Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00571/И |
Дугаар | 130/ШШ2017/00666 |
Огноо | 2017-11-06 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2017/00666
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын дугар багт оршин суух, утас 00000, РД:00000 С овогт Х-ийн Аын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн А сумын Засаг даргын Тамгын газар /дарга Е.Г, утас 00000/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, гэрч нар М.А, А.С, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин нийт 9216000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус А сумын Засаг даргын Тамгын Газрын дарга асан А.О нь сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ногоон байгууламж, Хүүхдийн паркийн сахиулаар түр хугацаагаар авч ажиллуулсан. Хугацаа дуусаад талууд гэрээ цуцлах санал тавиагүй тул А.О нь надад Чи одоо үндсэн ажилчин болсон гэж хэлснээр би уг хүүхдийн паркийн сахиул манаачаар одоо хүртэл ажиллаж, паркийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллаж байна. Парк дотор би олон мод тарьсан, суваг шуудуу гаргасан, 6 метр гүнээс гүний худаг ухаж гаргасан, хашаа хайсыг шинээр хийж, сэргээн засварласан, хашаан доторх чулууг түүж, усжуулалт хийн зүлэгжүүлсэн. Сумын төвд болсон Хүүхдийн баяр зэрэг үйл ажиллагаа уг паркад болдог бөгөөд сургууль, цэцэрлэгийн болон хүүхдүүдийг хуваариар паркад оруулж байнга үйлчилгээ хийдэг. Эвдэрсэн зүйлийг засаж хогийг нь цэвэрлэн одоо хүртэл, паркийн үйл ажиллагааг хэвийн ажиллуулж үүргээ биелүүлж байна. Намайг анх ажилд түр томилсон тушаалд сарын цалинг минь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр тооцон олгож ирсэн. Би сарын цалинг 2014 оны 8 дугаар сарыг дуустал сар бүр 192000 төгрөгөөр бодож авч ирсэн үүнийг Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 5 дугаар 23-ны өдрийн 380 дугаартай архивын лавлагаа гэрчилж байна. Би өөрөө осолд 2 удаа орж тархиндаа гэмтэл авсан ба заримдаа өөрийн үйлдлээ санах чадваргүй болдог. Энэ байдлаас болж би Засаг даргын тамгын газрын дарга асан А.Оад очиж би сарын цалингаа бөөндөж авъя. Ингэж авахын учир нь миний охин А.Мерей нь 2017 оны хавар 12 дугаар ангиа төгсгөж их, дээд сургуульд сурах юм. Энэ хооронд цалин маань танай санхүүд байж байг. Сар болгон авбал үрэн таран болж хүүхдээ сургаж чадахгүй болно тиймээс бөөнд нь авч сургалтын зардал төлбөрт ашиглах гэсэн юм гэж А.Оад хүсэлт болгож хэлсэн ба бид хоёр тохирсон юм. Бичгээр тохирох гэхэд А.О нь чиний цалинг бүтнээр нь өгөх болно. Хэн ч авахгүй гэж хэлснээр би түүнд итгэсэн юм. Ингэж тохирсноор би 2013 оны цалинг нэг доор 1152000 төгрөгийн нэг дор авсан юм. Гэтэл А.О нь ажлаас чөлөөлөгдөн оронд нь Е.Г томилогдсон бөгөөд тэрээр цалинг чинь олгох боломжгүй гэж хэлсэн. Миний нэр сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудын нэрстэй хамт цалингийн цэсэд бичигдэж би гарын үсэг зурж авдаг байсан юм. Би цалингийн цэсэд 2014 оны 9 дүгээр сараас хойш гарын үсэг зурж цалин аваагүй байгаа бидний хэлэлцэж тохирсныг нотолно. Сумын Засаг даргын Тамгын газраас намайг ажлаас минь чөлөөлсөн тушаал гаргаагүй бөгөөд намайг одоо хүртэл тус паркад сахиулаар ажиллуулж байгааг бүгд гэрчлэх тул энэ байдал нь миний хөдөлмөрийн цалин хөлсийг бүрэн бүтэн авах эрхтэйг минь давхар нотолж байгаа юм. Иймд А сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс миний 2014 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд паркийн сахиулаар ажиллаж байсны цалин хөлс болох 9216000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Бид нар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хүүхдийн паркад ажилласан. 2013 онд 4 сарын, 2014 онд 5 сарын цалинг авсан. Эхэндээ бөөнөөр нь авахаар тохиролцсон. Энэ цалингаа бөөнд нь авсан. Тэгээд өгөөгүй учраас Отай очиж уулзахад өгч чадахгүй гэсэн. Дараа нь паркийн шинээр томилогдсон хүмүүс дээр очиход өгч чадахгүй, та нар шүүхэд хандаарай, шүүхийн шийдвэрийг харж байгаад шийдвэрлэнэ гэсэн. Би зургаан хүүхдүүдээ сургах хэрэгтэй. Нэг хүүхэд маань одоо оюутан болж байгаа. Тийм учраас мөнгө шаардлагатай байна. Иймд 2014 оны 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цалин болох 9216000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч А сумын Засаг даргын Тамгын газрын дарга Е.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч миний бие Х.Аын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь иргэн Х.Аын нэхэмжилж буй хөдөлмөрийн цалин хөлс болох 9216000 төгрөг нь тус сумын Засаг даргын тамгын газраас олгох цалин хөлс биш юм. Тухайн үед Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас Эзэнтэй монгол" хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийтийг хамарсан ажлын хүрээнд тус сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 4300000 төгрөгийн санхүүжилт орж ирж тус сумын ажилгүй иргэдээс 14 иргэн ажилласан билээ. Уг ажилд нэхэмжлэгч Х.А нь түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ хийж 2013 оны 10 дугаар сард 192000 мянган төгрөгөөр 6 сарын хөдөлмөрийн хөлс болон бүгд бэлнээр 1152000 мянган төгрөгийг авсан юм. Мөн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас Эзэнтэй монгол" хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийтийг хамарсан ажлын хүрээнд Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд 2014 оны 5 дугаар сарын 08-аас 28-ны өдрүүдэд 3893900 төгрөгийн санхүүжилт хийгдэж тус сумын ажилгүй 8 иргэнийг ажиллуулсан юм. Уг ажилд ч гэсэн Х.А нь 2014 оны 7, 8 дугаар саруудад 192000 төгрөгөөр тооцож нийт 2 сарын хөдөлмөрийн хөлс бүгд 384000 төгрөгийг зохих хууль журмын дагуу тооцон нэхэмжлэгч Х.Аын хувийн харилцах дансанд тус тус шилжүүлж өгсөн болно. Нэхэмжлэгч Х.А нь тус сумын Засаг даргын тамгын газрын бүр ажилтан биш тухайн үед нийтийг хамарсан ажилд ажиллуулахаар тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулж, түр авч ажиллуулсан ажилтан болно. Иймд тус сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч Х овогтой Аын нэхэмжилж буй хөдөлмөрийн хөлсний цалин хөлсийг олгох үндэслэлгүй юм гэжээ.
Хариуцагч А сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч Х.Ад Б аймгийн А сумын Засаг даргын Тамгын газраас цалин олгох ямар нэгэн үндэслэл байхгүй. Тухайн үед Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөрийн сангаас Эзэнтэй Монгол хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 14 иргэнийг нийтийг хамаарсан ажилд авч ажиллуулсан. Энэ дээр 4.3 сая төгрөг манай Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд орж ирсэн. Энэ мөнгө Засаг даргын Тамгын газрын үндсэн дансанд орж ирээгүй учраас тэр бол хөтөлбөрт арга хэмжээний зардал мөн гэж ойлгож болно. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд 3.893.900 төгрөгийн нэмэлт санхүүжилт орж ирсэн. Тэр үед 8 иргэний нийтийг хамаарсан ажилд ажиллуулсан. Энэ үед Х.А нь 2014 оны 7,8 дугаар саруудад 192.000 төгрөгөөр тооцож 2 сарын хөлс болгож цалин авсан. Тухайн үед Засаг даргын Тамгын газрын ажилчдад холбоотой зардлаас ямар ч мөнгө гараагүй. Зөвхөн нэмэлт санхүүжилтийн данснаас гаргуулж ажиллуулсан. Тэр бол Хөдөлмөрийн хэлтсээс орж ирсэн мөнгө байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Х.Аыг А сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ногоон байгууламж Хүүхдийн паркийн харуулаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түр хугацаагаар авч ажиллуулах тухай 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б аймгийн А сумын Засаг Даргын Тамгын Газрын Ажилд томилох тухай 12 дугаар тушаал гарган, улмаар хоёр тал 2013 оны 10 дугаар сард Эзэнтэй Монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Энэ 2013 оны 10 дугаар сард Эзэнтэй Монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хөдөлмөрийн гэрээг нэг талаас Б аймгийн А сумын Засаг даргын орлогч, нөгөө талаас нэхэмжлэгч Х.А нар байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэ гэрээний 2.1-д Х.А нь Хүүхдийн паркийн ногоон байгууламжийн манаач ажил эрхэлнэ, 22.1-т батлагдсан жишгийг үндэслэн өдөрт 9934 төгрөгөөр тооцож ажилласан өдрөөр хөлс олгоно, 2.3-д ажлын нэг өдрийн цагийн үргэлжлэл 8 цаг долоо хоногийн нийт ажлын цаг 40 хүртэл гэж тус тус тусгасан байна.
Гэхдээ 2013 оны 10 дугаар сард Эзэнтэй Монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хөдөлмөрийн гэрээний огноо нь дутуу бичигдсэн буюу гэрээ байгуулсан өдөр болон гэрээний хугацаа тодорхойгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн А сумын Засаг даргын орлогч А, нэхэмжлэгч Х.А нар гарын үсэг зурж баталгаажуулсан ажлын анхан шатны зааварчилгаа-ны 13-д ажилд томилсон шийдвэрийн утга, дугаар, он сар, өдөр гэдэгт 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэж бичсэнийг нэхэмжлэгч Х.А нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс А сумын Хүүхдийн паркийн ногоон байгууламжийн манаачаар ажилласан гэж дүгнэж байна.
Тус сумын ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Эзэнтэй монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийтийг хамаарсан ажилд 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 4300000 төгрөгийн санхүүжилт хийгдэж тус сумын ажилгүй иргэдээс 14 иргэн ажилласан, энэ ажилд Х.А нь түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ хийж 2013 оны 10 дугаар сард 192000 төгрөгөөр 6 сарын хөдөлмөрийн хөлс болгон бүгд бэлнээр 1152000 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг бэлнээр авсан, мөн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд аймгийн хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Эзэнтэй монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийтийг хамаарсан ажилд 2014 оны 5 дугаар сарын 08, 28-ны өдрүүдэд 3893900 төгрөгийн санхүүжилт хийгдэж 8 иргэн ажилласан ба энэ ажилд ч гэсэн Х.А нь 2014 оны 7,8 дугаар саруудад 192000 төгрөгөөр тооцож нийт 2 сарын хөдөлмөрийн хөлс болох бүгд 384000 төгрөгийг Х.Аын хувийн харилцахад тус тус шилжүүлэн өгсөн болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч М.А, А.С нарын мэдүүлэг болон тус сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч М.Аийн тодорхойлолт, Б аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, цалингийн цэс болон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хүргүүлсэн Эзэнтэй Монгол хөтөлбөрийн гэрээ, 2013 оны А сумын Засаг Даргын Тамгын Газрын Хүүхдийн паркыг ойжуулах нийтийг хамарсан ажлын тайлан, 2013 оны А сумын Хүүхдийн паркийг ойжуулах-төсөл зэрэг хөндлөнгийн нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.
Мөн тухайн үед Б аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, нөгөө төлөөс А сумын Засаг дарга нар 4615380 (дөрвөн сая зургаан зуун арван таван мянга гурван зуун наян) төгрөгийн өртөг бүхий Хүүхдийн паркийг ойжуулах төслийн ажлын гэрээг 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай тохиролцон байгуулсан нь А сумын Хүүхдийн паркийг ойжуулах ажлыг ЗДТГ-ын төсвөөс санхүүжүүлээгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон болохыг нотолж байна.
Улмаар нэхэмжлэгч Х.А нь 2014 оны 7 дугаар сар, 8 дугаар сард 192000 төгрөг авч байсан нь А сумын ЗДТГ-ын дарга А.О, ня-бо М.А нарын гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан А сумын Хүүхдийн паркийн манаач Х.Аын 2014 оны 7 дугаар сарын цалингийн хүснэгтээр тус тус нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.А нь А сумын ЗДТГ-т Хүүхдийн паркийн манаачаар ажиллаж байсныг нотлох баримт байхгүй (цалингийн цэс, цагийн бүртгэл зэрэг) байгаа тул, мөн цалингаа бөөндөж нэг мөр авахаар болсон гэснийг нотлох баримт байхгүй байна.
Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хүүхдийн парк эх үрсийн баяр гэсэн 4 хуудас гэрэл зураг нь хэзээ, хэн бэхжүүлж авсан нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан ...эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгч Х.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162604 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргын тамгын газраас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны цалин хөлс нийт 9216000 (есөн сая хоёр зуун арван зургаан мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С овогт Хийн Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162604 (нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун дөрвөн) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК