Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Г.Мын хүсэлттэй иргэний

                                                       хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2019/00114 дүгээр шийдвэртэй

Г.Мын хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Г.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.М, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон тайлбарт: “Г.М миний бие 1960 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1982.09.15-1994.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Мал эмнэлэгт дукийн жолоочоор тасралтгүй ажиллаж байсан юм. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа буюу нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Мал эмнэлэгт 1982.09.15-1994.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд дукийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2019/00114 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овгийн Гомбын Мын Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт жолоочоор 1982 оны 09 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн ариутгалын машины жолоочоор ажилласан гэх хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Г.Мын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Гомбо овогтой М миний бие 1960 онд төрсөн. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2019/00114 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие нь Архангай аймгийн Мал эмнэлэгт 1982.09.15-1994.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд ариутгалын машины /дукийн/ жолоочоор ажиллаж байсан юм. Энэ байдлаа тогтоолгох гэж анхан шатны шүүхэд хандсан. Гэтэл тухайн үеийн бичиг хэргийн ажилтан миний хийж байсан ажлыг тушаалд тодорхой зааж бичээгүйгээс болж би одоог хүртэл тэтгэвэртээ орж чадахгүй хохироод явж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2019/00114 тоот шийдвэрийг хүчингүй болгож, намайг тус аймгийн Мал эмнэлэгт ариутгалын машины жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г.М нь 2019.01.29-ний өдөр ажилласан жил тогтоолгох хүсэлт гаргажээ. 

 

Анхан шатны шүүх Г.Мын Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт 1982.09.15-1994.12.31-ний өдөр хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, ариутгалын машины жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

 

Г.М нь Архангай аймгийн Мал эмнэлгийн газарт 1982.09.15-1994.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор ажиллаж байсан үйл баримт нотлогджээ.

 

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд ариутгалын машинаар жолоочоор ажиллаж байснаа нотолсон гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх ариутгалын машины жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн гэж үзэв. 

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2019/00114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Хүсэлт гаргагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                    Д.БЯМБАСҮРЭН