| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/03062/И |
| Дугаар | 102/ШШ2021/02926 |
| Огноо | 2021-11-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/02926
| 2021 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2021/02926 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ...-р хороо, Баянхайрханы ...-р гудамж, .... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ..., Харчин овогтой Б...ын Э...ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...-р хороо, ... хэсэг, Зайсангийн тойруу, Рома таун, ... байрны ... тоотод оршин суух, Баянгол дүүргийн ...-р хороо, У... ХХК-ний байранд зоогийн газар ажиллуулдаг, регистр ..., У... овогтой Б...ы У...т холбогдох цалин 605 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э..., хариуцагч Б.У..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Уран ган худалдааны төвийн зоогийн газарт 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тогоочоор ажилд орсон. Ширхэгийн тогооч 800 000 төгрөгийн цалин өгнө гэсэн. Ажиллаж байхдаа 120 000 төгрөгийн урьдчилгаа авсан. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалинг өгөөгүй. Үндсэн цалин 800 000 төгрөгөөр тохирсон, гэрээ байгуулаагүй. Одоо олгоогүй цалин 605 000 төгрөгөөс 30 000 төгрөгийн урьдчилгаа авсан тул хасч 575 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.У... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э... нь манай зоогийн газарт ширхэгийн тогоочоор тогтвортой ажиллана гэж орсон. Цалинг 800 000 төгрөгөөр тохирсон. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлаасаа гарч байгаа бол 30 хоногийн өмнө ажил олгогчдоо мэдэгдэх ёстой. Гэтэл Б.Э... 14 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд тус хугацаанд хүн сонгож авах боломжгүй болсон. Тэгээд Хүнсний коллежоос 2 дадлагын хүүхэд авч Б.Э...ыг дадлагажуулаад яваарай гэсэн боловч нэг өдөр ажиллуулаад ажлаа хийж чадахгүй байна, зайл гээд хөөгөөд явуулсан. Манай хамт олноос тухайн үед чи өөрөө ажлаа хаяад явж болохгүй, ажил хаясан тохиолдолд цалин олгохгүй гэж сануулсан боловч 10 дугаар сарын 21-ний өдрөөс ажилдаа ирээгүй. Бид 10 хоног ширхгийн хоолны тогоочгүй, өдөрт 200-300 орчим ширхгийн хоол хийдэг байхад нэхэмжлэгч ажлаа хаяснаас болж хохиролд орсон. Нэхэмжилж буй 605 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, ажил хаяж явбал цалин олгохгүй гэдгийг хэлсэн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э... нь Б.У..т холбогдох ажилласан хугацааны цалин 605 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 266 670 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б.Э... нь У. ХХК-ний зоогийн газарт 2021 оны 8-р сарын 1-ний өдрөөс ширхэгийн тогоочоор ажиллах, ажил олгогч нь сарын 800 000 төгрөгийн цалин олгохоор тохирчээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй. Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 25 хоногийн цалин олгоогүй гэх боловч 2021 оны 8-р сарын 1-нээс 9-р сарын 10-ныг хүртэл ажилласан нь шүүх хуралдааны шатанд талуудын тайлбараар тогтоогдлоо.
Ажилтан 8-р сарын цалинг бэлнээр болон дансаар авсан, харин 9-р сарын 01-10 хүртэлх хугацааны цалинг олгоогүй байжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан 2005 оны 5-р сарын 5-ны өдрийн Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар Б.Эр.ын нэг өдөрт ногдох цалин 26 667 төгрөг бөгөөд 266 670 төгрөгийн цалинг олгоогүй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 18 800 төгрөгийг төлсөн байх тул буцаан гаргуулж олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.ы У...ээс 266 670 /хоёр зуун жаран зургаан мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулж Б.ын Э.ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 338 330 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэг, 58-р зүйлийн 58.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Э...аас төлсөн 18 800 /арван найман мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож, хариуцагч Б.У...ээс улсын тэмдэгтийн хураамжид 8 650 /найман мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА