| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/03672/И |
| Дугаар | 102/ШШ2020/00031 |
| Огноо | 2019-12-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2020/00031
| 2019 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2020/00031 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух Хт овогт Д-ийн О /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Гт холбогдох,
2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.О нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүлд санхүүгийн нэгдэл банк бус санхүүгийн байгууллага ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг 1 сарын 4,5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр байр, 52 тоот хаягт байршилтай 89.9 метр квадрат талбайтай гурван өрөө орон сууцыг тавьсан. Ажлын санхүүжилт орж ирэхгүй байснаас болж мөнгөө төлж чадахгүй байсан. Улмаар 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2019/00596 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээгээ баталуулсан байдаг. Мөн ажлын санхүүжилт орж ирэхгүй байсны улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Банк бус санхүүгийн байгууллага нь 104,000,000 төгрөг дээр байрыг нь авах, мөн найз нь 105,000,000 төгрөгөөр худалдаж авах гэсэн боломжууд байсан. Гэтэл эдгээр боломжууд байсаар байтал маш хурдан хугацаанд анхан болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулж байрыг зарсан. Банк бус санхүүгийн байгууллагаас мөнгөндөө оруулаад авсан байсныг нь сүүлд нь мэдсэн. Тэгээд байрандаа очоод хувцсаа авах гэсэн боловч байрны код өөрчлөгдсөн байсан. Дараа нь банк бус санхүүгийн байгууллагаас хувцсаа ирж аваарай гэхэд нь очиж авсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийг нилээн зөрчсөн гэж үзэж байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн орон сууцыг 2 удаагийн дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ. гэж зааснаар 2 удаагийн дуудлага худалдааны тогтоол бүрийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх ёстой байсан. Энэ ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, Ё.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00596 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэж явуулсан. Төлбөр төлөгч Д.О нь төлбөрөө сайн дураараа төлөөгүй учраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19 дүгээр байрны 52 тоот хаягт байрлах, 89.9 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу битүүмжилж, хураагаад талуудаас үнийн саналыг авахад Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар харилцан тохиролцоогүй улмаас шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээг хуулийн хугацаанд мэдэгдсэн. Анхны болон хоёр дахь дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан. Хоёр дахь дуудлага худалдаагаар тухайн барьцаа хөрөнгө худалдан борлуулагдсан. Төлбөр төлөгч талаас дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа бол шүүхийн шатанд ирэхээс өмнө манай шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байхад өргөдөл гомдолоор шийдэх ёстой байсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Харин хариуцагч Н.Ш.Ш.Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00596 дугаар захирамжаар нэхэмжлэгч Сүлд банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 103,877,262 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлага 103,877,262 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 60,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 43,877,262 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19-52 тоот хаягт байрлах 89.9 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн биелэлтийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 102/ГХ2019/00328 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н.Ш.Ш.Г.Г 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 19250563 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 19250563/03 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 19-52 тоот хаягт байрлах 89.9 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн, мөн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19250563/04 дүгээр тогтоолоор хураасан, мөн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн. Улмаар барьцаа хөрөнгийг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 10.00 цагт анхны дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 9/26 дугаар тогтоол үйлдсэн, үүнийг төлбөр төлөгч, төлбөр авагчид болон улсын бүртэглийн газарт мэдэгдсэн, мөн 2 дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 10.00 явуулах тухай 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10/17 дугаар тогтоолыг үйлдсэн, үүнийг төлбөр төлөгч, төлбөр авагчид мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.
Төлбөр төлөгч Д.О нь ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан журмыг Н.Ш.Ш.Г.Г зөрчиж, албадан дуудлага худалдааны талаар улсын бүртгэлийн газарт мэдэгдээгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар дуудлага худалдааны талаар улсын бүртгэлийн газарт мэдэгдсэн талаарх баримтыг хариуцагчаас гаргуулахад тус газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2/18257 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулах үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар хүргүүлж байна. гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Дээрх бичгээс үзэхэд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу Д.Оын барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 9/26 дугаар тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн нь тогтоогдож байна. Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г нь төлбөр төлөгч Д.Од холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хууль зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар Н.Ш.Ш.Г.Гт холбогдох 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР