| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/04203/И |
| Дугаар | 102/ШШ2019/00130 |
| Огноо | 2019-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2019/00130
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Есөн булаг 9 дүгээр баг, жижиг дунд үйлдвэрлэлийн гудамж, Ажилсаг төвд байрлах, “Б” ХХК /РДийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 53а байр,0 тоотод оршин байх, “Ж” ХХК /д холбогдох,
89,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н хариуцагчийн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ншүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай” захирамжаар “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг шалгаруулах комисс”-ын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэгдэн дэмжигдсэн 14 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд нийт 560,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгохоор болж мөнгийг “Б” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Ингээд төсөлд шалгарсан хариуцагч “Ж” ХХК-тай “Б” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №ХОЗГ-01/01 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” байгуулсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №ХОЗГ-01/02 тоот барьцааны гэрээ, №ХОЗГ-01/03 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-г тус тус байгуулсан. Гэрээний дагуу 95,000,000 төгрөгийг цагаан будаа тариалж үйлдвэрлэх үйлдвэр байгуулах зорилгоор хариуцагч “Ж” ХХК-д шилжүүлсэн. Хариуцагч хүлээн авсан зээлийг Баянхонгор аймаг, Баянлиг сумын Лигийн гол нэртэй газар тариа, будаа тарихад зарцуулах ёстой байсан. Энэхүү зээл нь Баянхонгор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гардаг, ямар нэг хүү байхгүй, зөвхөн тухайн орон нутгийг хөгжүүлэхэд буюу төслийн үйл ажиллагаанд зарцуулагддаг хөрөнгө юм.
Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Төрийн аудитын газраас манайд зөрчил арилгуулах шаардлага ирсэн. Уг шаардлагад “Ж” ХХК нь төсөл хэрэгжүүлэхээр авсан 95,000,000 төгрөгийг зарцуулахдаа холбогдох журмыг зөрчсөн гэсэн байсан. Тодруулбал, 2018 онд хуанлийн 60 хоног эхлээд байхад ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байна гэсэн. Ингээд үндсэндээ аудитын газраас бидэнд шаардлага ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ер нь бол хариуцагч компани гэрээг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Хариуцагч хүлээн авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан, ноцтой зөрчил гаргасан зүйл биднийг хяналт тавьж байх хугацаанд ажиглагдаагүй. Хариуцагчийн зүгээс гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд бид 95,000,000 төгрөгийн шаардлагаа багасгаж үлдэх 89,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагчаас 89,000,000 төгрөгийг төслийн санхүүжилтийг хууль бусаар ашигласан, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр буцаан шаардаж байна.Хариуцагч 2017 онд зээлийг авснаас хойш тариалалт хийх зориулалттай хиймэл нуурын даланг өөрийн зардлаар янзалсан, тодорхой хэмжээний мод, бут тарьсан нь үнэн. Энэ талаар маргахгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оноос эх орондоо цагаан будааны тариалалт хийж болох эсэх талаар судалгаа хийсэн бөгөөд Баянхонгор аймгийн Баянлиг сум, Шинэжинст сум, Говь-Алтай аймгийн Цогт сум, Шарга сум, Ховд аймгийн Буянт, Булган зэрэг сумуудын усалгааны систем бүхий тариалалтын талбайд цагаан будаа ургах боломжтой гэж дүгнэсэн. Бидэнд хийсэн ажил, туршлага, боломж байсан учраас нэхэмжлэгч тал хуульд заасан үндэслэл, журмын дагуу бидэнтэй төслийн зээл олгох тухай 95,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Бид зээлийг зүгээр ч аваагүй, тодорхой хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээ барьцаалж авсан. Ингээд зээлийн мөнгө нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орж ирсэн. Үнэндээ бол зээлийн мөнгө орж ирэхэд тариалтын хугацаа нь дуусчихсан байсан. Үүнийг ямар ч тариалан эрхэлдэг хүн ойлгоно. Гэсэн хэдий ч бид зүгээр суугаагүй. 5 сортын цагаан будаа тариалж, 20 гаруй хүнийг ажлын байраар хангасан. 2017 оны хавар Баянлиг сумын тариалалтын талбайн усалгааны эх үүсвэр болох нуур сэтэрч ус хуримтлуулах боломжгүй болсон байсныг манай компани нутгийн иргэдийг хөлслөн авч нийт 20,000,000 гаруй төгрөгөөр засан ашиглалтад оруулсан. Үүний үр дүнг нутгийн иргэд хүртэж 2017, 2018 онуудад сумын иргэд тариалалтын талбайгаа бүрэн ашиглаж ургац арвин хурааж авсан гэдгийг бүгд мэднэ. 2017, 2018 онуудад бид цагаан будааны үрийг БНХАУ-аас оруулан ирж туршилт хийн ажилласан, одоо ч ажиллаж байна. Үүнээс гадна бид тариалангийн талбайг салхинаас хамгаалж жимсний 40 мод, бут тарьсан. Мөн бид халтар арвайн үр тарьж байгаа. Энэ талаар хэрэгт зургийг өгсөн. Нэхэмжлэгч тал өөрсдөө газар дээр нь очоод үзсэн, мэдэж байгаа. Тэгэхээр төслийн мөнгө зориулалтын дагуу ашиглагдаж байгаа. Бидний хийж байгаа ажил өргөн хэмжээний, Монгол улсад анх удаа хийгдэж байгааг бүгд л мэднэ. Гэтэл дөнгөж ажил эхлээд, гэрээний эргэн төлөлтийн хугацаа нь ч болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Бидний хийж буй ажлыг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ч дэмжиж байгаа, энэ талаараа нэхэмжлэгч рүү бичиг явуулсан нь хэрэгт авагдсан байна. Дахин хэлэхэд бид цагаан будааны тариалалтад зориулж авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд судалгаа туршилтын ажил нэг ч өдөр зогсохгүй үргэлжилж байгаа. Мөн хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/48 тоот албан бичгээр зарцуулалтын тайлангийн хамтаар хүргүүлсэн. Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтэнгүүдтэй хамтран судалгаа явуулж, стратегийн бүтээгдэхүүн гэж үзэж болохуйц цагаан будааг нутагшуулан тариалах, үйлдвэрлэх, улмаар хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, эрүүл, чанартай, баталгаатай, гарал үүсэл нь тодорхой цагаан будаагаар хэрэглэгчдийг хангах, Монгол улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт цагаан будаа хэмээх шинэ салбар бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын орлогын түвшинг сайжруулах, бодит үнэ тогтоох зэрэг олон давуу талыг гарган ажиллаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай” А/484 дүгээр захирамжаар Монгол улсын жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.6, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/2 дугаар “Аймгийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 3 дугаар хавсралтын 27 дугаар зүйл, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 97 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг шалгаруулах комисс”-ын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэгдэн дэмжигдсэн 14 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд нийт 560,000,000 төгрөгийн санхүүжилтийг “Аймгийн төсвийн ангилагдаагүй зардал”-аас “Б” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр болжээ.
Хариуцагч “Ж” ХХК нь дээрх 14 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн жагсаалтад багтсан байна.
Дээрх шийдвэрийн дагуу нэг талаас “Б” ХХК нөгөө талаас “Ж” ХХК-иуд 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №ХОЗГ-01/01 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” байгуулсан ба 95,000,000 төгрөгийг цагаан будаа тариалж үйлдвэрлэх үйлдвэр байгуулах зорилгоор хариуцагч “Ж” ХХК хүлээн авсан эсэх талаар зохигчид маргаагүй.
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №ХОЗГ-01/02 тоот барьцааны гэрээ, №ХОЗГ-01/03 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”-г тус тус байгуулсан байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд ипотекийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулж 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №ХОЗГ-01/01 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ”-ний үүргийг буюу 95,000,000 төгрөгийг шаардсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч 6,000,000 төгрөгийг буцаан төлсөн” гэсэн үндэслэлээр шаардлагын хэмжээгээ 89,000,000 төгрөг болгон багасгасан.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч төслийн санхүүжилтийн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, хугацаандаа төслийг хэрэгжүүлээгүй тул төслийн дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байна” гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ”-г цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан гэж үзэхээр байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагчийн төлөөлөгч өөрийн татгалзлаа “...2017, 2018 онуудад хөрөнгө оруулалтын зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа, зээл хэвийн төлөгдөөд явж байна” гэж тайлбарлав.
Шүүхээс дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг, мөн хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэйг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд заасан.
Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бид зээлийг авснаас хойш тариалалт хийх зориулалттай хиймэл нуурын даланг өөрийн зардлаар янзлах, тариалангийн талбайг салхинаас хааж мод тарих, будаа тарих, будааны шинэ сортыг гаргаж авах зэрэг ажлуудыг хийж байгаа” гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үгүйсгээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Аудитын газраас бидэнд шаардлага ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, ер нь бол хариуцагч компани гэрээг ноцтой зөрчсөн зүйл байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн.
Мөн хариуцагчийн зүгээс гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн буюу зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа тал дээр зохигчид маргаагүй.
Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэг талын санаачилгаар цуцлах ноцтой нөхцөл байдал одоогоор үүсээгүй гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч “Ж” ХХК-иас гэрээний үүрэгт 89,000,000 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Б” ХХК-ийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор 602,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч “Ж” ХХК-иас гэрээний үүрэгт 89,000,000 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас 602,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ