Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Чингис, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Д.Чинзориг,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Э.Ундрахсайханы өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94,

шүүгдэгч Ч.Идэрбатын өмгөөлөгч Б.Дашдорж ҮД:07-47,

гэрч  Ж.Алтанцөгц,

хохирогч Х.Эрдэнэбилэг,

           шүүгдэгч Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат,

           иргэдийн төлөөлөгч  С.Амаржаргал, Д.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

          1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд  1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 31настай, эрэгтэй, халх , бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  Гонирын 3 дугаар баг 1-9 тоотод оршин суух оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Сэлэнгэ аймаг  дахь  Сум дундын  2 дугаар шүүхийн  2003 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж  шийтгэх  тогтоол биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамжаар  2 жил 9 сар 11 хоногийн ял эдлэх хугацаанаас  өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Эрэгсүрэнгийн Ундрахсайхан /РД:МЗ86120531/

         2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд   1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сум Жаргалмандахын 1 дүгээр баг 108 тоотод оршин суух оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Дархан-Уул аймаг  дахь шүүхийн  2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар  11 сар 06 хоногийн ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Чинбаатарын Идэрбат нарт /РД:МН94041411/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Эрэгсүрэнгийн Ундрахсайханд,  мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Чинбаатарын  Идэрбат  нарт   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625010220 дугаартай 105/2016/0122/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

         Э.Ундрахсайхан нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Идэрбаттай бүлэглэн, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн  Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглаж  Х.Эрдэнэбилэгийн зүүн бугалган тус газарт нь хутгалж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт ,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд –Дарь- Эхийн 6-912 тоотод  хохирогч Ч.Идэрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Ч.Идэрбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт ,

 Ч.Идэрбат нь ялтай байх хугацаандаа согтуугаар, Э.Ундрахсайхантай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглан, халбагыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний зүүн нүдний доор хатгаж, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ундрахсайхан мэдүүлэхдээ: Би 2016 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Зүүн хараагаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Дарь-Эх рүү хүргэн Алтанцөгцийн гэрт очиж хоносон. 17 өдөр өглөө 100 айл руу ажлын гэрээ хийхээр явсан. Орой 17 цаг өнгөрч байхад хүргэний гэрт очиход Алтанцөгц, Энхсайхан түүний эхнэр Лхагвасүрэн, Оюунгэрэл эгч, Лхагважаргал нар пиво уугаад сууж байсан. Би тухайн үед пиво уугаагүй 2 хүүхэдтэй  нь тоглоод зурагт үзээд сууж байтал 22 цаг өнгөрч байхад Лхагвасүрэн, Лхагважаргал хоёр гараад явсан. Тэгээд буцаж орж ирэхдээ 1 шил 0.75 л архи, 2 литрийн пиво дэлгүүрээс авчихлаа гэж ороод ирсэн. Тэгээд тэр авчирсан архи пивыг уугаад байж байтал эхнэр над руу залгаад хүүхдийн бие муу байна эмнэлэгт байна гэж ярьсан. Би эхнэртээ амрах гэж байна гэж хэлээд байж байтал над руу Дорнод аймагт байдаг эгч залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед Идэрбат гаднаас орж ирсэн. Би Идэрбатыг намайг Зүүн наран хүргээд өг гэж хэлсэн. Алтанцөгц надад үлдсэн архиа уугаад яв гэж хэлсэн. Тухайн үед хохирогч Эрдэнэбилэг гаднаас 2-3 удаа орж ирсэн. Алтанцөгц тухайн үед эхнэр Лхагважаргалтай хэрэлдээд байхаар нь боль гэж хэлсэн. Хохирогч гаднаас сүүлд орж ирэхдээ та нар одоо боль гэж хэлсэн. Лхагважаргал эд нар ингээд дээрэлхээд байдаг байхгүй юу гэж хэлсэн чинь Алтанцөгц, Лхагважаргалыг нүүр рүү нь алгадсан. Би Алтанцөгцийг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд бариад автал гаднаас 2-3 залуу орж ирсэн. Тэгээд миний араас нэг бор залуу орж ирээд боосон тэгэхэд хажууд Уньбат Алтанцөгц нар байсан. Би боолгуулаад газарт унасан. Намайг ухаан ороход гэрт Лхагважаргал, Лхагвасүрэн хоёр сууж байсан. Би гэрээс гарах гэтэл Лхагвасүрэн дүүгийг чинь аваад гарсан гэж хэлсэн. Би тэгэхээр нь шургуулга доор байсан хутга аваад гарсан. Тухайн үед намайг хутга авсныг хэн ч мэдээгүй. Намайг гарахад Алтанцөгц нь Идэрбатыг доороо хийчихсэн цохиж байсан мөн хажууд нь хохирогч Эрдэнэбилэг зууралдсан байхаар боль гэж хэлээд халааснаасаа хутгаа гаргатал нөгөө хоёр салгасан, Эрдэнэбилэгийг зууралдаад байхаар гар руу нь хутгаар зүссэн. Тэгээд би Идэрбатыг яасан талаар асуутал намайг зүгээр байхад нэг нь мөргөсөн гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Би Идэрбатыг зодсон зүйл байхгүй, мөрдөн байцаах шатанд хувилдаж ийм асуудал үүсгэсэн. Идэрбат энэ асуудал үүсгэсэн энэ талаараа өөрөө ярих байх гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Идэрбат мэдүүлэхдээ: Би 3 дугаар эмнэлгийн хажууд байдаг найз охиныхоо гэрт байж байтал орой 23 цагийн үед Ундрахсайхан залгаад ахыгаа Зүүн Наран руу хүргээд өг гэж хэлсэн. Би тэгэхээр нь надад таксины мөнгө байхгүй гэж хэлтэл зүгээрээ би төлнө гэж Ундрахсайхан надад хэлэхээр би очсон. Намайг гэрт нь ороход Энхсайхан, Алтанцөгц, Лхагвасүрэн, Лхагважаргал нар нь архи уугаад сууж байсан. Би Ундрахсайханыг явъя гэж хэлтэл Алтанцөгц Ундрахсайханыг ахаа та үлдсэн архиа уугаад яв гэж хэлсэн. Тэгээд архи уугаад сууж байтал гаднаас хохирогч Эрдэнэбилэг орж ирээд та нар уудаг газраа уу битгтй орилж шуугилдаад бай гэж хэлсэн. Алтанцөгц эхнэрээ дуугүй бай гэж хэлээд Лхагважаргалыг алгадсан. Ундрахсайхан чи яаж байгаа юм бэ гээд Алтагцөгцийг бариад авахад гаднаас 2-3 залуу орж ирээд намайг хажуу талаас цохисон би ухаан балартаад газарт унасан. Нэг мэдэхэд суганаас Ундрахсайхан өргөж босгосон тэгтэл үүдэнд цагдаагийн машин ирээд бид хоёрыг аваад явсан. Би Ундрахсайханд зодуулсан зүйл байхгүй. Мөрдөн байцаагч намайг Ундрахсайханд зодуулсан гэж хэл, 2 талын хохирогч болох юм бол чамайг хорихоос гаргана гэж хэлсэн. Би тэгэхээр нь Ундрахсайхан намайг зодсон талаар худал мэдүүлэг өгсөн гэв.

Шүүхийн  хэлэлцүүлэгт хохирогч Х.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ:  2016 оны 01 дүгээр сарын 17 өдөр Алтанцөгц гэдэг айл миний ээжийн хамаатан манай хашаанд байдаг. Орой ажлаа тараад гэртээ гал түлчихээд Алтанцөгцийн гэрт ороход Ундрахсайхан дүү нартайгаа сууж байсан. Би тэдгээр хүмүүстэй юм яриагүй жаахан дулаацчихаад гараад явсан. Ундрахсайхан манайд орж ирээд Ди Ви Ди аваад явсан. Алтанцөгцийн гэрт би 3 удаа орсон. Хэрэг 00 цагийн үед гараагүй 03 цагийн үед гарсан. Ундрахсайханы яриад байгаа бүлэг залуучууд болон Ундрахсайханыг боосон зүйл огт болоогүй. Намайг гэртээ байж байхад гаднаас Лхагважаргал орж ирээд гэрт хүн зодолдоод байна салгаад өг гэж хэлэхээр гэрт нь ортол Ундрахсайхан, Идэрбатыг боочихсон байсан. Намайг хараад тэр хоёр салсан. Тэгээд би буцаж гэр рүүгээ орсон. Тэгтэл гэрт удаагүй байж байтал Алтанцөгц гадаа аллаа гэж орилсон. Уньбат яасан юм бол гээд гэрийн хаалгыг онгойлгоход нэг хүн Уньбатыг татаж гаргасан. Би гайхаад хаалга татаж хаатал дахиж нэг хүн гаднаас татаад байхаар нь онгойлоход Ундрахсайхан гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгтэл нэг хүн намайг цохиж унагаасан би газарт унаад босож иртэл миний гар руу хутгалсан байсан. Босч ирээд би Идэрбаттай зууралдаж байхад миний араас нэг хүн ирээд цохисон мөн үсдэж байшин мөргүүлсэн. Би тухайн үед манарсан байсан 2 хүн ирээд намайг салгасан. Би ахынхаа гэрт орж ирэхэд гаднаас Ундрахсайхан, Идэрбат хоёр орж ирээд нэг мөсөн гүйцээчхий гэж хэлээд дайрсан миний ах түлхэж гаргасан. Тэгтэл цагдаа ирээд нөгөө хоёрыг аваад явсан. Миний зүүн гартаа хутгалуулсан мөн зүүн нүдэндээ гэмтэл авсан. Би хохиролд 1.200.000 төгрөг авсан. Одоо би хагалгаанд орох гэж байгаа энэ мөнгийг шүүгдэгч нар төлнө гэсэн учраас хохиролгүй гэж хэлсэн.  6-н сарын дараа хагаалгаанд орох  ёстой, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдол санал байхгүй, Залуу хүмүүс учраас дахиж битгий алдаасай гэж бодож байна. Би эдгээр хүмүүсийг огт танихгүй, хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Ямар ч байхгүй хүмүүсийг байлгаж боосон талаар мэдүүлж байгаад гайхаж байна гэв.   

Талуудын  хүсэлтээр хавтас хэргээс:

       Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Алтанцөгцийн:…бид хэдийг архи уугаад сууж байхад Ундрахсайхан ахын хуурай дүү нь алчихая гээд шургаад байхад нь эхнэр нь сонсоод тэр залууг яв гэж хэлээд гаргах гээд дийлээгүй гэсэн. Нэг мэдэхэд Улаанаа буюу Ундрахсайхан ах хоолой багалзуурдчихсан байхад эхнэр Лхагвасайхан ахыг цамцнаас нь татсан чинь тавихгүй зүтгээд байхаар нь хоолойг базаад татах үед нь би мултарч гарахад эхнэр намайг зугтаарай аллаа гэж хэлэхээр нь гэрээсээ гараад зугтаж, ах Ичинхорлоогийнд очиж болсон явдлыг хэлээд намайг Ундрахсайхан ах найзтайгаа алах гээд байна гэж хэлсэн. Удалгүй араас дүү Эрдэнэбилэг орж ирээд намайг хутгалчихлаа гээд орж ирэхээр нь юу болсныг асуухад зүүн гар буюу бугалга орчмоос цус гарсан, зүүн нүдний доод зовхи нь зүсэгдэж цус гарсан байсан ба Эрдэнэбилэг ярихдаа манай найз Чайкаг хутгалаад алчихлаа гэхээр нь ахыгаа дагуулаад гэртээ ирэхэд Улаанаа ах, түүний дүү Энхсайхан, хамт байсан хуурай дүү нар байхгүй болохоор нь хашааны хаалгаар гартал Улаанаа ах гудамжинд овгор шороон дээр сууж байгаад босож ирээд гүйцээчихье гэхээр нь буцаж зугтаагаад дүү Эрдэнэбилэгийн байшин  руу ороод дотроос нь цоожилсон чинь цагдаа нар ирээд тэр хэдийг аваад явсан…, …тэгээд бие засчихаад төрөл садангийн дүү болох Х.Эрдэнэбилэгийн гэрт нь очсон чинь Х.Эрдэнэбилэгийн найз Уньбат нь хаалгаа тайлж байсан. Тэгээд би тэр Уньбат гэдэг хүүхэдтэй уулзаад өөрийнхөө архи уучихсан байгаа талаар яриад байж байсан чинь тэр Уньбат гэдэг залуу намайг за за та согтчихсон байна, манай найзууд ирчихсэн байгаа болохоор та ороод амарчих гээд намайг гэрлүү маань оруулж өгсөн. Уньбат бид хоёр манай гэрт ороход тэр Улаанаа гэдэг ах буюу Ундрахсайхан ах тэр хуурай дүү гэх Идэрбат гэдэг залуутайгаа маргалдаад зодолдох гээд байж байсан. Учир нь би тухайн үед архиндаа нэлээд согтсон байсан…,би тухайн үед буюу хэрэг маргаан болохын өмнө нь хамаатны дүү Эрдэнэбилэгийн гэрт нь ороход тэдний гэрт үл таних хоёр эмэгтэй, мөн дүүгийн найз Чайка буюу Уньбат нар байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-н 56-р, 247-248-р тал, /

            Мөрдөн байцаалтанд гэрч Э.Бямбасүрэнгийн:.. тэгтэл Х.Эрдэнэбилэгийн гэрийнх нь хаалыг нэг хүн балбаад эхэлсэн ба Уньбат очоод хаалгыг нь онгойлгочихоод цаашаа гараад явчих шиг болсон. Тэгтэл араас нь Эрдэнэбилэг гарахаар нь би Эрдэнэбилэгийн араас гарах гэсэн чинь Эрдэнэбилэг чи байж бай гэрээс битгий гараарай гэхээр нь би за гээд сууж байсан өрөөндөө очоод байж байтал Эрдэнэбилэгийн байшингийн гадаа хүмүүс болиочоо, хутга аваад шидчихлээ хутгаараа намайг зоочихлоо гэж орилолдоод байсан. Тэгж байтал гаднаас Эрдэнэбилэгийн нүд болон зүүн гарын булчингаас нь цус гарчихсан ороод ирсэн ба араас төд удалгүй Эрдэнэбилэгийн ах нь гээд нэг хүн ороод ирсэн. Тэгтэл ахынх нь араас намхан 20-25 орчим настай, гартаа халбага барьсан залуу нөгөөх нь 30 гаран настай өндөр гартаа хутга барьсан хоёр согтуу залуу орж ирсэн ба өндөр залуу нь гартаа хутга барьчихаад Эрдэнэбилэг рүү дайраад нэг мөсөн гүйцээгээгд өгье гэсэн чинь Эрдэнэбилэгийн ах тэр залууг цааш нь түлхсэн. Тэгээд Эрдэнэбилэгийн гэрийнх нь гадаа цагдаагийн машин ирээд дохиогоо дуугаргасан чинь өндөр ах нь гараад зугтаасан ба араас нь нөгөө намхан залуу нь гарч зугтаах гэж байгаад Эрдэнэбилэгийн ахад баригдаж үлдсэн.гэх мэдүүлэг /1-рхх-ийн 72-74-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Жавзанхоролын: ...миний бие 2016 оны 01 дүгээр сарын 17-ны орой гэртээ унтаж байсан чинь шөнийн 02-03 цагийн үед манай гэрийн хаалгыг нэг хүн татаад ороод ирэхээр нь би цочоод босч ирээд харсан чинь манай дүү Алтанцөгц нь хөл, цээж нүцгэн гүйгээд ороод ирсэн. Тэгэхэээр нь би юу болсон бэ гэж асуусан чинь дүү нь хүнд алуулах гэж байна гэхээр нь би хаана ямар хүмүүс ирчихээд байгаа юм бэ гэтэл манай гэрт гурван залуу орж ирээд алах шахлаа гэхээр нь би босоод хувцсаа өмсөөд Алтанцөгцийн гэрлүү нь явах гэж байсан чинь манай дүү Эрдэнэбилэг бас цус болчихсон гүйгээд ороод ирсэн. Эрдэнэбилэг манайд орж ирээд Хороо ахаа дүү нь хутгалуулчихлаа  гэхээр нь би шууд цагдаа дуудаад Х.Эрдэнэбилэгийн гэрлүү очтол Эрдэнэбилэг ямарч байсан гэрлүүгээ орсон. Би ч үүдний амбаарт цагдаа хүлээгээд зогсож байсан чинь төд удалгүй цагдаа нар ирээд хоёр залууг бариад аваад явсан.гэх мэдүүлэг /1-рхх-ийн 75-76-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Уньбатын: ...би очоод  хаалгыг нь онгойлгоод харсан чинь Эрдэнэбилэгийн төрөл садангийн ах болох Алтанцөгц нь зогсож байсан ба надаас Алтанцөгц ах нь өнөөдөр жаахан юм уугаад гээд яриад байхаар нь би за за манай найзууд ирчихсэн байна дараа уулзья гээд би тэр Алтанцөгц ахыг гэрт нь оруулж өгсөн. Гэрт нь оруулж өгөхөд тэдний гэрт хэдэн хүмүүс л ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байцгааж байсан. Би тэгээд буцаад Эрдэнэбилэгийн гэрт ороод байж байсан чинь төд удалгүй дахиад цонх хаалга балбаад байхаар нь би хаалга онгойлгосон чинь Алтанцөгц ахын эхнэр нь зогсож байсан ба болохоо байлаа шүү гэхээр нь би ороод харсан чинь Алтанцөгцийн гэрт нь нэг өндөр биетэй залуу /Ундрахсайхан/ нь арай жижиг биетэй залууг /Идэрбат/ цохих гээд зогсож байсан. Тэгэхээр нь би гараад Эрдэнэбилэгийн гэрт нь очоод байж байсан дахиад Эрдэнэбилэгийн хаалгыг нь балбаад байхаар нь би босч очоод хаалгыг нь тайлсан чинь нөгөө өндөр биетэй залуу жижиг биетэй залуу хоёр зогсож байсан. Тэгтэл тэр жижиг биетэй залуу нь намайг татаж гаргаад миний нуруун тус газарт нэг хатуу юмаар цохих шиг болсон. Тэгэхээр нь би цохиулчихаад эргээд харсан чинь өндөр биетэй залуу нь баруун гартаа бор иштэй хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би айсандаа болоод Эрдэнэбилэгийн хашаанаас нь гараад явж байхад Эрдэнэбилэгийн ах Алтанцөгц ах нь хашаанаас цээж нүцгэн, хөл нүцгэн гүйгээд гарч байсан. Тэгээд би хэсэг байж байгаад юу болж байгаа бол гэж бодоод Эрдэнэбилэгийн хашааруу нь орсон чинь Ундрахсайханы дүү нь гээд байсан залуу нь Ундрахсайханы гарт байсан хутгыг авах гээд оролдоод байхаар нь би гүйж очоод хутгыг нь авах гэсэн чинь Ундрахсайханы дүү нь намайг чи цаашаа зайл гэсэн…, би цагдаа нартай хамт Эрдэнэбилэгийнх рүү ороход нөгөө хоёр залуу нэг мөсөн гүйцээгээд хаячихья гээд зогсож байсан…,тухайн өдөр найз Х.Эрдэнэбилэгийн гэрт нь байхдаа найз охин Бямбасүрэн болон түүний найз Ука, Эрдэнэбилэг нарын хамт байж байсан. Тухайн үед бид дөрвөөс өөр ямар нэгэн хүн байгаагүй. би Я.Болд гэгч залууг танихгүй, надад тийм нэртэй найз байхгүй. манай найз Х.Эрдэнэбилэгийн найз бид нарыг сайн танина. Бид нарын дунд Болд нэртэй найз байдаггүй…гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-80-р, 143-145-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Лхагважаргал:… тэр өдөр буюу 2016 оны 01-р сарын 17-ны өдөр манай гэрт ээж Энхсайхан, манай нөхөр мөн Ундрахсайхан бид нар хоол хийж идэх гээд байж байсан юм. Тэгтэл тухайн үед манай гэрт байсан Ундрахсайхан нь намайг дуудаж гэрээс гаргаж ирээд чи ахдаа нэг шил архи, пиво аваад өгчих ах нь маргааш Налайхын уурхай орчихоод ирэхдээ мөнгийг нь өгчихье гэсэн. Тэгэхээр би түүнд за за гээд дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн “Хараа” архи, 2.5 литрийн боргио пиво авч өгсөн. Ингээд бид хоёр авсан архиа уугаад байж байхад Ундрахсайхан нь байн байн нэг хүнтэй утсаар яриад байсан ба тухайн утсаар ярьж байгаа хүнээ хүрээд ир л гээд байсан. Тэгтэл төд удалгүй нэг намхан биетэй залуу ороод ирсэн ба тухайн залуу нь нилээн согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Тэр залуу орж ирээд Ундрахсайхан ахын хажууд суугаад бид нарыг юм ярингуут л та нар манай ахыг битгий ингээд бай гээд л шивнэлдээд байсан…тэгж байгаад тэр хоорондоо алчих уу? алчихая л даа гээд л   бид нар хоол идэх гээд шивнэлдээд байсан…тэгж байгаад тэр бид хоёр шоронд 6 жил хамт сайхан байсан…би энэ ахдаа хайртай гэж гэж ярьж байгаад гэнэт юунаас болсон нь мэдэгдэлгүй тэр хоёр хоорондоо манай гэрт зодолдоод эхэлсэн. Тэр хоёр нэг нэгнийгээ ээлжлэн цохиж байтал Э.Ундрахсайханы дүү Энхсайхан нь тэр хоёрыг салгасан. Тэгээд тэр хоёр гэрийн хоёр талд сууж байгаад Ундрахсайхан нь гэнэт манай нөхөр лүү дайраад эхэлсэн ба манай нөхрийг зуурчихаад тавихгүй байхаар нь би очоод түүнийг нөхрөөсөө салгаж аваад би нөхрөө зугтаарай гэсэн чинь манай нөхөр гараад гүйсэн. Тэгтэл нөгөө Ундрахсайхан бас тэр Идэрбат гэдэг 2 залуу манай нөхрийн араас ална гээд гараад гүйсэн, би тухайн үед шууд цагдаа дуудчихаад гэрээсээ гараад харсан чинь Ундрахсайхан, Идэрбат хоёр урд талын байшинд амьдардаг Эрдэнэбилэг гэдэг залууг очоод хутгалчихсан байсан. Тэгээд л төд удалгүй цагдаа нар ирсэн…Тухайн орой тэр хэрүүл маргаан болохын өмнө харж байхад Х.Эрдэнэбилэгийн гэрээс танихгүй хоёр эмэгтэй болон манай дүү Эрдэнэбилэгийн найз Чайка буюу Уньбат л орж гараад байсан. Миний харж байснаар тэдний гэрт тэр дөрөв л байсан….Би тэр хоёрыг ямар шалтгааны улмаас болж зодолдсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан манай гэрт байхдаа хоорондоо зодолдоод эхэлсэн ба гэрээс гараад ч гэсэн хоорондоо зодолдоод байсан…тэр хоёр хоорондоо л маргалдаад зодолдоод байсан.Тэнд тэр хоёрт гарч хүрч зодолдчихоор зоригтой хүн байгаагүй…гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-2, 124-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч О.Лхагвасүрэнгийн:..  намайг унтаж байтал Ундрахсайхан утсаар ярьж байгаад нэг залуутай ярьж байгаад тасалсан. Тэгээд утсаа тасалчихаад одоо манай хуурай дүү ирнэ. Тэр дүү маань хүнд зодуулчихлаа гэхээр нь би энд дуудчихлаа гэж байсан. Тэд удалгүй нэг 20-25 орчим насны бор намхан залуу архи уучихсан согтуу орж ирээд Э.Ундрахсайханы хажууд суусан. Э.Ундрахсайхан тэр залуугаас чи хэнд зодуулчихсан юм бэ гэсэн чинь тэр залуу ахаа би нэрийг нь санахгүй байна тэрэнд зодуулчихлаа тэр таныг ална гэж байна лээ, таныг дийлдэг гэж байна лээ Ундрахсайхан ахаа хувцасаа өмсчихөө хоёулаа явъя гэж ярьж байсан..., тэгтэл нөгөө жижиг бор залуу нь Ундрахсайханы мөрөөр нь давуулж гараараа тэвэрчихээд Э.Ундрахсайханы чихэнд ахаа таныг алах гээд байна шүү дээ гээд байн байн шивнээд Э.Ундрахсайханы уурыг нь хүргээд байсан. Тэгэхээр нь би босч ирээд тэр залууд хандаж чи согтуу хүнд хандаж юу яриад байгаа юм бэ чи одоо яв гэсэн чинь Э.Ундрахсайхан тэр залуугаа өмөөрөөд яах юм бэ харанхуй шөнө болсон байхад явуулж яах юм гээд байсан. Тэгтэл нөгөө залуу нь орон дээр байсан Э.Ундрахсайханы куртикийг нь авч өмсүүлэх гээд байсан чинь Э.Ундрахсайхан нөгөө залуудаа уурлаж босч ирээд чи муу яасан ядаргаатай юм яах гээд байгаа юм бэ гэсэн чинь нөгөө залуу нь ахаа таныг алах гээд байгаа юм чинь Э.Ундрахсайхан нөгөө дүүгээ барьж авч байгаад хэд хэдэн удаа цохисон. тэгтэл цаанаас Алтанцөгц нөгөө хоёрыг салгах гээд очсон чинь Ундрахсайхан Алтанцөгцийг барьж аваад Алтанцөгцийн цамцнаас нь зуураад боохоор нь Лхагважаргал бид хоёр Алтанцөгц, Ундрахсайхан хоёрыг салгасан юм. ax чинь хүн аллаа шүү дээ гэсэн чинь Энхсайхан араас нь гарсан...Лхагважаргал бид хоёр гэртээ байж байсан чинь Ундрахсайханы дүү гээд байсан залуу нь буцаж гэрт орж ирээд надаас аниа хутга байна уу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би тэр залууг загнаад гаргасан чинь нөгөө жижиг залуу гарчихаад дахин гэрт орж ирээд дахиад надаас хутга байна уу танай хутга чинь хаана байдаг юм бэ гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би тэр залууг хөөж гаргасан чинь нөгөө залуу гараад явсан ба араас нь Лхагважаргал гараад явсан ба төд удалгүй Лхагвасүрэн Ундрахсайхан ах хүн хутгалчихлаа гээд орилоод ороод ирсэн.... гэх мэдүүлэг  2-р хх-н  126-129-р  тал/,

         Мөрдөн байцаалтанд гэрч А.Отгонцэцэгийн: ...Намайг ороход тухайн айлд Эрдэнэбилэг гэх нэг залуу мөн Чайка гэх хочтой Уньбат гэх залуу хоёулаа байж байсан.Ингээд бид дөрөв танилцаад тэр Х.Эрдэнэбилэг гэдэг залуугийн нь гэрт Уньбат найз Х.Эрдэнэбилэгийн хамт дэлгүүр лүү гараад пиво, ундаа архи авчирсан юм. Ингээд бид нар тэр авчирсан архи пиво уугаад дөнгөж байж байтал гаднаас нэг согтуу ах орж ирээд X.Эрдэнэбилэг, Уньбат хоёрыг дагуулаад гарсан ба тэр хоёр төд удалгүй буцаж орж ирээд Бямбасүрэн бид хоёрт манай хажуу талын айлд хэсэг хүмүүс архи ууж байгаад хоорондоо маргалдаад байх шиг байна. Тэгэхдээ одоо гайгүй байхаа гээд бид нар үргэлжлүүлээд тоглоомоо тоглож эхэлсэн. Ингээд байж байтал гаднаас нэг хүн хаалга балбаад байсан чинь Уньбат босоод хаалга тайлтал Уньбатын урдаас өндөр нам хоёр залуу та нар ямар том дуутай юм бэ гараад ир гээд орж ирсэн ба тэр хоёр залуугийн өндөр ах нь гартаа хутга барьчихсан байсан. Тэр хоёр ах орж ирээд Уньбат, Эрдэнэбилэг хоёрыг заамдаад дагуулаад гарсан. Х.Эрдэнэбилэг гарахдаа та хоёр цаанаа байж бай хаалгаа цоожлоорой гээд хэлэхээр нь бид хоёр хаалгаа цоожлоод байж байсан чинь төд удалгүй дахин хаалга балбаад байхаар нь Бямбасүрэн хаалга тайлсан чинь нөгөө Х.Эрдэнэбилэг гэдэг залуу зүүн нүднийхээ доор болон зүүн гарандаа хутгалуулчихсан, цус гарчихсан орж ирсэн ба цагдаа дуудаарай гэж байсан. Тухайн үед Уньбат байхгүй байсан... гэх мэдуүлэг /2-р хх-ийн 135-136-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч У.Ганзоригийн:. ...Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ээлжийн ажилтай буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сүлд-117” чиглэлд цагдаагийн ахмад Х.Оюунболдын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн  02 цаг 30 цагийн үед “Сүлд-117”- аас Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Хулстайн Баянбүрд хүнсний дэлгүүрийн гадна хэдэн хүмүүс орж ирээд согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд ахмад Х.Оюунболд бид хоёр дуудлага нь дээр нь очиж шалгахад Хулстайн Баянбүрд дэлгүүрийн хажуу талын буюу баруун талын хашаанд амьдардаг Х.Эрдэнэбилэг гэгч залуу нь хашааныхаа хаалганы гадаа гараад ирчихсэн нэг хүн миний гарыг маань хутгалчихлаа, тэр хүн одоо гэрт байна гэсний дагуу уг айлд орж шалгахад дуудлага өгөгч Х.Эрдэнэбилэг гэгч нь намхан нуруутай согтуу залуу руу заагаад энэ залуу миний нүдэн доор нэг юмаар зүсчихсэн, бас нэг өндөр залуу байгаа энд алга байна. тэр өндөр залуу нь миний rap луу хутгалчихсан гараад зугтчихсан байна гэж байсан. Ингээд миний бие тэр намхан залууг нь ахмад Х.Оюунболдын хамт саатуулан машинд суулгаад миний бие тэр намхан залууг нь машиндаа харж үлдэхэд ахмад Х.Оюунболд нь буцаж яваад өндөр залууг нь хайн уг хашааны ойр орчим эрэн сурвалжлан хашаан дотор нуугдсан байхад нь олж саатуулан авчирсан.  Тэгтэл нөгөө Х.Эрдэнэбилэг гэдэг залуу шууд ирээд өө наад залуу чинь миний гар луу хутгалсан залуу яг мөн байна, наад залуу чинь хутгаа нэг газар  луу шидчихсэн шүү  гэж байсан … гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 4-5-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Оюунболдын:.. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Хулстайн баянбүрд хүнсний дэлгүүрийн урд хэдэн хүмүүс орж ирээд агсраад байна гэх дуудлагыг хүлээн авч очиж шалгахад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 6-912 тоотод оршин суух өөрийгөө Эрдэнэбилэг гэх залуу нь хашааныхаа үүдэнд гараад ирчихсэн нэг хүн миний гарын булчинд болон зүүн нүдний доор маань хутгалчихсан, бас нэг өндөр залуу байгаа тэр нь энд алга байна, тэр өндөр залуу нь миний гар луу хутгалчихсан, хар иштэй хутга байх шиг байсан гэж байсан. Ингээд тэр намхан залууг нь саатуулан машинд суулгаад өндөр залууг нь хайж хашааны уг хашааны ойр орчим эрэн сурвалжилан ажиллахад уг дуудлага өгсөн айлын хашаанд байх монгол гэрийн ард хашаа түшүүлээд тавьчихсан машины хуучин хаалганы ард ороод нуугдчихсан сууж байхаар нь тэр залууд хууль ёсны шаардлага тавьж босгож ирээд шалгах явцад уг дуудлага өгсөн Х.Эрдэнэбилэг гэдэг залуу нь шууд хүрч ирээд өө наад залуу чинь миний гар луу хутгалсан залуу яг мөн байна, наад залуу чинь хутгаа нэг газар шидчихсэн шүү гэж байсан. Ингээд би уг залууг саатуулан шалгаад машинд суулгахад уг Ундрахсайхан гэдэг залуу нь би одоо шоронгоос гараад удаагүй байгаа, дахиж шоронд ормооргүй байна гээд орилоод байсан. би уг хоёр залууг саатуулчихаад иргэн Х.Эрдэнэбилэгийг хутгалсан гэх хутгыг нь хашаан дотор болон хашааны гадуур хайж үзэхэд олдоогүй ба Эрдэнэбилэгийн нүдний доор зүссэн гэх халбагыг нь олж авсан... гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 6-8-р тал/

            -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1351 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

        1.Х.Эрдэнэбилэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалганы гадна доод хэсгийн зүсэгдсэн шарх, дагзны баруун ар хэсгийн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдпоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-н 83-р тал/

            -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3008 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

1. Ч. Идэрбатын  биед баруун шуу , баруун, зүүн  сарвууны  эрхий хуруунд сорви, духанд нөсөө бүхий гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл  нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг  нарийвчлан  тогтоох  боломжгүй байна.

3. Дээрхи гэмтэл нь хуучин гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна . Шинжээч эмч  Ц.Бадрал  гэх  дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.            Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

           Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Ундрахсайхан  бусадтай  нь архидан согтуурсан үедээ  бусдыг илтэд үл  хүндэтгэн ичгүүр  сонжуургүй догшин  авир  гаргаж  хэрүүл маргаан  үүсгэж  ямар ч шалтгаангүйгээр  хутга мэс хэрэглэн хохирогч Х.Эрдэнэбилэгийн  зүүн  бугалган тус газарт  хутгалан биемахбодид нь хөнгөн зэргийн  гэмтэл учруулан  догшин авирлан танхайрсан, мөн  хувийн таарамжгүй харьцааны улмаас  Ч.Идэрбатыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,шүүгдэгч   Ч.Идэрбат нь бусадтай  нь архидан согтуурсан үедээ  бусдыг илтэд үл  хүндэтгэн ичгүүр  сонжуургүй догшин  авир  гаргаж  хэрүүл маргаан  үүсгэж  ямар ч шалтгаангүйгээр  халбагыг зэвсгийн  чанартай  хэрэглэн  хохирогч Х.Эрдэнэбилэгийн  зүүн нүдний доор хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн  эсрэг  хохирогч Х.Эрдэнэбилэг  хариу үйлдэл хийсэн   баримт  хэрэгт авагдаагүй байна.

          Иймд  шүүгдэгч  Э.Ундрахсайхан Идэрбаттай бүлэглэн, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн  Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Х.Эрдэнэбилэгийн зүүн бугалган тус газарт нь хутгалж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь Эхийн 6-912 тоот хохирогч Ч.Идэрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Ч.Идэрбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ч.Идэрбат нь Э.Ундрахсайхантай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь Эхийн 6-912 тоот хашаанд хохирогч Х.Эрдэнэбилэгийг үл ялих зүйлээр шалтаглан, халбагыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний зүүн нүдний доор хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан  хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх  тул Ч.Идэрбат  Э.Ундрахсайхан нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарын  гэм буруугийн үйлдлийг  зүйлчлэн  ирүүлсэн хуулийн зүйл ангийг  тохирсон гэж үзэв.

            Шүүгдэгч Э. Ундрахсайханы 2016 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд Дарь Эхийн 6-912 тоот хохирогч Ч.Идэрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Ч.Идэрбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн  72 дугаар  зүйлийн 72.1.1-т зааснаар  хөнгөн  гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар  өнгөрсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  үндэстэй байна.

 Шүүгдэгч Э.Ундрахсайхан нь Сэлэнгэ аймаг  дахь  Сум дундын 2 дугаар  шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж  шийтгэх тогтоол  биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2  дугаар  шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамжаар 2 жил 9 сар 11 хоногийн ял эдлэх хугацаанаас  өмнө тэнсэн суллагдсан  байсан болох нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар,  шүүгчийн захирамж , суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /1-р  хх-ийн 152-р тал, 153-156-р тал, 2-р  хх-ийн 103-105-р тал/

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-д онц хүнд  гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж хуульчилжээ.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн  78.1-т зааснаар  шүүгдэгч  Э.Ундрахсайханы ялтай байдал нь арилаагүй ялтайд тооцогдоно

 Шүүгдэгч Ч.Идэрбат нь Дархан-Уул аймаг  дахь  Сум дундын  шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар  11 сар 06 хоногийн ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан болох нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар,шүүгчийн захирамж,  суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /2-р хх-ийн 39-49-р тал/

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж тус тус хуульчилжээ .

            Шүүгдэгч  Ч.Идэрбат нь хүнд гэмт хэрэг  үйлдэж  ялтайд тооцох хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр  баталсан  Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д хамаарч  ялтай байдал  нь хэрэгсэхгүй болсон байна.

            Хохирогч  Х.Эрдэнэбилэг нь   өөрт учирсан хохирлын  талаархи 1,124,250 төгрөгийн баримтыг ирүүлсэн байх ба шүүгдэгч Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат  1.200.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна./1-р хх-н 40-41-р тал/

Иймд  шүүгдэгч нар нь  бусдад учруулсан  хохирлоо  сайн дураараа нөхөн  төлжээ  гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ч.Идэрбатад ял шийтгэл  оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 551..1-т  заасан  гэмт хэрэг  анх удаа  үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн  төлсөн, хэрэгт оролцсон  оролцоо зэргийг нь харгалзан  түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан хорих  ялын доод  хэмжээнэээс доогуур  оногдуулах боломжтой  гэж  үзлээ.

Шүүгдэгч  Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат  нарыг   2016 оны 01 дүгээр сарын  17-ны өдөр сэжигтнийг баривчлах тогтоолоор цагдан  хорьж  2016 оны  01 дүгээр сарын 20-ны өдрөөс  яллагдагчаар   цагдан хорьж 2017 оны 03 дугаар  сарын 10-ны өдөр  хүртэл  цагдан  хорьж  бусдын  батлан  даалтанд  өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг  2017 оны 03 дугаар сарын 10-ны  өдөр  авч нийт 418 хоног  цагдан  хоригдсон  болох нь  сэжигтнийг  цагдан  хорих тухай  шүүгчийн  захирамж, цагдан  хорьж мөрдөх хугацааг  сунгах тухай шүүгчийн захирамжууд, цагдан хорихоор авсан  таслан сэргийлэх  арга  хэмжээг  өөрчлөх тухай шүүгчийн  захирамж зэргээр  тогтоогдож  байна. / 1-р хх-н 103- 120-р тал, 2-р хх-н  13-18-р тал, 56-59-р тал,  85- 90, 95-101,  137-144-р тал, 3-р хх-н 76-86-р тал /

Шүүгдэгч  Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нар нь  согтуурсан буюу  мансуурсан  үедээ гэмт хэрэг үйлдсэн  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар  ял шийтгэл  оногдуулахдаа хүндрүүлэн үзэх үндэслэлтэй байх ба мөн хуулийн ерөнхий  ангийн 17 дугаар  зүйлийн 17.1.3, 17.1.4-т заасан  хүнд, онц хүнд  гэмт хэрэг үйлдэж   шүүхээр ял шийтгэл хүлээж байсан боловч засрал хүмүүжил олоогүй зэрэг шүүгдэгчийн нарын хувийн  байдлыг нь  харгалзан эдгээрт  оногдуулсан хорих  ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Эрэгсүрэнгийн Ундрахсайханыг ялтай байхдаа   согтуугаар бусадтай бүлэглэн  бусдыг  илтэд үл хүндэтгэн  үл ялих зүйлээр шалтаглан  хутга  мэс  хэрэглэн   бусдын бие махбодид хөнгөн гэмтэл  учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг, мөн бусдыг зодож бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, Боржигон овогт Чинбаатарын Идэрбат нь бусадтай  бүлэглэн халбагыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Прокуророос  Эрэгсүрэнгийн Ундрахсайханд  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт  үйлдэн  ирүүлсэн  эрүүгийн  хэргийг Эрүүгийн байцаан  шийтгэх хууулийн  24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар Эрэгсүрэнгийн Ундрахсайханыг 5 /таван/ жил  1 /нэг/  сарын   хорих ялаар, Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн  55.1.1-т заасныг  журамлан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Чинбаатарыг Идэрбатыг 3 /гурван / жил 4  /дөрвөн/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар  Эрэгсүрэнгийн Ундрахсайханд  энэ  тогтоолоор  оногдуулсан 5  /таван / жил  1  нэг  сарын   хорих ял дээр    өмнөх шийтгэх  тогтоолоор оногдуулсан  оногдуулснаас  эдлээгүй  үлдсэн  ял болох   2 /хоёр/ жил 9 /есөн/ сар 11 /арван нэгэн/  хоногийн ялын зарим болох 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн  бүгд биечлэн эдлэх  ялыг 5 /таван/  жил  2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.                

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Э.Ундрахсайханд   5 /таван/ жил 2  хоёр  сарын  хугацаагаар оногдуулсан хорих ялыг   чанга дэглэмтэй  хорих ангид,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан  мөн  хуулийн  52 дугаар  зүйлийн  52.5-д  зааснаар   Ч.Идэрбатад  оногдуулсан   3 /гурван/ жил 4  /дөрвөн/ сарын хорих ялыг  жирийн  дэглэмтэй  хорих ангид  тус тус эдлүүлсүгэй.

 5.Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нар нь 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 03  дугаар сарын 10-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 418  хоногийг     Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат  нарын эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нар одоогоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн  88.1.7-т  зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж бор иштэй хутга 1 ширхэг, халбага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт урьд авсан бусдын  батлан даалтанд өгөх   таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж  эдлэх  ялыг  энэ өдрөөс  эхлэн  тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  өмгөөлөгч  нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Ундрахсайхан, Ч.Идэрбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                  Б.АРИУНХИШИГ

 

                                                                                     Э.ЧИНГИС.