Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 125

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                              

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,          

иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг,

шинжээч эмч Т.Амартүвшин,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорчулуун,

хохирогч Л.Энхболд, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /үнэмлэхийн дугаар 1476/,

шүүгдэгч Б.Батчулуун, түүний өмгөөлөгч А.Дулмаа /үнэмлэхийн дугаар 1935/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батаагийн Батчулуунд холбогдох эрүүгийн 201526030852 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 10 дугаар гудамж, 186 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батаагийн Батчулуун /РД:НЛ69030470/,

 

Холбогдсон хэргийн талаар

/Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Батчулуун нь 2015 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын хойд талд байрлах “Дако” ХХК-ийн эзэмшлийн хашаан доторх гэрт Л.Энхболдыг сандлаар зодож гэмтээлээ гэж маргалдан хувийн сэдэлтээр түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт хохирогч, гэрч нарын гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2015 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө миний ам цангаад байхаар нь юм уухаар Энхболд ахын гэрт орсон. Гэтэл Энхболд ах намайг сандлаар цохисон ба намайг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Би Энхболд ахыг өөрөөсөө холдуулах зорилгоор ширээн дээр байсан хутгыг авч Энхболд ахыг хутгалсан. Тэгээд би Энхболд ахын гэрээс гараад гадаа ухаан алдаж унасан байсан гэв.

Хохирогч Л.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 21-ний орой би манай гэрт ирсэн хүмүүсийг явахаас өмнө орондоо ороод унтсан. Гэтэл шөнө миний унтаж байсан орны хажуугаар хүн явахаар нь “юун хулгайч бэ” гэж хэлээд айсандаа гарт тааралдсан сандлаар цохисон. Тэгээд орноосоо босоод гэрэл асаахад миний цээжнээс цус гарч байсан. Тэгээд хартал Батчулуун байхаар нь “чи намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тухайн үйлдэл маш хурдан болоод өнгөрсөн. Би Батчулууныг гэж танилгүй сандлаар нэг удаа цохисон. Одоо Батчулуунд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч Б.Батчулуун мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 09 дүгээр сарын 21-22-д шилжих шөнө хүргэн ах Л.Энхболдын гэрт нь шөнийн 01-02 цагийн хооронд айраг байвал уух санаатай ортол намайг “чи юу хулгай хийх гэж байгаа юм бэ, хар шөнө гэрт орж ирээд” гэхэд “би таниас юугаа авдаг юм” гэж хэлсэн. Энхболд ах намайг сандлаар толгойн тус газар нэг удаа цохихоор нь би ширээн дээр байсан хутгыг аваад цээжнийх нь зүүн хэсэгт нь нэг удаа хажуугаас хутгалсан. Би түүнийг өөрийн эгч Г.Эрдэнэчимэгээс салсан, хамт амьдардаг байх хугацаандаа таарамжгүй байсан зэргээс болж өс хонзон санаж ахыг хутгалаагүй, тийм үйлдэл хийх шаардлага надад байхгүй. Харин Л.Энхболд ах намайг гэрт нь ороход “юун хүн бэ, юу хулгай хийх гээд явж байгаа юм” гээд сандлаар эхлээд цохихоор нь би зөрүүлээд хутгалсан. Мөн миний толгой руу Энхболд ах сандлаар цохиод толгойд хөнгөн гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/,

...Би хэрэг болдог өдөр Энхболд ахын гэрт шөнийн 01 цагийн үед ороход тэрээр гэрийнхээ хойд талын орон дээр унтаж байсан ба намайг оронгуут Энхболд ах сэрсэн. Тэгээд намайг харчихаад “чи хар шөнөөр юу хийгээд явж байгаа юм бэ, хулгай хийх гээд байгаа юм уу” гэж хэлэхээр нь “би таниас юугаа хулгай хийдэг юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Намайг “юм хулгайлах гэлээ” гэж хэлсэн тул миний уур хүрээд маргалдсан. Тэгээд Энхболд ах орноосоо босч ирээд хажуудаа байсан жижиг, намхан, шар өнгийн модон сандлаар миний толгойн тус газар цохисон. Тэгэхээр нь би согтуудаа гарт таарсан хутгыг аваад Энхболд ахын цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би тэндээсээ явсан. Одоо миний хувьд Энхболд ахад гомдол санал байхгүй. Хар иштэй хутган дээр миний хурууны хээ байсан үгүйг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 142-143-р хуудас/,

...Би Энхболдод цохиулснаас гар гэмтээгүй. Уг асуудлаас өмнө би худаг дээр халтирч унаад зүүн гарынхаа шууг гэмтээж байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хүргэн ах Энхболдын гэр гэрэлтэй байсан. Хүргэн ах Энхболд нь хажуу талдаа байсан шар өнгийн модон сандлыг аваад миний толгой руу хоёр удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 181-182-р хуудас/,

Хохирогч Л.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө гэртээ байхад манайд миний хамаатны хүмүүс болох нагац ах Жаргал, түүний эхнэр Ичинхорлоо, охин Цэвэлмаа болон бага хүү Э.Бат-Оргилын хадам аав Баатар нар ирсэн ба бид бүгдээрээ 2 шил 0,5 хэмжээтэй архи хувааж уусан. Би ирсэн хүмүүстээ бууз жигнэж өгсөн. Миний салсан эхнэр Эрдэнэчимэгийн төрсөн дүү Батчулуун 15-16 цагийн үед эрүүл орж ирсэн. Тэрээр манай гэрийн ойролцоох Буянт-Ухаа-2 хороололд хамгаалагчаар ажилладаг байсан юм. Манайх ойрхон учраас  юм идэх гэж орж ирсэн байх. Батчулуун орж ирээд буузнаас идээд бид нарын ууж байсан архинаас 2 хундага уусан. Манай гэрт ирсэн хүмүүс 19 цагийн үед явцгаасан. Б.Батчулуун бас хүмүүстэй хамт гараад ажил руугаа явсан. Манайд  байсан хүмүүс ямар нэг хэрүүл маргаан хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-38-р хуудас/,

...Манай гэрт Б.Батчулуун шөнө 01-02 цагийн үед ганцаараа согтуу орж ирсэн. Тухайн үед би гэртээ ах Жаргалын хамт байсан ба ах Л.Жаргал баруун талын орон дээр согтуу унтаж байсан. Намайг унтаж байхад гаднаас хүн орж ирэхээр нь орноосоо босоод “юун хүн бэ” гэж хэлээд хажуудаа байсан жижиг сандлыг аваад  Б.Батчулууныг гэж танилгүй толгой руу цохьчихсон. Тэгээд гэрлээ асаатал Б.Батчулуун зогсож байсан. Харин Б.Батчулуун манай гэрийн хүнсний бүтээгдэхүүн хэрчихэд хэрэглэдэг хар өнгийн хутгаар миний цээжний зүүн хэсэгт нэг удаа зөрүүлээд хутгалчихсан. Тэгээд Б.Батчулууныг “чи яаж байна” гэтэл над руу дахин нэг дайрах гэснээ болиод гэрээс гараад зугтаахаар нь би ах Л.Жаргалыг сэрээгээд түргэн тусламж дуудуулсан.  Б.Батчулуун орой манай гэрт орж ирээд архи ууж байхдаа хутгатай байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Сүүлд шөнө орж ирэхдээ гэрээс авсан байх. Би тэр хутгыг гэрийн яг хаана байсныг анзаарч хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 39-р хуудас/,

...Б.Батчулууныг манай гэрт орж ирэх үед би унтаж байсан. Гэтэл гаднаас нэг хүн орж ирэх шиг болсон. Тэгэхээр нь сэрээд “юун хүн бэ, юу хулгай хийх гэж явж байгаа юм” гэж хэлсэн. Би Батчулууныг шөнө унтаж байхад гэнэт гэрт орж ирээд явахаар нь би түүнтэй дээрх байдлаар маргалдаж өөрийнхөө хэвтэж байсан гэрийн хойд талын орны урд байсан, жижиг шар өнгийн модон сандлаар Б.Батчулууныг нэг удаа цохихдоо биеэ хамгаалах гэж цохисон. Тэгтэл Батчулуун миний цээжний зүүн талын хөхний хэсэгт нэг удаа хутгалсан. Б.Батчулуун орны урд талын ширээн дээр байсан хар өнгийн иштэй, ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг хутгыг аваад хутгалсан. Би сүүлд давж заалдах шатны шүүхэд мэдүүлэхдээ манай ширээ гэрийн үүдэнд байсан гэж буруу мэдүүлчихсэн байсан. Сүүлд нь санахад ширээ орны урд талын буюу хоёр багананы хойд хэсэгт байсан болохыг санасан. Мөн хэргийн материал танилцаж байхад ширээ орны урд хоёр багананы хойд талд байгаа харагддаг. Би дээрх байдлаар буруу мэдүүлсэндээ уучлалт хүсэж байна. Би тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг мартаад буруу ташаа мэдүүлсэн, түүнээс санаатайгаар худал мэдүүлсэн асуудал байхгүй. Б.Батчулуун бид хоёрт өр авлага, өс хонзон бүхий харьцаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 75-76-р хуудас/,

...Манай тэр хавьд  барилга баригдаж байсан тул 2-3 краны том том гэрэлнүүд  гэрийн тооноор орой тусдаг. Гэрлээ унтраасан ч гэсэн гэр дотор гэрэлтэй юм шиг харагддаг. Тийм болохоор Б.Батчулуун гэрэлтэй байсан гэж бодож хэлсэн байх. Би тухайн үед гэрлээ асаагаад харахад цус гарч байсан. Тэгээд би түүнд “чи намайг ингэж байхдаа яадаг юм бэ” гэхэд Б.Батчулуун гэрээс гараад гүйсэн. Хутгаа аваад гарсан байх, манай гэрт тэр үед айраг байсан боловч Батчулууныг орж ирэхээс өмнө уугаад дуусгасан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 157-158-р хуудас/,

Гэрч А.Цэвэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би ах Энхболдын гэрт ээж Ичинхорлоо, эцэг Жаргал нарын хамт очсон юм. Бид нар 1 шил 0.75 хэмжээтэй архи авч очсон. Л.Энхболд ахынд  хамгаалагчийн эрээн хувцастай, 40 орчим насны хүн орж ирсэн. Тэр залуу өөрийгөө  урд талын барилгад хамгаалагчийн ажил хийдэг гэж танилцуулаад бид нарын ууж байсан архинаас уусан. Бид нар авч очсон архи, пиво бүгдээрээ хувааж уусан. Л.Энхболд ахын гэрт ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Бид орой харанхуй болоход явцгаасан. Харин манай аав Жаргал Энхболд ахын гэрт унтана гээд үлдсэн. Ээж бид хоёр сүүлд ирсэн хоёр залуугийн хамт явсан. Нөгөө хамгаалагч залуу ажил руугаа явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэх юм алга, сүүлд Энхболд ахаас сонсоход нөгөө хамгаалагчийн хувцастай залууд хутгалуулсан гэж байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-49-р хуудас/,

Гэрч Л.Жаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ойролцоох барилгад хамгаалагч ажилтай Батчулуун гэх залуу орж ирээд бид хэдтэй хамт архи, пивоноос уусан. Бид нартай хэрүүл маргаан огт хийгээгүй. Тэгээд архи дуусаад эхнэр Ичинхорлоо, охин Цэвэлмаа нар тэр ирсэн 2 залуутай явсан. Харин Батчулуун ажил руугаа явлаа гээд гарсан. Би Энхболдтой хамт гэрт нь үлдсэн ба гэрийн баруун талын орон дээр унтсан. Харин дүү Энхболд хойд талын орон дээр унтсан. Гэтэл шөнө унтаж байтал Энхболд намайг татаж сэрээгээд “Батчулуун намайг хутгалчихлаа” гээд цээжээ гараараа дараад зогсож байсан. Би сандарч босоод  “Батчулуун хаана байна” гэж асуухад “гараад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд Энхболд бид хоёр түргэн тусламж, цагдаа дуудсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирээд Батчулууныг гэрийн ойролцоогоос олоод аваад явсан. Энхболдынд хар иштэй хутга байдаг. Түүнийгээ Энхболд хоол хийхдээ байнга хэрэглэдэг. Энхболдыг хутгалуулсны дараа гэрт нь энэ хутга харагдаагүй. Би Батчулууныг ямар шалтгааны улмаас дүү Энхболдыг хутгалсан талаар мэдэхгүй байна. Намайг унтаж байхад болсон асуудал юм. Би ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болсон чимээ сонсоогүй, Энхболд л өөрөө намайг сэрээсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/,

Гэрч Г.Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй Буянт-Ухаа 2 хорооллын барилгад ажилладаг байсан. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 21-ний орой Батчулуун нь Энхболдын гэр рүү 17 цагийн үед явсан. Би 19 цагийн үед Батчулуун руу залгаж “хаана байна, одоо хүрээд ир” гэхэд тэрээр согтуу хоолойгоор “одоо очлоо” гэж хэлсэн боловч ирэлгүй шөнө 00-01 цагийн хооронд ирэхдээ дух болон зүүн нүднийхээ дээд хэсэгт бага зэрэг язарсан шархтай, нилээн согтуу ирсэн. Биеийнх нь өөр бусад хэсэгт ил харагдах шарх байхгүй байсан. Цагдаа нар ирээд түүнийг явах гэж байхад нь аваад явсан. Батчулуун Энхболд гэх хүнийг хутгалсан хэрэгт холбогдсон байсан. Тэрээр ажилдаа ирэхдээ биедээ ямар нэгэн хутга авч яваагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 132-р хуудас/,

Шинжээч эмч М.Отгонбаатар: “...Энхболдын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр Л.Энхболдын биед хүнд гэмтэл тогтоогдсон. Түүний биед учирсан гэмтэл нь цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хурц ир үзүүртэй зүйл гэдэгт төрөл бүрийн хутга болон бусад ир үзүүртэй зүйл хамаарна. Уг гэмтэл нь учрах үедээ хүний амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-р хуудас

 

Шинжээч эмч Г.Батцэнгэл мэдүүлэхдээ: “...Ахмад Г.Гэрэлбатын хамт үзлэгийн явцад хохирогч Энхболдыг хутгалсан гэх хутгыг хэрэг болсон хашаанаас 50 метрийн тойргийн радиуст эрж хайж ажиллахад хашааны буюу хэрэг болсон газраас ертөнцийн зүгээр баруун урд талаас хар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг газраас илрүүлсэн. Хутганы иш нь бага зэрэг чийгтэй болчихсон байсан. Уг хутгыг Г.Гэрэлбат мөрдөн байцаагч эд мөрийн баримтаар хураан авсан. Гарын мөр илрүүлэхээр хутганы ишинд “сажа” гэх нунтаг түрхэж үзсэн боловч гарын мөр илрээгүй тул энэ талаар тэмдэглэлд тусгаагүй, уг хутга хар өнгийн иштэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 174-175-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13830 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Л.Энхболдын биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц, ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 53-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №05/012 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2015 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө ХУД-ийн 9-р хороо Буянт-Ухаа-2 хорооллын хойд талд байрлалтай задгай тоотод Б.Батчулуун нь согтуугаар иргэн Энхболдын цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийн №1, 2, 3 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх №1 дугаартай гарын мөр нь сэжигтэн Б.Батчулууны зүүн гарын долоовор хуруугаар дарагдсан байна.

3. Харин шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь сэжигтэн Б.Батчулууны гарын хээний дардас болон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

4. Харьцуулах загвараар ирүүлсэн Б.Батчулууны гарын хээний дардас нь эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 1-р хавтас 136-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13800 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Б.Батчулууны биед дух зулайд няцарсан шарх, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 56-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №101 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Батчулууны гэх рентген зургаар зүүн шуу ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн шуу ясны хуучин хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй ба 2015.09.24-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэгээр зүүн шуу хэсэгт ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй байна.

4. Урьд гаргасан Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13800 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 163-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №1481 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №13800 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 2016.01.14-ний өдрийн №101 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Б.Батчулууны биед дух, зулайд няцарсан шарх, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Батчулууны биед зүүн шуу ясанд хугарал гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 2-р хавтас 172-173-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн №335 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Батчулууны биед учирсан дух, няцарсан шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. /хх-ийн 3-р хавтас 7-8-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1123 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Батчулуун нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон үйл явдлыг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Б.Батчулуун нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. Б.Батчулуун нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Б.Батчулуун нь хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоогддоггүй болно. Тухайн үед эмгэг согтолттой байсан гэх шинж баримт үгүй байна.

5. Б.Батчулуун нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж үгүй байна. /хх-ийн 2-р хавтас 116-117-р хуудас/,

 

           Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 6-16-р хуудас/,

Хохирогч Л.Энхболдын өвчний түүх /хх-ийн 1-рхавтас 113-118-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, эрүүгийн хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/,

Туршилт хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-р хавтас 151-156/,

Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 2-р хавтас 223-224-р хуудас/,

Эд мөрийн баримт шар өнгийн модон сандлыг хохирогч Л.Энхболдод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 199-р хуудас/,

           

            Шүүгдэгч Б.Батчулууны хувийн байдалтай холбоотой баримтууд:

Гэрч Б.Энх-Олдохгүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний төрсөн дүү Б.Батчулууны холбогдсон хэргийн хохирогч Л.Энхболд нь Гомбоогийн Эрдэнэчимэгтэй 1983 оны үед гэр бүл болж хамт амьдарч байсан юм. Тэд дундаасаа 3 хүүхэдтэй, одоо тэд салсан гэж хэлдэг. Би тэдэнтэй хамт амьдардаггүй болохоор амьдралынх нь талаар мэдэж байгаа зүйл алга. Л.Энхболд, Г.Эрдэнэчимэг хоёр Төв аймагт өмнө нь хамт амьдардаг байсан, хоорондоо хэрүүл маргаан хийлээ, нөхөр зодлоо гэж Г.Эрдэнэчимэг надад хэлж байгаагүй. Миний дүү Б.Батчулуун нь Л.Энхболд, Г.Эрдэнэчимэг нараас тусдаа амьдардаг байсан. Иймд дүү Б.Батчулуун нь хүргэн Л.Энхболдод өс хонзонгийн ямар нэгэн санаа байхгүй. Миний мэдэхээр Л.Энхболд, Б.Батчулуун хоёр өмнө нь өөр хоорондоо хэрүүл маргаан хийж байсан удаагүй. Л.Энхболд, Г.Эрдэнэчимэг хоёр яагаад салж тусдаа амьдарч байгаа талаар мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 77-78-р хуудас/,

Шүүгдэгч Б.Батчулууны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 87-р хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Б.Батчулуун нь 2015 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа-2 хорооллын хойд талд байрлах “Дако” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлах гэрт нь хохирогч Л.Энхболдыг “юу хулгай хийх гэж яваа юм бэ” гэж сандлаар цохьсоны улмаас түүний цээжний зүүн хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Энхболдын: “...2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрт  хамаатны хүмүүс болох нагац ах Жаргал, түүний эхнэр Ичинхорлоо, охин Цэвэлмаа болон бага хүү Э.Бат-Оргилын хадам аав Баатар нар ирсэн. Бид  2 шил 0,5 хэмжээтэй архи хувааж уусан. Мөн би ирсэн хүмүүстээ бууз жигнэж өгсөн. Миний салсан эхнэр Эрдэнэчимэгийн төрсөн дүү Батчулуун 15-16 цагийн үед эрүүл орж ирсэн. Тэрээр манай гэрийн ойролцоох Буянт-Ухаа-2 хороололд хамгаалагчаар ажилладаг байсан юм. Манайх ойрхон учраас юм идэх гэж орж ирсэн байх. Батчулуун орж ирээд буузнаас идээд бид нарын ууж байсан архинаас 2 хундага уусан. Манай гэрт ирсэн хүмүүс 19 цагийн үед явцгаасан. Б.Батчулуун бас хүмүүстэй хамт гараад ажил руугаа явсан. Манайд  байсан хүмүүс ямар нэг хэрүүл маргаан хийгээгүй...

           ...шөнө 01-02 цагийн үед намайг орон дээрээ унтаж байхад миний хажууд нэг хүн хүрч ирэх чимээгээр сэрэхэд хэн гэдэг нь мэдэгдээгүй тул би тухайн үед “чи юун хулгайч орж ирчихээд юу хийгээд байна” гэж хэлээд хажуудаа байсан сандлыг аваад харанхуйд Батчулуун гэж танилгүй толгойн тус газар нь нэг удаа цохисон.  Тэгээд  би гэрлээ асаагаад хартал Батчулуун гартаа нэг хутга барьчихсан зогсож байсан. Миний цээжний зүүн хэсэгт нэг удаа Батчулуун хутгалчихсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-38-р хуудас/,

...Манай тэр хавьд барилга баригдаж байсан тул 2-3 краны том том гэрэлнүүд миний амьдардаг гэрийн тооноор тусдаг. Гэрлээ унтраасан ч гэсэн гэр дотор гэрэлтэй юм шиг харагддаг. Тийм болохоор Б.Батчулуун гэрэлтэй байсан гэж бодож хэлсэн байх. Би тухайн үед гэрлээ асаагаад харахад цус гарч байсан. Тэгээд би түүнд “чи намайг ингэж байхдаа яадаг юм бэ” гэхэд Б.Батчулуун гэрээс гараад гүйсэн. Хутгыг аваад гарсан байх, манай гэрт тэр өдөр айраг байсан боловч Батчулууныг орж ирэхээс өмнө уугаад дуусгасан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 157-158-р хуудас/,

 

Гэрч А.Цэвэлмаагийн “...2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би ах Энхболдын гэрт ээж Ичинхорлоо, эцэг Жаргал нарын хамт очсон юм. Бид нар 1 шил 0.75 хэмжээтэй архи авч очсон. Л.Энхболд ахынд  хамгаалагчийн эрээн хувцастай, 40 орчим насны хүн орж ирсэн. Тэр залуу өөрийгөө  урд талын барилгад хамгаалагчийн ажил хийдэг гэж танилцуулаад бид нарын ууж байсан архинаас уусан. Бид нар авч очсон архи, пиво бүгдээрээ хувааж уусан. Л.Энхболд ахын гэрт ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Бид орой харанхуй болоход явцгаасан. Харин манай аав Жаргал Энхболд ахын гэрт унтана гээд үлдсэн. Ээж бид хоёр сүүлд ирсэн хоёр залуугийн хамт явсан. Нөгөө хамгаалагч залуу ажил руугаа явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэх юм алга, сүүлд Энхболд ахаас сонсоход нөгөө хамгаалагчийн хувцастай залууд хутгалуулсан гэж байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-49-р хуудас/,

 

Гэрч Л.Жаргалын “...Ойролцоох барилгад хамгаалагч ажилтай Батчулуун гэх залуу орж ирээд бид хэдтэй хамт архи, пивоноос уусан. Бид нартай хэрүүл маргаан огт хийгээгүй. Тэгээд архи дуусаад эхнэр Ичинхорлоо, охин Цэвэлмаа нар тэр ирсэн 2 залуутай явсан. Харин Батчулуун ажил руугаа явлаа гээд гарсан. Би Энхболдтой хамт гэрт нь үлдсэн ба гэрийн баруун талын орон дээр унтсан. Харин дүү Энхболд хойд талын орон дээр унтсан. Гэтэл шөнө унтаж байтал Энхболд намайг татаж сэрээгээд “Батчулуун намайг хутгалчихлаа” гээд цээжээ гараараа дараад зогсож байсан. Би сандарч босоод “Батчулуун хаана байна” гэж асуухад “гараад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд Энхболд бид хоёр түргэн тусламж, цагдаа дуудсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирээд Батчулууныг гэрийн ойролцоогоос олоод аваад явсан. Энхболдынд хар иштэй хутга байдаг. Түүнийгээ Энхболд хоол хийхдээ байнга хэрэглэдэг. Энхболдыг хутгалуулсны дараа гэрт нь энэ хутга харагдаагүй. Би Батчулууныг ямар шалтгааны улмаас дүү Энхболдыг хутгалсан талаар мэдэхгүй байна. Намайг унтаж байхад болсон асуудал юм. Би ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болсон чимээ сонсоогүй, Энхболд л өөрөө намайг сэрээсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 130-131-р хуудас/,

 

Гэрч Г.Батсүхийн “...би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй Буянт-Ухаа 2 хорооллын барилгад ажилладаг байсан. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 21-ний орой Батчулуун нь Энхболдын гэр рүү 17 цагийн үед явсан. Би 19 цагийн үед Батчулуун руу залгаж “хаана байна, одоо хүрээд ир” гэхэд тэрээр согтуу хоолойгоор “одоо очлоо” гэж хэлсэн боловч ирэлгүй шөнө 00-01 цагийн хооронд ирэхдээ дух болон зүүн нүднийхээ дээд хэсэгт бага зэрэг язарсан шархтай, нилээн согтуу ирсэн. Биеийнх нь өөр бусад хэсэгт ил харагдах шарх байхгүй байсан. Цагдаа нар ирээд түүнийг явах гэж байхад нь аваад явсан. Батчулуун Энхболд гэх хүнийг хутгалсан хэрэгт холбогдсон байсан. Тэрээр ажилдаа ирэхдээ биедээ ямар нэгэн хутга авч яваагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 132-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13830 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Л.Энхболдын биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц, ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 53-р хуудас/,

 

Шинжээч эмч М.Отгонбаатар: “...Энхболдын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр Л.Энхболдын биед хүнд гэмтэл тогтоогдсон. Түүний биед учирсан гэмтэл нь цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон. Харин уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үссгэгдэнэ. Хурц ир үзүүртэй зүйл гэдэгт төрөл бүрийн хутга болон бусад ир үзүүртэй зүйл хамаарна. Уг гэмтэл нь учрах үедээ хүний амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Хохирогч Л.Энхболд “...би тухайн үед “чи юун хулгайч орж ирчихээд юу хийгээд байна” гэж хэлээд хажуудаа байсан сандлаар Батчулууныг танилгүй толгойн тус газар нь нэг удаа цохисон” гэж тогтвортой мэдүүлдэг ба Б.Батчулууны толгой руу цохисон гэх эд мөрийн баримт шар өнгийн 3 кг 380 грамм жинтэй, 30.5 см өндөртэй, 37.5 см урттай модон сандал” /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн №1481 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Батчулууны биед дух, зулайд няцарсан шарх, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Батчулууны биед зүүн шуу ясанд хугарал гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 172-173-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлгүүдийг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд: шүүгдэгч Б.Батчулууны “...Л.Энхболд ах сандлаар миний толгой руу олон удаа цохисон” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

         Хохирогч Л.Энхболд нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...модон сандлын тавцангаас нь бариад дөрвөн хөл хэсгээр нь Б.Батчулууны толгой руу нэг удаа цохисон” гэдгээ хүлээн мэдүүлдэг ба дээрх үйлдлийн улмаас Б.Батчулууны биед дух, зулай, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Л.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19 дугаартай Прокурорын тогтоолоор Л.Энхболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

          Иймд шүүгдэгч Б.Батчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Батчулууны үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэлт тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ын хүрээнд хийгдсэн. Хохирогч Л.Энхболдын 3.8 кг жинтэй модон сандлаар нэг биш удаа цохисон довтлогооноос Б.Батчулуун нь өөрийгөө хамгаалах гэж халдсан. Иймд Б.Батчулуунд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэж онолын тайлбар гаргаж мэтгэлцэв.

       

          Эрүүгийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байх ба хэрэгт авагдсан үйл баримтаар хохирогч Л.Энхболдыг гэртээ амарч байхад шөнийн 01 цагийн орчимд хүн орж ирэхэд тэрээр Б.Батчулуун болохыг танилгүй  “юу хулгай хийх гэж байна бэ?” гэж сандлаар цохьсоны дараа шүүгдэгч Б.Батчулуун нь хохирогчийг хутгалсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.Батчулууныг “Аргагүй хамгаалалт”-ын нөхцөл байдалд хийсэн гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн үндэслэл няцаагдаж байна.

 

         Шүүгдэгч Б.Батчулуунд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т зааснаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан   түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч Л.Энхболдод эмчилгээний зардалд 1.780.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Батчулууныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батчулууны 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 223 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон мараль 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Батчулууны гарын шууны 2 ширхэг рентген зургийг /хх-ийн 1-р хавтас 170-171-р хуудас/ хэрэгт хавсарган үлдэхээр шийдвэрлэв.

          

           Эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон сандлыг хохирогч Л.Энхболдод 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр прокурор хүлээлгэн өгсөн /хх-ийн 2-р хавтас 199-р хуудас/ болохыг дурдах нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэг, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                              ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт Батаагийн Батчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Б.Батчулууныг 03 жил 05 сарын  /гурван жил таван сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Батчулуунд оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Батчулууны цагдан хоригдсон 223 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Батчулуун нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Батчулуунд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй 1 ширхэг хутга, 1 ширхэг мараль зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Батчулууны гарын шууны 2 ширхэг рентген зургийг /хх-ийн 1-р хавтас 170-171-р хуудас/ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР

 

ШҮҮГЧИД                                                С.БАЗАРХАНД

 

        Б.БАТБОЛОР