Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/02037

 

 

 

 

 

 

 

  2022         05           02                                 101/ШШ2022/02037

 

                                         

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Г.Бямбажаргал, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............................ тоотод оршин суух, Я.Эын /РД: ........................../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............................................................., Х-т холбогдох

Сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөг, олох ёстой байсан орлого 288,704,125 төгрөг, эмчилгээний зардал, сонсголд 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх физик эмчилгээнд 16,420,000 төгрөг, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг, нийт 429,299,242  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М,

Гэрч: Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, мэргэшсэн үнэлгээчин Д.Гантулга,

Иргэдийн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

  Нэхэмжлэгч Я.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгч Я.Э нь Дорноговь аймгийн Улаан-Уул сумын Хилийн цэргийн 129 дүгээр ангид цэргийн алба хаах хугацаандаа 1983 оны 02 сарын 07-ны өдрийн 17 цаг 10 минутад Ч.Сын хамт хилийн манаанд жижүүрийн өрөөнд байх үед нь байлдагч Ч.С дохионы буугаар оролдож байгаад буу осолдсон.

           Буу осолдон Я.Эын толгойн хэсэгт буудан хүндээр гэмтээж үүний улмаас миний нөхөр Я.Э 3 удаа тархины мэс засал хийлгэсэн ба тархиных нь үйл ажиллагаа хатингаршиж, зүүн тал нь саажиж, сонсголгүй, ээрч ярьдаг, мэдрэлгүй бие засдаг, биеийн доод хэсэг мэдээгүй болж 1990 оноос хойш одоог хүртэл хэвтэрт орж эхнэр болох Ш.У миний бүрэн асаргаанд орсон.

Үүнээс улбаалан бидний зүгээс асар их эд материалын болон сэтгэл санааны хохиролд орж аз жаргалтай байх цаг хугацаа, өөрсдийн материаллаг баазыг бүрдүүлэх бүхий л орлогыг эмчилгээнд зарцуулж Ш.У би 90 хувь хөдөлмөрийн чадвар алдсан нөхөр Я.Эыг асарч хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд орсон.

Анх “Итгэлт Эстимейт” ХХК-иар сэтгэл санааны хохирол, гэм хорын хохирлын үнэлгээ тогтоолгоход сэтгэл санааны хохирол 47,703,059 төгрөг, 1988 оноос 2031 он хүртэл хугацаанд олох байсан орлого 313,702,581 төгрөг, нийт 361,405,640 төгрөг гэж үнэлсэн.

“Итгэлт Эстимейт” ХХК-ийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн үнэлгээний тайланг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурдсанаар тодорхойлсон ба үүнээс хойш хугацаанд шүүгчийн захирамжаар томилогдсон “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо”-ны 2022 оны 03 сарын 22-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн олох ёстой байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөгийг тус тус нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Я.Эын зүгээс хэрэг учралаас үүдэн түүний биед учирсан гэмтлийг Монгол улсад эмчлэх боломжгүй байх бөгөөд гагцхүү сонсголыг 80 хувь хүртэл сэргээх боломжтой ба Улсын 1 дүгээр Төв эмнэлэгт мэс засал хийх боломжтой, уг мэс заслын төлбөр 53,000,000 төгрөг болно.

Мөн Я.Эын биеийн байдал хүндрэлтэй байгаа тул тогтвортой байлгах зорилгоор нөхөн сэргээх физик эмчилгээг өдөр бүр хийлгэх шаардлагатай бөгөөд үүнд шаардлагатай тоног төхөөрөмжийн зардал 16,420,000 төгрөг юм.

Я.Э ердийн хоол хүнс хэрэглэж, шингээх боломжгүй тул хоол хүнсэнд биологийн нэмэлт тэжээл 2012 оноос эхлэн өнөөг хүртэл хэрэглэж байгаа ба үүнд нийт 24,540,705 төгрөгийн зардал гаргасан.

Иймд нэхэмжлэгч Я.Эын зүгээс олох байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөг, эмчилгээний зардал, сонсголд 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх физик эмчилгээнд 16,420,000 төгрөг, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг, нийт 429,299,242 төгрөгийг хариуцагч Х-снэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мягмарбаяр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Я.Э олох ёстой байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөг, эмчилгээний зардал сонсголд 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх физик эмчилгээнд 16,420,000 төгрөг, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг, нийт 429,299,242 төгрөг Х-сгаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Ч.С нь Дорноговь аймгийн Улаан-Уул сумын Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хааж байхдаа 1983 оны 02 сарын 07-ны өдрийн 17 цаг 10 минутанд дохионы буунаас сум авах гэж оролдож байгаад осолдон буудаж, байлдагч Я.Эад хүнд гэмтэл учруулсан үйл явдал болсон.

Энэхүү золгүй үйл явдал болсноос хойш 37 жилийн дараа Я.Э шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа өнгөрсөн байна. Иймд тухайн хэргийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан байдаг.

Я.Э, Ч.С нар нь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагч гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна.

Энэ нь дараах хуулийн зохицуулалтаар тогтоогдож байна. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан.

Цэргийн албаны тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол улсын иргэн Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тухайн хуулиар зохицуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан зохицуулалт зөвхөн Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамаарна.

Төрийн албаны тухай хуулийн 3.1.2-т “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ” гэж заасан.

Дээрх тодорхойлолтын ойлголтыг тус бүрд нь авч үзвэл Ч.Сыг төрийн албан тушаал эрхэлж байсан гэж үзэх эсэх. Төрийн албаны тухай хуулийн 13.1-т “Төрийн тусгай албан тушаалд ... дараах албан тушаал хамаарна”, 13.1.6-д “Зэвсэгт хүчин, хилийн би дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэгт бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” хамаарахаар заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хугацаат цэргийн алба хаагчийг төрийн тусгай албан тушаалд хамруулаагүй байна.

Эрх, үүргээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч байсан гэж үзэх эсэх. Төрийн албаны тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд төрийн албан хаагчийн нийтлэг эрх, үүргийг тусгасан бол Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүдийн Дотоод албаны дүрмийн 12 дугаар зүйлд “байлдагч”-ийн үүргийг тусгайлан зааж өгсөн.

Төрийн албан хаагчийн цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлээр зохицуулагдаж, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох утхйа” цалингийн сүлжээний дагуу цалин хөлс олгогддог.

Харин хугацаат цэргийн алба хаагч нь хуульд заасан албан тушаалын болон бусад нэмэгдэл, цалингийн сүлжээний дагуу цалин хөлс авдаггүй бөгөөд Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу гэрээт цэргийн албан хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цолны мөнгөн хангалт эдэлдэг. Иймд эрх, үүргээ хэрэгжүүлсэний төлөө төрөөс цалин хөлс авч байсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна.

Ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа гэж үзэх эсэх. Төрийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 47 дугаар тушаалаар батлагдсан аргачлал, загварын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан батлуулж, албан тушаалын эрх, үүргээ хэрэгжүүлдэг бол хугацаат цэргийн алба хаагч нь ямар нэгэн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил, албан тушаал хашдаггүй, Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүрэг, цэргийн албаны тухай хуулийн дагуу хугацаат цэргийн албанд зарлан дуудах, мэдэгдэх хуудсаар татагдаж үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.

Төрийн байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан орон тооны дээд хязгаарт багтаан төрийн албан хаагчийн ажлын байр, /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулж, мөрдөн ажилладаг.

Хил хамгаалах байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны МН/48 дугаар тушаалаар баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан албаны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд уг бүтэц, орон тоонд хугацаат цэргийн албан хаагчдад хамаарах орон тоо байдаггүй.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хугацаат цэргийн алба хаагч нь төрийн тусгай албан хаагч биш байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу хугацаат цэргийн алба хаагч Ч.Сын учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд Хил хамгаалах байгууллага хэргийн хариуцагч биш, мөн гэм хорын хохирол нэхэмжлээд байгаа хохиролтой шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Буянсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Я.Э нь 1983 оны 02 сард толгойн тус газраа иргэн Ч.Ст буудуулсаны улмаас гэмтэж хохирсон хэрэг гарчээ. Я.Эад тухай бүрт нь тусламж үзүүлж байсан байна. Монгол Улсын хуулиа дээдлээд өөрсдийн боломж бололцоогоо харгалзан эвлэрэх журмаар асуудлаа шийдвэрлэж болно гэж үзэж байна.  Эмчилгээний зардал, тоног төхөөрөмжийн үнэ үндэслэлтэй, бусад зардал арай их байна гэв.

 

Нэхэмжлэгч Я.Э нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн тодорхойлолт, Ш.Ут олгосон итгэмжлэлүүд, Я.Э, Ш.У нарын иргэний үнэмлэхний хуулбарууд,

“Итгэлт эстимейт” ХХК-ийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн “Я.Эад учирсан сэтгэл санааны хохирол, гэм хорын үнэлгээ”-ний тайлан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 2410 дугаартай шийдвэр, мөн тус шүүхийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 1341 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж,

Үндэсний шуудан сонины 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 066 /3277/ дугаар, Анагаах ухааны дээд сургуулийн ректорын 1984 оны 10 сарын 17-ны өдрийн 300 дугаартай “Оюутан элсүүлэн суралцуулах тухай” тушаал, хавсралтууд, мөн ректорын 1990 оны 06 сарын 27-ны өдрийн А/76 дугаартай “Анагаах ухааны дээд сургуулийг 1990 онд төгсөгчдөд мэргэжлийн цол, эмчийн диплом, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаал, хавсралтын хамт, цэргийн алба хаагчийн гэрэл зураг,

 Нийгмийг аюулаас хамгаалах яамны боловсон хүчний газрын даргын 1985 оны 01 сарын 18-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт, ерөнхий боловсролын 10 жилийн 24-р сургуулийн 10-р ангийн Б бүлгийн сурагч Я.Эрдэнэбтаын зан чанарын тодорхойлолт,

1983 оны 02 сарын 07-ны өдрийн 22 цагт Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн үйлдвэрлэлийн осол гарсныг актаар баталгаажуулсан тухай, Улсын 3 дугаар эмнэлгийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 100 дугаартай “Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэний эмнэлгийн дүгнэлт”,

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцогчийн хувийн хэрэг, Я.Эын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын даргын 1993 оны 02 сарын 19-ний өдрийн б/79 дугаартай “Я.Эад тэтгэмж олгох тухай” тушаал,

Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн 12 дугаар отрядын даргын 1983 оны 03 сарын 03-ны өдрийн 29 дугаартай “Хилийн 2-р заставт гарсан учралд дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний тухай” тушаал,

Я.Э 1992 оноос тахир дутуугийн тэтгэвэр авсан талаарх Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 153 тоот лавлагаа болон авсан тэтгэврийн тооцоо,

Улсын 1 дүгээр төв эмнэлгийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 06 болон 2/478 дугаартай тодорхойлолтууд, Улсын 1 дүгээр төв эмнэлгийн дүрс оношлогооны төвийн 2021 оны 04 сарын 22-ны өдрийн тодорхойлолт, хэт авиа оношлогооны шинжилгээний хариу,”Вигэн медикал” ХХК-ийн нэхэмжлэх болон 2022 оны 03 сарын 28-ны өдрийн тодорхойлолт,

Хервалайф-“Юниверсал ложистикс Монголиа” ХХК-иас бараа бүтээгдэхүүн авч хэрэглэсэн талаарх төлбөр төлсөн баримтууд, Я.Эын эд хөрөнгөтэй эсэх талаарх 2022 оны 04 сарын 29-ний өдрийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Х нь мөн газрын даргын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 40 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-д олгосон итгэмжлэл, 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 56 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-д олгосон итгэмжлэл, 2021 оны 05 сарын 14-ний өдрийн Б/634 дугаартай Ч.М нарт олгосон итгэмжлэлүүд,  

Мөн газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, хурандаа М.Б-ы шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М-н эмнэлгийн магадлагаа, хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

        

          Тус шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 180 дугаар тогтоолоор Тагнуулын ерөнхий газраас 1983 оны 02 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Хилийн цэргийн 129 дүгээр ангид бууны сум алдаж, байлдагч Я.Эад гэмтэл учирсан үйл баримттай холбоотой тус хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн мөн байлдагч Я.Э, Ч.С нарын цэргийн албанд татагдсан болоэщн халагдсан талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

        Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 08/447 тоот лавлагаагаар НАХЯ-ны сайдын 1982 оны 08 сарын 12-ны өдрийн 760 дугаар тушаал, мөн сайдын 1984  оны 05 сарын 28-ны өдрийн 454 дүгээр тушаал, НАХЯ-ны Хилийн ба дотоодын цэргийн 12 дугаар отрядын даргын 1983 оны 03 сарын 03-ны өдрийн 29 дүгээр тушаалын хуулбарууд, Ч.Сын цэргийн алба хаасан лавлагааг тус тус ирүүлжээ.

 

Тус шүүхийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 7108 дугаар захирамжаар  Я.Э хөдөлмөр эрхэлсэн бол Монгол Улсын хүн амын эрэгтэй бүлгийн хөдөлмөр эрхлэх дундаж насыг тооцон уг хугацаанд тэрээр хэдий хэмжээний орлого олох байсан болохыг хөдөлмөрийн хөлсний хэмжээний талаархи эрх бүхий байгууллагын тогтоосон хэмжээг үндэслэн сар тутам, жил бүрээр нь тус тус тогтоох,

дээрх байдлаар тогтоохдоо Я.Эын авсан болон авч байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээтэй харьцуулан тогтоох,

-Я.Э 18 настай, 1982 оны 8 сард цэргийн албанд 1 жилийн хугацаагаар татагдан 1983 оны 2 сарын 7-ны өдөр осолд орж 1992 оны 11 сараас үйлдвэрлэлийн ослын тахир дутуугийн тэтгэврийг өнөөг хүртэл хугацаанд авч байгаа, 2016 оны 12 сарын 6-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувь, хугацаагүй хэмээн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс шийдвэрлэсэн бөгөөд Я.Эын сэтгэл санаа, бие махбодын хүндрэлтэй амьдрах хугацааг тооцоолон түүнд учирсан сэтгэл санааны хохирлын үнэлгээг тогтоох шинжээчээр Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоог томилжээ.

 

Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо 2022 оны 03 сарын 22-ны өдөр дүгнэлт гарган ирүүлсэн бөгөөд хэргийн 2 дугаар хавтасны 1-155 дугаар талд дүгнэлт гаргасантай холбоотой баримтууд байна.

 

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Я.Э нь хариуцагч Хил хамгаалаах ерөнхий газарт холбогдуулан сэтгэл санааны хохирол 47,703,059 төгрөг, гэм хорын хохирол 313,702,581 төгрөг, нийт 361,405,640.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.Э нь олох байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөг, эмчилгээний зардал, сонсголд 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх физик эмчилгээнд 16,420,000 төгрөг, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг, нийт 429,299,242 төгрөгийг хариуцагч Х-снэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн байна.

 

            Я.Э нь Дорноговь аймгийн Улаан-Уул сум дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хааж байхдаа буюу 1983 оны 02 сарын 07-ны өдөр 17 цаг 10 минутад байлдагч Ч.Сын хамт хилийн манааны тушаал авч жижүүрийн өрөөнд байх үед Ч.С дохионы буугаар оролдож байгаад буу осолдон Я.Эын толгой хэсэгт буудан хүнд гэмтсэний улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа хохирсон үндэслэлээр дээр дурдсан гэм хорын хохирлыг нэхэмжилжээ.

 

Хариуцагч Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ цэргийн алба хааж буй байлдагч төрийн албан хаагч биш учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан хариуцлагыг хариуцагч байгууллага буюу төр хариуцахгүй, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан гэж маргаж байна.

 

Янжингийн Э нь 1982 онд ерөнхий боловсролын сургууль төгсөн Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэр дээр цэргийн дээд сургуулийн улс төрийн ангид элсэн, сургуулийн бэлтгэлд цэргийн албыг Хилийн 12-р отрядад 1 жилийн хугацаагаар хаах болсон нь БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1982 оны 08 сарын 12-ны өдрийн 760 дугаартай “Гадаад дотоодын цэргийн дээд сургуульд элссэн сурагчдыг цэргийн алба хаалгах тухай” тушаалын хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 92-94 дүгээр тал/

 

         Я.Э нь ийнхүү сургуулийн бэлтгэлд цэргийн албыг  Дорноговь аймгийн Улаан-Уул сум дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид хаах явцад 1983 оны 02 сарын 07-ны өдөр 17 цаг 10 минутад байлдагч Ч.Сын хамт хилийн манааны тушаал авч жижүүрийн өрөөнд байх үед Ч.С дохионы буугаар оролдож байгаад буу осолдон Я.Эын толгой хэсэгт буудан хүнд гэмтээн, Ч.С өөрийгөө буудан амь насаа хөнөөсөн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

          Уг үйл явдлаас үүдэн мөн өдрийн буюу 1983 оны 02 сарын 07-ны өдрийн 22 цагт тус 129 дүгээр ангийн захирагч, хурандаа н.Дашням, ротын захирагч болон ангийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч, санхүүгийн албаны төлөөлөл оролцон 01 тоот үйлдвэрлэлийн ослын акт үйлдсэн нь уг актын хуулбараар нотлогдлоо.

        /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-23, 26-37, 97-99, 106-108, 123-125 дугаар тал/

 

            Я.Э нь 1982 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэр дээр цэргийн дээд сургуульд элссэн боловч сургуулийн бэлтгэлд цэргийн алба хааж байгаад ослын улмаас гэмтэл авч эмнэлгийн магадлагаагаар цэргийн сургуулиас чөлөөлөгдсөн нь мөн яамны боловсон хүчний газрын орлогч хэлтсийн дарга, хурандаа Д.Дан-аагийн 1985 оны 01 сарын 18-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтоор тогтоогджээ.

            /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 104 дүгээр тал/

 

Дээрх ослын улмаас Я.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 3 удаа тархины мэс засал хийлгэн, тархины зүүн талын үхэжсэн хэсгийг авсан боловч тархины үйл ажиллагаа бүрэн сайжраагүй, чих хатуу, мэдрэлгүй бие засдаг, уур уцаартай, ээрч ярьдаг, баруун талын хөл нь ажиллагаа муутай болсон бөгөөд Баянгол дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоон тухай бүр сунгаж байжээ.

          Мөн комиссын шийдвэрээр “Дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралт” оношоор 2016 оны 12 сарын 06-ны өдрийн 0088656 тоот хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар, хугацаагүй сунгаж шийдвэрлэсэн байна.

          Дээр дурдсан үйл баримт зохигчийн тайлбар, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцогчийн хувийн хэргийн хуулбар, актууд болон тус шүүхийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 2410 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдлоо.

         /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-23, 109-122, 183 дугаар тал/

 

         Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 2410 дугаартай шийдвэрээр БНСУ-ын Халлим их сургуулийн Чүнчонсоншим эмнэлгийн 2019 оны 07 сарын 26-ны өдрийн бичгийг үндэслэн гадаад улсад нарийн шинжилгээ, оношлогоо хийлгэх зардал 22,400,000 төгрөг, онгоцны тийзийн зардал 2,459,000 төгрөг, нийт 24,859,000 төгрөгийг хариуцагч Х-сгаргуулан Я.Эад олгон шийдвэрлэсэн ба шийдвэрт талууд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон талаар болон шийдвэр биелэгдсэн тухайд хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-23 дугаар тал/

 

Хариуцагч Х нь Я.Э, Ч.С нар Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хааж байсан байлдагч гэдэгт маргаагүй боловч байлдагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаалын ангилалд хамаарахгүй тул төрийн албан хаагч биш гэж маргаж байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн арван нэгдүгээр зүйлийн 1-т “Эх орны тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэж заасан бөгөөд мөн Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 1-ийн 4-т зааснаар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах нь Монгол улсын иргэний үндсэн үүрэг болно.

 

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ... үйл ажиллагааг төрийн алба гэж заасан бөгөөд хугацаат цэргийн алба хааж буй байлдагч нь эх орноо батлан хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч мөн юм.

 

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2"төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд” гэж заасан шаардлагыг хангаагүй нь, мөн хуульд заасан төрийн албан тушаалын ангилалд цэргийн албан хаагч хамаарахгүй байх нь цэргийн албыг төрийн алба биш гэж, цэргийн алба хааж буй иргэнийг төрийн албыг хэрэгжүүлэгч биш гэж үзэх үндэслэл болохгүй болно.

 

           Тухайн осол гарсан Хилийн цэргийн 0129 дүгээр анги нь 1933 оны 01 сарын 20-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 3 дугаар тогтоолыг үндэслэн Дотоодыг хамгаалах газрын ерөнхий даргын 1933 оны 01 сарын 21-ний өдрийн 28 тоот тушаалаар Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулагдсан байх ба Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд харьяалагддаг ажээ.

    Дээр дурдсан байдал тус шүүхийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 2410 дугаар бүхий шийдвэрээр тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасны дагуу нэхэмжлэгч тал энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

 

 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Я.Э нь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хааж байсан  байлдагч Ч.Сын үйлдлээс үүдэлтэй өөрт учирсан хохирлоо хариуцагч Х-сшаардах эрхтэй.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Я.Э нь байлдагч Ч.Сын үйлдлийн улмаас толгойдоо хүнд гэмтэл авч нийт 3 удаа тархины мэс засал хийлгэсэн, тархины үйл ажиллагаа бүрэн сайжраагүй, чих хатуу, мэдрэлгүй бие засдаг, уур уцаартай, ээрч ярьдаг, баруун талын хөл нь ажиллагаа муутай болсон, ослоос хойш 2016 оны 12 сарын 06 хүртэл жил бүр Я.Эын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тухай бүр тогтоон сунгаж байсан бөгөөд 2016 оны 12 сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг нь 90 хувиар, хугацаагүйгээр тогтоогдсон бөгөөд 1983 оны 02 сарын 07-ны өдөр болсон ослын улмаас нэхэмжлэгч Я.Э эрүүл мэндээр хохирсон, түүний биед учирсан гэмтлийн хор уршиг, үр дагавар арилаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзэх үндэслэлтэй.

 

         Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1984 оны 05 сарын 28-ны өдрийн 451 дугаар тушаалаар  Я.Эын эмчилгээ сувилгаанд болон ар гэрийнх нь амьдралд туслах зорилгоор 1 удаагийн буцалтгүй тусламж болгон 1,000 төгрөг,

           Улсын аюулгүй байдлыг хангах газрын даргын 1993 оны 02 сарын 19-ний өдрийн б/79 тушаалаар иргэн Я.Эад  амьдралын гачигдлыг нь харгалзан 2,000 төгрөгийн тусламж олгож байсан ба буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон мөнгийг инфляцийн түвшингөөр өнөөгийн үнэ цэнэд шилжүүлэн тооцох шаардлагагүй.

         /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 86, 122 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Я.Э нь 1994 онд 10,000 төгрөг, 1 өрөө орон сууцыг хариуцагч Х-савсан, энэ талаар зохигч маргаагүй.

  

          Нэхэмжлэгч Я.Эын эхнэр Ш.У 1984-1985 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт амжилттай өгч Анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн эмчилгээний факультетад оюутнаар элсэн орж 1990 оны 06 сарын 27-ны өдөр тус сургуулийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгсчээ.

           Дээрх байдал мөн сургуулийн ректорын 1984 оны 10 сарын 17-ны өдрийн 300 дугаартай “Оюутан элсүүлэх тухай”, 1990 оны 06 сарын 27-ны өдрийн А/76 дугаартай төгсөгчдөд мэргэжлийн цол, эмчийн диплом, энгэрийн тэмдэг олгох тухай тушаалуудын хуулбараар тогтоогдсоныг дурдлаа.

          Ш.У нь Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн боловч нөхөр болох Я.Эыг асран халамжилсаны улмаас мэргэжлээрээ ажиллах нөхцөл боломж үүсээгүй хэмээн тайлбарласан болно.

           /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 64-69 дүгээр тал/

 

  Иргэн Ш.У 2018 оны 12 сарын 28-ны өдрөөс байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч буй иргэнд олгодог асаргааны тэтгэмж сар бүр 84,500 төгрөг, Я.Э нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж улиралд 60,000 төгрөг авдаг ба мөн тэрээр 1992 оноос 2021 оны 04 сар дуустал хугацаанд үйлдвэрлэлийн ослын тахир дутуугийн тэтгэвэр нийт 34,703,553 төгрөгийг авчээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 229-231 дүгээр тал/

 

          Тус шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 7108 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Монголын хөрөнгө, Хохирол үнэлэгчдийн холбоог:

-Нэхэмжлэгч Я.Эын хувьд хөдөлмөр эрхэлсэн бол Монгол Улсын хүн амын эрэгтэй бүлгийн хөдөлмөр эрхлэх дундаж насыг тооцон уг хугацаанд тэрээр хэдий хэмжээний орлого олох байсан болохыг хөдөлмөрийн хөлсний хэмжээний талаархи эрх бүхий байгууллагын тогтоосон хэмжээг үндэслэн сар тутам, жил бүрээр нь тус тус тогтоох,

 -дээрх байдлаар тогтоохдоо Я.Эын авсан болон авч байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээтэй харьцуулан тогтоох,

-Я.Э 18 настай, 1982 оны 8 сард цэргийн албанд 1 жилийн хугацаагаар татагдан 1983 оны 2 сарын 7-ны өдөр осолд орж 1992 оны 11 сараас үйлдвэрлэлийн ослын тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа, 2016 оны 12 сарын 6-наас хөдөлмөрийн чадвар алдалтыг нь 90 хувь, хугацаагүй гэж Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс шийдвэрлэсэн бөгөөд Я.Эын сэтгэл санаа, бие махбодын хүндрэлтэй амьдрах хугацааг тооцоолон түүнд учирсан сэтгэл санааны хохирлын үнэлгээг тогтоох шинжээчээр томилсон байна.

ХХ-ийн 1 дүгээр хавтасны 240-245 дугаар тал/

 

Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 2022 оны 03 сарын 22-ны өдрийн дүгнэлтэд:

... -Я.Эын эрүүл мэндэд учирсан хохирлоос үүдэлтэй орлогын алдагдал, түүнд учирсан сэтгэл санааны хохирлыг үнэлгээний ажлын хамрах хүрээнд оруулжээ.

-Я.Э 1964.06.19-ний өдөр төрсөн, 1983.02.07-ны өдөр осол болсон, дундаж наслалт 66.71, тэтгэвэрт гарах нас 47, хэвийн ажиллах жил 25, тэтгэвэр авах хугацаа 19.71, сургууль төгсөх байсан огноо 1987.06.01, тэтгэвэрт гарах байсан огноо 2012.07.01,  тэтгэвэр авах хугацаа  18 жил, 1 сар,

   -1987 оноос 2012 оны 05 сарын 1 хүртэл цалингийн орлогын тооцооллыг гаргахдаа он тус бүрээр нь Х-савсан цалингийн судалгаа, Засгийн газрын 2004 оны 123-р тогтоол, Засгийн газрын 1999 оны 38-р тогтоол, Засгийн газрын 2000 оны 2-р тогтоолуудыг үндэслэн цол, удаан жил, нөхцлийн нэмэгдлүүдийг тооцоолов,

Эрүүл мэндийн даатгалын хувийг 1994 оноос 3 хувиар, 2007 оноос 2 хувиар, 1991 оныг хүртэл цэрэг, цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагчид ашгийн татвараас чөлөөлөгдөж байсан гэх тул татвар тооцоогүй, 1991-1999 оныг хүртэл хугацааны татварыг Х-савсан судалгааны мэдээлэл дээр үндэслэн 7 хувиар суутган тооцов,

1999 онд 10 хувийн татвар авч 3000 төгрөгийн хөнгөлөлт, 2000-2006 онд 10 хувийн татвар авч 4000 төгрөгийн хөнгөлөлт, 200-2012 онуудад 10 хувийн татвар авч 7000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан байна,

... Жил бүрийн алдагдсан боломжийн орлогыг 1987-2012 оны 05 сарын 1 хүртэл мөн жил тус бүрээр нь тухайн үеийн үнээр болон өнөөгийн үнэ цэнийн орлогооор тус тус тооцоолон гаргасан ба гаргахдаа тухайн үед олох байсан орлогоос хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг хасч тооцсон,

... Тэтгэвэрт байх үеийн алдагдсан боломжийн үнэлгээг он тус бүрээр гаргахдаа 36 сарын буцалтгүй тусламж, 2012 оны 07 сараас 2020 он дуустал тэтгэврийн орлогын тооцоог Засгийн газрын тогтоолуудаад тэтгэврийн нэмэгдлийн дүнгийн хамт тооцоолон тэтгэврээс олох байсан орлогоос хөдөлмөрийн чадвар алдалтад өгч байсан тэтгэмжийг хасч тооцсон,

Монгол эрэгтэй хүний дундаж наслалтаас тэтгэвэрт гарсан хугацааг хасч 2020 оноос хойшхи тэтгэвэр авах хугацааг гаргаж, 2020 оны сарын дундаж алдагдсан орлогоор үржүүлж тооцсон,

.... Нийт алдагдсан боломжийн орлого.

-Цалингийн алдагдсан боломжийн орлого 265,255,459 төгрөг,

-1 удаагийн буцалтгүй тусламж /36 сарын/-37,809,624 төгрөг,

-Тэтгэврийн алдагдсан боломжийн орлого 2020 он хүртэл 38,759,390 төгрөг,

-Тэтгэвэрийн алдагдсан боломжийн орлого 2020 оноос хойш 30,937,277 төгрөг,

Нийт алдагдсан боломжийн орлого 372,761,750 төгрөг,

Я.Эын 2020 оны 12 сарын 31 хүртэл цалин, тэтгэврийн алдагдсан боломжийн үнэлгээ 372,761,750 төгрөг.

-Сэтгэл санааны хохирлын үнэлгээг тооцохдоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, үнэ-дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа, сэтгэл санааны суурь үнэ, дундаж наслалт, сэтгэл санааны хохиролтой амьдрах хугацааг зэргийг харгалзан тооцон үнэлгээг гаргахад Я.Эын сэтгэл санааны хохирлын үнэлгээ 46,634,411.8 төгрөг болов,

Я.Эад 1994 онд Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 100 айл орчимд 29,7 м.кв /тухайн үеийн м.кв/ гал тогоо тусдаа 1 өрөө өгсөн ба уг байр нь цагаан тоосгон хийцлэлтэй, 5 давхар байрны 5 давхарт байсан ба уг байрыг 1996 онд 5,500,000 төгрөгөөр борлуулсан байна.

Тухайн орон сууцны үнэлгээг тогтооход 84,058,000  төгрөг болсон.

Үнэлгээний нэгдсэн дүнг тогтооход:

-Алдагдсан  боломжийн үнэлгээ-372,761,750 төгрөг,

-Сэтгэл санааны хохирол-46,634,412 төгрөг,

-Орон сууцны үнэлгээ-84,057,625 төгрөг,

Нийт гэм хорын хохирол-335,338,537 төгрөг.

Алдагдсан боломжийн орлого дээр сэтгэл санааны хохирлын хэмжээг нэмсэн дүнгээс орон сууцны үнийн дүнг хасч гэм хорын хохирлын үнэлгээг гаргав. Я.Эын 2020 оны 12 сарын 31-рхи гэм хорын нийт үнэлгээ 335,338,537 төгрөг болов гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 1-155 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Я.Эад учирсан сэтгэл санаа, олох байсан орлого-алдагдсан боломж, гэм хорын хохирлын талаархи Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 2022 оны 03 сарын 22-ны өдрийн дүгнэлтийн талаар хариуцагч Х маргаагүй бөгөөд тухайн дүгнэлттэй холбоотойгоор хүсэлт гаргаагүй.

 

1983 оны 02 сарын 07-ны өдрийн ослоос үүдэн нэхэмжлэгч Я.Эад эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодь, олох байсан орлого-алдагсан боломж, гэм хорын 335,338,537 төгрөгийн хохирол учирсан нь шинжээч Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны 2022 оны 03 сарын 22-ны өдрийн дүгнэлт болон Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, мэргэшсэн үнэлгээчин Д.Гантулгын гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”,

505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Я.Э нь эмчилгээний зардал, сонсголд 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх физик эмчилгээнд 16,420,000 төгрөг, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг тус тус нэхэмжилсэн байна.

 

Улсын 1 дүгээр эмнэлгийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 06 тоот тодорхойлолтод “Я.Э УНТЭ-ийн амбулаторийн чих хамар, хоолойн кабинетэд 2021 оны 04 сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 сарын 11 хүртэл үзлэгт хамрагдсан нь үнэн. Дунгийн суулгацын мэс зал хийлгэх заалттай. Мэс заслын өртөг 53,000,000 төгрөг“ гэх ба дээрх тодорхойлолт гэх баримтыг үндэслэн эмчилгээний зардал, сонсголд 53,000,000 төгрөг шаардлагатай гэж үзэн хариуцагч Х-сгаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Я.Эын нөхөн сэргээх физик эмчилгээнд төхөөрөмж 8,500,000 төгрөг, 1 хүний халдаг төхөөрөмж 3,700,000 төгрөг, самчуу хучлага 1,700,00 төгрөг, хүзүүний боолт 120,000 төгрөг, өвдгөвч 900,000 төгрөг, нурууны бүс 450,000 төгрөг, хүзүүний дэр 900,000 төгрөг, нүдний боолт 150,000 төгрөг, нийт 16,420,000 төгрөг, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг тус тус шаардсан бөгөөд Хервалайф-“Юниверсал ложистикс Монголиа” ХХК-иас нэмэлт тэжээл авч хэрэглэсэн бараа бүтээгдэхүүн авч хэрэглэсэн гэж тайлбарлаж байна.

Дээр дурдсан эмчилгээний зардал, нэмэлт тэжээл хэрэглэхтэй холбоотой эмнэлэгийн байгууллагын болон эмчийн дүгнэлт, эмчлүүлэгчийн карт зэрэг баримтыг ирүүлээгүй тул уг зардлуудыг 1983 оны 02 сарын 07-ны өдрийн ослоос үүдэн гарсан гэм хорын хохиролтой холбоотой зайлшгүй хэрэглэх шаардлагатай зардал гэж үзэх боломжгүй.

    

        Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Буянсайхан нь нэхэмжлэгч Я.Э 1983 оны 02 сард толгойн тус газраа Ч.Ст буудуулан гэмтэж хохирсон ба тухай бүрт тусламж үзүүлж байсан байна. Хуулиа дээдлэн өөрсдийн бололцоогоо харгалзан эвлэрэх журмаар асуудлаа шийдвэрлэж болно. Эмчилгээний зардал, тоног төхөөрөмжийн үнэ үндэслэлтэй, бусад зардал арай их байна гэж дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч Х-с олох байсан орлого 288,704,125 төгрөг, сэтгэл санааны хохирол 46,634,412 төгрөг, нийт 335,338,537 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Эад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал, сонсголд 53,000,000 төгрөг, нөхөн сэргээх физик эмчилгээнд 16,420,000 төгрөг, нэмэлт тэжээлийн зардалд 24,540,705 төгрөг, нийт 93,960,705 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоонд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас төлсөн шинжээчийн ажлын хөлс 10,000,000 төгрөгийг хариуцагч Х-сгаргуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон               

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч Х-с335,338,537 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Эад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 93,960,705 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х-с1,834,642 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар шүүхээс төлсөн шинжээчийн ажлын хөлс 10,000,000 төгрөгийг хариуцагч Х-сгаргуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.С

 

ШҮҮГЧИД                                                         Г.Б

 

                                                                          Д.Ц