| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2021/03088/И |
| Дугаар | 181/ШШ2022/00589 |
| Огноо | 2022-03-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2022/00589
| 2022 03 22 | 181/ШШ2022/00589 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 2-р хороо, 5-р хороолол, Сөүл гудамж, 31-р байр 17 тоотод оршин суух, Хүрэл овогт Алтанзүрхийн ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Чингэсийн өргөн чөлөө-15 Нью Сенчьюри Плаза 1 дүгээр давхарт байрлах ******* ХХК /РД:2698072/-д холбогдох,
харилцах дансны гэрээний үүргийн төлбөрт 194,638,810 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анударь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн, Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:
А.******* нь *******ний хадгаламжийн тусгай нөхцөлтэй 3101000201 дугаартай данс руу 50,000,000 төгрөг 2018 оны 01-р сарын 19-ний өдөр, 2018 оны 02-р сарын 06-ны өдөр 45,000,000 төгрөг, 2018 оны 02-р сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, 2018 оны 03-р сарын 15-ны өдөр 150,000,000 төгрөг, 2018 оны 04-р сарын 06-ны өдөр 3101000201 дугаартай данс руу 5,000,000 төгрөг, 2018 оны 04-р сарын 11-ний өдөр 700,000,000 төгрөг, 2018 оны 06-р сарын 22-ны өдөр 3101000284 дугаартай данс руу 1,000,000,000 төгрөг буюу нийт 2,000,000,000 төгрөгийг байршуулсан.
2020 оны 01-р сарын 19-ний өдөр 17.8%-ийн хүүтэй 3101000201 дугаартай дансны хугацаа, 2020 оны 01-р сарын 22-ний өдөр 16.5%-ийн хүүтэй 3101000284 дугаартай дансны хугацаа дууссан. Энэ 2 дансны хүүний орлого нэмэгдээд нийт 2,511,670,195 төгрөг авах ёстой байсан.
Гэтэл Чингис хаан банк гэрээний үүргээ биелүүлж, хугацаанд нь нэхэмжлэгчийн хадгалуулсан мөнгийг өгөөгүй. Коронавируст халдвар /Ковид-19/-ын тухай хуулийн дагуу харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй болох хүртэл буюу 2020 оны 04-р сарын 29-ний өдөр хүртэлх хүүний орлогоо нэмээд тооцвол нийт 2,614,638,810 төгрөг авах байсан. Ингээд ******* мөнгөгүй гэж өгөлгүй явсаар байгаад 2020 оны 08-р сард 2,420,000,000 төгрөгийг нь үл хөдлөх хөрөнгөөр тооцон тохирч өгсөн.
*******наас гэрээний үүрэгт 194,638,810 төгрөгийг гаргуулж, өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч 91,670,000 төгрөгтөө хөдлөх хөрөнгө авсан тул 102,968,810 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-т Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбарыг гаргасан:
А.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3101000201 дугаартай тусгай нөхцөлтэй харилцах дансны гэрээ байгуулж 1 тэрбум төгрөг байршуулсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3101000284 дугаартай тусгай нөхцөлтэй харилцах дансны гэрээг байгуулан мөн 1 тэрбум төгрөгийг байршуулж нийт 2,000,000,000 төгрөг байршуулсан нь үнэн манай банкны үйл ажиллагаа доголдож эхний шаардлагаар мөнгийг гаргаж өгч чадаагүй.
Нэхэмжлэгчийн 201 тоот харилцах дансны гэрээний хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дууссан, 284 тоот харилцах дансны гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дууссан. 201 тоот дансанд нийт хуримтлагдсан хүү нь 322,840,794 төгрөг, үүнээс хүүний орлогын татварт 39,284,079 төгрөгийг авсан. Үүнээс нийт 290,551,115 төгрөгийг хүүнд олгосон.
Мөн 284 тоот дансанд 235,564,753 төгрөг хуримтлагдсан. Тус хоёр хуримтлагдсан мөнгөн дүн нь нэхэмжлэгчийн анхны төлбөрийн шаардлагын дагуу Худалдаа хөгжлийн банкны данс руу 1,290,551,515 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 284 тоот дансанд хуримтлагдсан мөнгө болох 1,235,564,753 төгрөгийг хоёуланг нь шилжүүлсэн.
Төлбөр түргэн гүйцэтгэх чанарын алдагдлаас шалтгаалан дансанд саатсан хэвээр байсан. Тус хоёр гүйлгээг манайх руу 2020.07.31-ний өдөр ******* ХХК-ийн А.*******ын 3101294 тоот харилцах данс руу буцаан шилжүүлсэн. Энэ мөнгө нь 2,526,113,260 төгрөг юм. Тэгээд 2020.08.26-ны өдөр 50 сая төгрөгийг бэлнээр А.*******т гаргаж өгсөн. Үүний дараа 2020.08.27-ны өдөр үл хөдлөх хөрөнгөөр тооцуулаад 2,450 тэрбум төгрөгийг авсан. Тэгээд 2021.03.03-ны өдөр 1,700,000 төгрөг, 2021.03.12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021.03.18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.04.07-ны өдөр 21 сая төгрөг, 2021.05.13-ны өдөр 1 сая төгрөг, 2021.05.14-ны өдөр 5 сая төгрөг, 2021.05.25-ны өдөр мөн 1 сая төгрөг, 2021.06.04-ний өдөр 12,500,000 төгрөг, 2021.06.23-ны өдөр 22,000,000 төгрөг, 2021.06.25-ны өдөр 100,000 төгрөг, 2021.06.25-ны өдөр 6,800,000 төгрөг гээд бүх үлдэгдэл мөнгийг А.*******т олгосон тул манай байгууллага бүх үүргээ бүрэн гүйцэтгэсэн тул илүү хүү төлөх үүрэг хүлээхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2018 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 31010000284 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ, хавсралтын хамт, 2018 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 31010000201 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ, хавсралтын хамт, 2018 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн 31010000294 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ, хугацаат хадгаламжийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга,
4. Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, *******ны үйлчилгээний хураамж, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт зааснаар *******ны үйлчилгээний хураамж, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл гэх баримтыг хуульд заасан шаардлага хангасан байдлаар авч хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүргийн төлбөрт 194,638,810 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны шатанд 91,670,000 төгрөгөөр багасган 102,968,810 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч ******* ХХК нь манайд 2,000,000,000 төгрөг тусгай нөхцөлтэй хадгалуулсан нь үнэн бид хүүг тооцоод 2,526,113,260 төгрөгийг төлсөн, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл бодсон хүүг багасгаж өгнө үү гэсэн тайлбар гарган маргасан.
4. Нэхэмжлэгч А.******* нь П.Анударьд 2021 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгожээ. /х.х-ийн 4 хуу/
5. Хариуцагч ******* ХХК нь А.Тэмүүлэнд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, Ц.Ариунболдод 2022 оны 02 дугаар сарын 23-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгожээ. /х.х-ийн 28,54 хуу/
6. а/.Нэхэмжлэгч А.******* хариуцагч ******* ХХК-ний хооронд 2021 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 31010000284 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ-г байгуулан, гэрээний 2.5.2-т тусгай нөхцөлт харилцах данс, 2.7-д дансанд заавал байлгах доод үлдэгдэл 5,000.00, 2.10-т ...энэхүү гэрээний хавсралтад заасан нөхцөлөөр хүүг тооцож олгоно.,
Гэрээний хавсралтын 2.1-д хүүгийн хэмжээ жилээр 16,5%, 3.4-т дансанд байршуулсан мөнгөн дүн 1,000,000,000 төгрөг, 4.2-т гэрээ эхлэх дуусах огноо 2018-06-22-оос 2020-01-22, 5.1-д торгуулийн хүүгийн хэмжээ 1,8% байхаар,
б/. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 31010000201 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ-г байгуулан, гэрээний 2.5.2-т тусгай нөхцөлт харилцах данс, 2.7-д дансанд заавал байлгах доод үлдэгдэл 5,000.00, 2.10-т ...энэхүү гэрээний хавсралтад заасан нөхцөлөөр хүүг тооцож олгоно.,
Гэрээний хавсралтын 2.1-д хүүгийн хэмжээ жилээр 16,5%, 3.4-т дансанд байршуулсан мөнгөн дүн 1,000,000,000 төгрөг, 4.2-т гэрээ эхлэх, дуусах огноо 2018-06-22--2020-01-22, 5.1-д торгуулийн хүүгийн хэмжээ 1,8% байхаар,
в/. 2018 оны 08 дугаар сарын 02-ний өдөр 3101000294 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ-г байгуулан, гэрээний 2.5.1-д энгийн харилцах данс, 2.9-д энгийн харилцах дансны тогтвортой үлдэгдэлд Банк *******ны үйлчилгээний хураамж, хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу хүү тооцож олгоно. гэж талууд тус тус тохиролцсон байна. /х.х-ийн 5-10 хуу/
7. Дээрхи гэрээний дагуу нэхэмжлэгч А.******* нь 3101000201 дугаартай дансанд 2018 оны 01-р сарын 23-ний өдөр 50,000,000 төгрөг, 2018 оны 02-р сарын 06-ны өдөр 45,000,000 төгрөг, 2018 оны 02-р сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөг, 2018 оны 03-р сарын 15-ны өдөр 150,000,000 төгрөг, 2018 оны 04-р сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 04-р сарын 11-ний өдөр 700,000,000 төгрөг, нийт 1,000,000,000 төгрөг, 3101000284 дугаартай дансанд 2018 оны 06-р сарын 22-ны өдөр 1,000,000,000 төгрөг, нийт 2,000,000,000 төгрөгийг 3101000284, 3101000201 дугаартай дансуудад байршуулсан болох нь хугацаат хадгаламжийн дансны хуулга, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон энэ талаар хариуцагч маргаагүй. /х.х-ийн 11,12 хуу/
8. Иргэний хуулийн 455 зүйлийн 455.2-т Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй., 455.3-т Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх... гэж тус тус хуульчилсан.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995.10.31 өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй., 5 дугаар зүйлийн 9-д Хадгалуулагч нь хадгалагчаас энэ зүйлийн 3, 4, 6 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болон гэрээнд заасан бол анз төлүүлэхээр шаардах эрхтэй., 7 дугаар зүйлийн 1.2-т хадгалуулсан мөнгөн хөрөнгөндөө хүүгийн орлого авах, 1.4-т мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох үүрэгтэй байхаар заасан.
9. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31010000201 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ-ний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 31010000284 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ-ний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр дууссан байна.
А.******* нь гэрээний хугацаа дууссанаар хадгалуулсан мөнгөө авахаар шаардсан боловч мөнгөн хөрөнгийг хадгалуулагчийн анхны шаардлагаар буцаан өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн 2022.03.16-ний өдрийн шүүх хуралдаанд манай банкны үйл ажиллагаа доголдож, өгөх ёстой байсан мөнгийг гаргаж өгөөгүйдээ хүлцэл өчиж байна. гэх тайлбар болон хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар ******* ХХК нь хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн 3101000201 дугаартай дансанд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 322,840,794 төгрөгийн хүү, үүнээс хүүгийн орлогын татвар 32,284,079 төгрөг хасагдан, нийт 1,290,556,715 төгрөг,
3101000284 дугаартай дансанд 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар 261,173,972 төгрөгийн хүү, үүнээс хүүгийн орлогын татвар 26,173,972 төгрөг хасагдан, нийт 1,235,564,753 төгрөг, нийт 2,526,121,468 төгрөг хуримтлагдсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн хадгаламжийн дансанд хуримтлагдсан 2,526,121,468 төгрөгний 2,420,000,000 төгрөгт тооцон Ү-2206057562, Ү-2206057562, Ү-2206057561, Ү-2206057656 дугаартай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч А.*******т 2020 оны 8 дугаар сарын 27-ний өдөр шилжүүлсэн нь *******ны 3101000294 дугаартай А.*******ын харилцагчийн дансны хуулгаар, 91,670,000 төгрөгт хөдлөх эд хөрөнгө хариуцагчаас тооцон авсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны шатанд багасган нэхэмжилсэн. /х.х-ийн 13 хуу/
Нэхэмжлэгч нь дэлхий нийтэд цар тахал өвчин гарсантай холбогдуулан Монгол улсад 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид 19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан хэрэгжсэн хүртэлхи хугацааны хүүгээ шаардсан, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, харин нэхэмжлэгч А.*******т 2020 оны оны 8 дугаар сарын 27-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч А.******* нь шаардах эрхтэй гэж шүүх үзсэн.
Нэхэмжлэгчийн 3101000201 дугаартай дансанд гэрээний хугацаа дуусах 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 1,290,556,715 төгрөг хуримтлагдсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 3 сар 10 хоногийн хүү болох 57,429,770 төгрөг, /1,290556*17.8%=229,719,095:12сар=19,143,257*3сар=57,429,770 төгрөг, 19,143,257:30хоног=638,108*10хоног=6,381,080+57,429,770=63,810,851:10%=6,381,085 төгрөг, 63,810,851-6,381,085= 57,429,770 төгрөг/ ,
3101000284 дугаартай дансанд гэрээний хугацаа дуусах 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар 1,235,564,753 төгрөг хуримтлагдсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 3 сар 7 хоногийн хүү болох 49,437,064 төгрөг /1,235,564,753*16,5%=203,868,184:12 сар =16,989,015*3 сар=50,967,045 төгрөг, 16,989,015:30 хоног=566,300*7 хоног=3,964,100 төгрөг, 50,967,045+3,964,100=54,931,145:10%=5,493,114 төгрөг, 54,931,145-5,493,114=49,437,064 төгрөг/,
/57,429,770+49,437,064=106,866,834/ нийт 106,866,834 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,289,095 төгрөгнөөс илүү төлсөн 157,951 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,131,144 төгрөийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 692,284 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 455 дугаар зүйлийн 455.2, 455.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 106,866,834 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 692,284 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,289,095 төгрөгнөөс илүү төлсөн 157,951 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож, 1,131,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ