Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/00783

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Д.Батцэцэг, Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СБАНДХ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БХТАхолбогдох,

 

Гэм хорын хохирол 8,820,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Э, Б.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, С.Ж,

Иргэдийн төлөөлөгч: С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч СБАНДХ нь БХТАт холбогдуулан гэм хорын хохирол 8,820,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Цагдаагийн Ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч байгаа иргэдийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг шалгасан шалгалтаар Л.Г нь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгохдоо цэргийн албанаас Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар “ар гэрийн гачигдлаар” халагдсан байхад БХТАын орлогч, дэд хурандаа Г.Ц нь “биеийн эрүүл мэндийн учир” халагдсан гэж хуурамч лавлагаа гарган тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлсэний улмаас Нийгмийн даатгалын санд 8,820,900 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжид Г.Ц гэгч нь 9 иргэнд /тэдгээрийн дотор Л.Гэд/ архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн, улмаар нийт 99,628,180 /ерөн есөн сая зургаан зуун хорин мянга нэг зуун наян/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж тогтоосон байдаг. Мөн захирамжид яллагдагч Г.Ц нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, улсад учирсан хохирлыг түүнээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Г.Цд холбогдох хэргийг Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байдаг.

ССБАНДХийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1-02 тоот улсын байцаагчийн актаар Л.Гийн тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоож, хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон шалтгаанаар тэтгэвэр тогтоолгосон хугацаанд олгогдсон 8,820,900 төгрөгийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 13-ний 850 дугаартай магадлалаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхгүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан байх тул БХТАын лавлагааг үндэслэн иргэн Л.Гэд өндөр насны тэтгэвэр олгосны үр дагаврыг Г.Цгийн ажиллаж байсан БХТА хариуцахаар байна гэдгийг магадалсан.

Үүний дагуу Монгол Улсын БХТАын газарт холбогдуулан гэм хорын хохирол барагдуулах талаар хандсан боловч БХТАын 2020 оны 06 сарын 03-ний 496 тоот албан бичгээр манай байгууллагад уг төлбөрийг барагдуулах талаар тусгайлан тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тул уг төлбөрийг барагдуулах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн болно.

Иймд Г.Цгийн ажиллаж байсан Монгол Улсын БХТАаас уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. БХТАаас гэм хорын хохирол болох Нийгмийн даатгалын санд учруулсан 8,820,900 төгрөгийг гаргуулж, ССБАНДХийн 100120090001 дугаартай дансанд оруулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч БХТА шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч ССБАНДХийн дарга П.А-ын хохирол төлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад, дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгч П.Аын нэхэмжлэлд иргэн Л.Гийн архивын хуурамч лавлагаа ашиглан, цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож, улсад хохирол учруулсны төлбөрийг БХТАаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй, харин СБАНДХ нь иргэн Л.Гэд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохдоо иргэний бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгалгүйгээр тэтгэврийг тогтоосон нь өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж, Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг баримтлан БХТА нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлд “Иргэн Л.Г нь ЗХЖШ-ын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар “ар гэрийн гачигдал”-аар халагдсан байхад БХТАын орлогч дарга, дэд хурандаа Г.Ц нь “биеийн эрүүл мэндийн учир” халагдсан гэж хуурамч лавлагаа гарган тэтгэвэр тогтоолгох нөхцлийг бүрдүүлсэн.”, “Яллагдагч Г.Ц нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжаар архивын хуурамч лавлагаа гарган, цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсний улмаас улсад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон хэргээ хүлээж, улмаар Г.Цд холбогдох хэргийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.”гэж дурджээ.

Үүссэн асуудалтай холбогдуулан иргэн Л.Г-ийн цэргийн алба хаасан, улирсан ахлагчаар ажиллаж байсан тухайд архивт хадгалагдаж байгаа баримтуудыг шүүн үзэхэд, “Л.Г нь 1981.07.04-ний өдөр Сүхбаатар аймгаас хугацаат цэргийн албанд татагдан ирж Ардын Армийн 152 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, мөн ангийн захирагчийн 1983.01.23-ны өдрийн н/23 дугаар тушаалаар түрүүч цол шагнагдан, мөн ангид нууцын эрхлэгчээр цэргийн албанд улиран ажиллаж байгаад Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын 1987.02.13-ны өдрийн н/18 дугаар тушаалаар ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил таслах, согтуурах зэрэг дутагдал гарган албан тушаалдаа тэнцэхгүй учир Сүхбаатар аймгийн АДХГЗ-ны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлэн цэргийн албанаас бэлтгэлээр халсан.” гэж бичигдсэн баримт байна.

Үүнээс үзэхэд иргэн Л.Г нь өөрийн цэргийн алба хаасан хугацаа нь Монгол Улсын “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхийн 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан байх шаардлагыг хангаагүй, цэргийн албанаас халагдсан шалтгаан нь мөн хуулинд заасан шалтгаанд нийцэхгүйг мэдсээр байж албан хаагчид хувийн ашиг сонирхлоор нөлөөлөн цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож, улсад хохирол учруулсан байна.

ССБАНДХийн дарга П.А-ын нэхэмжлэлтэй уг хэрэгт иргэн Л.Гийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлгийн 18.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,820,900,0 төгрөгийн хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа ашигласан Л.Г бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна.”гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хавтаст хэргийн 4-23 дугаар талд авагдсан баримтуудыг  нэхэмжлэлд хавсарган өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд дахин ирүүлсэн. Үүнд:

ССБАНДХийн даргын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 1/226 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг /хх-66/, Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын 18 дугаартай “Цэргийн албанаас халах тухай” тушаал /хх-67/, Батлан хамгаалын төв архивын 2008 оны 10 сарын 15-ны өдрийн 5101 дугаартай “Цалингийн тодорхойлолт”, хавсралт /хх-68/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 850 дугаартай магадлал /хх-69-71/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00642 дугаартай шийдвэр /хх-72-73/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2018/16323 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх-74-75, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 392 дугаартай шийдвэр /хх-76-77/, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/00823 дугаартай тогтоол /хх-78-80/, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 01 дугаартай магадлал /хх-81-83/, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 41 дугаартай шийдвэр /хх-84-85/, ССБАНДХийн Хяналт, шалгалтын байцаагчийн бичсэн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/02 тоот Улсын байцаагчийн акт /хх-86/, БХТАын орлогч дарга Дэд хурандаа Г.Цгийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5099 дугаартай архивын лавлагаа /хх-87/, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-88/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний 6/2163 тоот албан бичиг, хавсралтын хамт /хх-89-90/ зэрэг баримтуудын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн,

мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 01/269 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн 38 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 69 дугаартай албан бичиг /хх-117/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00642 дугаартай шийдвэр /хх-118-121/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2018/16323 дугаартай “Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх-122-124/, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 850 дугаартай магадлал /хх-125-130/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00642 дугаартай шийдвэр /хх-131-134/, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00823 дугаартай тогтоол /хх-135-139/, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дугаартай шийдвэр /хх-140-143/, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай магадлал /хх-144-148/, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаартай шийдвэр /хх-149-152/ зэрэг баримтуудын хуулбар, Л овогтой Г-ийн 2008 оны 12 дугаар сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 01 хүртэл хугацаанд авсан тэтгэврийн тооцооны жагсаалт /хх-153-154/,        

 

Хариуцагчаас БХТАын албаны дарга-сан хөмрөгийн эрхлэгч Хошууч Б.Т-ын 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 7591 дугаартай “Ажилласан жилийн архивын лавлагаа” /хх-35/, Улирагчдын анкет /хх-36-39/, Хөдөлмөрийн дэвтэр №162951 тоотыг хүлээлгэн өгсөн, хувийн үнэмлэх №002647 тоот, ангитай тооцоо дуусгасан бичиг хурааж авсан тухай тэмдэглэл /хх-161/, Монгол ардын арми алба хаасан данс зэрэг баримтуудын хуулбар /хх-162-164/-ыг гаргаж өгсөн.

 

Шүүхийн санаачилгаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг бүрдүүлсэн байна. /хх-113-114/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч СБАНДХ нь БХТАт холбогдуулан гэм хорын хохирол 8,820,900 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч БХТА нь 8,820,900 төгрөгийн хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашигласан Л.Г бүрэн хариуцах ёстой, архивын лавлагаа гаргасан Ц нь одоо тус байгууллагад ажиллахгүй байгаа, нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тэтгэмж тогтоохдоо бүрдүүлэх баримтыг дутуу шалгасан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар БХТА хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж маргаж байна. 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

ССБАНДХийн Улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/02 тоот актаар Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 9д/6995 тоот албан бичгийн дагуу хавсралтанд дурьдсан иргэний цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон үндэслэлийг шалгаад, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн иргэн Л овогтой Г нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дах заалтаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасан тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо Батлах хамгаалахын төв архивын 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5099 тоот архивын лавлагааны 1992.12.03-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлын учир халагдсаныг эрүүл мэндийнгэж засварлан хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоолгож, 8,820,900 төгрөгийг үндэслэлгүйгээр тогтоолгон авсан зөрчил илэрснийг тогтоож, хуурамч баримт бүрдүүлэн авсан 8,820,000 төгрөгийг иргэн Л.Гээр төлүүлэхээр тогтоожээ. /хх-86/

Улсын байцаагчийн төлбөр тогтоосон дээрх актыг Л.Г зөвшөөрөөгүй тул СБАНДХ нь Л.Гэд холбогдуулан 8,820,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр гэм хор учруулсан үндэслэлээр хариуцагч Л.Гээс 8,820,900 төгрөгийг гаргуулж СБАНДХт олгохоор шийдвэрлэснийг тус аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч Л.Гийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан боловч Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/хт1017/00823 тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. /хх-78-131, 135-148/

Үүний дараа уг хэргийг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаар шийдвэрээр, хариуцагч Л.Г нь хууль бус үйлдэл хийж, хуурамч баримт бичиг үйлдэж гэм хор учруулсан нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт талууд гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна. /хх-76-77, 149-152/ 

 ССБАНДХийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Цд холбогдуулан хохирол 8,820,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00642 шийдвэрээр, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасан зохицуулалтаар Г.Цд холбогдуулан хохирол нэхэмжилсэн нь эрх зүйн зохицуулалтын хувьд хариуцагчид үл хамаарна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн гомдлоор хянаж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 850 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалд хяналтын гомдол гаргаагүй байна. /хх-69-73, 118-121, 125-130/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжаар, яллагдагч Г.Ц нь албан үүрэгтээ хайнга хандаж БХТАын орлогч даргын ажлаа зохих ёсоор биелүүлээгүйгээс 2006-2009 оны хүртэлх хугацаанд ...БЦ-ын дугаар ангид алба хааж байсан Л.Г нарын 9 иргэнд хуурамч архивын лавлагаа өгч хууль бусаар цэргийн алба хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэн улсад нийт 99,628,180 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-113-114/

 

Г.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг заажээ.

 

Дээрх баримтаас үзэхэд БХТАын орлогч даргаар ажиллаж байсан Г.Ц нь Л.Гийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн талаарх архивын лавлагааг хуурамчаар үйлдсэн үйл баримт эрүүгийн журмаар нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

Дээрх хуурамч лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага нь Л.Гийн тэтгэврийг тогтоож, Л.Г нь 2008 оны 12 сарын 22-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 8,820,900 төгрөгийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд мөн хэмжээний хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан тэтгэвэр тогтоолтын хуудас, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6/2163 албан бичиг, Цэргийн тэтгэвэр авч байгаа шалгалтанд хамрагдсан иргэдийн судалгаа, Л.Гийн авсан тэтгэврийн жагсаалт баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Зохигч талууд нийгмийн даатгалын санд учирсан хохирлын хэмжээнд болон дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримтад маргаагүй, харин уг хохирлыг БХТА хариуцах эсэхэд маргаантай байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Алтангэрэл нь хариуцагчийг Л.Гэд холбоотой 8,820,900 төгрөгийг төлөх үндэслэлгүй, эргэж Л.Г дахин давж заалдах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байна.

 

Гэвч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан тул БХТАын орлогч даргаар ажиллаж байсан Г.Цгийн гэм буруутай үйлдлийн улмаас нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг түүний ажиллаж байсан хуулийн этгээд БХТА хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн Л.Гэд холбогдох нийгмийн даатгалын санд учруулсан 8,820,900 төгрөг гаргуулах тухай ССБАНДХийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул давж заалдах шаардлагатай гэх агуулгаар дүгнэлт гаргасныг шүүх үндэслэх боломжгүй юм.

 

Мөн нийгмийн даатгалын байгууллага Л.Гийн тэтгэврийг тогтоохдоо санаатай буюу илтэд болгоомжгүй, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, Г.Ц нь одоо тус байгууллагад ажиллаж байгаа эсэх нь төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад мөн хамааралгүй юм.

 

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй тул БХТА хуулийн тухайн зохицуулалтын дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрх нээлттэйг дурдав.

 

Иймд хариуцагч БХТАаас хохирол 8,820,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СБАНДХт олгох нь зүйтэй байна.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагч БХТАаас 8,820,900 /найман сая найман зуун хорин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч СБАНДХт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156,084 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Д.БАТЦЭЦЭГ

 

                                                                                                            Д.ГАНБОЛД