Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 181/2017/03194/И |
Дугаар | 508 |
Огноо | 2019-03-18 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 508
С.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00283 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С.Тын нэхэмжлэлтэй
Хариуцагч К ХХК-д холбогдох
Гэм хорын хохиролд 41 583 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 3 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч С.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Тын эхнэр Л.Тунгалаг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр адуугаа туугаад төв замаар гарч байхад нь К ХХК-ийн ажилтан Б.Энхтүшиг уг компанийн эзэмшлийн 8554 УНГ улсын дугаартай, Приус маркийн автомашинаар гурван адууг дайрч 41 500 000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ 3 адууны 2 нь хурдан удмын сайн үүлдрийн гүү, 1 нь улс, бүсийн наадамд амжилттай уралддаг хурдан морь байсан. Энэхүү ослыг сумын цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж техникийн шинжээчийн дүгнэлтээр жолооч Б.Энхтүшиг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 9.3 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон. Мөн цагдаагийн байгууллагаас томилогдсон хөрөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр 3 адуу 41 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэхүү үнэлгээний хөлс болох 83 000 төгрөгийг тушаасан. Иймд Иргэний хуулийн 497, 498, 499 дүгээр зүйлд заасны дагуу 41 583 000 төгрөгийг хариуцагч К ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч К ХХК-ийн төлөөлөгч М.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: К ХХК-ийн ажилтан Б.Энхтүшиг нь тус компанийн эзэмшлийн 8554 УНГ улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашинаар Сүхбаатар аймаг руу ажлаар явах замдаа 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Сэд багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үед тус сумын иргэн Л.Тунгалагийн замын дагуу тууж явсан морьд автомашины баруун хажуугаас засмал зам руу гэнэт орж иргэн мөргөгдсөний улмаас 1 морь үхэж, 2 морины хөл доголсон. Осол болох үед Л.Тунгалаг гэрэлтүүлэггүй автомашинаар морьдыг замын дагуу тууж явсан бөгөөд тухайн үед харанхуй, бороотой үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учраас тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч автомашины баруун талаас зам руу ойртон ирсэн адууг ойрхон зайд харж автомашиныг зогсоох бүхий л арга хэмжээг авсан боловч автомашин гулгаж явсаар адуу мөргөсөн эхний цэгт хүрсэн байсан. Морьд автомашины баруун гар талаас ирж мөргөсөн болох нь автомашины эвдрэл, гэмтлээс харагддаг, мөн автомашины урд гупер гэмтээгүй нь морьдыг дайраагүй болохыг гэрчлэх юм. Осол болсны дараа автомашин жолоодон явсан манай ажилтан нэн түрүүнд шуурхай албаны 102 тоотод мэдэгдэн, Жаргалтхаан сумын замын цагдаатай холбоо барьж ослын талаар мэдэгдсэн. Зам тээврийн ослын дүгнэлтийг Хэнтий аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээч дэслэгч Ц.Болдоо 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргасан бөгөөд тэрээр ослыг зөвхөн манай ажилтны буруугаас болсон гэж үзсэн нь учир дутагдалтай. Учир нь осол болох үед морьдыг тууж явсан иргэн Л.Тунгалаг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 дахь хэсэгт заасан буюу суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно гэсэн заалт зөрчсөн, мөн морьдыг тууж явсан машины гэрлээ асаахгүй явсан нь уг осол гарахад нөлөөлсөн. Нэхэмжлэгч нь мал тууж гарах газар анхааруулах тэмдэггүй газраар адуугаа туусан буруутай. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч М.Энхтөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Осол болох үед адууг тууж явсан иргэн Л.Тунгалаг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 15.1, 1.21 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон, уг осолд хариуцагч талын гэм буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Иймд компанийн эзэмшлийн 8554 УНГ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашиныг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэн ирэх тээврийн зардалд төлсөн 500 000 төгрөг, автомашины эвдэрч гэмтсэн эд ангийг сэргээн засварласан зардал 2 800 000 төгрөг, нийт 3 300 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.Тунгалагийн засмал замын дагуу тууж явсан адуу тээврийн хэрэгслийн баруун талаас гэнэт орж ирэн, тээврийн хэрэгслийн баруун талаас мөргөж зам тээврийн осол гаргасан гэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй тул үндэслэлгүй байна. Харин жолооч Б.Энхтүшиг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болохыг тогтоосон. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн шинжээчийн дүгнэлтээр 1 “...тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн урт болон хаанаас эхэлж тоормослосон, мөн уг автомашинд дайрагдсан гэх адуунуудын жингийн талаар мэдээлэл тусгагдаагүй байгаа тул 8554 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсныг яг нарийн тогтоох боломжгүй, ойролцоогоор 52.2 км цаг хурдтай явсан байна. Энэ ойролцоо хурд тул уг автомашин адууг мөргөхөөс өмнөх хурдны яг нарийн тогтоосон утга биш болно” гэж тодорхой тусгасан. Иймд энэхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэж жолоочийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэх боломжгүй юм. Эрх бүхий байгууллагын дүгнэлтүүд болон холбогдох хууль дүрэмд зааснаар хариуцагч талын шаардах эрх нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К ХХК-аас 18 325 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Тод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 258 000 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч С.Тоос 3 300 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 365 865 төгрөг, хариуцагчаас төлсөн 67 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 35 төгрөг, хариуцагч К ХХК-аас 865 575 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Тод олгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан малын эмч Б.Уранцэцэгийн "Үхсэн хорогдсон малд олгох тодорхойлолт", Уяачдын холбооны тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Малчин С.Тыг ослын газарт очиход дайрагдсан халтар зүсмийн байдсын хөл нь хугарч чөмөг нь урсаж гарч байсан /Фото зурагнаас тодорхой харагдана/ ба хөлөөрөө явах боломжгүй байсан тул дайрагдсан 2 адуугаа машинаар ачиж хашаандаа аваачсан байдаг. Тус гүү нь хээлтэй гүү байсан бөгөөд мал болох ямар ч боломжгүй, халуурч дагжиж чичэрч нүд халитрам байдалтай байхад нь малдаа хайртай монгол хүний уламжлалаар амыг нь боож тус амьтныг амирлуулсан байтал зүгээр байхад нь нядалсан мэтээр анхан шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна.
Жолооч Б.Энхтүшигийн зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй тус халтар гүү, хул зүсмийн морины үхэл шууд шалтгаант холбоотой байхад зөвхөн газар дээрээ үхсэн ногоон гүүг үхсэнд тооцож, нэхэмжлэлд дурдсан 2 адууг гэмтсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд халтар зүсмийн байдсыг малчин нядалсан үндэслэлээр шинжээчийн тогтоосон 2 550 000 төгрөгийн 50 хувь буюу 1 275 000 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж халтар зүсмийн байдсан гүүний хохиролд 1 275 000 төгрөгийг хариуцагч К ХХК-аас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Хариуцагч К ХХК нь нэхэмжлэгч С.Тын гэм хорын хохиролд 41 583 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг “...нэхэмжлэгч талын гэм буруутай үйлдлээс шалтгаалан осол гарсан” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс автомашины хохиролд 3 300 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.
Талууд гэм буруугийн талаар маргасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд К ХХК-ийн ажилтан Б.Энхтүшиг нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус компанийн эзэмшлийн Тоёото Приус маркийн 8554 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-9.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, С.Тын гурван тооны адууг мөргөсөн болох нь зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зөрчлийн хэргийн материал зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /2хх 51-121 дэх тал/
Жолооч Б.Энхтүшигийн гаргасан дээрх захиргааны зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.51 дэх хэсэгт заасан торгох шийтгэл оногдуулжээ. /2хх 100 дахь тал/
Түүнчлэн уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч С.Тын 3 адуу гэмтэж, үхсэн болох нь зөрчлийн хэрэгт гэрчээр асуугдсан малын эмч Б.Уранцэцэгийн мэдүүлэг, малын эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үхсэн хорогдсон малд олгох тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна. /2хх 69-70, 161 дэх тал/
Хариуцагч тал “...иргэн Л.Тунгалаг замын тэмдэг тавигдаагүй газраар Замын хөдөлгөөний дүрэм зөрчин мал тууж явснаас зам тээврийн осол гарсан” гэж мэтгэлцэх боловч энэ үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул түүний татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч нь ажилтан Б.Энхтүшигийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлоо хариуцагч К ХХК-аас шаардаж буй нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт нийцнэ. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.
Зохигчид 3 адууны үнэлгээний талаар маргаж, улмаар шүүхийн журмаар 2 удаа шинжээч томилуулжээ. /1хх 144, 215 дахь тал/ Шинжилгээний байгууллага болох “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” нь 3 адууг 19 600 000 төгрөг /хул зүсмийн бүдүүн морь 14 500 000 төгрөг, тойруулгын тогоруу угшилтай гүү 2 550 000 төгрөг, халтар зүсмийн байдас 2 550 000 төгрөг/-өөр үнэлсэнд талууд маргаагүй байна. /1хх 216-220 дахь тал/ Шүүх уг дүгнэлтийг үнэлэн, хариуцагчаас 3 адууны үнийг гаргуулахдаа халтар зүсмийн байдсыг “нядалсан” гэх үндэслэлээр шинжээчийн үнэлгээг 50 хувиар бууруулан 1 275 000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байна. Учир нь малын эмч Б.Уранцэцэг “Үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолт”-доо “...халтар зүстэй шүдлэн байдас машинд дайруулж 8 дугаар сарын 05-нд үхсэн...” гэж тэмдэглэсэн, мөн зөрчлийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...халтар байдсыг ажилласан байсан махыг нь харахад зүүн талын мах нь тэр чигтээ няцарч хар хөх болсон байсан, ...зүүн талын хавирганууд бүгд хугарсан байсан...” гэж тайлбарлажээ. /2хх 69, 161 дэх тал/
Давж заалдах шатны шүүх дээрх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч С.Тын халтар зүсмийн байдас нь ослын улмаас гэмтэл авч цаашид амьдрах боломжгүй болсон гэх шалтгаант холбоо тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, хариуцагч К ХХК-аас 3 адууны үнэд 19 600 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн үнэлгээний хөлсөнд төлсөн 83 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагчийн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид гомдоогүй учир энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00283 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К ХХК-аас 19 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 983 000 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч С.Тоос 3 300 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...улсын орлогоос илүү төлсөн 35 төгрөг,” гэсний дараа “хариуцагч К ХХК-аас 255 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.ЦЭНД