Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч А.Дарамбазар,

шүүгдэгч Б.Даваасүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхбаяр /ҮД-0088/,

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорж овогт Амарсайханы Дарамбазар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Майга овогт Батбаярын Даваасүрэн нарт холбогдох эрүүгийн 201626021865 дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Хан Монгол Морьтон” циркд жүжигчинээр ажилладаг, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтай 5 дугаар гудамж, 583 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЙР92031332 регистрийн дугаартай, Цорж овогт Амарсайханы Дарамбазар.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зууны Зууч” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эцэг эх, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 50 дугаар байр, 579 тоотод оршин суух,

урьд Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, ял шийтгэлгүй, ЙР95031231 регистрийн дугаартай, Майга овогт Батбаярын Даваасүрэн.

 

Шүүгдэгч А.Дарамбазар нь 2016 оны 6 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Маск” караокед бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, уг караокегоор үйлчлүүлээд гарах гэж байсан иргэн А.Отгонбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

2016 оны 6 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Маск” караокед бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Э.Мөнхцэцэгийг эсэргүүцэн цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мама” рестораны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн М.Батцогтыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Даваасүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мама” рестораны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Ө.Доржжанцанг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дарамбазар мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр Даваасүрэнтэй таараад Даваасүрэнгийн найзууд гээд хоёр залуутай танилцсан юм. Тэд нар хүнтэй маргасан гэсэн. Тэгээд маргасан хүнтэйгээ намайг андуурсан юм шиг байсан. Хэрэг мөрдөн байцаалтанд буцсанаас хойш байцаагч маань 2 сар гаруй хугацаанд намайг дуудаагүй. Тэгээд Хятад руу гэрээтэй ажлаа хийхээр явсан. Мөрдөн байцаагчдаа Хятад руу явах талаараа хэлээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийг зөвшөөрч байна. Би хохирогч Батцогтод 6 сая төгрөг, Отгонбаатар, Мөнгөнцэцэг нарт 800,000 төгрөг төлсөн. Хохирогч нартай уулзаж уучлалт гуйсан. Мөнгөнцэцэгтэй холбогдож чадахгүй байж байгаад 7 хоногийн өмнө утсаар холбогдсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Даваасүрэн мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Хохиролд 750,000 төгрөг төлсөн гэв.

                                                          

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Дарамбазарын өгсөн:

“... Миний шалгагдаж байсан эрүүгийн 201626021865 тоот хэрэг нэмэлт мөрдөн байцаалтал буцсаныг мэдсэн. Миний байцаалт дээр байгаа 88690968 дугаарын утсыг асаах боломжгүй байсан. Харин 90330449 дугаарын утсыг асаалттай байлгаж байгаад Бээжин явахдаа унтраачихсан. ... Хэлэлгүй явсан нь үнэн.  Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийгээгүй, явчихаад ирэхэд болох байх гэж бодсон ... Хохирогч Отгонбаатарын ломботой шүдийг гараараа цохиж гэмтээсэн. Хамрын таславчийн муруйлтыг тухайн үед учруулсан. Мөнгөнцэцэгт учирсан бугалга, шилбэнд цус хуралт гэх гэмтлийг учруулсан ба энэ гэмтлийг хэрүүл маргааны явцад учруулсан байх магадлалтай. Хамар руу нь нэг удаа мөргөсөн нь үнэн. ... Даваасүрэн нь намайг төрлийн хүүхэд цохилоо гээд Нямдаатай маргалдаж зодолдсон ба тэгтэл Батцогт нь ... чи найзууд хооронд нь зодолдуулдаг е хэн бэ гэж хэлээд хамар руу нэг удаа цохисон. Тэгээд хамраас цус гараад яаж байгаан гээд маргалдах үед ахин зүүн талын нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд тэрнээс болоод зодоон үүссэн. ... Бид хоёр зодолдож байхад намайг Батцогт нь бүсэлхий хэсгээр тэврээд авахаар нь би зөрүүлж тэвэрч аваад өргөж байгаад шидэхэд нүүрэн тус орчмоор шатны ирмэг хэсгээр уначих шиг болсон. Тэгээд босож ирэхээр нь харахад нүүрнээс нь аймаар цус гарчихсан байсан. Газар унагаахаасаа ... гараа атгаж байгаад нүүрэн тус газар руу 2 удаа цохисон, хэвлий орчимд нэг удаа өвдөглөсөн. Өөр цохиж зодоогүй ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 241-242-р хуудас/ 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өгсөн:

“... Ээжийн дүүгийн хүүхэд Дарамбазарыг Нямдаа нь хэрүүл өдөөд цохиод авахаар нь Нямдаатай маргалдаж байтал Доржжанцан нь голоор орж ирж салгаад Дарамбазар луу найзууд хэрэлдүүлж, зодууллаа гээд дайраад байсан. Би ... Нямдаатай маргалдаад цохих гэж байгаад андуураад Доржжанцанг цохичихсон. ... Шинжээчийн дүгнэлтээр гарч ирсэн баруун ташааны зулгаралт нь намайг цохиж газар унаснаас болж үүссэн байх ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 210-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Отгонбаатарын өгсөн: “...Би найз охин Мөнгөнцэцэг, түүний дүү Мөнгөнтуяа нарын хамт Баянгол дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” караокед 2016 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө, шөнийн 02 цагийн үед орсон юм. Ингээд караокед сууж байгаад 04 цагийн үед гарах гээд байж байтал дүү Мөнгөнтуяагийн найзууд гэх хоёр залуу орж ирээд, өөр газар орж сууя гэхээр нь “ах нь харьлаа, цуг явахгүй, явах болчихлоо гээд” караокенээс гартал араас гарч ирээд “цуг явъя ахаа” гээд гараад ирэхээр нь “үгүй ээ ах нь одоо харьлаа” гэсэн. Караоке нь подвальд байдаг тул гарах гэж байхад дотор талын шатан дээр цуг өөр газар орье гэж асууж байсан алаг эрээн цамцтай залуу миний шууд баруун талын шанаа хэсэг рүү 4-5 удаа цохих үед /аль гараараа цохисонг хараагүй/ газар унахад тэр чигээрээ нүүр лүү гараараа цохиод байсан. Цаанаас Мөнхтуяа гарч ирээд салгах үед манаралтын байдалд ороод, шатан дээр сууж байхад нөгөө хэд хоорондоо юу болсон гээд маргалдаад байхаар нь би гадагшаа гартал цуг явж байсан биеийн тамирын өмд, цамцтай залуу нь зогсож байхаар нь “хүн явъя гээд байхад явуулахгүй яах гээд байгаан” гэхэд “явахгүй тэрнээс чинь болоод ийм асуудал боллоо” гэж хэлээд байж байтал араас нөгөө эрээн цамцтай залуу нь гарч ирэхэд биеийн тамирын цамцтай залуу нь миний өмсөж явсан цагаан өнгийн женсэн костьюмархуу загвартай цамцнаас татаад, нөгөө эрээн хувцастай залуу нь ахиад хүрч ирээд, өшиглөөд унагаасан. Тэгээд юу болсонг мэдэхгүй, хэвлийн хэсгээ дараад хэвтэхэд дээрээс дэвсээд байсан. Хоёулаа дэвсэж байсан эсэхийг мэдэхгүй. Ингээд нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн ба хэрэг гарсан өдрөөс хойш 2 хоног хэвтээд цагдаад хандсан. ... Би тэр хоёр залууг хэл амаар доромжилсон зүйлгүй. Өөр газар орж сууя гэхээр нь “ах нь харьлаа, хэмжээ болсон байна, орой болсон харьлаа” л гэж хэлсэн, тэрнээс биш хэл амаар доромжилж, дайрч давшилсан зүйл байхгүй. Хамт явж байсан Мөнгөнцэцэг, Мөнхтуяа бид 3 караокед байхдаа хүний 4-5 ширхэг пиво уусан. Гэхдээ биеэ аваад явах бүрэн чадвартай байсан. Сүүлд ирсэн 2 залуу архи уусан байсан. Хэр зэрэг уусанг мэдэхгүй. Намайг зодсон залуугаас эмчилгээний 250,000 төгрөг болон зураг авахуулсан, эм тариа, цаашид хамар болон шүд засуулах мөнгө нийлээд 600,000 төгрөгийг нэхэмжилж байна. ... Дондовыг би зодоон болж байх үед найзыгаа аваад яв гээд түлхсэн. Өөр ямар нэгэн зодоон цохион хийсэн, түлхсэн, алгадсан асуудал байхгүй. Тухайн үед бол Дарамбазарт гараараа болон хөлөөр нь цохиулчихаад манараад юу болсон талаар бол мэдэхгүй байгаа, тоосгыг хаанаас авсан яасан талаар бол мэдэхгүй байгаа. Бид 3 хүний 4-5 ширхэг пиво уусан байсан. Тооцоог бол би өөрөө хийгээд гарсан.  ” /хх-ийн 13-14, 61, / гэсэн,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Мөнгөнцэцэгийн өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” караокед найз залуу Отгонбаатар, төрсөн дүү Мөнгөнтуяа нарын хамт нийтийн караокед нь дуулж суусан. Караоке хаах болоод 04 цагийн үед бид гурвыг “гараарай хаах гэж байна” гэж /зөөгч шиг санагдаж байна/ хэлэхээр нь “за” гэж хэлээд гарах гэтэл дүү Мөнгөнтуяагийн найз гэх 2 залуу караокед орж ирээд цуг сууя гэхэд караоке хааж байсан тул манай найз залуу “харъя, одоо болсон” гэж байсан. Би тухайн газар хоол идэх гээд дээд талын үүдний цайны газарт ороод сууж байтал 15-20 минутын дараа үүдэн хэсэгт хүн маргалдах чимээ гарахаар нь яваад очтол караокенээс дээшээ гарч ирдэг шатан дээр манай найз залуу Отгонбаатар, дүү Мөнгөнтуяагийн найз гэх залуутай хоорондоо маргалдаад зодолдож байсан. Ингээд би дундуур нь орж салгах гээд очих үед доод талаас дүү Мөнгөнтуяа гараад ирсэн нөгөө найзыгаа барьчихсан байхаар нь найз залуу Отгонбаатарыг хаалгаар гаргасан юм. Тэгтэл нөгөө зодсон залуу нь “би наад залууг чинь ална” гээд дайраад байхаар нь гаргахгүй гээд ноцолдож байх үед миний гар болон хөлрүү цохиод байсан ба хаалгаар гаргахгүй гээд араас зүүн гараас нь хоёр гараараа бариад зуурах үед хаалганы наана цаана байсан тул намайг эргэж харсанаа хамарлуу мөргөөд найз залуу Отгонбаатарын араас гүйгээд очсон. Би тухайн үед мөргүүлээд хойшоо ухаан алдаад унасан ба хэсэг хугацааны дараа дүү Мөнгөнтуяа сэрээгээд босоод манаралтын байдалд орж хэсэг дотор зогсож байгаад гараад хартал найз залуу Отгонбаатарыг газар унагаагаад зодож байсанаа цаашаа явж байхаар нь гүйж очоод Отгонбаатарыг босгох гэтэл босохгүй ухаан алдсан байхаар нь сэргээх гээд байж байтал түргэний машин ирээд бид хоёрыг аваад явсан. Надад учирсан гэмтлийг дүү Мөнгөнтуяагийн найз Дондовын найз Дээгий гэх залуу хаалгаар гаргахгүй гэтэл эргэж хараад мөргөж гэмтээсэн. Тухайн үед мөргөж байгаа үеийг харсан хяналтын камерын бичлэг байгаа. ...Би Дээгий гэгчтэй нь хэл амаар доромжилж маргалдсан зүйл байхгүй. Тэр хоёр залууг орж ирэх үед караокеноос гарах гэж байсан тул зөрөөд гараад явсан. Ямар нэг байдлаар хэрүүл маргаан үүсгээгүй ба найз залуу хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Намайг зодсон залууд гомдолтой, эмчилгээний зардалаа Дээгий гэх залуугаас нэхэмжлэх болно. ...Бид нар нэг хүний 5-6 шил пиво уусан байсан нэг их согтоогүй өөрсдийгөө хянах чадвартай байсан ...” гэх /хх-ийн 16-17, 62/

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Батцогтын өгсөн:

“... намайг гарч ирэхэд Даваасүрэн, Доржоо, Дарамбазар 3 маргалдаад байсан. Тэгтэл Даваанаа Доржоог шанаа руу нь 1 удаа цохьсон. Би тэгэхээр нь ойртоод “та хэд яагаад Доржоог зодоод байгаа юм” гэхэд Дарамбазар “чи юу юм” гээд миний толгойг уургалж байгаад зүүн нүд рүү 3, 4 удаа цохьсон. Тэгээд хойшоо суугаад босоод иртэл миний зүүн нүднээс цус гарч байсан. Тэгээд 1 хартал Дарамбазар Доржоог унагаачихсан тэр 2 зууралдаад байсан. Тэгэхээр нь хөөе болиоч гэтэл Дарамбазар над дээр ирээд миний зүүн нүд рүү ахиад цохиод авсан. Цохисныхоо дараа зам гараад яваад өгсөн. Доржоо бид 2 шууд гэмтэл орсон. Намайг өөр цохьсон хүн байхгүй. Яг юугаар цохьсныг би мэдээгүй, сайн санахгүй байна. Нүүрнээс маш их цус гарсан. Надад учирсан гэмтлүүд Дарамбазартай маргалдаж зодолдох үед үүссэн. Сүүлд Дарамбазартай уулзахад барьцалдаж аваад маргалдах үед цохиж аваад хавирч газар унагаасан гэж ярьсан. Хавирч унагааснаас болж газар унаад хагарсан шилэн дээр унасан байж магад. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 6 сая төгрөг өгсөн байгаа. Одоо биеийн байдал хэвийн, сорви үлдсэн байгаа ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 148-149, 200-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Доржжанцангийн өгсөн:

“... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Даваасүрэн цохьсноос болж газар унасан. Түүнээс болж дээрх гэмтлүүд үүссэн. Даваасүрэн бид 2 маргалдаагүй, анх Даваасүрэн, Нямдаа 2 маргалдаад зодолдохоор нь голоор нь орж салгасан. Яагаад зодолдох болсон гэвэл Дарамбазар Нямдаатай маргалдаж, Нямдаа нь цохиж авахад Даваасүрэн нь хамаатны хүүхэд цохилоо гээд маргалдсан байсан. Ингээд би Дарамбазартай найзууд хооронд нь маргалдуулж зодолдууллаа гээд хэрэлдэх үед хажуу талаас 1 хүн цохих шиг болсон. Тэгээд би сүүлд ухаан алдчихсан байдалтай хэвтэж байсан. Хэн цохисон талаар мэдэхгүй байсан ба сүүлд ойлгоход Даваасүрэн цохисон байсан. Үзлэгийн 3 дугаар дээр байгаа шатан дээр унасан. Хагарсан шил байсан талаар анзаарч хараагүй. Би хэрүүл эхлүүлээгүй Даваасүрэн, Нямдаа, Дарамбазар 3-ын дунд хэрүүл маргаан болохоор найзуудыг хооронд нь хэрэлдүүллээ гээд Дарамбазар руу уурласан зүйл бол байгаа. Эмчилгээний зардал 752,000 төгрөг гарснаас ээж нь 370,000 төгрөг төлсөн. Одоо 452,000 төгрөг Даваасүрэн барагдуулвал гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151, 201-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнгөнтуяагийн өгсөн:

“...2016 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед өөрийн төрсөн эгч Мөнгөнцэцэг, түүний найз залуу Отгонбаатар нарын хамт хорооллын эцсийн “Макс” гэдэг нийтийн караокед нэг хүний 5-6 шил нийслэл пиво уунгаа дуулж байгаад шөнийэ 02 цаг өнгөрч байх үед найз Довдон руу яриад “намайг хүрч ирээд авчих” гэсэн юм. 4 цагт баар хаахаас өмнө Дондов, Дээгий гэх зүс таних залуутай ирчихсэн байсан. Тэгээл орж ирээд удаагүй гарахаар болоод Мөнгөнцэцэг түрүүлээд гараад явчихсан байхаар нь араас нь Отгонбаатар Дондовын найзтай нь хамт гарсан. Дондов бид 2 араас нь хамтдаа гараад ирсэн чинь нөгөө цуг ирсэн найзтай нь Отнонбаатар баарны коридорт зодолдож байхаар нь би орж салгаад найзыг нь үлдээгээд Отгонбаатарыг аваад гадаа гарсан. Отгонбаатарын араас тэр Дээгий гэдэг найз нь гарах гээд байхаар нь Мөнгөнцэцэг гаргахгүй араас нь зууралдаж байхад эргэж хараад нэг удаа мөргөөд унагаасан. ...Яг юунаас болж маргалдах болсон талаар бол мэдэхгүй байна, дотор маргалдсан муудсан зүйл байхгүй, гадаа гараад ирсэн чинь зодолдож байсан. Отгонбаатартай бол Дарамбазар л зодолдсон, Дондов бол гар хүрээгүй гэсэн. Тэр хоёрыг гаднаас орж ирэхэд Отгонбаатар мангар бацаанууд гээд байсан. гэж Дондов хэлж байснаас би бол сонсоогүй ...” гэх /хх-ийн 30/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Дондовын өгсөн:

“...Дарамбазарыг бид нар Дээгий гэж дууддаг бөгөөд Дээгий бид нар хамаатныхаа нэг бандитай болон нэг найзтайгаа 22 цагийн орчимд Хайлаастын эцэст 4 ширхэг том пиво уучихаад байж байхад Мөнгөнтуяа гэх манай нэг найз эмэгтэй 23 цаг гэж байхад намайг “хорооллын эцэст хүрээд ир” гээд дуудаад байхаар нь Дээгийг дагуулаад бид хоёр 00 цаг өнгөрч байхад хэлсэн газар нь очиход Мөнгөнтуяа нэг залуу нэг эмэгтэй хоёртой гурвуулаа нилээн согтуу байж байсан. Ширээн дээр нь бараг 30 шахуу пивоны шил байсан. Тэгээд би “ямар их пиво уусан юм” гээд ширээнд нь очоод суусан чинь тэнд байсан залуу нь “хоёр бацаан, жоохон хүүхдүүд байна” гэх зэргээр сонин сонин юм яриад байхаар нь би Дээгийд “битгий тоогоорой наадах чинь согтуу юм байна” гэж ярьчихаад жоохон байж байгаад гарахаар болоод Мөнгөнтуяа бид 2 тооцоог нь хийх гээд текен дээр нь үлдсэн тэр 3 гараад явсан. Тооцоог нь хийчихээд араас нь гараад очсон чинь Дээгий нөгөө залуутай бие биенээ цохиод зодолдох гээд зогсож байхад нь эхнэр нь дундуур нь орж салгах гээд байж байхад бид 2 очоод салгасан. Эхнэр нь их согтуу “би мөнгөтэй хүн та 2-ыг шоронд суулгана” гээд орилоод байсан. Нөгөө залуу нь ирээд намайг 2,3 удаа цохиод “мангар бацаан, ална” гээд дайраад байхаар нь би холхон очоод байж байсан чинь Мөнгөнтуяа ирэхээр нь хамт зогсоод байж байтал нөгөө залуу надруу ирээд дайраад байхад нь Дээгий цаанаас гүйж ирээд араас нь нэг удаа гараараа цохиод унагаачихсан. Тэгсэн нөгөө залуу босж ирээд чулуу шидээд дахиаж чулуугаар цохих гээд байхаар нь Дээгий зугтааж байгаад дахиад нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би Дээгийг хориод ардаа гаргаад байж байтал эхнэр нь гүйж ирээд та нар хүн алла та 2-ыг шоронд хийнэ гээд орилоод байсан. Нөгөө залуу нь сууж байхад цагдаа дуудсан гэсэн чинь нөгөө залуу сууж байснаа шууд хойшоо газар хэвтчихээд босож ирэхгүй байсан ...” гэх /хх-н 31/

 

            Мөрдөн байцаалтад гэрч А.Алтан-Одын өгсөн:

            “... Манай эмнэлэгт Батцогт, Доржжанцан нар нь 7 хоног эмчлүүлсэн. Гэмтчихээд шууд ирээгүй ба анх ирэхэд Батцогтын биеийн байдал хүндэвтэр байсан. Толгой болон нүүрний зүүн тал битүү боолттой, 2 нүд нь нилээн хөхрөлттэй хавдсан байсан. Доржжанцангийн биеийн байдал бас хүнд байсан. Цээж, хүзүү хэсгийн арьс дор нь их хэмжээнийхээ хий хуримтлагдсан байсан. Доржжанцан нь зүүн хацартаа 1 см орчим зүсэгдсэн шархтай, тэр хэсэгтээ нилээн хавдартай ирсэн. Батцогтын зүүн нүдний эргэн тойронд болон дух чамархай орчим нийт 40 орчим косметик оёдол тавьсан. Доржжанцангийн зүүн хацарт 2 оёдол тавьсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 153-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Нямдаагийн өгсөн:

            “... Манай эмнэлэгт Батцогт, Доржжанцан нар нь 7 хоног эмчлүүлсэн. Гэмтчихээд шууд ирээгүй ба анх ирэхэд Батцогтын биеийн байдал хүндэвтэр байсан. Толгой болон нүүрний зүүн тал битүү боолттой, 2 нүд нь нилээн хөхрөлттэй хавдсан байсан. Доржжанцангийн биеийн байдал бас хүнд байсан. Цээж, хүзүү хэсгийн арьс дор нь их хэмжээнийхээ хий хуримтлагдсан байсан. Доржжанцан нь зүүн хацартаа 1 см орчим зүсэгдсэн шархтай, тэр хэсэгтээ нилээн хавдартай ирсэн. Батцогтын зүүн нүдний эргэн тойронд болон дух чамархай орчим нийт 40 орчим косметик оёдол тавьсан. Доржжанцангийн зүүн хацарт 2 оёдол тавьсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 153-р хуудас/

 

 Мөрдөн байцаалтад шинжээч эмч Н.Туяагийн өгсөн:

 “...Отгонбаатар, Мөнгөнцэцэг хоёр хүний биед учирсан байсан гэмтэл зовиураас гэмтлийн зэргийг тодорхойлсон. Тухайн үед цээжний рентген зураг болон хамрын рентген зураг авахуулж ирээгүй тул энэ гэмтлүүдийг тодорхойлох боломжгүй. Мөнгөнцэцэг хамар муруйсан гэж өөрөө хэлж байснаас биш нүүрэнд ил харагдах гэмтэл бол байгаагүй ...” гэх /хх-ийн 63/

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Золжаргалын өгсөн:

 “...М.Батцогтын духны зүүн дээд хэсэгт 2.0 см, зүүн хөмсөгний дотор хэсэгт 4.5 см, зүүн нүдний доод зовхинд 7.0 см урттай шарх үүссэн ба эдгээр шархнууд нь бүгд ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Надад үзүүлэх үед Батцогтын биед ямар нэгэн хуучин гэмтэл шарх байгаагүй. М.Батцогтын духны хэсэгт 2.0х0.1 см, 1.0х0.1 см, зүүн шанаанд 1.0х0.1 см хүрэн улаан өнгийн зулгаралтууд үүссэн ба эдгээр нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-р хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 8684 тоот:

1. Отгонбаатарын биед хамрын зөөлөн эдийн няцрал, таславчийн муруйлт, хамар зовхинд цус хуралт, уруул зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /1-р хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн шинжээчийн 8683 тоот:

1. Мөнгөнцэцэгийн биед бугалага, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /1-р хх-ийн 22/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 14163 тоот:

1. Ө.Доржжанцангийн биед зүүн хацарт шарх, цээж, баруун ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” /1-р хх-ийн 135/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 14164 тоот:

1. М.Батцогтын биед дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, дух, зүүн шанаанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой ...” /1-р хх-ийн 136/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 178 тоот:

1. Н.Туяагийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан №8683 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөнгөнцэцэгийн биед бугалага, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            2.3.4.5. Э.Мөнгөнцэцэгийн хамарт гэмтэл тогтоогдсонгүй ...” /1-р хх-ийн 205р хуудас/ гэсэн дүгнэлт,

 

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах бүртгэлийн хуулбар

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, /1-р хх-ийн 67-р хуудас/

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 68-р хуудас/,

- Прокурорын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 323 дугаар Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол  /1-р хх-ийн 115-р хуудас/

- Хохирогч М.Батцогт, Ө.Доржцанцан нарын хохирлын баримтууд /1-р хх-н 131-134-р хуудас/

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 142-146-р хуудас/

- Шүүгдэгч Б.Даваасүрэн хохирогч Ө.Доржжанцанд хохирол нөхөн төлсөн баримт /1-р хх-н 188-р хуудас/

- Шүүгдэгч А.Дарамбазар хохирогч М.Батцогтод хохирол нөхөн төлсөн баримт /1-р хх-н 195-196-р хуудас/

- Мөрдөн байцаагчийн утсаар ярьсан тэмдэглэлүүд /1-р хх-н 227-229-р хуудас/

- Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 7-1/415 тоот албан бичиг /1-р хх-н 246-р хуудас/

- “Галт Уран Хүлэг” ХХК-ийн тодорхойлолт /1-р хх-н 247-р хуудас/

-

 

Шүүгдэгч А.Дарамбазарын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Д.Амарсайханы өгсөн:

“ ... Манай хүү А.Дарамбазар нь Өвөрхангай аймгийн  Харинхорин суманд 10 жилийн сургууль төгсөөд Дархан-Уул аймагт барилгын коллежийг гагнуурчин мэргэжлээр төгссөн. ... Дарамбазар нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Жаахан шартай байж магадгүй. Зан аашийн хувьд зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм...  гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттулгын өгсөн:

 ... Г.Чимэддорж төлөв даруу зан ааштай. Хэдэн өнчин дүү нараа харж хандан 1000 машины зогсоол дээр хүний машин зардаг ажил хийж амьдралаа авч явдаг. ... Хувь хүний хувьд хүнд тусархуу сайн залуу юм.  10 жилийн сургуулиа Цогт суманд төгсөж, их дээд сургуульд сураагүй ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 42 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх лавлагаа /1-р хх-ийн 54-р хуудас/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 43-р хуудас/

- Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 44-47-р хуудас/

- Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дугаар Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1-р хх-н 70-71-р хуудас/,

- А.Дарамбазарын АСАП сангийн лавлагаа /1-р хх-н 171-172-р хуудас/ зэрэг,

 

Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бат-Эрдэний өгсөн:

 ... Хосбаяр 2012 онд Лхагвабадамтай гэр бүл болж тусдаа амьдарч байгаа, 1 хүүтэй. Олон үггүй тайван дөлгөөн зантай ...  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 184-р дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /1-р хх-ийн 213 дугаар хуудас/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх лавлагаа /хх-ийн 86-р хуудас/

- Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 194 дүгээр хуудас/

- Б.Даваасүрэнгийн АСАП сангийн лавлагаа /1-р хх-н 181-183-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч А.Дарамбазар нь 2016 оны 6 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Маск” караокед бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, уг караокегоор үйлчлүүлээд гарах гэж байсан иргэн А.Отгонбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

2016 оны 6 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Маск” караокед бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Э.Мөнхцэцэгийг эсэргүүцэн цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мама” рестораны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн М.Батцогтыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

шүүгдэгч Б.Даваасүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мама” рестораны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Ө.Доржжанцанг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Дарамбазарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч А.Отгонбаатар, Э.Мөнгөнцэцэг, М.Батцогт, Ө.Доржжанцан, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт, гэрч Б.Мөнгөнтуяа,  Ж.Дондов, А.Алтан-Од,  Э.Нямдаа, шинжээч эмч Н.Туяа, М.Золжаргал,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 8684 тоот, 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн шинжээчийн 8683 тоот, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 14164 тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 178 тоот дүгнэлтүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах бүртгэлийн хуулбар, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 Мөн шүүгдэгч А.Дарамбазарт нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаагчийн утсаар ярьсан тэмдэглэлүүд, Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 7-1/415 тоот албан бичиг, “Галт Уран Хүлэг” ХХК-ийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн А.Дарамбазар, Б.Даваасүрэн нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч А.Дарамбазарыг  давтан үйлдлээр, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан, танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцсэн, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч Б.Даваасүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Дарамбазар нь хохирогч М.Батцогтод 6,000,000 төгрөг төлсөн, хохирогч Э.Мөнгөнцэцэг, А.Отгонбаатар нарт 800,000 төгрөг төлсөн ба хохирогч М.Батцогт, Э.Мөнгөнцэцэг, А.Отгонбаатар нар нь шүүгдэгч А.Дарамбазарт гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,

шүүгдэгч Б.Даваасүрэн хохирогч Ө.Доржжанцанд 750,000 төгрөг төлсөн, хохирогч Ө.Доржжанцан нь шүүгдэгч Б.Даваасүрэнд гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Дарамбазар, Б.Даваасүрэн нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож,

шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тус тус тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цорж овогт Амарсайханы Дарамбазарыг давтан үйлдлээр, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан,

танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцсэн,

бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Майга овогт Батбаярын Даваасүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Дарамбазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4-т  зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

шүүгдэгч Б.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар А.Дарамбазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялын зарим болох 5 /тав/ сарын хорих ялыг нэмж, нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Дарамбазар, Б.Даваасүрэн нарт оногдуулсан хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар А.Дарамбазар, Б.Даваасүрэн нарт нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн “1 ширхэг си-ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар А.Дарамбазарт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст,

Б.Даваасүрэнд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Дарамбазар, Б.Даваасүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Дарамбазар, Б.Даваасүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ