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл элэгний хатуурал өвчнөөр өвчилсөн өвчтөнд хийгдвэл зохих эмчилгээг эмнэлэг хийгээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ердийн өвчтөнд хамаарах тарифаар буюу 60 000 төгрөгөөр 1 өдрийн эмчилгээний зардлыг тооцох ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Хариуцагч ГэХХК нь “элэгний хавдар, хатуурлын үеийн элэгний дутагдал комын үеийн эмчлгээ” үйлчилгээний хөлсөө 1 хоногт 150 000 төгрөг, 200 000 төгрөг хэмээн нийтэд санал болгосон нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ төлбөртэй байж болохыг зөвшөөрсөн Эрүүл мэдийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Харин ГэХХК нь дээрх эмчилгээний хөлсийг буюу гэрээний стандарт нөхцлийг бусдад санал болгохдоо 150 000 төгрөг, 200 000 төгрөгийн аль нь болох нь ойлгомжгүй байдлаар бичсэн, ямар тохиолдолд аль хөлсөөр тооцох талаар тайлбарлаж чадахгүй байх тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д: “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.” гэж заасны дагуу үйлчилгээний хөлсөө 1 хоногт 150 000 төгрөг байхаар санал болгосон гэж үзнэ. /34-р тал/
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг хэлдэг ба өөрөөр хэлбэл эмнэлэг нь үзлэг оношлгоо эмчилгээний цогц үйлчилгээг санал болгох үүрэгтэй учир “Элэгний хавдар, хатуурлын үеийн элэгний дутагдал, комын үеийн эмчилгээ”-ний төлбөрт эмчийн үзлэг болон хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэгийн төлбөр багтаагүй гэх хариуцагчийн тайлбар болон хэвлийн шингэн авах хоёр удаагийн эмчилгээний төлбөрийг тусд нь тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол зэрэг нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч ГэХХК нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар 5 хоногийн “Элэгний хавдар, хатуурлын үеийн элэгний дутагдал, комын үеийн эмчилгээ” үйлчилгээний хөлс болох 750 000 төгрөгийг авах эрхтэй ба нэхэмжлэгч Ц.Гнь мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.3, эсхүл 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар тус тус илүү төлсөн 600 000 төгрөг /1 350 000 төгрөг-750 000 төгрөг=600 000 төгрөг/-ийг шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 367 дугаар зүйлийн 367.3-т заасныг баримтлан ГэХХК-иас 600 000 төгрөг гаргуулан Ц.Гд олгож, нэхэмжлэлээс 83 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГэХХК-иас 18 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР