Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2021/00537

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сары 12 өдөр

181/ШШ2021/00537

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Оюунчимэг/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Отгонжаргал/РД: /-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэлмэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Г-2203003873 дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Цолмонгийн 11-р гудамж, 21а тоот хаягт байршилтай 350 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зорилуулттай газар болон мөн тухайн газарт өөрийн хөрөнгөөр 80 м.кв талбай бүхий хувийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203036111 дугаартай эд хөрөнгийн тус тус хууль ёсны шудрага өмчлөгч болно.

Дээрх үл хөдлөх болон газрыг өөрийн дүү болох Б.Мөнх-Очирт түүний хамтран амьдрагч Б.Отгонжаргал нарт түр хугацаанд эзэмшүүлэн байлгаж байх хугацаанд тэд таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон бөгөөд одоогоор миний өөрийн өмчлөлийн газарт хариуцагч Б.Отгонжаргал нь өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөхгүй байна.

Иймд Улаанбаатар хот, Сүрбаатар дүүргийн 20-р хороо, Цолмонгийн 11-р гудамж, 21 a тоот хаягт байршилтай 350 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зорилуулттай Г- 2203003873 дугаартай газар болон мөн тухайн газарт бүртгэлтэй 80 м.кв талбай бүхий Ү-2203036111 дугаартай хувийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Оюунчимэгийн өмгөөлөгч Б.Отгонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газар болон орон сууцны гэрчилгээ нь хууль ёсны өмчлөгчийн бүртгэлтэй байгаа. Хариуцагчийн хариу тайлбарт байгаа шиг ямар нэгэн байдлаар шилжсэн зүйл огт байхгүй. Хэрэв тийм байсан бол хариуцагч талаас татгалзлаа нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгөх үүрэгтэй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Б.Отгонжаргалд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Цолмонгийн 11-р гудамж 21 a тоот хаягт байршилтай 350 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2203003873 дугаартай газар болон мөн тухайн газарт бүртгэлтэй 80 мкв талбай бүхий Ү-2203036111 дугаартай хувийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь манай нөхөр болох Б.Мөнх-Очир бид хоёрын гэр бүлийн дундын эд мөнгө юм. Би нөхрөөсөө одоо тусдаа амьдарч байгаа ч гэсэн бид хоёр гэрлэлтэй албан ёсоор цуцлуулаагүй байгаа болно. Гэтэл бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Ч.Оюунчимэг нь миний зөвшөөрөлгүй яаж өөрийн өмч болгож авсаныг ойлгохгүй байна.

Иймд Ч.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаар сөрөг нэхэжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Оюунчимэг хариуцагч Б.Отгонжаргалд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цолмонгийн 11-р гудамж, 21а тоот хаягт байршилтай 350 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2203003873 дугаарт бүртгэлтэй газар болон мөн хаягт байршилтай 80 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203036114 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Отгонжаргал нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Отгонжаргалд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр утсаар, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч Б.Отгонжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Отгонжаргалын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цолмонгийн 11-р гудамж, 21а тоот хаягт байршилтай 350 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2203003873 дугаарт бүртгэлтэй газар болон мөн хаягт байршилтай 80 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203036114 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 000545407 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 000702591 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид тус 350 м.кв талбайтай газар болон 80 м.кв хувийн сууцыг эзэмших, ашиглах эрх олгоогүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхтэй., 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь 350 м.кв талбайтай газар болон 80 м.кв хувийн сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзаж байгаа болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийг зөрчиж байна гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байх тул Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цолмонгийн 11-р гудамж, 21а тоот хаягт байршилтай 350 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2203003873 дугаарт бүртгэлтэй газар болон мөн хаягт байршилтай 80 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203036114 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цолмонгийн 11-р гудамж, 21а тоот хаягт байршилтай 350 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2203003873 дугаарт бүртгэлтэй газар болон мөн хаягт байршилтай 80 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203036114 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Отгонжаргалын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цолмонгийн 11-р гудамж, 21а тоот хаягт байршилтай 350 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2203003873 дугаарт бүртгэлтэй газар болон мөн хаягт байршилтай 80 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2203036114 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Отгонжаргалын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Оюунчимэгт олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ