Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

 

 

 

 

“Г”- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Т даргалж, шүүгч Г.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00239 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г”- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б”- ХХК, Х.Б-нарт холбогдох

 

Үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 337 192 204,37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

“Г”- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б”- ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ1105111736 тоот зээлийн гэрээг “Г”- ХХК-тай байгуулж 430 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БГ1105111736 тоот ипотекийн гэрээгээр Х.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018267 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206042091 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 16 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206043114 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2206043115 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалсан. Гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусах боловч хариуцагч гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 475 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 335 457 289.08 төгрөг, зээлийн хүү 1 490 146.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244 768.99 төгрөг нийт 337 192 204.37 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. “Б”- ХХК, Х.Б-нараас ЗГ1105111736 тоот зээлийн гэрээний үүрэгт 337 192 204.37 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б”- ХХК, Х.Б-нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г”- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Аж үйлдвэрийн яам жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар манай компанийн хуванцар хоолойн үйлдвэр байгуулах төсөл хэлэлцэгдэж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 000 000 төгрөгөөр дэмжигдсэн талаар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 509 тоот албан бичиг ирүүлсэн. Уг зээлийг “Г”- ХХК-аар дамжуулан олгохоор судлагдаж, барьцаа хөрөнгө бага байна гэх шалтгаанаар 430 000 000 төгрөг олгохоор тогтсон. Манай компани “Г”- ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ1105111736 тоот зээлийн гэрээ байгуулж, 430 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан. Манай компанийн Голомт банкин дахь 1105109745 тоот харилцах дансанд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 430 000 000 төгрөгийн зээлийг байршуулсан боловч, зарлагын гүйлгээнд барилт хийж захиран зарцууулах боломж өгөхгүй 3 сар хадгалсан атлаа хүүг суутган авсан байсан. Зээлийг  , 427 000 000 төгрөг авсан. Энэ 3 сарын хугацаанд ашиглаагүй зээлийн хүүнд нийт 9 966 575.35 төгрөгийг тооцож авсан байсан. Жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг жилийн 3 хувиар тооцохоор байхад манай компаниас жилийн 9 хувиар хүү тооцож хүүгийн төлбөрт 99 315 837.68 төгрөгийг авсан нь манайд илт хохиролтой төдийгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Тус банк нь төслийн дагуу зөвшөөрөгдсөн 700 000 000 төгрөгийн зээлийг олгоогүй, олгосон 430 000 000 төгрөгийн зээлийг 3 сар олгоогүй учраас төсөл хэрэгжүүлэх хугацаа хойшлогдож, валютын ханшийн зөрүүнээс санхүүгийн болон эдийн засгийн хохирол гарсан. Төсөл хойшлогдсоны улмаас зээл төлөх графикт өөрчлөлт оруулах талаар Голомт банкинд удаа дараа хүсэлт гаргасан боловч, хүлээн аваагүй. Голомт банк зээлийн хүүг 9 хувиар тооцсноор зөвхөн зээлийн хүүгийн зөрүү 60 615 837.69 төгрөг, зээл олгоогүй байхад тооцсон хүү 9 966 575.35 төгрөг нийт 70 582 413.04 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Б”- ХХК-аас зээлийн гэрээний үүрэг нийт 327 510 314 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г”- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 681 890 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Хайдавын Бумангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018267 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206042091 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 16 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206043114 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2206043115 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 843 911 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, 1 795 580 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийг баримтлан энэхүү гомдлыг гаргаж байна. Гомдлын үндэслэл нь анхан шатны шүүх талуудын шүүх хуралд мэтгэлцэх боломжийг хангаж хариуцагч талыг оролцуулахгүй шүүх хурлыг явуулав. Хариуцагч тал 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цаг 35 минутад иргэн Б.Н-тэй итгэмжлэл олгон, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцуулах байсан боловч, Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон анхан шатны шүүх хурлын товыг тодорхой мэдээгүй тул шүүх хуралд оролцож чадаагүй юм. Иймд талуудын мэтгэлцэх, шинээр нотлох баримт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хангаж анхан шатны шүүхээр хэргийг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “Г”- ХХК нь хариуцагч “Б”- ХХК, Х.Б-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 337 192 204.37 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгчийг шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг 3 сар ашиглуулалгүй зарлагын гүйлгээ хийх боломж олгоогүй атлаа энэ хугацааны хүүг тооцсон, жилийн хүүг 3 хувиар тооцох байтал 9 хувиар тооцсон нь үндэслэлгүй тул ашиглаагүй хугацааны хүү 9 966 575.35 төгрөг, илүү бодсон хүү 60 615 837.69 төгрөг нийт 70 582 413.04 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хэргийн 1-3, 42-43 дугаар тал/

 

            Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 430 000 000 төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлттэй зээлийн хэлбэрээр жилийн 9 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж, үүргийн гүйцэтгэлд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БГ1105111736 тоот ипотекийн гэрээгээр Х.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018267 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206042091 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 16 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2206043114 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2206043115 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан ар зайсан гудамж, 18 дугаар байрны зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай 13 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банкны зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа тус тус үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ./хэргийн 17-32/

 

            Хариуцагч үндсэн зээлд 94 542 710 төгрөг, хүүд 92 581 287 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 844 038 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болон 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш талуудын байгуулсан гэрээний 2.4, 3.1.1-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй талаар талууд маргаагүй тул хариуцагч үүргээ ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардсан нь хууль зөрчөөгүй. 

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Г”- ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний дагуу 430 000 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Голомт банкны 1105109745 дугаарын төгрөгийн данс руу шилжүүлсэн байх боловч, хариуцагч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 300 000 000 төгрөгийн зарлага гаргасан нь “Б”- ХХК-ийн Голомт банкны дансны хуулгаар тогтоогдсон ба 3 сар зээлийг ашиглуулаагүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна. Иймд шүүхээс тухайн хугацааны хүүд 9 966 575,35 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, үлдэх 327 510 314 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна./хэргийн 44 дүгээр тал/ Дээрх гэрээгээр талууд зээлийн хүүг жилийн 9 хувь байхаар торхиролцсон нь Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэхь хэсэгт нийцсэн талаар шүүх зөв дүгнэжээ. Хэргийн баримтаар зээлийн хүүгийн хэмжээг жилийн 3 хувиар тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, шүүх 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэж, тов мэдэгдсэн тухай баримтад гарын үсэг зуруулсан байна. Мөн өдөр хариуцагч Х.Б-ийн 99091701 дугаарын утас руу залгаж шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “за ойлголоо, төлөөлөгч очно” гэсэн болон шүүх хуралдаан болох өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчийг төлөөлж шүүх хуралдаанд оролцохоор ирсэн Б.Н нь итгэмжлэлгүй ирсэн талаар шүүгчийн туслах тэмдэглэл, тайлбарыг тус тус үйлдсэн байна. Иймд анхан шатны шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлээгүй байна. /хэргийн 90-91, 93 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 795 502 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.Т

 

                               ШҮҮГЧИД                                  Г.Д

 

                                                                                  С.Э